Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 208/МА2019/00031

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

 

Хэргийн индекс: 148/2017/00528

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч

Ерөнхий шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэсувд оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 206 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн гомдлоор *******ын нэхэмжлэлтэй *******т холбогдох  Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, тээврийн хэрэгслийн үнэ 28.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Нэхэмжлэгч Санчир нь Улаанбаатар хот Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Алтай хотхонд оршин суудаг бөгөөд өөрийн өмчлөлийн ******* ******* улсын дугаартай Toyota Landcruiser маркийн тээврийн хэрэгслийг иргэн Лодойсүрэнгийн Лхагвадоржид бусдад үнэтэй худалдахыг зөвшөөрч улмаар өөрийн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн болно. Тээврийн хэрэгслийг худалдах үед нэхэмжлэгчээр гарын үсэг зуруулах учраас тэр болтол бусдад үзүүлж үнэ тохироод зарах үедээ уулзахаар тохирч машинаа 2015 онд өгсөн боловч надад миний машиныг зараагүй байна удахгүй өндөр үнээр худалдаж авах хүн олоод уулзана би хөдөө гадаа ажилтай явж байна гээд машиныг минь өгөхгүй өнөөдрийг хүргэсэн болно. Гэтэл сүүлдээ машиныг минь өгөхгүй улмаар зугтаад байсан тул нэхэмжлэгч нь авто тээврийн үндэсний төвөөс лавлагаа хүсэхэд 2015 оны 04 сарын 24-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр, 10 сая төгрөгөөр бусдад зарсан байсныг 2017 оны 09 сарын 27-ны өдрийн лавлагаар мэдлээ. Нэхэмжлэгч нь тус гэрээ хийгдсэнийг мэдэхгүй бөгөөд гарын үсгийг хуурамчаар зурж тус гэрээгээр иргэн Жамбалцоогийн Энхжаргал гэгч нь 10 сая төгрөгөөр худалдан авсан байх ба тус гэрээг Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч Бадамгэрэл гэдэг хүн баталсан байна. Нэхэмжлэгч Санчир нь Улаанбаатар хотод байнгын оршин суух хаягтай бөгөөд 2015 оны 04 сарын 24-ны өдөр албан болон хувийн ажлаар Сэлэнгэ аймаг руу зорчоогүй болно. Иймд нэхэмжлэгч Санчирын зөвшөөрөлгүйгээр гарын үсгийг хуурамчаар зурж ******* ******* улсын дугаартай Toyota Landcruiser маркийн тээврийн хэрэгслийг худалдахаар иргэн *******той байгуулсан 2015 оны 04 сарын 24-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, уг хэлцлээр шилжүүлсэн ******* ******* улсын дугаартай Toyota landcruiser маркийн тээврийн хэрэгслийг *******ийн хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* 2018 оны 10 сарын 24-ны өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... Тус шүүхэд миний зөвшөөрөлгүйгээр гарын үсгийг хуурамчаар зурж ************** улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдахаар иргэн *******той байгуулсан 2015 оны 4 сарын 24-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, уг хэлцлээр шилжүүлсэн тээврийн хэрэгслийг *******ийн хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх явцад тус тээврийн хэрэгсэл нь цаашид гуравдагч этгээдүүдэд зарагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ******* ******* тээврийн хэрэсэлийн үнийг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэрээ байгуулах үеийн ханшаар 28 сая төгрөгөөр тооцож гаргуулахаар шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд тухайн тээврийн хэрэгслийг Лхагвадоржид зээлүүлсэн 10.000.000 төгрөгт тооцож авсан. Гэтэл надаас тухайн тээврийн хэрэгслийн үнийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд 10.000.000 төгрөгийг н.Лхагвадоржид өгсөн, дээр нь дахиад тухайн тээврийн хэрэгслийн үнийг төлнө гэдэг хэт бодит байдалд нийцэхгүй, тухайн тээврийн хэрэгслийн үнийг н.Лхагвадоржоос нэхэмжлэх нь зүйтэй гэж бодож байна гэжээ.

 

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 206 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, *******оос 26.775.000 төгрөгийг гаргуулж *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 472.900 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 472.900 төгрөг гаргаж нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:...

******* миний хувьд *******ын өмчлөл, эзэмшлийн ******* ******* улсын дугаартай Тоёота Ландкруйзэр маркийн тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлэх зорилгоор тодорхой идэвхитэй үйлдэл хийгээгүй. Тухайн хэрэгт хамтран хариуцагчаар татагдаж байсан Лхагвадорж гэх хүн нь бүх бичиг баримтыг хөөцөлдөж шилжүүлсэн. Гэтэл шүүх намайг буруутай мэтээр дүгнэж, дараа нь хохиролтой гэж үзвэл Лхагвадоржоос буюу гэм буруутай этгээдээс өөрт учруулсан хохирлоо нэхэмжлэх талаар тэмдэглэсэн байна. Тухайн болсон үйл явдлын хувьд Н.Лхагвадорж нь *******ын эд хөрөнгийн эрхэд ноцтойгоор халдаж гарын үсгийг хуурамчаар үйлдэж гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан байтал надаас тухайн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж байгаад гомдолтой байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 2015 оны 04 сарын 24-ны өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь анх хариуцагч *******т холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус хэрэгт хамтран хариуцагчаар *******ийг татан оролцуулж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хамтран хариуцагч *******ид холбогдох нэхэмжлэлээ татан авсан байна.

Тус хэргийн хариуцагч ******* нь автомашин худалдах худалдах авах гэрээг *******тай хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, автомашины үнэ 26.775.000 төгрөгийг хариуцагчаар гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч тал анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Хэргийн үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч ******* нь 00-90******* улсын дугаартай Toyota Landcruiser маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч бөгөөд ТайгамАлтай ХХК-ий захирал Ц.Содомцэрэнтэй тохиролцсоны дагуу тодорхой нөхцөлтэйгөөр худалдахаар *******ийн эзэмшилд автомашиныг шилжүүлсэн байна. ******* нь автомашиныг эзэмшилдээ шилжүүлэн авч ашиглаж байгаад хариуцагч *******той байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавьж улмаар ******* нь гэрээний үүргийн биелэлтийг хангахын тулд *******ын өмчлөлөөс 2015 оны 04 сарын 24-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр *******ийн өмчлөлд шилжүүлсэн, шилжүүлэн авсан автомашиныг ******* нь цааш нь бусдад худалджээ.

Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтаар Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол ... тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр ... гэрээ байгуулсанд тооцохоор заасан бөгөөд нэхэмжлэгч ******* нь бичгээр гэрээ байгуулаагүй боловч өөрийн өмчлөлийн автомашинаа худалдах зорилгоор *******ийн эзэмшилд автомашиныг бичиг баримтын хамт шилжүүлсэн байх тул *******, ******* нарын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

Тодорхой хэлцлийн дагуу ******* нь автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч ашиглаж байгаад улмаар хөрөнгийн эзэмшилд байгаа байдлыг ашиглан өмчлөгчийн буюу *******ын зохих зөвшөөрөлгүй зээлийн болон барьцааны гэрээ байгуулж улмаар бусадтай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг автомашинаар хангуулжээ.

Хэрэгт 00-90******* улсын дугаартай Toyota Landcruiser маркийн тээврийн хэрэгслэлийг худалдах худалдан авах тухай 2015 оны 04 сарын 24-ны өдөр байгуулагдсан гэрээ авагдсан боловч бодит байдал дээрээ *******, ******* нарын хооронд худалдан авах гэрээ байгуулагдаагүй, харин ******* нь бусадтай байгуулсан гэрээний үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор автомашиныг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Иймээс нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нарын хооронд автомашиныг худалдах худалдах авах талаар харилцан тохиролцоогүй, өөрөөр хэлбэл хэлцлийн үндсэн шинж болох талуудын хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй, хэлцэл хийсэн гэх ямар нэгэн үйлдэл хийгдээгүй байх тул зохигчдын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзнэ.

Зохигчдын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолыг хэрхэн зөрчсөн нь нотлогдоогүй тул нэхэмжлэгчийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаварыг арилгах тухай нэхэмжэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзлээ.

Харин тус хэргийн хариуцагч ******* иргэн ******* нарын хооронд хийсэн хэлцлүүд нь хүчин төгөлдөр эсэх, тэдгээрийн хооронд байгуулсан хэлцэл нь бусад этгээдийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн эсэх талаар зохих этгээд шүүхэд хүсэлт гаргаагүй тул шүүх тэдгээрийн хооронд байгуулсан хэлцлийн талаар дүгнэлт хийх боломжгүй бөгөөд зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохих дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн болно.

Тус хэргийн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар *******ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах хүсэлт гарган оролцуулсан бөгөөд шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх үед хариуцагч *******оос татгалзсан нь нэхэмжлэгчийн өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж буй этгээдийг хариуцагчаар сонгох эрхийнхээ дагуу гаргасан хүсэлт байх тул нэхэмжлэгчийг хариуцагч *******ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ татан авсан гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасны дагуу хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 16-ны өдрийн 206 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1- д зааснаар нэхэмжлэгч *******ын *******т холбогдуулан гаргасан гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулж, гэрээний үр дагавар буюу автомашины үнэ гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар нэхэмжлэгч ******* нь хамтран хариуцагч *******ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ татан авсан болохыг баталсугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа шүүгчийн захирамжаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН