Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2019/1003/З |
Дугаар | 378 |
Огноо | 2020-10-14 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 378
“Ч т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин,
аялал жуулчлалын сайдад холбогдох
захиргааны хэргийнтухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Х.Батсүрэн
Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Ч т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2020/0194 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 358 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2020/0194 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ч т” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Ч т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 358 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 194 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 12 дугаар зүйлийн 5, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Ч т” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Ч т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. ...Давж заалдах шатны шүүх нь магадлалын Хянавал хэсэгтээ: “Гэтэл аялал жуулчлал, зочид буудал, зоогийн газар, баар болон тэдгээрийг дагалдсан үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 60-80 ортой зочид буудал, 10 гэр буудал, 60 хүний суудалтай зоогийн газар, 20-30 хүний суудалтай баар, биллъярд, саун, боловсон ариун цэврийн өрөөгөөр үйлчлэхээр төсөлдөө тусгасан Ч… аялал жуулчлалын төв барих зориулалтаар газар ашиглах эрх олгосныг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглах, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрны зориулалтаар олгосон гэж үзэхээргүй байх бөгөөд дээр дурдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7.12 дугаар зүйлийг зөрчсөн байна ” гэж тайлбарлажээ.
4. Давж заалдах шатны шүүх нь дээрх байдлаар хэтэрхий өөрийн дур зоргоор тайлбарлаж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг 1995 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байдаг. Тус хуулийн хоёрдугаар бүлэг нь тусгайлан “Дархан цаазат газар, түүний хамгаалалтын дэглэм”-ийг тодорхойлон хуульчилж өгсөн байдаг ба 11 дүгээр зүйл нь “Хязгаарлалтын бүсийн дэглэм”-ийг тодорхойлж өгсөн. Тус зүйлд “Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаа явуулж болно” гэж хуульчлан тодорхойлоод “7/ аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэж заасан, тус зүйлд ийнхүү хуульчлан заасантайгаа шууд нийцүүлээд 12 дугаар зүйлд “Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа”-г зохицуулж өгөхдөө “Дархан цаазат газарт энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:” гээд “5/ энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих:” гэж тодорхой хуульчлан өгсөн байна.
5. Өөрөөр хэлбэл, энэ хуулиар дархан цаазат газрын Хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах үйл ажиллагааг зөвшөөрч, мөн ийм зориулалттай барилга байгууламж барих үйл ажиллагааг зөвшөөрсөн, үүний дагуу хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүдэд газар ашиглах эрх олгож, 2004 оноос 2019 оныг хүртэл буюу бүхэл бүтэн 15 жилийн хугацаанд зөвшөөрөл олгож, удаа дараа түүнийгээ сунгаж, хуулийн этгээдүүд их хэмжээний хөрөнгө мөнгө, зардал гаргаж үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Хариуцагч нь ийм тодорхой зохицуулалт, ийм тодорхой үйл баримтуудыг зориудаар мушгин тайлбарлаж олон хуулийн этгээдүүдийг хохироох ажиллагааг зориудаар зохион байгуулж байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлах замаар улам өдөөн дэвэргэсэн тайлбар хийсэн. Бүтэн 15 жилийн дараа гэнэт ухаарч байгаа мэтээр хийсэн үндэслэлгүй тайлбарыг нягтлан үзэхгүйгээр хуулийн үзэл санаа, агуулгыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
6. Тухайлбал, хуулиар зөвшөөрөхдөө “Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр” гэж хуульчилсан, энэ нөхцөлийн хүрээнд байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэж буюу байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зөвшөөрсөн үйл ажиллагаа явуулахаар зохих зөвшөөрлийг авсан, хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч удаа дараа сунгаж, гэрээг байгуулсан байхад үг, үсэг хөөж явцуурсан хүрээнд тайлбар хийсэн нь эцэстээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэхэд хүргэсэн. Хуульд тодорхой заасан буюу “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах”, “ийм зориулалт бүхий барилга байгууламжийг барих” гэдгийг юу гэж ойлгохыг давж заалдах шатны шүүх өөрөө тайлбарлаагүй, ийм үндэслэл дурдаагүй байж эдгээр ойлголтыг хэрхэн ойлгож дүгнэлт хийгээд байгаа нь давж заалдах шатны шүүхийг үндэслэлгүй дүгнэлт хийж, хууль буруу хэрэглэснийг тодорхой харуулж байгаа юм. Дээрх хуулийн тодорхой ойлголтууд нь аялал жуулчлалын зориулалт бүхий байр буюу ийм зориулалттай зочид буудал, түүний барилга байгууламжийг барих үйл ажиллагааг, энэ үйл ажиллагаа нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр хийгдэх шаардлагыг тодорхойлж өгсөн байхад түүнийг явцууруулан буруу тайлбарласан гэж үзэхээр байгаа юм.
7. Хариуцагч нь тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 12 дугаар зүйлийн 12.5 дахь заалтуудыг 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалттай хольж андуурсан тайлбарыг анхнаасаа хийж шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ тайлбараа шүүх хурал дээр ч хийж, мэтгэлцсэн. Энэ нь хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс харагдах юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь анхнаасаа А/355 дугаар тушаалыг гаргахдаа хуулийн Дархан цаазат газар, түүний хамгаалалтын дэглэмийн талаарх тодорхой зохицуулалтыг байгалийн цогцолборт газар, түүний хамгаалалтын дэглэмийн талаарх тодорхой зохицуулалттай хольж, тушаалын үндэслэлээ гаргасан байдаг. Хариуцагч төрийн захиргааны төв байгууллага нь 15 жилийн хугацаанд өөрийн шууд дагаж мөрдөх ёстой хуулийн 2 өөр бүлгийн зохицуулалтуудыг хооронд нь андуурч хуулийн этгээдүүдэд газар ашиглах зөвшөөрөл олгож, үүнийгээ ийм хугацаанд сунгаж, гэрээг байгуулж, ашиглуулж ирсэн гэх хүүхэд ч итгэхээргүй үндэслэлгүй тайлбарт давж заалдах шатны шүүх итгэж байгааг үндэслэл бүхий дүгнэлт гэж үзэх ямар ч боломжгүй байна.
8. Давж заалдах шатны шүүх нь магадлалын “Хянавал” хэсэгтээ: “Түүнчлэн, Байгаль орчны сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Журам батлах тухай 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4-т “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно ... гэж заасан байхад Байгаль орчны сайдаас газар ашиглуулах тухай тушаал, шийдвэр гаргаагүй байхад гэрээ байгуулж, гэрчилгээ олгосныг дээрх журамд нийцсэн гэж үзэх боломжгүй” гэсэн тайлбарыг хийсэн. Давж заалдах шатны шүүх энэ тайлбарыг хийхдээ тус журмын холбогдох хэсгийг буруу тайлбарлан дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, давахын шүүхийн өөрийнх нь дээрх үндэслэл болгож буй журмын заалт дотор “Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн” гэж зааж журамласан байхад, “Байгаль орчны сайдаас газар ашиглуулах тухай тушаал шийдвэр гаргаагүй байхад” гэж яамны сайдын тушаалгүйгээр нэхэмжлэгч дураараа гэрээг байгуулсан мэт бодит үнэнд нийцэхгүй тайлбар хийсэн.
9. Тухайн үед дагаж мөрдөж байсан энэ журмаар шийдвэрийг хариуцагч өөрөө гаргах эрх хэмжээтэйгээр журамласан, тухайн үед хариуцагч шийдвэрээ албажуулан гаргаагүй алдааны асуудалд нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр буруутгаж бодит байдалд огт нийцэхгүй тайлбар хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлт болон шүүхийн өөрийн санаачлагаар хариуцагч талын холбогдох бичиг баримтад үзлэг хийсэн боловч уг шийдвэр нь гарч ирээгүй. Түүнчлэн хэргийн үйл баримтаас дүгнэлт хийхэд “Байгаль орчны яамны /хуучин нэрээр/ байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргасан, гэрчилгээнд заагдсан зориулалтаар үйл ажиллагаа явуулахад татгалзах зүйлгүй болохоо албан бичгээр илэрхийлсэн, удаа дараа гэрчилгээ олгосон, гэрчилгээний хугацаа сунгасан зэргээр тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосноо хүлээн зөвшөөрч байсан’' нь маш тодорхой тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь өөрөө хангалттай дүгнэлт хийсэн атлаа дээрх үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.
10. Хариуцагч нь “тушаалгүйгээр” гэх зүйлийг нэхэмжлэгчийн буруу мэт ойлголтыг шүүх болон шүүгчид өгч ирсэн боловч “Энд яагаад нэхэмжлэгчийг буруутгаж байгаа, түүний учир шалтгаан юу болох”, “Хариуцагч яагаад өөрөө шийдвэрээ албажуулаагүй, түүний шалтгаан юу болох”, “гэрчилгээнд заагдсан зориулалтаар үйл ажиллагаа явуулахад татгалзах зүйлгүй болохоо албан бичгээр илэрхийлж байснаа хүлээн зөвшөөрч байгаа атлаа яагаад ийм тайлбар хийж байгаа” талаараа огт тайлбар хийдэггүй. Давж заалдах шатны шүүх нь хэргийн бодит үйл баримтаас тодорхой харагдаж, дүгнэгдэж буй үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн байж, нэхэмжлэгч хулгайч, луйварчин шиг, хууль, журамгүйгээр хүчээр тулган ийнхүү гэрээг байгуулан ирсэн мэт ойлголтоор нэхэмжлэгчийг буруутгаж байгааг үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэх боломжгүй байна. Давж заалдах шатны шүүх нь магадлалын “Хянавал” хэсэгтээ: тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулаптаар газар ашиглах эрх олгосноо хүлээн зөвшөөрч байсан зэрэг үйл баримтууд тогтоогдож байгаа ч хууль зөрчсөн зөрчлөө залруулж Дархан цаазат газар хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн шийдвэрээ хүчингүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ.
11. Давж заалдах шатны шүүхийн энэ тайлбар нь дээр тайлбарласанчлан хуулийн агуулга, үзэл санаа, зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул ийнхүү дүгнэлт хийхэд хүрсэн байна. Давж заалдах шатны шүүх нь магадлалын “Хянавал” хэсэгтээ: “Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно”, 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасан байх ба нэхэмжлэгчид газар ашиглах эрх захиргааны акт анхнаасаа гараагүй тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/355 тушаалаар хууль бусаар газар ашиглах эрх олгосон гэрчилгээг хүчингүй болгосон гэж ойлгох бөгөөд маргаан бүхий акт гарах үед хүчин төгөлдөр байсан гэрчилгээний хугацаа болох 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс тооцон үзэхэд дээр дурдсан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, хариуцагч нь эерэг нөлөөлөл бүхий хууль бус актаа хүчингүй болгох эрх хэмжээтэй гэж үзлээ” гэж тайлбарлажээ.
12. Гэтэл “нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон захиргааны акт анхнаасаа гараагүй” гэх үндэслэлгүй буюу актаа албажуулаагүй хариуцагчийн өөрийнх үйлдэл дүгнэгдэх болохоос эрх олгосон актыг хариуцагч бодит үйлдэл, үйл ажиллагаагаараа хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж ирсэн нь тодорхой, үйл баримтаар болон хариуцагчийн өөрийнх нь тайлбараар тогтоогдож байхад хүчээр ийм тайлбар хийснийг бодит үйл баримт нь харин ч хангалттай үгүйсгэх юм. Хариуцагч шийдвэрээ албажуулаагүйг ийм шийдвэр гаргаагүй гэж тайлбарлах боломжгүй, үүнийг мэдсээр байж ийм тайлбар хийсэн нь хэргийн үйл баримтад нийцэхгүй тайлбар болсон. Түүнчлэн хариуцагч нь маргаан бүхий тушаалыг гаргахдаа “Тушаалыг хүчингүй болгов” гэж тодорхойлсон болохоос гэрчилгээг хүчингүй болгов гэж тодорхойлоогүй байхад давахын шүүх тушаалаар хөндөөгүй гэрчилгээг хариуцагчийн өмнөөс өөрөө тодорхойлж тайлбар хийсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйн нэг илэрхийлэл юм. Ийм үндэслэлгүй дүгнэлттэйгээ уялдуулан Захиргааны ерөнхий хуулийн холбогдох хэм хэмжээг хэрэглэсэн нь ингэхдээ гэрчилгээтэй хүчээр холбож дээрх хуулийг хэрэглэсэн нь үндэслэлгүй болсон. Хуульд захиргааны акт гэх ойлголтыг тодорхой хуульчилсан, хариуцагч нь бодит үйлдэл үйл ажиллагаагаараа актаа хүлээн зөвшөөрсөөр ирсэн байхад хэргийн үйл баримтад нийцэхгүй тайлбар хийж, хуулийг буруу хэрэглэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
13. Давж заалдах шатны шүүх нь магадлалын “Хянавал” хэсэгтээ: “бодит байдалд аялал жуулчлалын төв баригдаагүй, үйл ажиллагаа явагдаагүй, үйл ажиллагаа явуулснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчих эрсдэл бүхий “Ч т” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосны улмаас уг газрыг ашиглахтай холбоотой нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй” гэжээ. Давахын шүүх нь энэ тайлбарынхаа агуулгаар нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгогдсон гэх үйл баримтыг хүлээн зөвшөөрч байгаа юм. Тиймээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм гэжээ.
ХЯНАВАЛ:
14. Давж заалдах шатны шүүхийн магадлалын шийдэл зөв байна.
15. “Ч т” ХХК нь 2004 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш маргаан бүхий газрыг “аялал жуулчлалын цогцолбор”-ын зориулалтаар ашиглаж байгаа гэх боловч тус компанид тухайн газрыг ашиглах эрхийг олгосон эрх бүхий этгээд болох төрийн захиргааны төв байгууллагын /байгаль орчны сайдын/ шийдвэр өнөөдрийг хүртэл байхгүй байгаа нь нэхэмжлэгчийн хувьд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35-37 дугаар зүйлд заасны дагуу газар ашиглах эрх үүссэн гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл “хуулиар хамгаалагдсан эрх” үгүй байна.
16. Хэдийгээр хэрэгт нэхэмжлэгч компанийн газар ашиглах гэрчилгээ болон Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан газар ашиглах гэрээ зэрэг баримт авагдсан байх боловч эдгээр нь газар ашиглах эрх олгосон эрх бүхий этгээдийн шийдвэрийг орлохгүй, харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36-37 дугаар зүйл болон Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4-т зааснаар байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн гэрчилгээ олгогдож, гэрээ байгуулагдах учиртай. Иймд, байхгүй шийдвэрийг баталгаажуулсан гэрчилгээ, мөн байхгүй шийдвэрт үндэслэгдэн байгуулагдсан гэрээ нь угтаа хууль бус юм.
17. Нэхэмжлэгчийн зүгээс “...Тухайн үед хариуцагч шийдвэрээ албажуулан гаргаагүй алдааны асуудалд нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр буруутгаж бодит байдалд огт нийцэхгүй тайлбар хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэх зэргээр /Тодорхойлох хэсгийн 8-11/ гомдол гаргаж байгаа боловч 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 3 удаа гэрээ, гэрчилгээг сунгуулахдаа газар ашиглах эрх олгосон гэх шийдвэрээ эрх бүхий этгээдээс шаардаагүйд, эрхээ хамгаалуулахаар хандаагүйд, эрхийн зөрчилтэй явсанд зөвхөн хариуцагчийг буруутгах, мөн эдгээр шалтгааны улмаас нэхэмжлэгчийг “газар ашиглах хууль ёсны эрхтэй” гэж үзэх, эсхүл “хариуцагч нь бодит үйлдэл үйл ажиллагаагаараа актаа хүлээн зөвшөөрсөн” /Тодорхойлох хэсгийн 12/ гэж үзэх үндэслэл болохгүй. Нөгөөтэйгүүр маргаан бүхий акт хүчингүй болсон ч нэхэмжлэгчийн хувьд газар ашиглах эрх сэргэх /эрх олгосон шийдвэр байхгүй тул/ эсхүл шинээр үүсэх тухай ойлголт байхгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
18. Гэтэл анхан шатны шүүх “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36.1-д заасны дагуу төрийн захиргааны төв байгууллага нь ... нэхэмжлэгчид 2004 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ...37 дугаар гэрээг байгуулан... газар ашиглуулахаар шийдвэрлэсэн.., нэхэмжлэгчийн хувьд 2004 оноос хойш ашиглах эрх үүссэн, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн, 16 жил тасралтгүй газрын төлбөрийг төлсөн байхад маргаан бүхий актын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг хангаагүй, алдаатай акт байх бөгөөд газар ашиглах эрх олгох тушаал гараагүй байхад тушаалыг хүчингүй болгох агуулгатай байгаа нь үндэслэлгүй...” гэж хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
19. Харин давж заалдах шатны шүүхийн “... нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон захиргааны акт анхнаасаа гараагүй тул Байгаль, орчин, аялал жуулчлалын сайдын А/355 дугаар тушаалаар “хууль бусаар газар ашиглах эрх олгосон гэрчилгээ”-г хүчингүй болгосон гэж ойлгоно...” гэснийг буруутгах үндэслэлгүй. Иймд, “...давахын шүүх тушаалаар хөндөөгүй гэрчилгээг хариуцагчийн өмнөөс өөрөө тодорхойлж хүчээр тайлбар хийсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй...” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 12-т заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
20. Дээр дурдсан үндэслэл нь маргаан бүхий актыг зөвтгөх хангалттай үндэслэл болох тул хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалын бусад хэсэгт буюу нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын бусад үндэслэлд, тухайлбал хязгаарлалтын бүсийн дэглэмд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр газар ашиглах боломжтой тухай, “аялагч зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах зориулалт бүхий барилга байгууламж барих” гэдгийг хэрхэн тайлбарлах талаар, хариуцагч тушаалын үндэслэлээ хольж сольсон тухайд /Тодорхойлох хэсгийн 3-7/ дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
21. Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 358 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ