Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
Хэргийн индекс | 151/2022/00228/и |
Дугаар | 223/МА2022/00040 |
Огноо | 2022-09-20 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 223/МА2022/00040
2022 09 20 223/МА2022/00040
............................ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Насанжаргал, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 151/ШШ2022/00554 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ............................ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ............................, ............................нарт холбогдох,
Автомашины үнэ 2.000.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ............................ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ............................э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ............................ анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эхнэрийн хамт 2020 оны намар Төв аймгийн Жаргалант суманд өөрсдийн эзэмшлийн ............................ОРХ улсын дугаартай HUANDAI маркийн авто машинтайгаа очиж айлуудын ногоо хураасан юм. Ингэхдээ ............................ын мөн төмсийг нь хураалцсан. Гэтэл машин маань эвдэрсэн учраас ............................, ............................ хоёртой ярилцаад машинтай ирж авна гээд гэрийнх нь гадаа хашаанд нь орхиод явсан. Ингээд 2021 оны 2 дугаар сард Портер машинтай машинаа авахаар очиход авч очсон машин маань манай машиныг даагаагүй, тэгээд ч халтиргаа, гулгаатай байсан учраас айгаад дулаан орохоор авъя гээд орхисон. Тэгэхэд тэр үед ............................задлаад зарчих амбаарыг нь би авъя гэсэн. Үгүй гэсэн чинь тэгвэл бүтнээр нь зарчих би мөнгийг нь шилжүүлье гээд байсан.
Өмнө нь ч гэсэн зарчих гэдэг байсан. Би зарвал 3.000.000 төгрөгөөр зарна гэсэн, дахин мөнгө төгрөг ярилгүй ............................3.000.000 төгрөгөөр авна гээгүй, дараа нь машинаа ирж авъя гээд орхиод явсан. Явж чадахгүй байсаар 8 дугаар сарын дундуур ............................утсаар яриад та хоёр ирээд ногоо хураалцаач гэсэн. Бид нар очиж чадахгүй нь жижиг машинтай бензин, тос ч алга гэхэд бензиний үнэ гэж 60.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд 8 дугаар ангид орох нэг хүүхэд, ТМС-д орох 1 хүүхэд дагуулаад очиж төмсийг нь хураалцан 3 хоносон.
Гэтэл орхиж явсан машин маань байхгүй болчихсон байсан. ............................тай уулзаж чадахгүй байсан тул эхнэрээс нь асуусан чинь би мэдэхгүй ............................аас асуу гээд байсан учир яараад буцсан. Үүнээс хойш асуух гэхээр утас нь холбогдохгүй бидний утсыг авахгүй болчихсон. Ямар ч байсан манай машиныг хөдөлгөөд ашигласан эсхүл өөр хүнд зарсан гэж бодож байна. Гэтэл одоо энэ машины бичиг баримт бүгд над дээр байгаа учраас надаас бүх татвар юмыг суутган авч байна.
Иймд машиныг хадгалж байна гэж амлачхаад одоо яасан нь мэдэгдэхгүй машиныг маань алга болгосон байх тул ............................ болон ............................нараас ............................ОРХ улсын дугаартай HUANDAI маркийн авто машины үнэ 3.000.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бид тухайн үед амаар гэрээ хийсэн, Н.Ууганбаатарыг миний машиныг хараад байж байх гэж маш их итгэсэн. Би машинаа очиж авмаар байсан ч Ковид-19 халдварт өвчин тархсантай холбоотойгоор хөл хорио тогтоогоод явуулахгүй байсан гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ............................э анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ............................ нь уг автомашиныг эвдрэхээр нь ............................т ногоо хадгалах сав хийхийг зөвшөөрсөн. Хариуцагч нар хүний эд зүйлийг зүгээр аваад яах вэ гээд зохих хэмжээний ногоо өгөөд явуулсан юм байна. Эвдэрсэн авто машиныхаа эд ангиас сэлбэг, запас, хэрэгтэйг нь нэхэмжлэгч өөрөө тайлж аваад явсан гэж хариуцагч нар тайлбарладаг тул нэхэмжлэлийг хариуцагч нартай эвлэрэн хэлэлцэх замаар шийдвэрлэх нь зүйтэй байх гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 424 дүгээр зүйлийн 424.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ............................, ............................нараас 1.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............................ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ............................оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............................, ............................нараас 38.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............................ид олгон шийдвэрлэжээ
Хариуцагч ............................, ............................ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ............................э гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ буруу шийдвэрлэлээ гэхээсээ илүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтууд ажиллагаа хийх явцдаа болон нотлох баримт үнэлэхдээ эргэлзээтэй байдал үүсдэгтэй холбоотой байдаг. Энэ тухайгаа дэлгэрэнгүй нотлох баримтаа үндэслэн тайлбарлах байсан боловч шүүх хурал хойшлуулах тухай хүсэлтийг хангаагүйгээс хариуцагч нарт төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд шийдвэрийг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч ............................ нь хариуцагч ............................, ............................ нарт холбогдуулан авто машины үнэ 2.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1.500.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгон үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ............................ 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймагт буяны ажилд оролцох тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байдаг.
Гэтэл шүүх үндэслэлгүйгээр хэргийн оролцогчийн дээрх хүсэлтийг “хүндэтгэн үзэх нотлох баримтаа хавсарган ирүүлээгүй” хэмээн дүгнэж түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн зөрчил болжээ.
Мөн нэхэмжлэгчээс 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ............................, ............................, ............................нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан байдаг. /хх-ийн 34-р тал/ Шүүх хэргийн оролцогчийн уг хүсэлтийн хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй атлаа 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр ............................ийг, 2022 оны 5 дугаар сарын 11-ний шүүх хуралдаанд гэрчээр ............................ыг оролцуулсан, ингэхдээ ............................ гэх хүнийг хэрхэн юуны учир гэрчээр оролцуулалгүй орхигдуулсан болох нь тодорхой бус нөхцөл байдлыг бий болгожээ.
Түүнчлэн шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдал, маргааны зүйлийг бүрэн гүйцэд тодруулаагүй атлаа нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудад үндэслэсэн нь тодорхой бус, учир дутагдалтай болжээ.
Дээр дурдагдсан зөрчлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлийн 38.9, 77 дугаар зүйлийн 77.1, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заалтуудад нийцээгүй, нотлох баримт гаргах, цуглуулах, шүүх хуралдаанд оролцох талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэн.
Дээрх анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс залруулах хуулийн боломжгүй боломжгүй болно.
Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ............................ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч ханган Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдол хангагдсантай холбогдуулан гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 151/ШШ2022/00554 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч Б.Ууганбаяр, ............................ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ............................ийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.950 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж олгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Н.НАСАНЖАРГАЛ
М.МӨНХДАВАА