Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 205/МА2022/00012

 

 

ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 195 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг ******* тоотод оршин суух ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг Төвийн ******* тоотод оршин суух Галдан овгийн ******* /РД: *******/-д холбогдох

Зээлийн үндсэн төлбөрт 10.000.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хариуцагч *******ын давж заалдах гомдлоор 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******/Улаанбаатар хотоос ZOOM/-р, хариуцагч *******, түүний өмгөөлөгч Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие *******ын хүсэлтээр 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн дэлгүүр, хувийн сууц бүхий барилгыг газрын хамт 250.000.000 төгрөгөөр худалдсан бөгөөд 150.000.000 төгрөгийг дансаар авч үлдсэн 100.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай 1 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулж, зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дунгийн 0.5 хувиар бодож алдангийг өгөхөөр тохиролцсон. Гэтэл зээлийн гэрээний хугацаа дууссан боловч ******* нь 10.000.000 төгрөгийн үлдэгдлийг одоо болтол өгөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй элдэв шалтаг хэлж, аргацаасаар өнөөдрийг хүрлээ. Иймд зээлдэгч *******аас зээлийн үндсэн төлбөр 10.000.000 төгрөr, алданги нийт 5.900.000 төгрөг болж байна. Энэ нь нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул алдангийг хуульд заасан хэмжээнд нийцүүлж 50 хувь буюу 5.000.000 төгрөгөөр тооцон нийт 15.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү?

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

******* нар нь 2021 оны 4 дүгээр сарын 08-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээгээр нь өөрийн орон сууц болон газрыг 250.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцоод 150.000.000 төгрөгийг дансаар аваад үлдсэн 100.000.000 төгрөг дээр нь зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг байгуулахдаа 6 сарын хугацаатай сарын 1 хувийн хүүтэй байгуулсан. Гэрээнд зааснаар зээлээ хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутмыг 0.5 хувийн алданги бодохоор байгуулсан. ******* нь зээлээ гэрээ байгуулсан хугацаандаа буюу 2021 оны 4 дүгээр сарын 08-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 90.000.000 төгрөгийг өгсөн. 10.000.000 төгрөгийг одоо болтол өгөөгүй. Үлдэгдэл 10.000.000 төгрөг дээрээ алдангаа тооцоод нийт 15.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв. 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  

ийн нэхэмжлэлтэй ******* надад холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 10,000,000 төгрөг, зээлийн гэрээний алданги 5.000.000 төгрөг нийт 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Үүнд ******* миний бие Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт гэрлэн дохиотой уулзварын хойд талын дэлгүүрийг 230.000.000 төгрөгөөр зарах тухай хэдэн сарын өмнө цуу ярианаас сонсож байсан.

Мөн манай эхнэр эд ах, аа эгч 2 тухайн дэлгүүрийг зарна гэж хэдэн сарын өмнө санал тавьж байсан. Тухайн үед манай эхнэр тэр дэлгүүрийг зарна гэж байна гэсэн ба эхнэр бид 2 сонирхоогүй бөгөөд үнэ өртгийг нь ч асуугаагүй юм. 2021 оны цагаан сарын өмнө ахын дэлгүүр одоо хүртэл зарагдаагүй байна гэж дуулаад сонирхож очсон.

Гэтэл ах найдвартай хүнд зарчихмаар байна гэж хэлээд дэлгүүрээ үзүүлсэн. Тэгээд бид нар үзчихээд ямар нэгэн худалдан авах санал гаргаагүй, үнийг нь асуулгүй явсан. Гэтэл 2021 оны 03 сарын дундуур нэг орой эхнэр луу залгаад та 2 хүрээд ир гэсэн. Тэрний дагуу гэрт нь очсон чинь ах манайх аралд байшин авч байгаа тэр лүгээ нүүлээ танайх ерөөсөө л энэ дэлгүүрийг шууд бараатай нь ав, үнэ ханшны хувьд 250,000.000 төгрөгөөс яриад өгнө гэсэн.

Бид зээлээ хөөцөлдөж банкнаас дээд тал нь 150,000,000 төгрөг гаргахаар болж зээлээ авсан ахад тэр өдөр нь шилжүүлсэн өгсөн. Гэтэл 2,3 хоногийн дараагаас ах 150,000,000 төгрөгөөс дээш гарахгүй байгаа болохоор наймаагаа буцаая гэсэн санал тавьсан тэр саналыг манайх хүлээн зөвшөөрч дэлгүүрийг нь буцааж өгөхөөр болж машин тэргээ бэлдээд нүүх бэлтгэлээ хийж байтал ах эхнэртэйгээ орж ирээд нэгэнт наймаа хийсэн нутгийн худ ураг хүмүүс юм чинь наймаагаа буцаагаад яах вэ та хэд одоо мөнгөний боломжгүй бол үлдсэн мөнгөө цувуулж болно хэзээ өгөх үү гэсэн.

Би чадах хэмжээгээрээ хичээж үлдэгдэл төлбөрийг дуусгана гээд 150.000.000 төгрөгөөс гадна 2021 оны 04 сараас хойш 30, 40, 20 саяар нь нийт 90.000,000 төгрөгийг шилжүүлсэн ба үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу 240,000,000 төгрөгийг ахад өгсөн. Алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба 250,000,000 төгрөгөөc анх ярина гэж байсан аман гэрээгээ хэрэгжүүлж тус болно уу? 250,000,000 төгрөгөөс 2 хувь буулгаж өгч тусална уу үлдэгдэл 5,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 195 дугаартай шийдвэрээр

1. Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 15.000.000 /арван таван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ид олгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч *******аас 232.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ид олгож,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч *******ын давж заалдах гомдлын агуулга:

ийн нэхэмжлэлтэй ******* надад холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 140/ШШ2022/00195 дугаарт шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдол гаргаж байна.

Үүнд: Хариуцагч : Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг Төвийн ******* тоотод оршин суух Галдан овгийн /РД;/ 1 Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 140/ШШ2022/00195 дугаарт шийдвэрээр Зээлийн үндсэн төлбөрт 10.000.000 төгрөг, зээлийн алданги 5.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай /РД: /-ийн нэхэмжлэлийг хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч *******аас зээлийн үүрэгт 15.000.000 төгрөг гаргуулж ид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. ******* миний бие Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт гэрлэн дохиотой уулзварын хойд талын дэлгүүрийг 230,000,000 төгрөгөөр зарах тухай хэдэн сарын өмнө цуу ярианаас сонсож байсан. Би чадах хэмжээгээрээ хичээж үлдэгдэл төлбөрийг дуусгана гээд 150,000,000 төгрөгөөс гадна 2021 оны 04 сараас хойш 30,40,20 саяар нь нийт 90,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу 240,000,000 төгрөг дээр нэмж 6,000,000 төлсөн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн үнийн дүнгээр шууд бүхэлд нь 15,000,000 төгрөг гаргасанд гомдолтой байна. Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан гэрээг зээлийн гэрээ болгож тайлбарлаж нэхэмжлэлийг хангасанд гомдолтой байна. Би ахаас ул хөдлөх эд хөрөнгө худалдан авсан болохоос би зээлээр мөнгө зээлж аваагүй учир зээлийн гэрээний алданги гэж төлөх боломжгүй. Энэ зээлийн гэрээнээс өөр гэрээ байгаа ба энэ зээлийн гэрээ нь өөр гэрээг халхавчилж хийсэн гэрээ юм. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь 250,000,000 төгрөг юм бол худалдсан тал нь тухайн орлогоосоо 2 хувийн татвар төлөх ёстой. Гэтэл худалдан авсан талаараа татварыг төлүүлсэн.

Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 140/ШШ2022/00195 тоот шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б. нар нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ байдаг. Зээлийн гэрээтэй холбоотой Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүх зээлийн гэрээний дагуу шийдвэрлэсэн байдаг. Зээлийн гэрээний дагуу шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан зээлийн гэрээний 10.0 сая төгрөг болон зээлийн гэрээнээс үүдэлтэй үүргээ биелүүлээгүйтэй холбоотой алданги гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгэнт зээлийн гэрээ нь зээлдэгч, зээлдүүлэгчийн хооронд харилцаа байдаг. Зээлдүүлэгч нь өөрөө тухайн 100.0 сая төгрөгийг зээлдэгчид өгсөн байх ёстой. Гэтэл ямар нэгэн байдлаар энэ 2 хүний хооронд 100.0 сая төгрөгийг бэлнээр юм уу? дансаар өгсөн зүйл байхгүй байгаа. Зээлийн гэрээ хийгдээгүй байгаа учраас алданги авах ямар ч боломж байхгүй юм. Алданги нь өөрөө хуульд заасан үндэслэлийн дагуу хийгдсэн хэлцэл болон гэрээнд үүсдэг үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэг арга юм. Тэрнээс биш үндсэн гэрээ болох үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргаан байгаа.

Энэ зээлийн гэрээ нь худалдах, худалдан авах гэрээнд дүр үзүүлж, халхавчлах зорилгоор хийсэн гэрээ гэж миний зүгээс үзэж байгаа. Ямар нэгэн байдлаар зээлийн мөнгө төгрөг хоорондоо өгч авалцсан зүйл байхгүй. Зөвхөн зээлийн гэрээ гэж нэршил өгч түүн дээрээ зээлийн хүү болон алдангийг тохирсон байгаа. Худалдах, худалдан авах гэрээнд хүү гэх асуудал яригдахгүй, зээлийн гэрээнд бол хүү, алданги тооцож болно. Нэгэнт худалдах худалдан авах гэрээнд хүү, алданги тооцож байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох боломжгүй байна. Мөн 6 сарын хугацаатай гэж байгаа болов ч 6 сараасаа өмнө хүү, алданги тооцсон нөхцөл байдал байгаа. Манай талаас бол алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа. Тийм учраас гомдлоо бүрэн дэмжиж оролцож байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* /Улаанбаатар хотоос ZOOM/-р шүүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч ******* нь анх 250.0 сая төгрөгөөс ярина гэж сонсож байсан гэдэг зүйл яриад байна. Тухайн үед манайх 250.0 сая төгрөгөөр байраа зараад Улаанбаатар хотод өөр үйл ажиллагаа явуулахаар бүхэлд нь зарах гэж байсан.

Гэтэл ******* нь өөрийн хүсэл сонирхлоороо 250.0 сая төгрөгийг яг өгч чадахгүй байна. 2 хуваагаад боломжоороо 150.0 сая төгрөг өгье. Үлдсэн 100.0 сая төгрөг н, дээрээ зээлийн гэрээ хийе гэж зээлийн гэрээ байгуулсан. Анхнаасаа энэ хүний хүсэл зориг бол хямдруулж өгнө гэсэн гэж өөрийнхөө хүсэл зоригт итгэж 10.0 сая төгрөг одоо хүртэл өгөхгүй хохироож байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж бодохгүй байна. 100.0 сая төгрөг нь дээр зээлийн гэрээ 6 сарын хугацаатай алданги хоног тутамд 0.5 хувиар бодоод нийтдээ 101 хоногийн алданги буюу 5.0 сая төгрөгийг манайх нэхэмжилж байгаа. Үлдсэн 10.0 сая төгрөг нь дээр зээлийн гэрээ байгуулах боломжгүй байгаа. Яагаад гэвэл зээлийн гэрээ байгуулахдаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн байгаа. Зээлийн үлдэгдэл буюу 10.0 сая төгрөгийг нэхэмжилж байгаа учраас дахин зээлийн гэрээ байгуулах боломжгүй.

Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч *******ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 10.000.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги 5.000.000 болон нийт 10.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч , хариуцагч ******* нар нь харилцан тохирч нэхэмжлэгч ийн Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт байрлах хүнсний дэлгүүр, хувийн орон сууц бүхий барилгыг газрын хамт 250.000.000 төгрөгөөр ******* худалдан авахаар тохирч, ******* нь 150,000.000 төгрөгийг нь дансаар өгч, үлдэгдэл 100.000.000 төгрөгийг нь 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаанд 1 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээл авагч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алданги төлөхөөр тохирч зээлийн гэрээ гэсэн нэр бүхий гэрээ хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Гэрээний дагуу хариуцагч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 01-ээс 2021 оны 10 дугаар сарын 17-ны хооронд нэхэмжлэгч ид 90.000.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон талууд энэ талаар маргаагүй байна.

Харин үлдэгдэл 10.000.000 төгрөгийг төлөөгүй, энэ үлдсэн мөнгөнд алданги төлөх эсэх талаар талууд маргаж байна.

Маргааны үйл баримтаас харахад талуудын хооронд анх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд хариуцагч гэрээний үүргийн зарим хэсэг болох 150.000.000 төгрөгийг биелүүлсэн тул талууд харилцан тохирч Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдах авах гэрээний үүргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргээр солихоор тохиролцсон гэж үзэхээр байна.

Зээлийн гэрээгээр *******ад 100.000.000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай сарын 1 хувийн хүүтэйгээр зээлдүүлж гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алдангийг зээлдэгчид төлөхөөр харилцан тохирсон байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, талууд худалдах худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр солихоор тохиролцсон гэж үзэж, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч ******* нь гэрээний дагуу 90.000.000 төгрөгийг төлсөн боловч 10.000.000 төгрөгийг төлөөгүй гэрээний хугацаа хэтрүүлсэн гэж үзэж, алданги тооцож, гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

Хариуцагч ******* нь 5.000.000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж, үндэслэлээ худалдах худалдан авах гэрээ хийхэд хүн амын орлогын албан татварт 5.000.000 төгрөг төлсөн, давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдлоо тайлбарлахдаа хүн амын орлогын албан татварт 1.000.000 төгрөг төлсөн гэж маргасан боловч хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч ******* нь татварт мөнгө төлсөн эсэх нь тогтоогдохгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлоогүй, нэхэмжлэгч зээлийн хүү шаардаагүй байхад Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь зохицуулалтыг хэрэглэж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 195 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн

1 дэх заалтыг Монгол улсын Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.3 гэснийг Монгол улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

 Ж.БАТТОГТОХ