| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигмэддоржийн Долгормаа |
| Хэргийн индекс | 138/2022/00246/И |
| Дугаар | 201/МА2022/00024 |
| Огноо | 2022-09-12 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 201/МА2022/00024
*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 138/ШШ2022/000422 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******,
Хариуцагч *******д холбогдох,
8 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 8 сард *******той хамтран үйлдвэрлэл, үйлчилгээний ажил хийх талаар ярилцсан. Тэгэхэд намайг мөнгөө бэлнээр нь аваад ирээрэй гэхээр нь би мөнгөө авч очсон. *******д 18 сая төгрөг бэлнээр өгсөн. Гэвч ажил нь эхлэхгүй, бүтэмж муутай 2 жил гаруй хугацаа өнгөрсөн болохоор миний хувьд хамтарч ажиллахаас татгалзсан. Тэгээд 18 сая төгрөгөө буцааж нэхэхэд нийт 10 300 000 төгрөг өгсөн. ...Бэлнээр өгсөн 18 сая төгрөгийн асуудал дээр хариуцагч 16 сая төгрөг өгсөн гээд байна. Би 18 сая төгрөг өгсөн гээд байгаа боловч надад түүнийг нотлох баримт байхгүй учир хариуцагчийн хэлснээр 16 сая төгрөг өгсөн гэдэг дээр тогтож 16 саяас үлдэгдлээ бодъё. Намайг мөнгө их багаар авдаг байсан гэж байна. Яг үнэндээ ******* надад тийм сул мөнгө гаргаж өгөх хүн биш. Би хот руу, урагшаа гээд ажлаар явах үед надад их юм захидаг байсан. Тухайлбал, компанийн хаалга, кофе, хиам гэх мэт. Надад захидаг байсан зүйлүүдийн тооцоо байх. Давс хийх ажлын тухайд нэгдүгээрт намайг санааг нь гаргасан, хоёрдугаарт намайг дампууруулсан гэж ярьж байна. Давс хийнэ гэсэн санааг энэ хүмүүс өөрсдөө гаргасан, мөн тэр давсны уут сав авчрах, тэр талаар хүнтэй уулзах гэх мэт ажил дээр би ямар нэгэн үйлдэл, санаа гаргаагүй, та нарыг дэмжиж л байсан. Надаас хамааралтай дампуурна гэж байхгүй. Та нарын дунд болоод байсан гэр бүлийн асуудлаас болж нурсан байх. Сүүлдээ эд нарын дунд нэг асуудал үүсээд байхаар нь би уг ажлаас холдоод бараг жилийн дараа мөнгө төгрөгөө олж авъя гэж шийдсэн. Миний хувьд нэхэмжлэлээсээ 2 300 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байна. Одоо *******гоос 5 700 000 төгрөгийг нэхэмжилнэ. гэжээ.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны сонгуулийн дараа 9 дүгээр сард ******* ирж уулзаад хамтарч ажил хийе, юу хийвэл зүгээр вэ гэсэн. Миний хувьд *******тай АА-ын цуглаан дээр танилцаж байсан. Би өөрөө 4 хүнтэй хамтраад ******* ХХК байгуулсан. ******* нь хамтарч ямар нэгэн ажил хийе гээд бид нар дээр их ирдэг байсан. Тэгээд 10 дугаар сарын 06-ны өдөр ******* ууттай бэлэн мөнгө авчраад надад өгөхөөсөө өмнө тэр мөнгөнөөсөө 2 сая төгрөгийг нь авч үлдсэн. 2 сая төгрөгөө авч үлдэхдээ би мөнгөө үрээд байна, охин мөнгө нэхээд байна, *******д битгий хэлээрэй гэсэн. ******* гэдэг нь *******ын эхнэр юм. *******г шүүх дээр гэрчээр асуугдахад нь ******* 2 сая төгрөгөө авч үлдсэн гэдгийг хэлсэн. Өмнө нь хэлж байгаагүй. Миний хувьд 16 сая төгрөгийг тоот Голомт банкны дансанд хийсэн бөгөөд энэ баримтаа нотлох баримтаар өгсөн. Би *******ад хамтарч ажиллах бол мөнгөө бэлнээр авчирч өгөөрэй гэж ерөөсөө хэлж байгаагүй, хамтарч ажиллана ч гэж тохиролцоогүй, мөнгөө үрчих гээд байна гээд надад хадгалуулсан. ...******* өөрөө манай компанийн 3 гишүүнтэй идэвхтэй уулзаж явсаар 2017 оны 8 сард давс хийе гэдэг санааг гаргаж, 2017 оны 10 сард 4 гишүүнтэй ******* ХХК-ийг байгуулсан. Орум ХХК 40 хувь, ******* 30 хувь, ******* 15 хувь, ******* 15 хувийн хувьцааг эзэмшихээр компанийн дүрэмд тусгасан. Бүгд ярилцаад давсны сав баглаа, боодлыг урагшаа хүнд захиж авчруулж, мөн давсны машин авсан. ******* өөрөө давхар урагшаа хил явдаг ажилтай байсан болохоор хамтарч ажиллая гэж шийдсэн асуудал дээрээ идэвхтэй оролцож өгөхгүй бидний дунд маргаан гарч, ******* орхиод явсан. Дараа нь эхнэр нь ирээд мөнгөө нэхэхэд нь танай мөнгөөр давс авчихсан байгаа, одоохондоо мөнгийг чинь өгөх боломжгүй байгаа болохоор цувуулаад өгье гээд нийт 10 300 000 төгрөгийг буцааж өгсөн. Энэ 10 300 000 төгрөгийг төлөхдөө 3 удаа тус бүр 500 000 төгрөг, сүүлд нь 8 500 000 төгрөгөөр өгсөн байгаа. Мөн *******ын эхнэр нь он гарахын өмнө 250 000 төгрөг өгөөч гээд хүү нь ирж 250 000 төгрөг аваад явсан. Үүний дараа 2018 оны 4 сард Гэрэлтуяа бас мөнгө хэрэгтэй гээд 50 000 төгрөг авсан. Эдгээр мөнгөнүүд нь нийлээд 10 300 000 төгрөг болж байгаа юм. Ер нь ******* мөнгө төгрөг хэрэгтэй байна гээд авдаг байсан. Тухайлбал, 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр өөрийн дансаар 770 000, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөг, 3 дугаар сарын 05-ны өдөр нь 1 200 000 төгрөг авсан байж өөрөө санахгүй байгааг нь гайхаж байна. ******* 2 жил гаруй хугацаанд юм хийгээгүй гэж ярьж байна. Энэ давс хийх ажил 1 жил гаруй хугацаанд хэлэлцэгдэж байж шийдсэн. Ажил хийгээгүй биш хийхийг зорьсон, энэ хүнтэй хамтраад компани хүртэл байгуулсан. Хамт ажиллаж чадаагүй буруугаа бусдаас хайх хэрэггүй гэж бодож байна. *******ад 2017 оны 8 сараас эхлээд санхүүгийн тодорхой хэмжээний мөнгө өгье гээд сар бүр 250 000 төгрөг өгч байсан, үүний баримт ч байгаа. Энэ бол бидний хамтрах ажилдаа үнэнч байгаагаа баталж байгаа хэрэг шүү дээ. *******ын мөнгийг залилаж авах гэсэн санаа бидэнд байхгүй. Ер нь *******тай хамтарч юм хийнэ гэснээсээ илүү зарлага манай компаний хувьд гарсан байдаг. Тухайлбал давсны уутыг 3 сая төгрөгөөр авчирсан, мөн давс тээрэмддэг машин хотоос авчруулж байсан. Энэ бүхнийг ерөөсөө би тооцоонд оруулаагүй. Миний хувьд өгөх ёстой мөнгөө өгсөн гэж бодож байна. Бидний хувьд үр ашиггүй, төлөвлөөгүй ажил болоод дууссан. Тиймээс миний хувьд төлөх ёстой байсан мөнгөө төлсөн гэж үзэж байна. Харин ч ******* бидэнд 3 600 000 төгрөг өгөх ёстой. гэжээ.
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:
- Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******гоос 1 489 000 /нэг сая дөрвөн зуун наян есөн мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 511 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гоос улсын тэмдэгтийн хураамжид 38774 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож,... шийдвэрлэжээ.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын хувьд 2016 онд өөрөө л над дээр ууттай мөнгө барьж ирсэн. Ингэхдээ би мөнгөө үрээд хэцүү байна. Чи авч бай гэж хэлсэн. *******ын хувьд 2 300 000 төгрөгийг аваагүй гэдэг. Энэ талаар эхнэрээр нь давхар хэлүүлж байж зөвшөөрүүлсэн. Бусад авсан мөнгөө өөрөө хүлээн зөвшөөрдөггүй юм. ...Надаас мөнгө авахад нь гарын үсэг зуруулаагүй болохоор миний буруу болж байгаа юм. ...Би нэгдэж нийлэх хүсэлт анхнаасаа огт байгаагүй. гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
1. Талууд дараахь асуудлаар маргажээ.
Нэхэмжлэгч ******* нь *******гоос 8,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2,300,000 төгрөг төлүүлэхээс татгалзсан боловч үлдэх 5,700,000 төгрөгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 2016 оны 08 сард *******той хамтран ажил хийнэ гэж тохиролцон 18,000,000 төгрөг өгсөн. 2 жил болоход хамтарч юм хийхгүй байсан тул мөнгөө нэхэж 10,000,000 төгрөг авсан. Үлдэгдэл 8,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.
2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ын бэлнээр авчирч өгсөн гэх 16,000,000 төгрөгийг Голомт банкин дахь тоот дансанд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр орлого гэсэн утгаар хийсэн. /хх 22/
Гэрч /*******ын эхнэр/ ...Би *******гоос нийт 10,300,000 төгрөг авсан гэж мэдүүлсэн. /хх 46-47/
Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүх хуралдаанд: ...Би *******д 18,000,000 төгрөг өгсөн гэдгээ нотолж чадахгүй байгаа учраас нэхэмжилсэн мөнгөө 16,000,000 төгрөг болгож бодъё. ...Энэ хугацаанд нийт авсан мөнгө 10,300,000 төгрөг болсон. Одоо 5,700,000 төгрөг нэхэмжилнэ. ... гэж тайлбарласан. /хх-99-100/
Хариуцагч ******* анхан шатны шүүх хуралдаанд: ...Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 5,700,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ мөнгийг өөрт нь шилжүүлж өгсөн. ... гэж тайлбарлажээ. /хх 101/
Дээрх бичгийн баримт болон хариуцагч *******гийн ...бид хамтарч ажиллана гэж тохиролцоогүй ... надад 16,000,000 төгрөгийг хадгалуулсан. Энэ мөнгийг Голомт банкны данс руу хийсэн гэх тайлбар, нэхэмжлэгч *******ын ажил нь эхлэхгүй, бүтэмж муутай 2 жил гаруй хугацаа өнгөрсөн болохоор хамтарч ажиллах асуудлаа орхисон гэх тайлбар зэргийг харьцуулан үнэлэхэд, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д хамтран ажиллах гэрээ байгуулах санал гаргасан гэх боловч Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болж чадаагүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Мөн анхан шатны шүүхийн ...******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компани үүсгэн байгуулах хурлын тэмдэглэл, ******* ХХК-ийн дүрэм зэргээс үзэхэд нэхэмжлэгч ******* нь 300 ширхэг энгийн хувьцаа эзэмшдэг бөгөөд 300 000 төгрөгийн эд хөрөнгө, ширээ сандлаар хөрөнгө оруулалт хийсэн байна. Маргааны зүйл болох 16,0 сая төгрөгнөөс хөрөнгө оруулалт хийсэн нь нотлогдохгүй байна. гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ.
Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний үүрэг бус харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан бусдын хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой үүрэг үүссэн байх тул нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д өгсөн 16,000,000 төгрөгнөөс үлдсэн 5,700,000 төгрөгийг Иргэний хуулийн 492.1.1-д зааснаар буцаан шаардах эрхтэй ба хариуцагч ******* нь *******аас үндэслэлгүй шилжүүлэн авсан 16,000,000 төгрөгийн үлдэгдэл мөнгийг буцаан төлөх үүрэгтэй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжилж буй 5 700 000 төгрөгөөс хариуцагч *******гийн төлсөн 4 211 000 төгрөгийг хасч түүнээс 1 489 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 511 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иймд хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул түүний гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 138/ШШ/2022/00422 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 774 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ
Ж.ДОЛГОРМАА