Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 11

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Д.М ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/190 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А , хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.М нь 2005 онд газар эзэмших хүсэлт гаргасныг хүлээн авч нийслэлийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 348 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 600 м2 талбай бүхий газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн нийслэлийн Газрын албатай газар эзэмших гэрээ байгуулсан бөгөөд газрын нэгж талбарын 6006/0031 дугаарт бүртгүүлж, газрын төлбөрийг жил бүр төлөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. 

Д.М нь гэр бүлийн хамт 2003 оноос Америкийн Нэгдсэн Улсад визээр, 2007 оноос байнга оршин суух эрх аван тэнд амьдарч Монгол Улсад богино хугацаагаар ирж буцдаг байсан.

Энэ хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө өөрчлөгдсөн бөгөөд түүний эзэмшил газрын эргэн тойронд орон сууцны хороолол баригдсан тул тэрээр мөн өөрийн эзэмшил газрын зориулалтыг орон сууцны зориулалттай болгон өөрчлүүлэх хүсэлтийг нийслэлийн Өмчийн харилцааны газар гаргасан боловч нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/190 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг үндэслэн түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай тус газрын хариу албан бичгийг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцсанаар өөрийн эрх зөрчигдсөн болохыг мэдсэн бөгөөд энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд” газар эзэмших эрхийг  хүчингүй болгохоор заажээ. 

Д.М нь гадаад улсад байнга оршин суудаг нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах байтал түүнд урьдчилан мэдэгдэлгүй, үндэслэлгүйгээр ийнхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Нийслэлийн Засаг даргын 216 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/190 дүгээр захирамжийг хүчингүй болгуулснаар түүний зөрчигдсөн эрх сэргэнэ гэж үзэж байна. 

Иймд нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/190 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 500 м2 газрын эзэмших эрхийг амины орон сууцны зориулалтаар иргэн Ч.Э-т нийслэлийн Засаг даргын 1998 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/152 дугаар захирамжийг үндэслэн олгожээ. 

2005 онд тус газар эзэмших эрхийг Д.М т шилжүүлэх тухай хүсэлтийг тавьсаны дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэн нийслэлийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 348 дугаар захирамжаар талбайн хэмжээг 600 м2 болгон нэмэгдүүлэн эзэмшүүлсэн байна. 

Д.М ын газар эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/190 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хүчингүй болгон шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн 40.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдлуудыг тодорхойлсон ба 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, мөн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасны дагуу нийслэлийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/190 дүгээр захирамжийг гаргасан болно. 

Д.М 2006 оноос одоог хүртэл эзэмшил газартаа үйл ажиллагаа явуулаагүй ба Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийг бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт/ байхыг ойлгоно гэж тайлбарласан байх тул нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/190 дүгээр захирамж нь хууль зүйн үндэслэлтэй, холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна. Иргэний гадаадад амьдарч байсан гэх асуудал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй ба Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан нэмэлт тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Д.М ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.М нь “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/190 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагчаас “Д.М 2006 оноос одоог хүртэл эзэмшил газартаа үйл ажиллагаа явуулаагүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг дагуу 2005 оны 348 захирамжийн иргэн Д.М т холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Иргэний гадаадад амьдарч байсан гэх асуудал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй” гэж маргаж байгаа.

Нийслэлийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 348 дугаар  захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 600 м2 газрыг 15 жилийн хугацаатай, амины орон сууцны зориулалтаар Д.М т эзэмшүүлэхээр шийдвэрлэж, мөн оны 09 дүгээр сарын 15-ны өдөр газар эзэмших эрхийн 052075 дугаар гэрчилгээ  олгож, 09 дүгээр сарын 19-ний өдөр нэгж талбарын 6006/0031 дугаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ ” байгуулжээ.  

Маргаан бүхий акт болох нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/190 дүгээр  захирамжаар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн “тухайн газраа зориулалтын дагуу 10 жил дараалан ашиглаагүй тул нийслэлийн Засаг даргын 2005 оны 348 захирамжийн иргэн Д.М т холбогдох хэсгийг хүчингүй болгосонд тооцсугай” гэж шийдвэрлэжээ. 

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан  ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тус тус зохицуулжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан байх бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “…зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” тайлбарлажээ. 

Нэхэмжлэгч Д.М т Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 600 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 348 дугаар захирамжаар олгосон ба мөн оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан байх бөгөөд газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах”, 35.3.1-т “газар эзэмшигч нь газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх” эрх, үүрэгтэй байна. 

Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлээ “Америкийн Нэгдсэн Улсад 2003 оноос визээр, 2007 оноос хойш байнга оршин суух эрх аван тэнд амьдарч Монгол Улсад богино хугацаагаар ирж, буцдаг байсан” хэмээн тайлбарлаж байгаа боловч дээрх үндэслэл нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригоос хамаарсан тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт хамаарахгүй байна. 

Нэхэмжлэгч нь 2007 оноос Америкийн Нэгдсэн Улсад байнга оршин суух эрх авсан гэдэг нь “Байнгын оршин суугчийн үнэмлэх ”-ээр тогтоогдож байгаа хэдий ч Нийслэлийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 348 захирамж гарснаас хойших хугацаанд газраа ашиглах боломжтой байсан.

Тухайлбал Д.М нь 2005 оны 10 дугаар сарын 08-наас 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл удаа дараа буюу нийт 117 удаа Монгол Улсын хилээр байнга орж ирсэн болох нь Гадаадын иргэн, харьяатын газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 05/3377 дугаар  албан бичгээр тогтоогдож байх ба ийнхүү түр эзгүй байсан нь түүнийг газар эзэмшигчийн эрх, үүргээс чөлөөлөх “хүндэтгэх үзэх шалтгаан” үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ. 

Түүнчлэн нэхэмжлэгч Б.М нь Газрын тухай хуулийн дээрх заалтууд болон “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 2005 оны 09 дүгээр сарын 19-ны өдрөөс одоог хүртэл тухайн газартаа амины орон сууц бариагүй, эзэмшээгүй болох нь хэрэгт авагдсан маргаан бүхий газрын фото зургаар  тогтоогдож байгаа, мөн нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А нь хүлээн зөвшөөрч, маргаагүй болно. 

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.-д зааснаар газар эзэмших эрх нь “...газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэсэн”-ээр үүсэх бөгөөд 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл бүрдвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байна. 

Хариуцагч нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.М ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуулийн дээрх заалтуудтай нийцэж байна. 

 Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл, хариуцагч нийслэлийн Засаг дарга нь “тухайн газраа зориулалтын дагуу 10 жил дараалан ашиглаагүй тул” нийслэлийн Засаг даргын 2005 оны 348 захирамжийн иргэн Д.М т холбогдох хэсгийг хүчингүй болгох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь үндэслэл бүрдсэн гэж үзэж, өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгч Д.М ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх бөгөөд маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/190 дүгээр захирамжийн улмаас нэхэмжлэгч Д.М ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М ын гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/190 дүгээр захирамжийг бүхэлд хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.М аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             М.ЦЭЦЭГМАА