Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2018/0524/З |
Дугаар | 221/МА2018/0620 |
Огноо | 2018-12-05 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2018/0620
П.Э-ын нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мж нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0607 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцоожийн давж заалдах гомдлоор, П.Э-ын нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0607 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Эаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б-42 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож,
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Э-ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний 4,487,437 /Дөрвөн сая дөрвөн зуун наян долоон мянга дөрвөн зуун гучин долоо/ төгрөгийн нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан "Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэснийг зөрчсөн байна.
Тодруулбал хэрэгт цугласан нотлох баримтад Монгол Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 373 дугаар тогтоолоор П.Э-г урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан байдаг бөгөөд уг хүчин төгөлдөр тогтоолыг биелүүлж, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс Бодлого, төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилсон шүүхийн шийдвэрийн дагуу тухай жилд ногдох цалинг олгож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж шийдвэрлэснийг шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн байдаг.
Мөн 2016 онд ажиллаж байх хугацааны аудитын шалгалтаар байгууллага /ХХААХҮЯам/ зөрчилтэй дүгнэлт авсантай холбогдуулан Төрийн албаны тухай хуульд заасны дагуу албан тушаал бууруулах тухай Төрийн нарийн бичгийн даргын тушаал гарахтай холбоотойгоор Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу Захиргааны шийдвэр батлан гаргахын өмнө сонсох ажиллагаа хийж тэмдэглэл хөтөлж баталгаажуулсан байдаг. Уг ажиллагаанд нэхэмжлэгч өөрийн биеэр оролцож гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд 2016 оны аудитын дүгнэлттэй холбоотойгоор сайд П.С-ийн “хариуцлага тооцох тухай” тушаал гарч холбогдох дарга, мэргэжилтэнд хариуцлага тооцсон тухай сонсох ажиллагаа хийсэн мэргэжилтнүүдээс тайлбар авч тодруулга хийсэн байдаг. Тухайн үед нэхэмжлэгч өөрөө тэмдэглэлдээ албан ёсоор бичээрэй. Нөхөж хариуцлага тооцож байгаа эсэх талаар, би энэ тушаалыг олж үзнэ. Үндсэн ажлаа хүлээж аваад ажиллаж байгаа мөн тушаал гарч байгаа бол авна, авсныхаа дараа ямар учиртайг нь тодруулъя. Ажлаа хүлээлгэж өгөхөд бэлэн байна” гэж албан тушаал бууруулж байгааг зөвшөөрч энэ үйлдлээ баталгаажуулсан бөгөөд хуульд заасан сонсох ажиллагаа хийгдэж, хариуцагч буюу ХХААХҮЯам нь мэргэжилтэн П.Э-т захиргааны шийдвэрийг батлан гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааг хийж баталгаажуулсан, албан тушаал бууруулах тухай тушаал гарч ажлын байр өөрчлөгдөж байгааг нэхэмжлэгч өөрөө мэдэж байсан бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрч, баталж гарын үсэг зурж зөвшөөрсөн байсан нь шүүхэд хүргэсэн нотлох баримтуудаар батлагддаг. Гэтэл анхан шатны шүүх эдгээр баримтыг харгалзаж үзсэнгүй.
Мөн П.Э-г ХХААХҮЯамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б-42 тушаалаар “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Санхүүгийн дотоод аудит хариуцсан мэргэжилтэн”-ээр томилсон бөгөөд, өнөөдрийг хүртэл томилогдсон үүрэгт ажлаа хийлгүй, ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан байдалтай байна, Мөн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт /хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн/ болон харьяалах газрын даргад ямар нэгэн чөлөө хүссэн өргөдөл, өөр ямар нэг үндэслэлээр томилогдсон ажлыг хийх боломжгүй байгаа талаарх шалтгаан, тайлбар, хүсэлт гаргаагүй байгааг нотолж нотлох баримтуудыг шүүхэд хүргэсэн байтал мөн л шүүх харгалзаж үзсэнгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэснийг зөрчсөн байна гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0607 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б-42 дугаар тушаалаар “...ажлын байрны тодорхойлолтод заасан “Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын нэгтгэсэн тайланд дүн шинжилгээ хийх, санхүүгийн мэдээллээр болон нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн бодлогоор хангах” ажлын байрны үндсэн зорилтоо хангалтгүй биелүүлсний улмаас Үндэсний аудитын газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2016 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн санхүүгийн аудитаар салбарын төсвийн байгууллагуудаас 4 байгууллага “хязгаарлалттай”, 1 байгууллага “сөрөг” дүгнэлт авсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч П.Э-г Бодлого төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулжээ.
Нэхэмжлэгч П.Э-аас дээрх тушаалыг эс зөвшөөрч, “...миний бие ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалттай гүйцэтгэж, үр дүнгийн гэрээг тогтмол дүгнүүлж байсан, ... тушаалын үндэслэл болсон асуудал нь миний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгтэй хамааралгүй, тус бүрийн төсвийн төвлөрүүлэн болон шууд захирагчийн ажил үүрэгт хамааралтай” гэж, хариуцагчаас “...аудитын шалгалтаар нэхэмжлэгч П.Э-ын ажиллаж байсан хугацааны санхүүгийн баримтад шалгалт хийсэн, шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу сайдын тушаал гарч холбогдох албан тушаалтнуудад арга хэмжээ авахыг даалгасан, үүний дагуу сонсох ажиллагаа хийхэд нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн” гэж маргажээ.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно, 23.1.1-д албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж заасан бөгөөд энэ зүйлд заасан хангалтгүй биелүүлсэн гэдгийг ажлын байрны тодорхойлолтод заасан болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Үндэсний аудитын газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн аудит хийхэд Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Малын удмын сангийн үндэсний төв, Хөдөө, аж ахуйн бирж гэсэн 4 байгууллага “хязгаарлалттай”, Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар “сөрөг” дүгнэлт тус тус авсантай холбогдуулан Үндэсний аудитын газрын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 03/79, 03/80 дугаар албан шаардлагаар “хязгаарлалттай”, “сөрөг” дүгнэлт авсан байгууллагуудад Төрийн аудитын болон Төсвийн тухай хуульд заасан арга хэмжээ авахыг шаардсан байна.
Эдгээр албан шаардлагын дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А-109 дүгээр тушаалаар “хязгаарлалттай”, “сөрөг” дүгнэлт авсан байгууллагуудын холбогдох албан хаагчдад хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээ авахыг төсвийн шууд захирагч нарт нь даалгажээ.
Гэтэл хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь дээрх Үндэсний аудитын газрын албан шаардлагуудыг үндэслэн нэхэмжлэгч П.Э-г ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төсвийн ерөнхийлөн захирагчийн багцын санхүүжилт, зарцуулалтын нэгтгэсэн тайлан гаргах, дүн шинжилгээ хийх, санхүүгийн мэдээллээр хангах” чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын “хязгаарлалттай”, “сөрөг” дүгнэлт авах болсон нь түүний дээрх чиг үүрэгтэй хамааралтай хэмээн нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т “Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна”, 16.4.17-д “Засгийн газрын тусгай сангийн захирагч тухайн сангийн төсвийн”, 16.4.18-д “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн” гэж зааснаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Малын удмын сангийн үндэсний төв, Хөдөө, аж ахуйн бирж, Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь тусдаа төсвийн шууд захирагчтай, төсвийн шууд захирагч нь тухайн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах бүрэн эрхтэй бөгөөд тэрхүү бүрэн эрхээ хангалтгүй хэрэгжүүлсэн төсвийн шууд захирагчийн үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын ерөнхий нягтлан бодогчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.
Учир нь нэхэмжлэгчийн ажлын байрны чиг үүрэг нь “Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн ХХАА-н салбарын төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багц, төсвийн төвлөрүүлэн захирагч /сайд/ болон төсвийн шууд захирагч /Төрийн нарийн бичгийн дарга/-ийн зардлын гүйцэтгэл, салбарын тайлан балансыг нэгтгэж, дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж, санал боловсруулах” явдал юм.
Нөгөөтэйгүүр Үндэсний аудитын газрын 03/79, 03/80 дугаар албан шаардлага, холбогдох байгууллагад хийсэн аудитын тайланд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төсвийн ерөнхийлөн захирагчийн багцын санхүүжилт алдаатай тооцоологдсон, зарцуулалтын нэгтгэсэн тайлан буруу гарсан, төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн болон нягтлан бодох бүртгэлийн алдаатай бодлогын улмаас дээрх байгууллагууд “хязгаарлалттай”, “сөрөг” дүгнэлт авсан гэх үндэслэл тусгагдаагүй байна.
Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж зааснаар төрийн жинхэнэ албан хаагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн үнэлгээ нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх үндэслэл болох учиртай.
Гэтэл нэхэмжлэгч П.Э-ын 2016 оны хагас болон бүтэн жилийн үр дүнгийн гэрээний биелэлт нь 86, 96 оноо буюу албан тушаал бууруулах хуульд заасан үндэслэл бүрдээгүй мөн түүнийг албаны чиг үүрэгт тусгагдсан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байхад хариуцагчаас маргаан бүхий актыг гаргасан нь хуульд нийцээгүйн дээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0607 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН