Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 90

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,   

нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,

улсын яллагч Г.Энхмаа,

шүүгдэгч Ж.Цэнддорж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Таванаа овгийн Жамъянсүрэнгийн Цэнддоржид холбогдох эрүүгийн 1734005230023 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                                Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Цээл суманд 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, мал малладаг, Төв аймгийн Цээл сумын Хүүлэйхэн 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулиар оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасч, 1 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, НЩ97122515 дугаарын регистртэй, Таванаа овгийн Жамъяансүрэнгийн Цэнддорж,

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Ж.Цэнддорж нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын Хүүлэйхэн 5 дугаар багийн нутаг “Шийтэр өвөр” гэх газарт Д.Энхбатын 1 тооны хязаалан гунжийг нугаслан алж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Ж.Цэнддоржийн:

Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд

2.1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Д.Энхбатын:

“...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө манай нэг тооны улаан шүдлэн гунжин үхэр гэрийн баруун урд талд үхсэн нядлагдан байдалтай олдсон. Тухайн үхрийг урьд хоёр хөлийг тушиж нугаслан алж мөн өрц гэдсийг нь хагалсан байдалтай өвчөөгүй орхисон байсан. Хэрэг болохын өмнө урд орой буюу 11 дүгээр сарын 20-ны орой Цэнддорж нилээн согтуу ганцаараа орж ирсэн яг ямар машин тээврийн хэрэгсэлтэй хэнтэй явж байсныг мэдэхгүй, нилээн согтуу орж ирээд үхэр 200.000 төгрөгөөр зарчих гэхээр нь зарах үхэр байхгүй, гарахдаа хаалга сайн хаагаарай гэж хэлээд явуулсан. Би үхрээ 800.000 төгрөгөөр үнэлж байна. Үхэр хээлтэй гунжин үнээ байсан. Зах зээлийн ханшаар сум үнэлж байгаа бол маргах зүйл байхгүй. Гэм буруутай этгээдээр хохирлоо төлүүлж авмаар байна...” /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

 

2.2. Мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн хохирогч Д.Энхбатын:

“...Сумаас үнэлсэн үнэлгээний дагуу 500.000 төгрөг миний дансанд хийсэн. Нэхэмжлах зүйл байхгүй. Гомдол санал байхгүй. Цэнддоржийн эцэг эх болон өөрийн нь өрхийн амжиргаа нь боломжийн мөнгө төгрөгөөр дутагдаж гачигдах зүйлгүй. Мал ахуй нилээн их зан харилцаа гайгүй, олонтой нийтэч хүн юм. Үхэр нядалсанд их гайхаж байна...” /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

 

2.3. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Ш.Чанцхоролын:

“...2017 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Төв аймгийн Цээл суманд Юмжавын гэрт байсан тухайн өдөр Цэнддорж хүнтэй уулзаад ирье та машинаа өгчих гэхээр нь би машинаа өгсөн Цэнддорж нь манай ээж аавтай цуг хадлангийн ажил хийдэг таньдаг хүмүүс байгаа юм. Цэнддорж машин ганцаараа ирж авсан маргааш өгч явуулсан айлын хашаанд түлхүүр зоолттой дугуй нь хагархай байсан. Урьд өмнө хулгай хийж байгаагүй, хулгай хийсэн гэхээр нь би гайхаж байна. 56-72 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай нагац эгчийн машин би тухайн үед унаж Цээл явсан одоо нагац эгч Цэрэнноров нь Солонгос улсад байдаг...” /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

2.4. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Л.Отгонбаярын:

“...Тухайн орой өдөр манай гэрт идэш хийж өгөөд орой нилээн согтуу 2.5 литрийн 2 том пиво аваад ирсэн. Юутай яваа юм гэхэд машинтай явж байна гэсэн. Хэний ямар машинтай явж байсныг мэдэхгүй. Гэрт пиво ууж дуусаад гараад явсан, хаашаа явах гэж байгаагаа хэлээгүй. Цэнддорж нь урд өмнө хулгай хийж байгаагүй, хамт олныхоо дунд нэр хүндтэй, нөхөрсөг хүнд тусч залуу юм...” /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

2.5. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Л.Жамъяансүрэнгийн:

“...Цэнддорж нь манай том хүү. Эхнэр бид хоёр мал ахуй болон мөнгө төгрөгөөр дутаагаад байдаггүй болохоор эхнэр аваагүй хамт амьдардаг, манай хүү Цэнддорж намартаа хадлан хадаад өөрийнхөө малын өвсийг авдаг, өвчийг нь зараад амьжиргаандаа хэрэглэдэг. Зан харилцааны хувьд хүн тусархуу, нийтэч, ямар шалтгааны улмаас гэмт хэрэг үйлдсэнийг мэдэхгүй байна...” /хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

2.6. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч О.Алтанцэцэгийн:

“...Цэнддорж нь манай багийн иргэн, аав, ээж, 3 дүүгийн хамт амьдардаг. Зан харилцааны хувьд олонтой нийтэч, хүнд тусархуу, элдэв үг хэл татлаад байдаггүй, ямар шалтгааны улмаас ийм хэрэг үйлдэх болсныг мэдэхгүй юм. Өрхийн амжиргааны хувьд эцэг, эх нь боломжийн мал ахуйтай хүнээс дутах зүйл байхгүй...” /хх-ийн 41 дүгээр хуудас/,

 

            2.7. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч А.Батмэндийн:

            “...2017 оны 11 дүгээр сарын 20-21-ний шилжих шөнө Цэнддорж нь манай гэрт ирж хоносон. Шөнө 01 цаг 30 минутын үед байх гэрийн хаалга онгорхой байсан. Хүн ороод ирэхээр нь гэрэл асаасан чинь Цэнддорж ганцаараа ирсэн бага зэрэг архи уусан байсан. Би хаагуур юу хийгээд явж байгаад ирэв гэхэд холдоогүй ойрхон явж багйаад ирлээ гэсэн. Өөр юм яриагүй. Маргааш нь би ажилдаа яваад Цэнддорж гэртээ үлдсэн...” /хх-ийн 44 дүгээр хуудас/,

 

2.8. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн сэжигтэн, яллагдагч Ж.Цэнддоржийн:

“...2017 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын Хүүлэйхан 5 дугаар багийн нутаг “Шийтэрийн өвөр” гэх газарт бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар мэдүүлэг авч байгааг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 11 дүгээр сарын 20-21-ний шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын 5 дугаар багийн Шийтэрийн өвөрт өвөлжиж байсан Энхбатын 1 тооны үхрийг гэрийн гаднаас нь бүсээр оосорлон гэрээс баруун урд талд нугаслан алж өвчилгүй гэдэсийг гаргаж тэнд хаяад шууд сум явсан. Тухайн үед хамаатаны ах Чанцхоролын 56-72 УБЗ улсын дугаартай цагаан Приустай ганцаараа явж байсан. Тухайн үед архи уусан байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Ямар нэгэн мөнгө олох болон зарж борлуулах зорилгогүй хүний үхэр нядалж тэнд нь орхиод явсан...” /хх-ийн 9, 34-35 дугаар хуудас/,

 

            Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд

            3.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

            3.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 дугаар хуудас/,

            3.3. Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 17 дугаар хуудас/,

3.4. Хохирол төлсөн баримт /хх-ийн 23 дугаар хуудас/,

3.5. Мал тоолуулсан баримт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

3.6. Хан-Үнэлэмж ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 48-52 дугаар хуудас/,

            3.7. Шүүгдэгч Ц.Цэнддоржийн ял шалгах хуудас, ял шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, Төв аймгийн Цээл сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 20-21, 27, 45, 46 дугаар хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.    

 

Шүүгдэгч Ж.Цэнддорж нь согтуугаар, 2017 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын Хүүлэйхан 5 дугаар багийн нутаг “Шийтэрийн өвөр” гэх газарт Д.Энхбатын 1 тооны хязаалан гунжийг нугаслан алж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

            хохирогч Д.Энхбатын...манай нэг тооны улаан шүдлэн гунжин үхэр гэрийн баруун урд талд үхсэн нядлагдан байдалтай олдсон... ...үхрийг урьд хоёр хөлийг тушиж нугаслан алж мөн өрц гэдсийг нь хагалсан байдалтай өвчөөгүй орхисон байсан. Хэрэг болохын өмнө урд орой буюу 11 дүгээр сарын 20-ны орой Цэнддорж нилээн согтуу ганцаараа орж ирсэн яг ямар машин тээврийн хэрэгсэлтэй хэнтэй явж байсныг мэдэхгүй, нилээн согтуу орж ирээд үхэр 200.000 төгрөгөөр зарчих гэхээр нь зарах үхэр байхгүй, гарахдаа хаалга сайн хаагаарай гэж хэлээд явуулсан...500.000 төгрөг миний дансанд хийсэн. Нэхэмжлах зүйл байхгүй. Гомдол санал байхгүй...

            гэрч Л.Жамъяансүрэнгийн...Цэнддорж намартаа хадлан хадаад өөрийнхөө малын өвсийг авдаг, өвчийг нь зараад амьжиргаандаа хэрэглэдэг. Зан харилцааны хувьд хүн тусархуу, нийтэч, ямар шалтгааны улмаас гэмт хэрэг үйлдсэнийг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, хохирол төлсөн баримт, Хан-Үнэлэмж ХХК-ийн үнэлгээний тайлан болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч Ж.Цэнддоржийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин шүүх шүүгдэгч Ж.Цэнддоржид хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирлыг төлсөн, түүний хувийн байдал зэргийг ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Цэнддорж цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн даавуун дурдан бүс, ажлын хэсэг нь 15 см урттай ногоон эрээн иштэй хутга 1 ширхэгийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг тус шүүхийн Тамгын газарт даалгахыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

       хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

       36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,38.2 дугаар зүйлийн

 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

                     удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Таванаа овгийн Жамъянсүрэнгийн Цэнддоржийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Таванаа овгийн Жамъянсүрэнгийн Цэнддоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Таванаа овгийн Жамъянсүрэнгийн Цэнддоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянган нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Таванаа овгийн Жамъянсүрэнгийн Цэнддорж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянган нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Таванаа овгийн Жамъянсүрэнгийн Цэнддорж цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн даавуун дурдан бүс, ажлын хэсэг нь 15 см урттай ногоон эрээн иштэй хутга 1 ширхэгийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Таванаа овгийн Жамъянсүрэнгийн Цэнддоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Таванаа овгийн Жамъянсүрэнгийн Цэнддоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН