Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 384

 

“А х т” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор

аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд

холбогдох захиргааны хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

       Шүүгчид:                   М.Батсуурь

                                          Б.Мөнхтуяа

                                          Д.Мөнхтуяа

       Илтгэгч шүүгч:         Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 5/5 дугаар тогтоолыг хүчингүй болгох”

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 111/ШШ2020/0010 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 402 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Н.Э, хариуцагчийн  өмгөөлөгч Б.Т нарыг оролцуулж,

 Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 111/ШШ2020/0010 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 77 дугаар зүйлийн 77.1, 77.2.1, 77.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А х” ТББ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5/5 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 402 дугаар магадлалаар: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “А х т” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5/5 дугаар тогтоолыг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. ...“А х т” ТББ нь анх “Хууль тогтоомжийн сургалт сурталчилгаа, мэдээлэл, судалгаа, хүний эрхийн хамгаалал, байгаль орчны хамгаалал”-ын чиглэлээр үүсгэн байгуулагдаж, байгуулагдсанаасаа хойш одоог хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан. 

4. Манай байгууллага үүсгэн байгуулагдсанаас хойш Захиргааны ерөнхий хууль батлагдаж улмаар нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах ойлголтыг тусгаж улмаар байгаль орчны хамгаалал, хүүхдийн эрх хамгаалал, нийтийн өмчийг хамгаалах” агуулгыг тусгасны дагуу зохих өөрчлөлтийг дүрмийн агуулгадаа нэмж, хуулийн дагуу өөрчилсөн. Манай байгууллага нь дүрмийн зорилгын дагуу гурван жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан гэдэг нь байгууллагын тайлан болон үйл ажиллагаа явуулж байсан талаарх бусад баримтуудаар нотлогдон тогтоогдоно. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь манай байгууллагыг зөвхөн байгаль орчин хамгааллаар үйл ажиллагаа явуулж байсан гэж үзэн “хүний эрх хамгаалал” үүний дотор “нийтийн өмчийг хамгаалах” ойлголт хамт байдаг талаар дүгнэлт хийгээгүй.

5. “А х т" ТББ нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “М к” болон “Н н ф” олон улсын байгууллагуудтай тасралтгүй хамтран ажиллаж хүний эрх хамгаалал, нийтийн өмчийн хамгаалал, байгаль орчны хамгааллын чиглэлээр тасралтгүй 7, 8 жил үйл ажиллагаа явуулсан байхад энэ чиглэлээр гурван жил тасралтгүй үйл ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

6.  Манай байгууллага үүсгэн байгуулагдаж байхад энэ ойлголт хуулинд байгаагүй, Захиргааны ерөнхий хууль батлагдсаны дагуу дүрэмдээ өөрчлөлт оруулсан, энэ хугацаанаас хойш ч, өмнө ч үйл ажиллагаа явуулж байсан гэдэг нь татварын тайлан, бусад баримтаар тогтоогддог. Байгууллага тогтвортой үйл ажиллагаа явуулсан, энэ талаар баримтаа өгсөөр байхад шүүх буруу дүгнэлт өгсөн байгаа нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

8. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгчийг “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэж дүгнэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1, 18.3.2 дахь хэсгийг маргааны үйл баримтад буруу тайлбарлан хэрэглэжээ.

9. Учир нь, нэхэмжлэгч “А х т” НҮТББ нь 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “хууль тогтоомж сурталчлах, зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, төсөл боловсруулах” чиглэлээр үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн, 2017 онд “хүний эрх хамгаалах, байгаль орчноо хамгаалах үйлчилгээ”, 2018 онд “хууль эрх зүйн сургалт, хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмч хөрөнгийг хамгаалах, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах, нөлөөллийн болон мониторинг төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх, төсөл хөтөлбөр санаачлах ажил” гэж үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг өргөжүүлснээс үзвэл тус байгууллагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1. “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх”, 18.3.2. “дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэхээргүй байна.

10. Дээрх хуулийн зорилго нь “нийтийн эрх ашгийг хамгаалах” нэрийн дор явцуу ашиг сонирхлын үүднээс /улс төр, эдийн засаг, хувийн гэх мэт/ ямар ч шалгуургүйгээр хэн дуртай этгээдээс нэхэмжлэл гаргах боломжийг хязгаарлах, шүүхийн ачааллыг зохиомлоор нэмэгдүүлэх, эрх зүйн хамгаалалтын үр нөлөөг бууруулах, шүүхийг өөр зорилгод ашиглах зэрэг сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн зохицуулалт юм. Харин нэхэмжлэгчийн хувьд 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл /нэхэмжлэл гаргах үеийн байдлаар/ нийгэмд үйлчлэх чиглэлээр 6 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, дүрмийн зорилгодоо “нийтийн өмч хөрөнгийг хамгаалах” гэж тодорхой заасан байх бөгөөд хариуцагч захиргааны байгууллагын нийтийн буюу орон нутгийн өмчийг хууль бусаар хассан асуудлаар нийтийн эрх ашгийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасныг “цаг хугацааны хувьд хуульд тусгайлан заасан дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх шаардлагыг хангахгүй байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь энэхүү хуулийн зорилгод нийцэхгүй.

11. Иймд, “...Манай байгууллага үүсгэн байгуулагдаж байхад энэ ойлголт хуулинд байгаагүй, Захиргааны ерөнхий хууль батлагдсаны дагуу дүрэмдээ өөрчлөлт оруулсан, энэ хугацаанаас хойш ч, өмнө ч үйл ажиллагаа явуулж байсан гэдэг нь татварын тайлан, бусад баримтаар тогтоогдож байхад шүүх буруу дүгнэлт хийж, хууль буруу хэрэглэсэн...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-6-д заасан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

12. Маргаан бүхий акт болох Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5/5 дугаар тогтоол хууль бус талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 80 дугаар зүйлд “Орон нутгийн өмчийг эзэмших, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн тавдугаар бүлэгт заасны дагуу зохицуулна” гэж, уг бүлэгт төрийн өмчийг /энэ тохиолдолд орон нутгийн өмчийг гэж ойлгоно/ эзэмших, ашиглах, захиран зарцуулах журмыг зохицуулсан ба тухайлбал, төрийн буюу орон нутгийн өмчийн эд хөрөнгийг худалдах /29 дүгээр зүйл/, үнэ төлбөргүй шилжүүлэх /30 дугаар зүйл/, илүүдэл буюу ашиглах хугацаа дууссан, шаардлага хангахгүй болсон эд хөрөнгийг худалдах, шилжүүлэх, устгах /31 дүгээр зүйл/ журмыг тусгайлан заасан байна.

13. Өөрөөр хэлбэл, хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3-т заасны дагуу орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахдаа, тухайлбал орон нутгийн өмчийг хасахдаа хуульд заасан журмын аль нэгийг /худалдах, бусдад үнэ төлбөргүй шилжүүлэх, устгах, хувьчлах гэх мэт/ хэрэгжүүлэх үүрэгтэй.

14. Гэтэл хариуцагч маргаан бүхий актаар “Аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны баруун жигүүрийн 1 давхрын 278.4м2 талбай бүхий хэсгийг аймгийн орон нутгийн өмчөөс хассугай” гэж шийдвэрлэхдээ дээрх хуулийн аль зүйл, заалтыг үндэслэсэн нь тодорхойгүй, агуулгаараа эрх зүйн үндэслэлгүйгээр орон нутгийн өмчийг хассан /гуравдагч этгээд Монгол Ардын намд шилжүүлсэн/ илт хууль бус акт байна.

15. Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.         

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 402 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 111/ШШ2020/0010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Ч.ТУНГАЛАГ       

                  ШҮҮГЧ                                                                  Г.БАНЗРАГЧ