Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/00399

 

С.Харлыгашымын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 636 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 212/МА2017/00002 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч С.Харлыгашымын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 17 дугаар цэцэрлэгт холбогдох,

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 17 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1 060 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч С.Харлыгашым, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат нарын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1999 онд Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллежийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн. Одоогоор Зохиомж дээд сургуульд сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр суралцаж байна. Сургуулиа төгссөнөөс хойш тодорхой хугацаанд сургуулиудад багшаар ажиллаж байсан. 2016 оны 03 дугаар сард Өлгий сумын нутаг дэвсгэрт шинээр 17 дугаар цэцэрлэг байгуулагдаж, аймгийн Засаг даргын захирамжаар намайг тус цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллуулахаар хуваарилсны дагуу цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаар тушаалаар бүлгийн багшаар авч ажиллуулсан. Ажлаа зохих ёсоор гүйцэтгэж байхад цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5 дугаар заалтуудыг үндэслэн намайг мөн өдрөөс ажлаас чөлөөлсөн. Цэцэрлэгийн эрхлэгчийн дээрх шийдвэр хууль бус учир хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд ажлаас чөлөөлөх ёстой. Намайг ажлаас чөлөөлөхдөө Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэл болгосон байна. Энэ дүгнэлт нь улсын байцаагчийн өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан дүгнэлт болохоос биш намайг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд тэнцэхгүй болсныг тогтоосон албан ёсны шийдвэр биш юм. Иймд Өлгий сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн намайг ажлаас чөлөөлсөн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тушаалыг хүчингүй болгож, Өлгий сумын 17 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2 сарын хугацааны цалин 1 060 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Харлыгашымын нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байна. Ажил олгогч нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр С.Харлыгашымтай сайн дурын үндсэн дээр тохиролцсон ёсоор Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаатай буюу 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулсан. С.Харлыгашымтай байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа нь 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон боловч С.Харлыгашым нь тус аймгийн сонгуулийн хороодод сонгуульт үүрэг гүйцэтгэж байсан учраас тухайн үед түүнийг Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3-т зааснаар ажлаас чөлөөлөх боломжгүй байсан. Хэрвээ ажил олгогч болох Х.Гүлжайна би С.Харлыгашымыг сонгуульт үүрэг гүйцэтгэж байгаа үед ажлаас чөлөөлсөн тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 29.7 Энэ хуулийн 29.2, 29.3-т заасныг зөрчсөн нь төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно гэсэн тул өөрөө үүрэгт ажлаас халагдах эрсдэл бий болсон. Ийм учраас С.Харлыгашымыг тухайн үед ажлаас шууд чөлөөлөх боломжгүй байсан.

С.Харлыгашымын сонгуулийн хэсгийн хорооны гишүүнээр ажилласан сонгуульт ажил нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дууссан. Тэр үед тус цэцэрлэгийн бүх ажилтан нар ээлжийн амралттай өөрөөр хэлбэл цэцэрлэг ажиллахгүй байсан. Ингээд С.Харлыгашым 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үүрэгт ажилд орсон ба түүнтэй өмнө нь байгуулсан хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах асуудлыг талууд тавиагүй учраас хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учраас үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т гэрээний хугацаа дууссан тохиолдолд ажлын үзүүлэлтийг харгалзан аль нэг талын санаачилгаар гэрээг дуусгавар болгож болох бөгөөд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг сунгаж ажиллана гэж заасан. Ажил олгогчийн С.Харлыгашымыг ажлаас чөлөөлсөн шалтгаан нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгаагүй явдалтай холбоотой гэж үзэж байна.

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 04-09-006\120 дугаар дүгнэлт нь С.Харлыгашымтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах асуудлыг боломжгүй байдалд хүргэсэн гэж үзэж байна. Ажил олгогч Х.Гүлжайна би С.Харлыгашымыг ажилд авах үед тэрээр цэцэрлэгийн бүлгийн багшаар ажиллах боломжгүй, өөрөөр хэлбэл багшлах эрхгүй байсан гэдгийг мэдэж байсан боловч Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан Х.Дармен, аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга асан С.Ерия нар надад албан тушаалын байдлыг ашиглан дарамт шахалт үзүүлэн тэд хэрвээ та С.Харлыгашымыг ажилд авахгүй бол та өөрөө ажлаас гарна, удахгүй сонгууль болох гэж байгаа тул С.Харлыгашымыг ажилд авах хэрэгтэй гэж удаа дараа үүрэг даалгавар өгсөн тул би аргагүйн эрхэнд аймгийн дарга нараас айгаад С.Харлыгашымыг цэцэрлэгийн бүлгийн багшаар ажилд томилсон.

Тухайн үед аймгийн Засаг дарга болон аймгийн Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга нар ажил олгогч С.Гүлжайна миний бүрэн эрхэд хөндлөнгөөс нөлөөлсөн гэдэг нь тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 04-09-006\120 дугаар дүгнэлтээр нотлогдож байгаа. Хэрвээ аймгийн дарга нар надад хууль бус дарамт шахалт үзүүлээгүй байсан бол би С.Харлыгашымыг ажилд авахгүй байсан. Иймд нэхэмжлэгч С.Харлыгашымын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 636 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Солтаны Харлыгашымыг Өлгий сумын Хүүхдийн 17 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 678 381 төгрөгийг Өлгий сумын Хүүхдийн 17 дугаар цэцэрлэгийн санхүүгээс гаргуулан С.Харлыгашымд олгож, илүү нэхэмжилсэн 381 619 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Харлыгашым улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Өлгий сумын Хүүхдийн 17 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 91 031 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн             2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 212/МА2017/00002 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 636 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 17 дугаар цэцэрлэгт холбогдохцэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1 060 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Харлыгашымын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 212/МА2017/00002 дугаартай магадлалаар миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх мөн хуулийг буруу тайлбарлаж хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие Өлгий сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаар тушаалаар бүлгийн багшаар томилогдож ажилласан. Тус орон тоо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан “байнгын ажлын байр” буюу үндсэн орон тоо байсан.

Намайг энэ орон тоонд томилж ажиллуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчиж хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан, мөн зүйлийн 23.2.2-т талууд харилцан тохиролцож хугацаатай гэрээ байгуулахаар зохицуулсан боловч тухайн үед ажил олгогч энэ талаар надтай харилцан тохиролцоогүй, тухайн үед надтай хамт ажилд томилогдсон бүх ажилтантай 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Энэ талаар хариуцагч өөрөө анхан шатны шүүх хуралдаан дээр миний өмгөөлөгчийн асуултад хариулахдаа хүлээн зөвшөөрсөн ба энэ талаар хуралдааны тэмдэглэл, СД бичлэгт тодорхой бий. Нөгөө талаар надтай хугацаатай гэрээ байгууллаа гэхэд тодорхой үндэслэл, шаардлагын учир хугацаатай гэрээ байгуулж, энийг хоёр тал харилцан тохиролцож, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг гэрээнд зайлшгүй тусгасан байх ёстой. Гэтэл ажил олгогчийн надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээн дээр тодорхой хугацаа заасан болохоос биш ямар үндэслэл, шаардлага бий болсон, талууд хэрхэн харилцан тохиолцсон, хүсэл зоригоо хэрхэн илэрхийлсэн талаар ямарч заалт байхгүй. Хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцсэн шүүх үүнийг анхаарч үзээгүй. Мэргэжлийн        хяналтын байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 04-09-006/120 дугаартай дүгнэлт нь миний тухайн албан тушаалд мэргэжлийн хувьд тэнцэхгүй байгааг тогтоосон дүгнэлт огт биш, харин ажил олгогчоос намайг ажилд томилохдоо Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12.1-д заасан “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр дипломын болон түүнээс дээш зэрэгтэй багш ажиллана” гэсэн заалтыг зөрчсөнийг тогтоосон дүгнэлт юм.

Би бага ангийн багш мэргэжилтэй, энэ мэргэжлээрээ тодорхой хугацаанд ажилласан дадлага туршлагатай багш хүн. Мөн “Зохиомж” дээд сургуульд “Сургуулийн өмнөх боловсролын багш” мэргэжлээр суралцаж байгаа бөгөөд энэ жил сургуулиа төгсөнө. Энэ талаарх сургуулийн тодорхойлолтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн тус цэцэрлэгт ажиллаж байх хугацаанд ямар нэгэн ажлын алдаа, зөрчил дутагдал гаргаагүй, мэргэжлийн хувьд тэнцэхгүй байх асуудал гаргаагүй. Давж заалдах шатны шүүх мэргэжлийн хяналтын байцаагчийн дээрх дүгнэлтийг намайг мэргэжлийн хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалд тэнцэхгүй байгааг тогтоосон эрхийн акт гэж үзэж магадлалын үндэслэл болгосныг зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар мөн хуулийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх ёстой. Ажил олгогч энэ талаар надад огт мэдэгдээгүй, ямар нэгэн мэдэгдэл өгч гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй. Харин шүүхэд 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн мэдэгдэл гэх зөвхөн ажил олгогчийн гарын үсэг, тэмдэгтэй бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд энэ мэдэгдлийг би огт хүлээж аваагүй, ямар нэгэн гарын үсэг зураагүй, ажил олгогч надад хувийг гардуулан өгөөгүй. Энэ нь намайг шүүхэд хандсанаас хойш хуурамчаар бүрдүүлсэн мэдэгдэл. Гэтэл давж заалдах шатны шүүх ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн дүгээр зүйлийн 40.5-д заасан үүргээ биелүүлж мэдэгдэл өгсөн мэтээр дүгнэснийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд миний гомдлыг “Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” үндэслэлээр хянаж Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 212/МА2017/00002 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 636 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү, миний гомдлын шаардлага Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 212/МА2017/00002 дугаартай магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч С.Харлыгашымын өмгөөлөгч би дараахь үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хэвээр үлдээж, зарим хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулахаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тухайлбал, анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг хэрэглэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх яг адилхан хуулийг хэрэглэсэн атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг хэрэглээгүй, үндэслэл болгоогүй. Нэхэмжлэгч С.Харлыгашымын 17-р цэцэрлэгийн бүлгийн багшийн ажлын байр нь дотоод журамд зааснаар байнгын ажлын байр. Уг байнгын ажлын байран дээр ажил олгогч ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй. Бусад төрлийн гэрээ байгуулахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар хориглосон байгаа.

Хугацаагүй гэрээ байгуулахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсгээр ажил олгогчид үүрэг болгосон байна. Давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч С.Харлыгашымыг байнгын ажлын байран дээр ажиллаж байсан ажилтан, С.Харлыгашымтэй байгуулсан түр хугацаатай хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байна” гэсэн дүгнэлтийг хийж өгөх ёстой байсан. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт заасан нөхцөлөөс дордуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна” гэж зааж өгсөн. Ажил олгогч ажилтантай 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 3 сарын түр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж 2016.06.01-ний өдрөөр гэрээний хугацаа дууссан  байхад гэрээг сунгалгүй, хугацаагүй гэрээ байгуулалгүй 2016.09.22-ны өдрийг хүртэл 4 сар 22 хоног ажиллуулчихаад дараа нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна. Энэ 4 сар 22 хоног ажил албан тушаалаа гүйцэтгэж байсан нь ажил олгогч ажилтантай байнгын ажлын байран дээр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан, бодитоор хэрэгжсэн гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн гэрээнд “ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон бол гэрээг цуцлах үндэслэл болно” гэж харилцан тохиролцоогүй. Гэтэл давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч С.Харлыгашым төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлийн хувьд гүйцэтгэж байгаа ажилд тэнцэхгүй болох нь Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын боловсролын хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 04-09-006/120 дүгээр дүгнэлтээр нотлогдож байна гэж дүгнэлээ...” гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Нэхэмжлэгчийн “...одоогоор “Зохиомж” дээд сургуульд Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр суралцаж байна. 12 дугаар сард төгсөөд дипломоо авах гэж байгаа...” гэсэн тайлбарыг харгалзан үзсэнгүй. Одоо нэхэмжлэгч С.Харлыгашым сургуулиа төгсөөд мэргэжлийн дипломоо авсан байгаа.

Анхан шатны шүүхийн “...ажилгүй байсан хугацааны олговор 678 381 төгрөгийг Өлгий сумын хүүхдийн 17 дугаар цэцэрлэгийн санхүүгээс гаргуулан С.Харлыгашымд олгож, илүү нэхэмжилсэн 381 619 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд: “...ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж зааж өгсөн байгаа. Тиймд анхан шатны шүүхийн шийдвэрт ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговорыг сард 445 188 төгрөгөөр тооцож дээд шүүхийн тогтоол гарах хүртэл хугацаагаар гаргуулах тухай нэмэлт өөрчлөлт оруулж, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн “...нэхэмжлэгч Солтаны Харлыгашымийг Өлгий сумын Хүүхдийн 17 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож...” гэснийг хэвээр үлдээж, шийдвэрт “ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговорыг сард 445 188 төгрөгөөр тооцон олгохыг хариуцагчид даалгасан” нэмэлт өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээр С.Харлыгашымын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. 

Нэхэмжлэгч нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 17 дугаар цэцэрлэгт холбогдуулан цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1 060 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч  зөвшөөрөхгүй, маргасан байна.

Ажил олгогч 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5-д заасныг баримталж, С.Харлыгашымыг мэргэжлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй  болох нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 04-09-006/120 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон гэсэн үндэслэлээр цэцэрлэгийн бүлгийн багшийн ажлаас нь чөлөөлжээ.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэд ...цэцэрлэгийн бүлгийн багшаар ажиллаж байгаа багш С.Харлыгашымын төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан... сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр дипломын болон түүнээс дээш зэрэгтэй багш ажиллана гэсэн заалтыг зөрчсөн талаар тусгагдсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “ажилтан мэргэжлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон” үндэслэл тухайн салбар, байгууллагын мэргэжлийн хороо, комисс зэрэг этгээдийн албан ёсны дүгнэлт, шийдвэрээр тогтоогдох ёстой байна. Ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажилд авахдаа сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллах багшид хамаарах мэргэжлийн шаардлагыг тавиагүй бөгөөд нэгэнт ажилд авсан тул ажилтан мэргэжлийн хувьд эрхэлж байгаа албан тушаалд тэнцэхгүй гэх байдал эрх бүхий этгээдийн албан ёсны дүгнэлт, шийдвэрээр тогтоогдох учиртай байна. Ажил олгогчийн тушаал  хуульд нийцээгүй талаар анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

С.Харлыгашымыг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 6 тоот тушаалаар тус цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд туршилтын 3 сарын хугацаатай томилж, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан байх ба 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тушаалаар ажлаас халсан үйл баримтаас үзэхэд хуульд заасан туршилтын дээд хугацаа буюу 6 сарын хугацаа дууссанаас хойш, хөдөлмөрийн гэрээний харилцаа үргэлжилсэн байх тул ажилтныг байнгын ажлын байранд ажилласан гэж үзэх үндэслэлтэй байна.  

Иймд нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 212/МА2017/00002 дугаар магадлалыг хүчингүй болгож,  Баян-Өлгий  аймаг дахь сум дундын  иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 636 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 29 990  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЦАГААНЦООЖ

  ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА