Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 208/МА2019/00025

 

 

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2019/00143

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч

Ерөнхий шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

Оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэсувд оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21ий өдрийн 213 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн гомдлоор *******ы нэхэмжлэлтэй *******д холбогдох  Зээлийн гэрээний үүрэг 8.160.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 06 дугаар сарын 11ий өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр *******тэй зээлийн гэрээ байгуулж, уг гэрээнийхээ дагуу 4.800.000 төгрөгийг зээлдүүлсэн. Уг мөнгийг бэлнээр 3.000.000 төгрөгийг өөрийн хадгаламжийн данснаасаа авч өгсөн, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 800,000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж өгсөн. ******* нь зээлж авсан 4.800.000 төгрөгөө өгөхгүй байсан тул 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр *******тэй уулзаж зээлийн төлбөрөө хурдан төлөхийг шаардсан. Гэтэл ******* нь 4.800.000 төгрөгийг 1 сарын дотор бүрэн төлж барагдуулна. Таны мөнгийг авч ашиглаад би удаж байна. Иймд би таньд 4.800.000 төгрөгөөс гадна уг мөнгөний хүү болгож 13.400.000 төгрөгийг нэмж төлнө. Мөн энэ сарын хугацаандаа дээрх бүх мөнгөө төлж чадахгүй бол 4.800.000 төгрөгнөөс 20 хувийн хүү болох 960.000 төгрөгийг нэмж өгнө. Мөн өдрийн 0.2 хувиар алданги тооцож төлнө гэж хэлээд энэ хэлцлээ нотариатаар батлуулах саналыг надад тавьсан. Би за чи яг сарын хугацаанд өгөөрэй, хэрвээ өгөхгүй бол хэлцэлд тохирсон ёсоор шүүүхэд нэхэмжлэл гаргана шүү гэж хэлээд саналыг хүлээн зөвшөөрч 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нотариат орж баталгаажуулсан юм. Гэтэл ******* нь нэг сарын хугацаа битгий хэл өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байна. Иймд би 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан хэлцлийнхээ дагуу үндсэн төлбөр 4.800.000 төгрөг, түүний алданги 2.400.000 төгрөг, 1 сарын хүү 960.000 төгрөг нийтдээ 8.160.000 төгрөг болж байна. Мөн 13.400.000 төгрөгний хүү төлнө гэж надад хэлсэн хэдий ч би *******ээс ийм их мөнгө авахгүй. Хэлцлээр тохирсон ёсоор шударга ёсны зарчимд тулгуурлан тооцон бодож гаргасан 8.160.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь иргэн *******аас нийт 4.800.000 төгрөгийг зээлж авсан бөгөөд тухайн үед бичгээр ямар нэгэн зээлийн гэрээ хийгээгүй болно. Иймд миний бие нэхэмжилж буй хүү, алдангийг төлөхгүй. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. *******д 2019 оны 03 дугаар 26-ны өдөр төлсөн 500.000 хасна гэжээ.

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 213 дугаартай шийдвэрээр:

  - Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар *******ээс 7.660.000 төгрөг гаргуулан *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 145.510 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 137.510 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож. шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр уг мөнгийг авахдаа Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасны дагуу ямар нэгэн хэлбэрээр бичгээр хийгээгүй байсан бөгөөд сүүлд 2017 онд *******ы шаардлагаар зээлийн гэрээг хийсэн. Иймд уг шийдвэрээр хүү, алданги төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

******* нь зээл авсан мөнгөө хүлээн зөвшөөрдөг боловч хүү, алдангийг төлөхгүй гэжээ. ******* нь мөнгийг удаан хугацаагаар хэрэглэсэн тул хүү 13.400.000 төгрөг төлнө гэж өөрөө гэрээ байгуулсан хэдий ч нэхэмжлэгчийн зүгээс хуулийн хүрээнд алданги 2.400.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас *******ийн хэрэг хянан шийдвэрлэх үед өгсөн 500.000 төгрөгийг хасаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 8.160.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагч ******* давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байхад хүү, алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн гэж тайлбарлажээ.

Хэргийг судлан үзвэл: 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр зохигчдын хооронд 4.800.000 төгрөгийг зээлэх талаар харилцан тохиролцсоноор нэхэмжлэгч ******* нь *******д бэлнээр 3.000.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 800,000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж хариуцагч нь түүнийг хүлээн авснаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг 4.800.000 төгрөг, зээлийн гэрээний дагуу тохирсон нэг сарын хүү 960.000 төгрөг, алданги 2.400.000 төгрөг нийт 8.160.000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон байх ба зохигчид хоорондоо зээлийн гэрээ байгуулсан эсэх талаар маргаагүй боловч хариуцагч ******* нь зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул зээлийн хүү, алданги төлөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ зэрэг нотлох баримтаар зохигчдын хооронд мөнгийг тодорхой хугацаанд хүүтэйгээр зээлүүлэх харилцан тохиролцон амаар хэлцэл хийсэн бөгөөд тухайн хэлцлийнхээ дагуу нэхэмжлэгч ******* 4.800.000 төгрөгийг шилжүүлж хожим буюу нэг жилийн дараа 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээг бичгийн хэлбэрт шилжүүлсэн байна.

         Талууд хэлцлийг амаар байгуулсны дараа амаар хийсэн тохиролцоогоо бичгийн хэлбэрт шилжүүлсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд хамаарах тул гэрээг хожим бичгээр байгуулсан нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн гэрээний үүрэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

Талууд гэрээг бичгийн хэлбэрт шилжүүлэхдээ зээлийн гэрээний хугацааг нэг сарын хугацаагаар тогтоож, зээлийн хүүг сарын 20 хувь байхаар, гэрээний 2 дахь заалтад зээлдэгч нь зээлийн хүүд 13.400.000 төгрөг төлөх, 3 дахь заалтдаа алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувийн алданги төлөхөөр тус тус заажээ.

Гэрээгээр зээлийн хүүг сарын 20 хувь, 13.400.000 төгрөг гэж хоёр өөр байдлаар тодорхойлсон нь ойлгомжгүй байгаа боловч зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, талуудын анх хэлцэл хийх үеийн тохиролцоо, зээлийн гэрээний агуулга зэргээр зээлийн хүүг сарын 20 хувь байхаар тохиролцсон гэж үзэхээр байна.

Харин зохигчид анх зээлийн гэрээг амаар байгуулах үедээ зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлага буюу алданги төлөх талаар талаар тохиролцоогүй, хожим хийсэн гэрээнд заасан алдангийг хариуцагчаас гаргуулах боломжгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 4.800.000 төгрөг, нэг сарын зээлийн хүү 960.000 төгрөг нийт 5.760.000 төгрөг үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчид төлсөн 500.000 төгрөгийг хасаж /5.760.000-500.000=5.260.000/ нийт 5.260.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2.900.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан шатны шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын заримыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 213 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн:

1 дүгээр заалтыг:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар *******ээс 5.260.000 төгрөг гаргуулан *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145.510 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 99.110 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137.510 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН