Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2018/0627

 

 

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаарh221/МА2018/0627

Улаанбаатар хот


Т.М-н нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болортуяа, гуравдагч этгээд Ж.Сын өмгөөлөгч Б.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0630 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Ж.Сын өмгөөлөгч Б.Мын гаргасан давж заалдах гомдлоор, Т.Мын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0630 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4.3, 27 дугаар зүйлийн 27.4, 32 дугаар зүйлийн 32.2, 32.5, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2.6 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан Т.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжийн Г.Ат холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 484, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/86 дугаар захирамжийн Ж.Ст холбогдох хэсгүүдээс маргаан бүхий газартай давхцалтай 180 м.кв газрыг тус тус хүчингүй болгож, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Т.Мад маргаан бүхий 180 м.кв газрыг эзэмшүүлэхгүй байгаа  эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Ж.С-н өмгөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжпэгч Т.М нь маргаан бүхий газрыг иргэн М.О-с худалдаж авсан, үүнийгээ нотариатаар гэрчлүүлсэн гэж нэхэмжпэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж шүүхээр маргадаг. Иргэн М.О нь хэзээ ч газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй байгаагүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасан бөгөөд хууль ёсны захирамж, гэрчилгээтэй хүн л газрын эрхийг шилжүүлэх, бусад байдлаар захиран зарцуулах боломжтой. Гэтэл нэхэмжпэлээс хуулийн энэхүү шаардлага хангагдсан гэх талаар ямар ч тайлбар, баримт олдохгүй байна. Гэтэл шүүх иргэн М.О нь нэхэмжлэгч Т.М-д газраа шилжүүлсэн гэж дүгнэсэн нь буруу байна.

Маргаан бүхий газарт 1999 оноос хойш амьдарч байсан иргэн Г.А Баянзүрх дүүргийн газрын албанд хүсэлтээ гарган дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар “Газар эзэмшигч иргэдийн эрхийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай” захирамжаар  анх газар эзэмших эрхээ баталгаажуулж авсан байна. Үүнээс өмнө тухайн газар нь хэн нэг иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаагүй юм.

Үүний дараа миний бие газар эзэмшигч Г.А-тай тохиролцож, 2009 оны 10 дугаар сард “Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ” -ээр газрын эрхийг шилжүүлж авсан, холбогдох журмын дагуу дүүргийн Газрын албанд хүсэлтээ гаргаж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 484 дүгээр захирамжаар газар эзэмших эрхээ 5 жилийн хугацаатай баталгаажуулж авсан. Улмаар дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/86 дугаар захирамжаар миний газар эзэмших эрхийг 1 5 жилээр сунгасан. Маргаан бүхий газар дээр миний хамаатны хүн 2013 оноос хойш гэр барин амьдарч байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн эсэхийг бүрэн шалгаж тогтоогоогүй.

Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжпэл гаргахдаа “...урьд энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 5561 дугаар шүүгчийн захирамжийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхийн архиваас хуулбарлан авснаар танилцаж, мэдсэн болно” гэж тайлбарладаг бөгөөд хэргийн оролцогч хавтаст хэргээс хэдийд ч материал хуулбарлан авах эрхтэй гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тус 5561 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцаах тухай” шүүгчийн захирамжийг гардуулсан талаарх шүүхийн баримтыг хэрэгт хавсарган өгөх ёстой, шүүх энэхүү баримтыг хэрэгт нотлох баримтаар авах ёстой байсан. Тус баримт дээр нэхэмжлэгч талд захирамжийг гардуулж, гарын үсэг зуруулсан байх ч боломжтой байна. Нэхэмжпэгч Т.М хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй байсан.

Шүүх хэрэгт ач холбогдол бүхий, шаардлагатай баримтыг цуглуулж, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар нотлох баримт цуглуулах үүргийг Захиргааны хэргийн шүүх хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Шүүхээс нотлох баримт гаргуулах тухай 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/4378 дугаарл 2018 оны 07 дугаар сарын 03- ны өдрийн 1/4988 дугаар  албан бичгүүдийн хариу тус тус ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Уг албан бичгээр нэхэмжлэгч Т.М-г маргаан бүхий газар амьдарч байсан, амьдарч байгаа эсэхийг тодруулж, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийг гаргуулахаар шаардсан байсан. Шүүх шаардлагатай гэж үзсэн баримтаа ирээгүй байхад, дахин шаардан гаргуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Мөн шүүх дүүргийн Газрын албанд баримт бичгийн үзлэг хийж нэхэмжлэгч газрын албанд хүсэлтээ гаргаж байсан эсэх, хүсэлтдээ баримтууд хавсаргасан эсэх талаарх баримтуудыг цуглуулж, дүгнэх ёстой байсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Шүүх маргаан бүхий газрын үзлэг хийх үед нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Иийн аав болох /хамаарал бүхий этгээд/ иргэн н.Т-с тайлбар, мэдүүлэг авч  шүүхийн шийдвэрт дүгнэсэн байдаг. Ийнхүү тайлбар авахдаа хууль сануулсан, үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх үүрэгтэй гэдгийг танилцуулсан зүйл огт байдаггүй. Өөрөөр хэлбэл тус иргэнийг гэрч гэж үзэх үндэслэлгүй бөгөөд түүний тайлбараар хэргийг шийдэрлэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн явдал болжээ.

Мөн иргэн М.О-н тайлбар ч дээрхтэй адил байна. М.О нь хэргийн оролцогч биш бөгөөд энэхүү хэрэгт бичгээр тайлбар гаргасан байдаг. Шүүх шийдвэртээ энэхүү тайлбарыг дүгнэсэн байдаг. М.О нь хэрэв гэрч юм бол түүнд хууль сануулж, тайлбар мэдүүлгийг зүй ёсоор авах ёстой байсан. Хэрэгт огт хамааралгүй дээрх хоёр иргэний тайлбар мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх зарчимтай зөрчилдөж байна.

Үүнээс гадна гэрч асуух, үзлэг хийх ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулалгүй, зөвхөн нэг талын тайлбар мэдүүлэг зэргийг харгалзаж, асуулт, тэмдэглэлийг нэхэмжлэгч талын нөлөөтэй үйлдэж, баримтжуулжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж давхцал бүхий 180 м.кв газрын эрхийг хүчингүй болгуулах хэмээн тодорхойлсныг шүүх шалгаж, тогтоогоогүй.

Нэхэмжлэгчийн ашиглаж байгаа газар гуравдагч этгээдийн газартай 180 м.кв хэмжээгээр давхцаж байгаа гэдгийг мэргэжлийн байгууллагаар шүүх тогтоолгох ёстой байсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манай хашаалсан газар 118 м.кв хэмжээтэй гэх тайлбарыг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хашааныхаа хэмжээгээр кадастрын зураг хийлгэж, эсхүл шүүх эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулан давхацсан талбайн хэмжээг тогтоох ёстой байсан. Ийнхүү эцэслэн тогтоогоогүй байж 180 м.кв хэмжээгээр давхацжээ гэж дүгнэж, шийдвэртээ “180 м.кв хэсэгт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж дурдсан нь үндэслэлгүй юм.

Хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус байсан гэдэг нь тогтоогдоогүй.

Газрын тухай хуульд зааснаар шинээр газар эзэмших хүсэлт гаргаж буй иргэн батлагдсан маягтын дагуу хүсэлтээ гаргаж, газрын байршил, хэмжээг харуулсан тойм эсхүл кадастрын зургийг хавсаргаж өгөх ёстой байдаг. Хэрэгт авагдсан баримтуудын дунд нэхэмжлэгчээс батлагдсан маягтын дагуу гаргасан өргөдөл, газрын байршил, хэмжээг тодорхойлсон кадастрын зураг огт байдаггүй. Нэхэмжлэгч ашиглаж буй газрын кадастрын зургаа хэзээ ч хийлгэж байгаагүй гэдэг нь одоо хашаалсан газрын хэмжээгээ мэдэхгүй байгаагаас илэрхий харагдаж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, эсхүл хэргийг анхан шатны шүүх рүү буцаан нотлох баримтуудыг дахин цуглуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөвтгүүлж өгнө үү.

ХЯНАВАЛ:

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гуравдагч этгээд Ж.Сын өмгөөлөгчийн гомдлын хүрээнд хэргийг хянахад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй бөгөөд дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

    Гуравдагч этгээдийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлоо “шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн, хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус байсныг тогтоогоогүй, нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй, хэрэгт ач холбогдол бүхий, шаардлагатай баримтыг цуглуулж, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн, нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн газар 180 м.кв хэмжээгээр давхцалтай гэдгийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгоогүй” гэх үндэслэлүүдээр гаргажээ.

            Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 1-155 тоотод байрлалтай 446 м.кв талбай бүхий хашаанд хамт оршин сууж байсан иргэн Т.М нь М.Оээс 223,2 м.кв газрыг 450.000 төгрөгөөр худалдаж авах хэлцлийг 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулжээ. Улмаар уг хэмжээгээр кадастрын зурагт өөрчлөлт оруулах болон газар эзэмших хүсэлтүүдийг Баянзүрх дүүргийн Газрын албанд гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

            Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар “эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдийн гаргасан өргөдөл, гомдлыг тухайн шийдвэрийг гаргах эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.

            Энэ тохиолдолд Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д /Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг ...дүүргийн газрын албан нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна/ заасан үүргээ биелүүлэлгүй, Т.Мын газар эзэмших хүсэлтэд ямар нэгэн хариу өгч, зохих шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй нь хууль бус болох талаар анхан шатны шүүх дэлгэрэнгүй дүгнэлт хийжээ.

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 186 дугаар тогтоолоор “...анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцаах тухай” 5561 дүгээр захирамжтай захиргааны хэргийг ...татаж үзэхэд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт тус шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг товлох тухай” 5255 дугаар захирамж гаргасныг мэдэгдээгүй”, “... 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцаах тухай” 5561 дүгээр захирамжийг гаргахдаа нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд оролцох эрхийг хангалгүйгээр шийдвэрлэсэн байна”, “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...бид тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, шүүгчийн захирамж гарсан гэдгийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр албан ёсоор мэдсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг мөн өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй” гэх гомдол үндэслэлтэй” гэсэн дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэснээс үзвэл нэхэмжлэгч Т.М шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн эсэхийг бүрэн шалгаж, дүгнэлт өгсөн байх тул энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

             Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/4378 дугаар, 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1/4988 дугаар албан бичгүүдээр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргад хандан Т.М, М.О нар маргаан бүхий газарт амьдарч байгаа эсэх болон хаягийн бүртгэлийн талаарх баримтуудыг гаргуулахаар шаардсан бөгөөд хавтаст хэргийн 155 дугаар хуудсанд М.О нь тус хороонд бүртгэлгүй талаар, 194 дүгээр хуудсанд Т.М нь тус хорооны 2 дугаар хэсэг, Их Дарь-Эхийн 1-155а тоотод бүртгэлтэй талаарх Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтууд авагдсан, мөн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх хуралдааны үед гуравдагч этгээдээс дээрх албан бичгүүдэд дурдагдсан нотлох баримтуудтай холбоотой ямар нэгэн хүсэлт гаргаагүй байх тул шүүх хэрэгт ач холбогдол бүхий, шаардлагатай баримтыг цуглуулж, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээргүй байна.

            Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан “нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн газар 180 м.кв хэмжээгээр давхцалтай гэдгийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгоогүй” гэх гомдлын тухайд нэхэмжлэгч нь маргаан бүхий захирамжуудын Ж.С, Г.А нарт холбогдох хэсгээс 223,2 м.кв талбай бүхий газрыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талбайн хэмжээг 2006 оноос одоог хүртэл хашаалж амьдарч байгаа хэмжээгээр буюу 180 м.кв талбай болгож багасгажээ.

Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар болон бусад бичгийн нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн газар 180 м.кв талбайгаар давхацсан давхцлын хэмжээний талаар маргасан зүйлгүй, харин одоо нэхэмжлэгчийн хашаалан, амьдарч байгаа газрын эзэмшлийг гуравдагч этгээдүүдэд олгосон нь үндэслэлтэй эсэх, энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэх талаар маргаж байх тул уг маргаан бүхий газрууд 180 м.кв хэмжээгээр давхцалтай эсэхийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох нь хэргийг шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолгүй гэж үзлээ.

Мөн анхан шатны шүүх маргаан бүхий газарт үзлэг хийх явцдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И-н аав гэх н.Т-д гэрчийн эрх, үүрэг тайлбарлан, баримтад гарын үсэг зуруулалгүйгээр тайлбар авсан, хэргийн болон бусад оролцогчоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй М.О-н шүүхэд бичгээр гаргаж өгсөн тайлбарыг нотлох баримтаар үнэлсэн, гэрч асуух, үзлэг хийх ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулаагүй гэх зөрчлүүдийг гаргасан байх боловч энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц, ноцтой зөрчил гэж үзэхээргүй байна.

            Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ж.Сын өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0630 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ж.-Сн өмгөөлөгч Б.М-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд Ж.С-н өмгөөлөгч Б.М-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

       ШҮҮГЧ                                                          Э.ХАЛИУНБАЯР

               ШҮҮГЧ                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН