| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 197/2026/13413/И |
| Дугаар | 197/ШШ2026/09697 |
| Огноо | 2026-04-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 197/ШШ2026/09697
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *******,******* тоот хаягтай, ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, *******,******* тоот хаягтай, Ө.******* /РД:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.******* /цахимаар/, нарийн бичгийн дарга Д.Жавзандулам оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...хариуцагч нь А.*******гаас түүний ээжийн тэтгэврийн итгэлцүүр, Баянгол дүүргийн тэтгэвэр буруу тогтоосон асуудлаар өмгөөлөл үзүүлэхээр 1,000,000 төгрөг авсан...шүүхэд хэргийн материал танилцъя гэж хойшлуулаад анхан шатны шүүхэд оролгүй зөвхөн давахад оролцож, гүйцэд оролцоогүй тул өмгөөлөгчид өгсөн 1,000,000 төгрөгийн зардлыг гаргуулж өгнө үү гэж,
Хариуцагч татгалзлын үндэслэлээ...Өмгөөллийн "" ХХН-ээс А.*******тай 2025.03.28-ны өдөр "Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан, гэрээний нэг тал нь иргэн биш...гэрээнд Н.ын нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох нэхэмжлэлд өмгөөлөгчөөр, Н.ын нэхэмжлэлтэй Нийгмийн даатгалын газарт холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор тохиролцсон...гэрээний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, нотлох баримт гаргуулах, шүүх хуралдаан хойшлуулах хэд хэдэн ажиллагаанд оролцож 2025.05.12-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны шүүх хуралдаанаар Н. ын нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Энэ шийдвэрийг утсаар хэлэхэд үед үйлчлүүлэгч нь "чи нөгөө талдаа ажилласан учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Наад асуудлыг чи дуусга тэгэхгүй бол чамтай ялагдсаны хариуцлагыг ярина" хэмээн хуулийн этгээдийн болон өмгөөлөгчийг гүтгэж ажил хэргийн нэр хүндэд халдсан.
Гэрээний 3.4.2-д "Үйлчлүүлэгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэгчид нэр төр, ажил хэргийн нэр хүндэд нь харш үйлдэл хийх, хууль зүйн туслалцаа үзүүлэгчийг ашиг сонирхлын зөрчил, хараат байдалд оруулахуйц харилцаа холбоо үүсгэх болон хууль бус шаардлагыг биелүүлэх талаар хүсэлт, шаардлага гаргах эрхгүй" гэж заасныг зөрчсөн тул хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг цуцалж цаашид дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй болсон.
“Хэргийн материалтай танилцаагүй", "анхан шатны шүүхэд оролцоогүй, зөвхөн давахад оролцсон, гүйцэт оролцоогүй тул" гэсэн гомдлыг гаргасан бөгөөд Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний 2025.12.09-ны ХБ/2025/60 тоот захирамжаар маргааныг хэрэгсэхгүй болгосон...мөн 2026.02.13 өдрийн МТ/2026/08 тоот хорооны тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгож, захирамжийг хэвээр үлдээсэн. “Анхан шатны хуралд ороогүй, давахад орсон” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд түүний гаргасан маргаан нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар хянан хэлэлцэх тусгай журмын маргаан юм. Харин Н.ын нэхэмжлэлтэй Нийгмийн даатгалын газарт холбогдох захиргааны хэргийг Монгол Улсын Засгийн газарт холбогдох нэхэмжлэлтэй хэргийг эцэслэн шийдвэрлэж дуустал түдгэлзүүлсэн байсан.
Гэрээний 5.2-т "Хууль зүйн туслалцаа үзүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхдээ мэргэжлийн ёс зүйн дүрэм зөрчсөн нь холбогдох байгууллагаар нотлогдсон тохиолдолд үйлчлүүлэгчээс төлсөн урьдчилгаа хөлсийг буцаан төлнө” гэж заасан ба миний бие гэрээний дагуу өмгөөллийн үйлчилгээг үзүүлж, мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргаагүй болохыг Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хороо тогтоосон тул хөлсийг буцаан төлөх үндэслэлгүй.
Мөн "Өмгөөллийн ХХН" гэрээнээс 2025.05.26-ны өдрийн 34/25 тоот албан бичгээр гэрээнээс татгалзсан үндэслэл нь А.*******гийн өөрийн ёс зүйгүй үйлдлээс шалтгаалсан тул урьдчилгаанд авсан 1.000.000 төгрөгийг буцаан олгох үндэслэлгүй. Өмгөөллийн тухай хуулийн "15.1.2. өмгөөллийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар амлалт өгөх.."ийг хориглоно гэж зааснаар шүүхийн шийдвэрийн талаар өмгөөлөгч урьдчилсан амлалт өгөх боломжгүй байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус тодорхойлж маргаж байна.
Нэхэмжлэгч А.*******, нөгөө талаас Өмгөөллийн онч нүүдэл ХХН-ийг төлөөлж Ө.******* нар нь 2025.03.28-ны хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгч нь хөлс төлөх, гэрээний талуудын эрх үүрэг хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулахаар, гэрээгээр үйлчлүүлэх ажил үйлчилгээнд “ Н.ын нэхэмжлэлтэй Монгол улсын засгийн газарт холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр, Н.ын нэхэмжлэлтэй Нийгмийн даатгалын газарт холбогдох захиргааны хэрэг”-т оролцох гэж тодорхойлж, үйлчилгээний ажлын хөлсийг 3,000,000 төгрөг байх ба урьдчилгаа 1,500,000 төгрөгийг 2025.04.15-нд, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг 2025.05.01-нд төлөхөөр, төлбөрийг Ө.*******ын тоот дансаар хүлээн авахаар тус тус тохиролцсон байна.
Нөхөрлөлийн тухай хуульд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх нөхөрлөл хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэртэй байх ба гэрээнд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн аль ч гишүүн нөхөрлөлийг төлөөлж болно гэж зааснаар хариуцагч Ө.******* нь "" ХХН-ийг төлөөлөн гэрээ байгуулж, гэрээнд заасан урьдчилгаа хөлс болох 1,000,000 төгрөгийг хүлээн авч, хууль зүйн туслалцаа үзүүлснээр тэдгээрийн хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч нь "" ХХН-ийг төлөөлөх эрхгүй гэж тайлбартаа дурдсан боловч Нөхөрлөлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4-д зааснаар гэрээ болон түүнтэй холбоотой баримтыг гаргаагүй тул татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно гэж заасан ба талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.
Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй харин гэрээнд заасан ажил үйлчилгээг гүйцэтгэсэн эсэх талаар маргасан байна.
Нэхэмжлэгч нь “хэргийн материал танилцана гэж шүүх хурлыг хойшлуулаад анхан шатны хуралдаанд оролгүй, зөвхөн давахад оролцсон, гүйцэд оролцоогүй” гэсэн агуулгаар гэрээнээс татгалзаж, хөлс буцаан шаардсан хэдий ч Монголын өмгөөлөгчдийн холбоо, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний 2025.12.09-ний өдрийн ХБ/202560 дугаартай захирамжид “өмгөөлөгч Ө.******* нь өмгөөллийн гэрээнд заасны дагуу захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.05.12-ны өдрийн шүүх хуралдаанд оролцож, өмгөөлөл эрх зүйн үйлчилгээг үзүүлсэн байна” гэж дүгнэсэн байх ба уг захирамжийг Мэргэжлийн хариуцлагын хорооны 2026.02.13-ны өдрийн МТ2026/08 тоот тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн бичгийн баримтаар хариуцагч нь гэрээгээр тохирсон ажил үйлчилгээг гүйцэтгэж байсан болох нь тогтоогдсон байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
3. Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд хариуцагч тал өөрийн эзгүйд шийдвэрлэх хүсэлтийг гаргасан тул түүний эзгүйд хэргийн баримтын хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.
4.Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Ө.*******т холбогдох гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухайн нэхэмжлэгч А.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН