Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 208/МА2019/00024

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 149/2018/00146

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч:

Ерөнхий шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

Оролцогчид:

Хариуцагч *******

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэсувд нар оролцож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12ы өдрийн 107 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гомдлоор *******ийн нэхэмжлэлтэй Д.*******т холбогдох  хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт байрлалтай газарт 2006 онд ******* худалдааны төвийг миний аавын төрсөн дүү *******ын ******* бариулсан юм. Энэ ******* худалдааны төвийг барьсан газрыг миний төрсөн эцэг *******ын ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын газрын албанаас өөрийнхөө нэр дээр 2004 онд 534 м2 газрыг эзэмшихээр авсан. Энэ он жилүүдэд би гэр бүлийнхээ хамт Солонгос улсад ажиллаж амьдарч байсан тул авсан газартаа үйл ажиллагаа явуулах байр сууц барих боломжгүй байсан. Энэ үед аавын төрсөн дүү *******ын ******* энэ газарт чинь барилга барья гэж гуйсан юм билээ. Тэгэхээр нь аав өөрийн төрсөн дүүдээ үгүй гэж хэлж чадаагүй *******т хоёр давхар байшин барих зориулалттайгаар нэг давхар байшин барихыг зөвшөөрч Солонгос улсаас хүүхдүүд ирээд дээр нь хоёр давхар болгож өргөтгөл хийнэ гэж тохиролцож нэг давхар үйлчилгээний байр барьсан юм. Би Солонгос улсаас ирээд *******ийн бариулсан нэг давхар байрны дээр хоёр давхар болгож өргөтгөл хийлгэх болсон чинь барилгын мэргэжлийн хүмүүс ирж үзээд дээш нь өргөтгөл хийх боломжгүй давхар байрны шаардлага стандарт хангахгүй байна гэсэн. Иймд бид байраа дээш нь давхарлах боломжгүй тул *******ийг аавын нэр дээр байгаа газрыг чөлөөлж өгөх тухай шаардлага тавьсан. Шаардлага тавихдаа "таны барьсан байшин дээш нь хоёр давхар өргөтгөл хийх шаардлага хангахгүй тул та байшингаа буулга тэгээд шинээр хоёр давхар байр барьж үйлчилгээний төв ажиллуулья та нэг давхартаа үйл ажиллагаа явуулдгаараа явуул, бид хоёр давхартаа үйл ажиллагаа явуулья гэсэн шаардпага тавьсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Миний аав ******* овогтой ******* нь газар эзэмших эрхээ ******* миний нэр дээр шилжүүлсэн. Газар эзэмших гэрчилгээ бичиж өгөхгүй захирамж нь гарсан байна. Газрын гэрчилгээ бичиж өгөхгүй байгаа шалтгаан нь ******* нь эзэмших ёстой газраас илүү газар эзэмшиж хашаа барьсан. Энэ газраа чөлөөлж өгөхийг Газрын алба шаардсан боловч мөн газрыг чөлөөлж өгөхгүй байгаа юм билээ. ******* нь одоо худалдааны төв байрандаа үйл ажиллагаа явуулж байгаа. Бид удаа дараа тус газрыг чөлөөлөх талаар хэлсэн боловч одоог хүртэл уг газрыг чөлөөлөхгүй байгаа тул *******ээс газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч *******ийн эцэг *******ын Бямба нь миний төрсөн ах юм. Би анх 2005 нд Цагдаагийн хэлтсийн урд тал руу харагдсан хураагдсан газар байгааг сонсоод ах *******д хэлэхэд тэр газрыг чинь авах юмсан. Чи хөөцөлдөөд өгөөч гэхээр нь би газрын алба, Засаг дарга дээр орж байж 2005 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 109 тоот шийдвэрийг гаргуулж өгсөн. Үүний дараагаар 2013, 2014 онуудад газрын албанд газрын албанд хандаж эзэмших газрынхаа талбайг нэмүүлж 534 м2 болгоод газрын албатай гэрээ байгуулж газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилж ах Д.*******гийн нэр дээр уг гэрчилгээг гаргуулж авсан. Энэ бүхнийг ******* ах сайн мэднэ. 2005 онд Бямба ах энэ газрыг ашиглаж чадахгүй юм байна, чи ав гэж хэлж байсан. Миний хувьд 534 м2 газраас анх ******* ахын нэр дээр авсан газрын 240 м2 газрыг *******т өгч, сүүлд авсан 294 м2 газрыг би өөрөө авъя гэсэн саналтай байна гэжээ.

  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 107 дугаартай шийдвэрээр:

  - Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дахь хэсэгт зааснаар *******ийн эзэмшлийн нэгж талбарын ******* дугаар бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Худалдаа ******* тоот байршилтай м2 газрыг *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн чөлөөлүүлнэ гэж яриад байгаа 534 м2 анх 240 м2 талбайтай газар л байсан. Анхны байсан газар дээр би өөрөө хөөцөлдөж 294 м2 газрыг эзэмших эрхтэй болсон. Би өөрийн хөөцөлдөж нэмүүлж авсан газраа ах Д.*******гийн нэр дээр хөөцөлдсөн ба нэг дор байгаа газар учраас нэг хүний нэр дээр байлгах нь ажил төрлөө явуулахад л хэрэгтэй гэж бодсон юм. Ах бид хоёр барилгаа хоёр давхар болгоод нэг давхрыг нь би хоёр давхрыг нь ах авахаар тохиролцоод хоорондоо ойлголцоод ямар нэгэн маргаангүй явж байсан. Гэтэл бидний хооронд хийгдсэн анхны яриа тохироонд түүний охин ******* хөндлөнгөөс оролцож, үл хөдлөх эд хөрөнгө баригдчихсан газрыг чөлөөлүүлнэ гэж шүүхэд хандаад, шүүх түүнийг нь хангаж шийдвэрлээд байгааг би зөвшөөрөхгүй байна. Би энэ газарт барилга барихдаа ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй. Учир нь энэ газрыг миний ах Д.******* зориулалтын дагуу ашиглаж чадахгүй байснаас хураагдахад хүрчихсэн үедээ ...хүнд алдаж байхаар чи барилга барьчих... гэж өөрөө санал гаргаж ирсэн. Ингээд тухайн үед 240 м2 талбай бүхий газар дээр хууль ёсны эзэмшигч ах Д.*******гийн зөвшөөрлөөр үйлчилгээний зориулалттай барилга барьсан тул намайг газар эзэмшигчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж бодож байна

Газрын хэмжээ сүүлд 2013 онд 294 м2-аар нэмэгдсэнийг нэхэмжлэгч *******, гэрч Д.*******, хариуцагч миний бие бүгд маш мэдэж байсан ба энэ талаар дор бүрнээ өөр, өөрийн тайлбарыг өгсөн. Гэтэл анхан шатны шүүх намайг энэ газрыг бүхэлд нь чөлөөлж өг гэдэг шийдвэр гаргасан нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

Тухайн газарт үйлчилгээний зориулалттай барилга баригдсан асуудлыг мэдэж, энэ талаар шийдвэртээ тодорхой тусгасан атлаа уг барилгыг хэрэглэх талаар тодорхой шийдвэр гаргаагүйгээс олон сая төгрөгөөр босгосон миний үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, ашиглах эрхийг ноцгойгоор зөрчсөн, ах бид хоёр анхнаасаа энэ газар дээр хоёр давхар барилга барих, би нэг давхрыг нь ах хоёр давхрыг нь хариуцан өөр, өөрсдөө хөрөнгөөр барьж, тус тусын давхраа ашиглахаар тохиролцож байсан. Би одоо ч энэ тохиролцооноос буцаагүй байхад энэ талаар шүүх огт дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг зөвөөр үнэлж дүгнэлгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс гарсан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл тодорхойгүй, ******* 2018 оны 05 сарын 02-ны өдөр шүүхэд газар чөлөөлүүлэх тухай шаардлагатай нэхэмжлэл гаргах үед тэрээр талуудын эзэмшлийн асуудлаар маргаж буй газрыг эзэмших эрхгүй байсан буюу эрх нь зөрчигдөөгүй, уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрх үүсээгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Миний үйлчлүүлэгч тухай газрыг эзэмшигчийн зөвшөөрөлгүй, хууль бусаар өөрийн мэдэлд байлгаж, хууль бусаар эзэмшээгүй болох нь талуудын тайлбар гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Хариуцагч ******* нь газар дээр нь барилга барьж хамтран ажиллахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр барилга барьж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд талуудын энэхүү тохиролцоо хэвээр байхад шүүх түүний хууль бус эзэмшигч гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Мөн хэргийн нөхцөл байдлыг тодруулахаар нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч нар шинжээч томилуулахаар тус тус шүүхэд хүсэлт гаргасан боловч тодорхой шалтгаанаар дүгнэлт гаргах боломжгүй тухай мэдэгдсэнээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, зохигчдын шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны журам зөрчсөн, хууль хэрэглээний алдаа гаргасан зэргийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хариуцагчийн давж заалдсан гомдлын дагуу хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа *******ийн худалдааны төвийн зориулалт бүхий барилгын газрын эзэмшигч тул түүний хууль бус өмчлөлөөс газар чөлөөлүүлэх тухай гэж тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар тус маргаан бүхий газрын эзэмшигч нь иргэн Д.******* байсан бөгөөд газар эзэмшүүлэх эрхээ өөрийн охин Б.Уранчимэгт шилжүүлж, 2018 оны 06 сарын 06-ны өдөр эрх бүхий байгууллагаас Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай дугаартай гэрээг Б.Уранчимэгтэй байгуулж, гэрчилгээг олгосон байна.

Нэхэмжлэгч Б.Уранчимэг нь шүүхэд өөрийн газар эзэмших эрхийг хариуцагч зөрчсөн гэж 2019 оны 05 сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргах үед маргаан бүхий Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг Худалдаа ******* тоот байрлалтай м2 талбай бүхий газрын эзэмшигч мөн эсэх нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд эрх бүхий байгууллагатай тухайн иргэн нь газар эзэмших гэрээ байгуулж, эрх бүхий байгууллагаас эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгүүлснээр түүний газар эзэмших эрх үүсэхээр хуульчилсан байхад шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулалгүй, түүний нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн улмаар хэргийг хянан шийдвэрлэж хууль зөрчжээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын шинжээч томилуулах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн боловч хүсэлт нь хангагдаагүй, зохигчид нь шинжээч томилуулах тухай хүсэлтээсээ татгалзсан эсэх нь тодорхойгүй байхад хэргийг хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарч байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрхи зөрчлүүдийг залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 107 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН