Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01735

 

 

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01735

 

 

Г.М-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/02785 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.М-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Н-т холбогдох,

Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Хоршооллын хотхон, Доржийн гудамж, 32-р байрны ** тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чулуунтогтох, гуравдагч этгээд Ж.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр маргаан бүхий орон сууцыг Г ХХК-ийн захирал Ж.М-аас худалдан авч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн. Тухайн үед уг орон сууцанд С.Н- амьдарч байсан тул худалдан авсан талаараа хэлж дараагийн байр сууцаа олтол түр амьдарч байхыг зөвшөөрсөн боловч сүүлдээ сууцыг чөлөөлж өгөхгүй, өмчлөгчийн эрхийг зөрчиж, эд хөрөнгөөө ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна. Иймд тус орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Тус нэхэмжлэлийн шаардлагатай адил агуулга, үйл баримт бүхий Г.М-гийн нэхэмжлэлтэй, С.Н-т холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2019/11271 дүгээр шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Мөн С.Н- нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан Глоб хотхон 32 дугаар байрны ** тоот орон сууцны төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан тул шударга өмчлөгч болохоо тогтоолгохоор Г ХХК болон Г.М- нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргасан боловч уг байрыг давхар худалдсан гэх гомдол цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа тул хэлэлцэх боломжгүй гэж үзэн миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Маргаан бүхий орон сууцыг Ч.П-ас худалдан авч тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байсан. Хариуцагч болон Ч.П- нарын хооронд 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн, үлдэгдэл төлбөрийг 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн. Г ХХК-ийн батламжийн үндсэн дээр маргаан бүхийн орон сууцны өмчлөлийг шударгаар олж авсан тул нэхэмжлэгчид уг орон сууцны шаардах эрх хууль ёсны дагуу шилжээгүй. Мөн хэрэг маргааныг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байхад нэхэмжлэгчийн хүсэлтээр 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр цахилгааныг тасалсан. Нэхэмжлэгчид маргаан бүхий орон сууцны шаардах эрх бүрэн шилжээгүй байхад орон сууцыг чөлөөлөхийг шаардаж байгаа тул энэ нэхэмжлэл үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Гуравдагч этгээд Г ХХК-ийн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Манай компани 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 18/05 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг Г.М-тай байгуулснаар түүний ажлын хөлсөнд маргаан бүхий ** тоотын орон сууцыг шилжүүлсэн өгсөн боловч Г.М- нь гэрээний дагуу өөрийн хөрөнгөөр 120,000,000 төгрөгт багтаан дутуу баригдсан 4 айлын байшинг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуусгахаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Бидний хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 4.2-т гэрээний төлбөрт дүйцүүлэн олгосон орон сууцуудыг захиран зарцуулах эрхийг Б тал нь А талд итгэмжлэлээр олгох, Б тал санхүүжилтээ тодорхойлоогүй нөхцөлд А тал өөрийн өмчлөлд буцаан авна гэж тохирсон байдаг. Гэтэл Г.М- нь 120,000,000 төгрөгийн ажлыг өөрийн санхүүгийн хүчин чадлыг манай байгууллагад тодорхойлж өгөх үүргээ биелүүлээгүй, санхүүжилтээ тодорхойлоогүй. Уг орон сууцыг итгэмжлэлээр захиран зарцуулах эрхийг манай компанид буцаан олгоогүй. Г.М-гийн нэр дээр гэрчилгээ гаргаж өгсөн нь үүрэг биелүүлэх барьцаа болгож хийсэн үйлдэл боловч буцаагаад манайд итгэмжлэлээр захиран зарцуулах эрхийг шилжүүлэх байсан.

Г.М-гийн зүгээс сантехникээс бусад ажлыг гүйцэтгэх зорилго тавин ажиллаж байна гэх мэдэгдэл ирүүлсэн тул манай зүгээс 2020 оны 05 дугаар сард гэрээнээс татгалзах мэдэгдлээ илгээж, 2020 оны 09 сард гэрээнээс татгалзсан талаар мэдэгдэл явуулсныг Г.М- хүлээн авсан. С.Н-ийн зүгээс цагдаагийн байгууллагад хандаад 3-4 жил болж, энэ хэрэг цагдаагийн газарт шалгагдаж байсан тул би ажил гүйцэтгэх гэрээний маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй, энэ асуудлыг шийдвэрлэгдсэний дараа бид нэхэмжлэгч талыг хариуцагчаар татаж шүүхэд хандана гэсэн байр суурьтай байсан. Тиймээс Г.М- нь маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэх эрх байхгүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Хоршооллын хотхон /13360/ Б.Доржийн гудамж 32 дугаар байрны ** тоотод байршилтай, 80 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэлтэй гурван өрөө орон сууцыг хариуцагч С.Н-ийн эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н-ээс 357,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.М-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Нэхэмжлэгчид шаардах эрх хуулийн дагуу шударгаар шилжсэн эсэх, шаардах эрхээ Г ХХК-тай байгуулсан гэрээнд заасан үүргээ шударгаар биелүүлэн, шударгаар олсон эсэх талаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг удаа дараа өгсөн боловч шүүх хүсэлтийг хангаагүй.

Худалдаа хөгжлийн банк-д барьцаалбар үйлдэх эрх нэхэмжлэгчид олгогдоогүй, үүргээ биелүүлээгүй ч нотлох баримтыг гаргуулаагүй. Хариуцагчид олдох боломжгүй нотлох баримтыг гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн.

Гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргах эсэхийг түүнээс тодруулаагүй байж шаардлага гаргаагүй этгээд гэж тогтоосон. Гуравдагч этгээдийн эрх ашиг нь ноцтой зөрчигдсөн ч шударга шүүхээр шүүлгэх эрхээр хангаагүй. Маргаан бүхий орон сууц хариуцагчийн эзэмшлээс гуравдагч этгээдийн эзэмшилд шилжсэн. Гуравдагч этгээдэд давж заалдах гомдол гаргах эрх олгоогүй тул гомдол гаргах эрхээ эдлэж чадахгүй байна.

Хэргийн хариуцагч нь С.Н- биш, Г ХХК, гэвч шаардлага гаргах болон давж заалдах гомдол гаргах эрхийг шүүгч олгоогүй. Ж.М- нь Глобконстракшн ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэх нь баримтаар тогтоогдоогүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Маргаан бүхий орон сууцыг Ч.П-ас худалдан авахад Г ХХК-ийн захирал Ж.Энхбаяр гэсэн Батламж хавсаргагдсан нь хэрэгт авагдсан. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэл хийгдсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Үүргээ шударгаар биелүүлсэн эсэхийг баримтаар нотлолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Г.М-гийн Орон сууц захиалгын гэрээ-ний үргэлжлэл нь Ажил гүйцэтгэх гэрээ болохыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байхад анхаарч үзээгүй. Ажил гүйцэтгэх гэрээний үүргээ хэрхэн биелүүлсэн гэдгийг нотлох баримтыг гаргуулаагүй.

Г ХХК-ийг шаардлагаа, давж заалдах гомдол гарган шударга шүүхээр маргааныг шийдүүлэх эрхээр нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Улсын бүртгэлийн гэрчилгээгээр Г.М- нь өмчлөгч гэдэг нь тогтоогддог. Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөгчийн эрх баталгааждаг. Г.М- нь өмчлөгч тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг шаардан гаргуулах эрхтэй.

С.Н- нь Г.М-гийн нэр дээрх улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандаж, Улсын бүртгэлийн гэрчилгээ хууль ёсны дагуу ямар нэгэн хууль зөрчөөгүй байна гэх шийдвэр гарсан. Иймд С.Н-ийн худалдаж авсан гэдэг нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй.

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хууль ёсны өмчлөгчөөр Г.М-г тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байдаг. Хариуцагчийн хувьд сөрөг нэхэмжлэл гаргах эрх нь хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны явцад байсан боловч гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч Г.М- нь хариуцагч С.Н-т холбогдуулан Баянзүрх дүүрэг, 4-р хороо, Хоршооллын хотхон, Доржийн гудамж, 32-р байрны ** тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1, 105/

 

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

2.а. Г.М- нь Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Хоршооллын хотхон /13360/, Б.Доржийн гудамж 32-р байрны ** тоот, 80 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогджээ. /хх-36/.

 

2.б. Г.М- нь Г ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Глоб хотхон 32-р байрны ** тоот, 80 м.кв бүхий 3 өрөө орон сууцны захиалгын гэрээг байгуулж, төлбөрийг 100 хувь төлж дууссан талаархи Г ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эд хөрөнгө бүртгэлийн хэлтэст гаргасан албан бичиг хэрэгт авагджээ. /хх-38, 39/

 

2.в. Уг орон сууцад С.Н- олон жилийн туршид сууж эзэмшиж байгаа талаархи нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй.

 

2.г. С.Н-ийн маргаан бүхий орон сууцыг худалдан авахаар бусдад залилуулсан талаархи гомдлыг Цагдаагийн байгууллага шалгасан. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор залилах гэмт хэрэг үйлдэгдээгүй гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаажээ. /хх-97/

 

2.д. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0761 дугаар шийдвэрээр С.Н-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэрэгт гуравдагч этгээд Г.М-, Г ХХК нар оролцсон байна. Дээрх шүүхээс Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Хоршооллын хотхон Б.Доржийн гудамж, 32-р байрны ** тоотод байрлах орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэсэн 000684639 дугаартай гэрчилгээг олгосон улсын байцаагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, ,,, дугаартай бүртгэл, 000684639 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх-25-29/

 

2.е. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 132 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх-30-34/,

 

2.ё. Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. /хх-35/

 

2.з. Анхан шатны шүүхийн шийдвэрт гуравдагч этгээд давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

3. Хариуцагч нь дээрх маргааны зүйл болох орон сууцыг Ч.П-тай 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, Г ХХК-ийн батламж зэргээр өөртөө авсан, шударга өмчлөгч гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх үүссэн өмчлөгч болох тухайд зөв дүгнэжээ. Мөн анхан шатны шүүхээс хариуцагч С.Н-ийн нэхэмжлэлээр маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухайд зөв дүгнэсэн.

 

Хариуцагч нь гуравдагч этгээд давж заалдах журмаар гомдол гаргаагүй байхад түүний эрхийн талаар гомдолдоо дурдсан. /хх157/

 

Маргаан бүхий орон сууцыг иргэн Ч.П-ас Худалдах, худалдан авах гэрээ-ний үндсэн дээр худалдан авахад Г ХХК-ийн захирал Ж.Энхбаяр гэсэн Батламж өгсөн талаар тайлбарласан боловч энэ нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг үгүйсгэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч буюу өмчлөгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн, дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/02785 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД