Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01686

 

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01686

 

 

**** ОНӨААТҮГ-ын

.нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/01856 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч **** ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Ч--ад холбогдох,

Гэрээний үүрэгт 4,143,973 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Н.Ч--, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Иргэн Н.Ч-- нь 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдөр манай байгууллагатай Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах 50, 53, 54, 55-р байруудыг Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах №240799 тоот гэрээг байгуулсан. 2014 оны 08 дугаар сараас усны төлбөрийн өр үүсгэж, хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15.1.3 цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний 2.5 хэрэглэгч нь хангагчийн тавьсан төлбөрийн нэхэмжлэлд заасан хугацааны дотор төлбөрийг төлнө гэсэн заалтыг зөрчин 2021 оны 10 дугаар сарын байдлаар үндсэн төлбөр 4,063,975 төгрөгийн өр, төлбөртэй болсон. Хариуцагч нь манай байгууллагатай гэрээ хийсэн боловч ИН ХХК руу шилжүүлсэн гэж ярьдаг. Гэвч албан ёсоор энэ талаар биеэр болон бичгээр мэдэгдэж байгаагүй. Иймд иргэн Н.Ч--аас гэрээний үүргийн дагуу үүссэн өр төлбөр болох 4,063,975.48 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,397 төгрөг, нийт 4,143,973 төгрөгийг гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Би 2009 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 261 тоот газарт ус түүвэр хэрэглэх гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан. Тухайн үед өөрийн газар дээр орон сууцны барилга бариулах зорилготой байсан тул нэхэмжлэгчтэй очиж уулзан хүсэлт гарган, усаар хангуулах гэрээ хийсэн. Миний газар дээр барьсан барилга 2012 онд ашиглалтад орж 2012 оны 12 сарын 03-ны өдөр Улсын комисс хүлээн авсан. Миний хувьд тэр хүртэл барилга барьж байсан хүмүүсийг дэмжин ажиллаж байсан. Харин Улсын комисс хүлээн авснаас хойш энэ үйл ажиллагаанд би оролцоогүй. Би зөвхөн газрын эзэн, барилга надтай холбогдолгүй цаашид оршин суугч, хэрэглэгч байгуулагчтай хүлээлцээд яв гээд би амаар тайлбар өгч байсан. Мөн хэрэглэгчийн төвд бичгээр энэ талаар тайлбар гаргасан. Гэвч нэхэмжлэгч хүлээж аваагүй, энэ гэрээг тантай байгуулсан учир бусдад шилжүүлж болохгүй гэх тайлбар өгсөн. Би гадаад улс руу явах гэж байсан учир 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ус, дулаан шугам дамжуулах хэлцэл хийн, энэ хэлцлээ **** ОНӨААТҮГ-т өгч байсан. Гэтэл ИН ХХК нь тэр үеийнхээ хуулийн зохицуулалтаар 700 аж ахуйн нэгжтэй гэрээтэй байгууллагатай гэрээ байгуулна гэж байсан. Тэр үед ИН ХХК нь сантехник, угсралтын компани байсан учир тус компанитай гэрээ хийн, ус төлбөр тооцоо, хэрэглэгчийн кодтой гэж очиж уулзсан. Гэвч **** ОНӨААТҮГ гэрээ хийх боломжгүй харин төлбөрөө тохиролцож болно гэсэн. 2011 оны 05 сард өр төлбөр барагдуулах график байгуулж байсан. 2013 оны 09 сард ИН ХХК-д шилжүүлж өгөөд **** ОНӨААТҮГ-тай тооцоо нийлэх үед надад үлдсэн ямар ч төлбөр тооцоо байгаагүй. Үүнээс хойших төлбөр тооцоог **** ОНӨААТҮГ надаас нэхээд байдаг. Би 2009 онд байгуулсан гэрээнээс татгалзаж байсан. Иргэний хуулийн 223 дугаар зүйлд зааснаар нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас гэрээнээс сайн дураар татгалзаж энэ талаараа нэхэмжлэгчид амаар болон бичгээр мэдэгдсэн. ИН ХХК гэрээний үүргийг хүлээн авч, **** ОНӨААТҮГ-тай уулзуулж үүнээс хойш ИН ХХК усны төлбөр тооцоог төлөөд явж байсан нь дансны хуулгаар нотлогддог. Үүнээс харахад би хариуцагчаар татагдах этгээд биш байна. Нэхэмжлэгч тал 2013 оноос 2016 оны төлбөр нэхэж байгаа мөртлөө нэхэмжлэлийн шаардлага болох төлбөрийг хэрхэн тооцож гаргасан талаар тодорхойгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйл 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Ч--аас гэрээний үүрэгт 4,143,973 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **** ОНӨААТҮГ-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс 79,397 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ч--аас улсын тэмдэгтийн хураамжид 79,397 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **** ОНӨААТҮГ-т олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа хууль буруу хэрэглэсэн, нотлох баримт буруу үнэлсэн. Мөн процессийн алдаа гаргаж хариуцагчийн удаа дараа гаргасан гэрч асуулгах хүсэлтийг хангаагүй.

Өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгасан гэрч асуух, гуравдагч этгээдээр ИН ХХК-ийг татан оролцуулж хэргийг шийдэх нь зүйтэй гэсэн ажиллагааг хийгээгүй зэрэг нь шүүхийн шийдвэр гарахад ноцтой нөлөөлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбарын гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

1. Нэхэмжлэгч **** ОНӨААТҮГ нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах 50, 53, 54, 55 дугаар байруудыг Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах №240799 тоот гэрээний үүрэгт 4,143,973 төгрөгийг хариуцагч Н.Ч--аас гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

 

2.а. **** ОНӨААТҮГ нь 2009 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Н.Ч--тай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах /түр/ гэх нэртэй гэрээ байгуулсан.

 

2.б. Уг гэрээгээр хангагч нь хүн амын унд ахуйн стандартад тохирсон цэвэр усаар хэрэглэгчийг тасралтгүй найдвартай хангаж, бохир усыг татан зайлуулж, хэрэглэгчийн хэрэглээнээс гарсан бохир усыг биологийн аргаар цэвэрлэж, цэвэршилтийн түвшинг 93-95 хувь хүртэл цэвэрлэх үүрэг хүлээж, хэрэглэгч нь хангагчийн тавьсан төлбөрийн нэхэмжлэлд заасан хугацааны дотор төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 6/

 

2.в. Хариуцагчийн ... дээрх гэрээний үүргээ Наяд трейд ХХК-д шилжүүлсэн, төлбөр тооцоог Наяд трейд ХХК төлөөд явж байсан нь дансны хуулгаар нотлогдоно гэж тайлбарлаж төлбөр төлсөн баримт гаргасныг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй байна

 

3. Зохигч дээрх түр гэрээний хугацаа дуусгавар болсон эсэх, 50, 53, 54, 55 дугаар байруудын хэрэглэсэн усны төлбөрийг иргэн Н.Ч-- хариуцах үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

 

3.1. Хэрэгт авагдсан гэрээний 6.2 дах хэсэгт хангагч хэрэглэгч нар жилд нэг удаа гэрээг дүгнэж сунгахаар заасан боловч хариуцагчтай байгуулсан түр гэрээг сунгаагүй байна.

 

3.2. Мөн хэрэгт авагдсан усны төлбөр төлсөн баримтаас үзэхэд Наяд трейд ХХК -ийн данснаас төлж байснаас гадна Н.Ч-- нь 2015 оны байдлаар өр төлбөргүй байна. /хх35/

 

Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т зааснаар иргэн Н.Ч--ыг гэрээний дагуу цэвэр усаар хангуулсан, хэрэглээнээс гарсан бохир усаа хангагчийн шугам сүлжээнд нийлүүлсэн, саарал усыг ашигласан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь техникийн нөхцөл авсан,өөрийн эзэмшилдээ шугам сүлжээ, тоног төхөөрөмжтэй,хэрэглэгч гэж дүгнэх боломжгүй.

 

Хариуцагч Н.Ч-- нь Наяд трейд ХХК-д 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гадна инженерийн шугам сүлжээ ус дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх гэрээ байгуулсан баримт хэрэгт авагдсан. Уг баримтыг нэхэмжлэгч няцаагаагүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Н.Ч--ад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, хариуцачгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/01856 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Н.Ч--ад холбогдох 4,143,973 төгрөг гаргуулах тухай **** ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,254 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ш.ОЮУНХАНД