Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 223/МА2022/00039

 

 

 

                                                          

 

 

 

 

 

2022          09             20                                         223/МА2022/00039

 

 

 

“Төгс зам” ХХК-ий  нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Насанжаргал, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 151/ШШ2022/00458 дугаар шийдвэртэй,

 

“Төгс зам” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч “Баянчандмань АЗЗА” ТӨХК-д холбогдох,

 

46.662.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулангийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нямжав /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Төгсбаяр анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 201АБ3/03 дугаартай Асфальт бетон хольц зээлээр худалдах, худалдан авах гэрээг Баянчандмань АЗЗА ТӨХК-тай байгуулж нэг тонн асфальт хольцыг 190.000 төгрөгөөр нийт 399,72 тонн хольц буюу 75.946.800 төгрөгийн асфальт хольц нийлүүлсэн. Бидний байгуулсан гэрээний 2.7 дахь заалтад төлбөрийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцсон ба Баянчандмань АЗЗА ТӨХК нь 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 6.838.800 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 3.000.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 10.000.000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 5.000.000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 20.000.000 төгрөг нийт 44.838.800 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 31.108.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй тул нэхэмжлэл гаргаж байна.

 

Бидний байгуулсан Асфальт бетон хольц зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 2.9, 5.4 дэх заалтад худалдан авагч тал гэрээний 2.5-д заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлж дуусаагүй тохиолдолд хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж заасан тул 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа тул 50 хувиар тооцоход 15.554.000 төгрөг болж байна.

Иймд Баянчандмань АЗЗА ТӨХК-аас Асфальт бетон хольц зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 31.108.000 төгрөг, алданги 15.554.000 төгрөг, нийт 46.662.000 төгрөгийг гаргуулж манай компанид олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Баянчандмань АЗЗА” ТӨХК анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Төгс зам” ХХК-тай 201АБЗ/03 дугаар бүхий “Асфальто бетон хольц” зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 2.3 заалтад 400 тн асфальт бетон хольц нийлүүлэхээр тусгагдсан ч бид 363.78 тн асфальт бетон хольц зээлээр авсан. Манай компани 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор 22 удаа нийт 69.118.200 төгрөгийн асфальт бетон хольц авч авто замын засвар арчлалтад ашигласан байна.

2020 онд гэрээ байгуулж асфальт бетон хольц худалдан авснаас хойш 8 дугаар сарын 28-нд 3.000.000, 12 дугаар сарын 31-нд 10.000.000 төгрөг нийт 13.000.000 төгрөгийг төлсөн байна. Ингээд 2020 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар “Төгс зам” ХХК-тай тооцооны үлдэгдлийн баталгаагаар нийт 56.118.200 төгрөгийг албан ёсоор тооцоо нийлж баталгаажуулсан болно. 2021 онд өмнөх оны үлдэгдэл тооцооноос 5 дугаар сарын 14-ний өдөр 20.000.000 төгрөг, 8 дугаар сарын 27-ны өдөр 5.000.000 төгрөг, 10 дугаар сарын 13-ны өдөр 10.000.000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд 12 дугаар сарын 31-ний байдлаар 21.118.200 төгрөгийн тооцоог албан ёсоор тооцоо нийлж баталгаажуулсан.

Тооцооны үлдэгдлийн баталгаагаар нийт 21.118.200 төгрөгийг төлөхөөр баталгаажуулсан бөгөөд уг төлбөрийг хүлээн зөвшөөрч 2022 оны 3 дугаар сард бүрэн төлж барагдуулах болно гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 201АБЗ/03 дугаартай Асфальт бетон хольц зээлээр худалдах, худалдан авах гэрээг Баянчандмань АЗЗА ТӨХК-тай байгуулж нэг тонн асфальт хольцыг 190.000 төгрөгөөр, нийт 399,72 тонн хольц буюу 75.946.800 төгрөгийн асфальт хольц нийлүүлсэн.

Баянчандмань АЗЗА ТӨХК нь нийт төлбөрөөс 44.838.800 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 31.108.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Иймд Баянчандмань АЗЗА ТӨХК-аас Асфальтбетон хольц зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 31.108.000 төгрөг, алданги 15.554.000 төгрөг, нийт 46.662.000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэл гаргасны дараа Баянчандмань АЗЗА ТӨХК нь манай компанид 10.000.000 төгрөгийг төлж, Асфальтбетон хольц зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 21.118.200 төгрөг болсон. Үүн дээр алданги 15.554.000 төгрөгийг нэмээд нийт 36.672.200 төгрөг болсон. Баянчандмань АЗЗА ТӨХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 3.118.200 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг 3.118.200 төгрөгөөр багасгаж, 33.554.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Э.Нямжав анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянчандмань АЗЗА ТӨХК нь 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Төгс зам ХХК-тай 201АБЗ/03 дугаартай Асфальт бетон хольц зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол алданги тооцохоор тохирсон тул Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6-д зааснаар үүрэг гүйцэтгэгчээс алданги нэхэмжлэх үндэслэлтэй. Хариуцагч тал гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл үүссэн гэж тайлбарлаж байна. Хэрэв ийм байдал бий болсон бол нэхэмжлэгч талд нэн даруй мэдэгдэхээр гэрээнд заасан байгаа. Гэтэл нэхэмжлэгч байгууллагад энэ талаар мэдэгдсэн зүйл байхгүй. Хариуцагч тал 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн гэж ярьж байна. Гэтэл энэ тооцоо нийлсэн нь алданги гаргуулахгүй гэсэн үг биш.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангийг гаргуулж өгнө үү. Манай байгууллага хариуцагч байгууллагыг хүндэтгээд алдангийг багасгаж буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцсон. Баянчандмань АЗЗА ТӨХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 13.118.200 төгрөгийг төлсөн тул одоо гэрээний үндсэн үүрэг 18.000.000 төгрөг, алданги 15.554.000 төгрөг, нийт 33.554.000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваахүү анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянчандмань АЗЗА ТӨХК нь 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Төгс зам ХХК-тай 201АБЗ/03 дугаартай Асфальт бетон хольц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 2.3 дахь заалтад 400 тонн асфальт бетон хольц нийлүүлэхээр тусгагдсан ч бид 363.78 тонн асфальт бетон хольц зээлээр авсан. Манай компани 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор 22 удаа нийт 69.118.200 төгрөгийн асфальт бетон хольц авч авто замын засвар арчлалтад ашигласан.

2020 онд гэрээ байгуулж асфальт бетон хольц худалдан авснаас хойш 8 дугаар сарын 28-ны өдөр 3.000.000 төгрөг, 12 дугаар сарын 31-ний өдөр 10.000.000 төгрөг, нийт 13.000.000 төгрөгийг төлсөн байна. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Төгс зам ХХК-тай тооцооны үлдэгдлийн баталгаагаар нийт 56.118.200 төгрөгийг албан ёсоор тооцоо нийлж баталгаажуулсан. 2021 онд өмнөх оны үлдэгдэл тооцооноос 5 дугаар сарын 14-ний өдөр 20.000.000 төгрөг, 8 дугаар сарын 27-ны өдөр 5.000.000 төгрөг, 10 дугаар сарын 13-ны өдөр 10.000.000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 21.118.200 төгрөгийн тооцоог албан ёсоор тооцоо нийлж баталгаажуулсан.

Баянчандмань АЗЗА ТӨХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Төгс зам ХХК-д 3.118.200 төгрөгийг төлж барагдуулсан тул одоо 18.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж үзэж байна. 2020, 2021 онд дэлхий нийтэд үүссэн “Ковид-19” цар тахлын байдлаас шалтгаалан байгууллагын үйл ажиллагаа доголдсон учраас гэрээний биелэлт удааширсан. Одоо хариуцагч байгууллагын хувьд гэрээний үндсэн үүрэг 18.000.000 төгрөгийг төлнө, харин алданги 15.554.000 төгрөгийг төлөх боломжгүй, алдангийг зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Баянчандмань АЗЗА ТӨХК-аас 18.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төгс зам ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15.554.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төгс зам ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 391.260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага багассантай холбоотойгоор төрийн сангийн 100140000941 тоот данснаас 65.540 төгрөгийг, хариуцагч Баянчандмань АЗЗА ТӨХК-аас 247.950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төгс зам ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх нь хэсэгт “...хариуцагч байгууллага нь “Ковид-19” цар тахлын байдлаас шалтгаалан байгууллагын үйл ажиллагаа доголдсон, иймд гэрээний үндсэн үүрэг 18,000,000 төгрөгийг төлнө, алданги төлөх боломжгүй гэж тайлбарлаж, алданги 15.554.000 төгрөгийг эс зөвшөөрч маргаж байна.

Талууд Асфальт бетон хольц зээлээр худалдах, худалдан авах гэрээнд нийт төлбөр болох 76.000.000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж дуусгахаар, худалдан авагч тал заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлж дуусгаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр харилцан тохиролцсон байх боловч асфальт бетон хольцийн үнийг төлөх хугацааг хэтрүүлсэн нь хариуцагч байгууллагын гэм буруугаас болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Тухайлбал, хариуцагч Баянчандмань АЗЗА ТӨХК нь 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээний төлбөрт нийт 57.957.000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлсөн, одоо гэрээний үндсэн үүргийн үлдэгдэл 18.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул хариуцагч байгууллагыг гэрээний үүргээ биелүүлэхээс зориуд зайлсхийсэн гэж үзэх үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр 2019 оны 12 дугаар сард Дэлхий нийтэд дэгдсэн “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль батлагдаж, 2020-2021 онд Монгол улсад цар тахлаас сэргийлэх өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдалд удаа дараалан шилжиж, цар тахлаас үүдэлтэй хүн, нийгэм, эдийн засгийн аюулгүй тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагаа алдагдсан нийтэд илэрхий үйл баримт онцгой нөхцөл байдал үүссэн тул хариуцагч байгууллагыг өөрийн буруугаас гэрээний хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-д Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдалд “тахал” энэ гэрээг зохих ёсоор биелүүлэх боломжгүй байдал бий болгохыг ойлгоно, Гэрээний 6.2-т “Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас гэрээ биелэгдэх боломжгүй болсон бол гэрээний хугацаа дээрх нөхцөл байдал арилах хүртэл хугацаагаар сунгагдана.

Гэрээнд тодорхойлсон гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэн буюу цар тахал дэгдсэн, цар тахал 2020, 2021 онуудад үргэлжилсэн нийтэд илэрхий үйл баримт байх тул энэ үйл баримтыг дахин нотлохгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2-т зааснаар гэрээний хугацаа цар тахал арилах хүртэл хугацаагаар сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ.

Хариуцагч байгууллага нь “Ковид-19” цар тахлын байдлаас шалтгаалан байгууллагын үйл ажиллагаа доголдсон гэж амаар тайлбарлах боловч үүнтэйгээ холбоотой нотлох баримтыг огтоос шүүхэд гаргаж өгөөгүй байтал шүүх байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэж шууд хийсвэрлэн дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна.

Хэдийгээр цар тахлын нөлөөлөл байсан ч бүх байгууллага алдагдалд орж хэвийн үйл ажиллагаа нь алдаагүй билээ. Цар тахал болсон гэдгийг нотлох шаардлагагүй боловч хариуцагчийн хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан бол үүнийгээ нотлох шаардлагатай юм. Талуудын хооронд байгуулагдсан Асфальт бетон хольц зээлээр худалдах худалдан авах гэрээний 6.2-т Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас гэрээ биелэгдэх боломжгүй болсон бол талууд бие биедээ нэн даруй мэдэгдэх ба гэрээний хугацаа дээрх нөхцөл байдал арилах хүртэл хугацаагаар сунгагдана гэж заасан байхад шүүх зөвхөн хариуцагч талд ашигтай хэсгийг түүвэрлэх замаар дүгнэлт хийсэн нь илтэд нэг талыг барьсан, үндэслэлгүй гэдгийг харуулж байна.

Хариуцагч Баянчандмань АЗЗА ТӨХК нь гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас гэрээ биелэгдэх боломжгүй нөхцөл байдалд орсон бол нэн даруй манай байгууллагад мэдэгдэх ёстой байсан ч мэдэгдээгүй, хавтаст хэрэгт ийм баримт авагдаагүй учраас гэрээний хугацаа сунгагдах нөхцөл байдал үүсээгүй гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан Асфальт бетон хольц зээлээр худалдах худалдан авах гэрээний 2.9-д “Худалдан авагч тал гэрээний 2.5-д заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлж дуусгаагүй тохиолдолд хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж тохиролцсон бөгөөд хариуцагч Баянчандмань АЗЗА ТӨХК нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулах ёстой байсан боловч 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 66.118.200 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

Хариуцагч нь гэрээний төлбөр төлөх хугацаанаас хойш 92 хоногийн дараа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 10.000.000 төгрөг төлсөн бөгөөд энэ хугацааны алданги нь 18.248.568 төгрөг, үүнээс 168 хоногийн дараа 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 20.000.000 төгрөг төлж алданги нь 28.283.472 төгрөг, үүнээс 102 хоногийн дараа 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 5.000.000 төгрөг төлж алданги нь 11.052.169 төгрөг, үүнээс хойш 47 хоногийн дараа 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 10.000.000 төгрөг төлж алданги нь 4.387.638 төгрөг, үүнээс хойш 181 хоногийн дараа 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 3.118.200 төгрөг төлж алданги нь 11.467.074 төгрөг болсон бөгөөд энэ хугацааны нийт алдангийг тооцоход 73.438.921 төгрөг болсон боловч манай байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 15.554.000 төгрөгийн алдангийг нэхэмжилсэн юм.

Хариуцагч Баянчандмань АЗЗА ТӨХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 1 жил 9 сар гаруй буюу 623 орчим хоногийг өнгөрөөж энэ хугацаанд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт явагдаж бидний Оросын Холбооны Улсаас авдаг 1 тонн битумын болон нэмэгдэж манай байгууллагад ихээхэн алдагдлыг хүлээлгэж байгаа билээ. Мөн Барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор Улсын Их Хурлын 2021 оны 88 дугаар тогтоолын 4, 5 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаар тушаалаар зам барилгын компаниуд үнийн зөрүү тооцуулж магадлал хийлгэж байгаа болно.

Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.9-д алданги төлөхөөр тохиролцсоныг тус тус үндэслэн хариуцагч Баянчандмань АЗЗА ТӨХК-аас алданги 15.554.000 төгрөгийг гаргуулж шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Төгс зам” ХХК нь хариуцагч “Баянчандмань АЗЗА” ТӨХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан “Асфальт бетон хольц зээлээр худалдах, худалдан авах” гэрээний үндсэн үүрэгт 31.108.000 төгрөг, алданги 15.554.000 төгрөг буюу нийт 46.662.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас 13.118.200 төгрөгийг төлсөн хэмээн мөн хэмжээгээр татгалзаж, гэрээний үндсэн үүрэгт 18.000.000 төгрөг, алданги 15.554.000 төгрөг, нийт 33.554.000 төгрөгийг гаргуулна хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч талаас 18.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч бусад хэсгийг эс зөвшөөрч мэтгэлцжээ.

Хэрэгт авагдан анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзвэл зохигчид 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Асфальт бетон хольц зээлээр худалдах худалдан авах” гэрээ байгуулан, “Төгс зам” ХХК нь 1 тонн асфальт бетон хольцыг 190.000 төгрөгийн үнэтэйгээр нийт 400 тонныг 2020 оны 6 дугаар сарын 12-30-ны өдрийг хүртэл 18 хоногийн хугацаанд хариуцагч “Баянчандмань АЗЗА” ТӨХК-д нийлүүлэх, хариуцагч бүтээгдэхүүний үнэ болох 76.000.000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж дуусгах ба тогтсон хугацаанд худалдан авагч тал төлбөрөө бүрэн гүйцэд төлж дуусаагүй тохиолдолд хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөхөөр гэрээний 2.1, 2.3, 2.7, 2.9-д тус тус зааснаар тохиролцсон, уг гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-ийн 5-6-р тал/

Өөрөөр хэлбэл худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авах үүргийг тус тус хүлээдэг ба анхан шатны шүүхийн “...талууд гэрээг зээлээр худалдах худалдан авах гэрээ хэмээн нэрлэж Иргэний хуулийн 262-264 дүгээр зүйлүүдийг үндэслэсэн байх боловч гэрээнд хүү төлөхөөр тохиролцоогүй тул уг гэрээг хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “Худалдах худалдан авах гэрээ” хэмээн үзэв...” гэх дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч “Төгс зам” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу “Баянчандмань АЗЗА” ТӨХК-нд 75.946.800 төгрөгийн үнэ бүхий 399.72 тонн асфальт бетонон хольц нийлүүлсэн, хариуцагч 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл нийт 57.957.000 төгрөгийг гэрээний үндсэн үүрэгт төлж, 18.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа, мөнгөн шилжүүлгийн баримт, тээврийн тооцооны болон зарлагын баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх ба энэ талаар хэн аль нь маргаагүй байна. /хх-ийн 50, 51, 111-116, 120-р тал/

Анхан шатны шүүхээс зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний үндсэн үүрэгтэй холбогдох хэсгийн үйл баримт болон эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй зөв тайлбарлан хэрэглэж, “Баянчандмань АЗЗА” ХХК-аас 18.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Харин үлдэх хэсэг болох алданги 15.554.000 төгрөгийг талуудын гэрээгээр тохиролцсон гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал Ковид-19 цар тахал дэлхий нийтэд дэгдэн 2020, 2021 онуудад үргэлжилсэн, цар тахлаас үүдэн хүн, нийгэм, эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагаа алдагдсан, нийтэд илэрхий, дахин нотлохгүй онцгой нөхцөл байдал үүссэн нь хариуцагч байгууллагын өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гэрээний хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлгүй хэмээн дүгнэж Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн буруу болжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1, 6.2-т тус тус зааснаас үзвэл гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал “...тахал...” зэрэг гэрээг зохих ёсоор биелүүлэх боломжгүй байдал үүсвэл талууд бие биедээ нэн даруй мэдэгдэх, энэ тохиолдолд гэрээний хугацаа дээрх нөхцөл байдал арилах хүртэл хугацаагаар сунгагдахаар тохиролцсон байдаг.   

Хэдийгээр дэлхий нийт Ковид-19 цар тахалд нэрвэгдсэн, уг цар тахлын улмаас манай улс өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдалд тодорхой хугацаагаар хэд хэдэн удаа шилжиж байсан хэдий ч дээрх болон бусад цаг хугацаанд хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ юуны учир биелүүлэх боломжгүй ямар нөхцөл байдалд хүрсэн эсэхээ баримтаар нотолж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч “Баянчандмань АЗЗА” ТӨХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсгүүдэд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна.    

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хэрэв хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй бол зохигчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдгээрээ иргэний эрх зүйн үндсэн зарчим оршдог болохыг анхаарвал зохино.

Иймд хариуцагч үүргээ гүйцэтгээгүйгээс үүссэн алданги 15.554.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх нь зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт хамаарах ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулангийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт “...шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчид... ...хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана...” хэмээн хуульчилсан.

Нэхэмжлэгч “Төгс зам” ХХК анх шүүхэд гэрээний үндсэн үүрэгт 31.108.000 төгрөг, алданги 15.554.000 төгрөг буюу нийт 46.662.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага 13.118.200 төгрөг төлсөн хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа мөн хэмжээгээр багасган татгалзсан байтал анхан шатны шүүх уг хэмжээнд тооцогдох шүүхийн зардал буюу улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн данснаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь буруу байх тул энэ магадлалд дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдол хангагдсантай холбогдуулан гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 151/ШШ2022/00458 дугаар шийдвэрийн “ТОГТООХ нь” хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хариуцагч “Баянчандмань АЗЗА” ТӨХК-иас 18.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Төгс зам” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15.554.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг

 

 “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Баянчандмань АЗЗА” ТӨХК-аас гэрээний үндсэн үүрэгт 18.000.000 төгрөг, алданги 15.554.000 төгрөг буюу нийт 33.554.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Төгс зам” ХХК-д олгосугай...” гэж,

 

2 дахь заалтад “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 58-р зүйлийн 58.1, 60-р зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Төгс зам” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 391.260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага багасгасантай холбоотойгоор төрийн сангийн 100140000947 тоот данснаас 65.540 төгрөгийг, хариуцагч “Баянчандмань АЗЗА” ТӨХК-иас 247.950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Төгс зам” ХХК-д олгосугай...” гэснийг

 

“...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Төгс зам” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 391.260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Баянчандмань АЗЗА” ТӨХК-аас 325.720 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Төгс зам” ХХК-д олгосугай...” гэж,  

 

“...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Төгс зам” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагынхаа 13.118.200 төгрөгөөс татгалзсан болохыг дурдсугай...” гэсэн нэмэлт заалт оруулан, ТОГТООХ нь хэсгийн дугаарлалтыг 1-4 гэснийг 1-5 гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулангийн гаргасан давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235.720 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж олгосугай.

 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧИД                                            Н.НАСАНЖАРГАЛ

                                                                                                                                                                                                                                                            М.МӨНХДАВАА