Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 208/МА2019/00022

 

 

Д.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2018/00553

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч:

Ерөнхий шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

 

Оролцогчид:

Нэхэмжлэгч Д.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 534 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн гомдлоор Д.*******ын нэхэмжлэлтэй Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч тогтоолгох тухай иргэний хэргийг 2019 оны 05 дугаар сарын 08ы өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Би Сэлэнгэ аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт сантехникийн слесерээр 1984 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр орж ажилласан юм. Гэтэл Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын дарга 1984 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 72 тоот Ажлаас чөлөөлж, томилох тухай тушаалыг гаргахдаа миний овог нэрийг ******* ******* гэхийг ******* овогтой ******* гэж ташаа бичсэнээс тэтгэврээ тогтоолгож чадахгүй хохирч явна. Тэнд ажиллаж байхдаа нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр дээрх овог нэр, дээрх тушаалтай зөрүүтэй байгаа бөгөөд буруу бичсэнийг мэдээгүй байсан ба сая тэтгэвэрт гарах гэж хөдөлмөрийн дэвтрээ өгсөн чинь нийгмийн даатгалын байцаагч надаас ажилд орсон тушаалаа архиваас авчир гэсний дагуу авчирч өгөхөд овог нэр чинь зөрүүтэй байна, шүүхээр баталгаажуул гэхээр нь шүүхэд хандаж байна.

Иймд 1985 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 72 тоот тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэж хүсч байна... гэжээ.

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 534 дугаартай шийдвэрээр:

  - Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн нийтийн ахуй үйлчилгээний даргын 1984 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 72 тоот ажлаас чөлөөлж, томилох тухай тушаалын жинхэнэ эзэмшигч нь ******* ******* мөн болохыг тогтоож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт сантехникийн слесерээр 1985 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр орж ажилласан. Тухайн нийтийн үйлчилгээний газрын дарга 1985 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 72 тоот Ажлаас чөлөөлж томилох тухай тушаалыг гаргахдаа миний овог нэрийг ******* ******* гэхийг ******* овогтой ******* гэж ташаа бичсэнээс миний бие тэтгэврээ тогтоолгож чадахгүй явсан юм. Хөдөлмөрийн дэвтэр дээрх овог нэр, тушаалтай зөрүүтэй байгаа бөгөөд буруу бичсэнийг мэдэхгүй явсаар өдийг хүртэл байсан. Ингээд Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1985 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 72 тоот тушаалын эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэртээ 1984 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 72 тоот Ажлаас чөлөөлөх, томилох тухай тушаалын жинхэнэ эзэмшигч нь ******* ******* мөн болохыг тогтоосугай гэж андуурч бичсэн байх тул 1984 он гэж бичсэнийг 1985 он болгон залруулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Д.******* нь бичиг баримтын эзэмшигч тогтоолгох тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ техникийн алдаа гаргасныг зөвтгүүлж шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргагч Д.******* давж заалдах гомдол гаргаснаар хэргийг судлан үзвэл:

Хүсэлт гаргагч Д.******* нь 1985 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар Авар засварын цехийн сантехникийн слесерээр ажилд орсон болох нь түүний 107793 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сэлэнгэ аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1991 оны 01 сарын 29-ний өдрийн Ажилчид шилжүүлэх тухай 26 тоот тушаал, түүнтэй хамт ажиллаж байсан гэрч Х.Цонхоо, Ө.Рэнцэнраа, Л.Даваасүрэн нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагчийг анх ажилд томилсон тушаалд овог нэрийг нь зөрүүтэй бичсэн байсан гэсэн үндэслэл нь тогтоогдож байх тул Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуйн даргын 1985 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 72 тоот Ажлаас чөлөөлж, томилох тухай тушаалд Дашдорж овогтой ******* гэхийг ******* овогтой ******* гэж ташаа бичигдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэхдээ бичилтийн техникийн алдаа гаргаж Сэлэнгэ аймгийн нийтийн ахуй үйлчилгээний даргын 1985 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 72 тоот ажлаас чөлөөлж, томилох тухай тушаалын огноог буруу бичсэн болох нь тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн орлогоос гаргуулан буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 534 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.4-т зааснаар Сэлэнгэ аймгийн нийтийн ахуй үйлчилгээний даргын 1985 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 72 тоот ажлаас чөлөөлж, томилох тухай тушаалын жинхэнэ эзэмшигч нь ******* ******* мөн болохыг тогтоосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН