Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 201/МА2022/00028

 

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 138/ШШ2022/000552 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Голомт банк ХХК,

Хариуцагч *******д холбогдох,

Гэрээний үүргийн биелэлт 3 434 145 төгрөг 47 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Голомт банк нь Баттөрийн Үүрийнтуяатай 2017 оны 2 сарын 23-ны өдөр ЗГ/КР/170223068 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 1 500 000 төгрөгийн эрхтэй бэлэн мөнгөний гүйлгээнд жилийн 42 хувийн хүүтэй, бэлэн бус гүйлгээнд жилийн 24 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд жилийн 12 хувийн хүүтэй кредит картыг нээж 24 сарын хугацаатай олгосон. Уг картыг ******* нь ашигласан бөгөөд гэрээний хугацаа нь 2019 оны 2 сарын 23-ны өдөр дууссан боловч зээл төлөх үүргээ биелүүлээгүй ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2022 оны 3 сарын 1-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 1 573 521.24 төгрөг, хүү нь 1 427 392 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүүнд 395 571.54 төгрөг, эрх хэтрүүлсний хүүнд 37 660.62 төгрөг нийт 3 434 145.47 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд *******гаас уг төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. ******* нь 2017 онд карт авахдаа гаргаж байсан хүсэлтэндээ оршин суугаа хаягаа Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо амины орон сууцны 3-262 тоот хаягийг мэдүүлсэн байдаг ба үүний дагуу Голомт банкны зүгээс уг хаягаар 2021 оны 3 сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Сонгинохайрхан дүүргийн шүүхээс 2021 оны 4 сарын 14-ний өдөр ******* нь уг хаягт оршин суудаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцаасан байдаг. Нэгэнт нэхэмжлэгч тал нь хариуцагчийн хаягийг мэдэхгүй байсан учир хаягийг нь тодруулахаар 2021 оны 6 сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргасан ба 2021 оны 7 сарын 21-ний өдөр тус шүүхээс хариуцагч *******г эрэн сурвалжлах захирамжийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгаж тус цагдаагийн байгууллагаас 2022 оны 2 сарын 10-ны өдөр Үүрийнтуяаг Дорнод аймгийн Хэрлэн сум 4 дүгээр баг ТЭМС 3-8 тоотод оршин сууж байгаа тухай тодорхойлолт ирүүлсэн. Үүнтэй холбогдуулж манайх 2022 оны 3 сард нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл 2019 оны 2 сарын 23-ны өдөр гэрээний хугацаа дууссан боловч хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй гэж үзэж байгаа юм. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, 452 дугаар зүйл, 453 дугаар зүйлд тус тус заасны дагуу Голомт банк нь *******гаас дээр дурдсан мөнгийг гаргуулах эрхтэй гэж үзэж байна. ******* нь тухайн үед манай зэс картыг авч ашигласан байгаа. Зэс картны ерөнхий нөхцөлд кредит карт эзэмшигч нь гэрээ байгуулсан үнийн дүнгээс 5 хүртэлх хувиар эрхээ хэтрүүлж ашиглах боломжтой гэж тусгасан байдаг. Үүний дагуу ******* нь 5 хүртэлх хувиар хэтрүүлж ашигласан тул үндсэн зээл нь 1 573 521 төгрөг болж байгаа юм. Кредит картыг өмнөх сар ашигласан төлбөрөө дараа сарын 15-ны өдрийн дотор хамгийн багадаа 10 хувийг төлөх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл гэрээний 2.1-.д заасны дагуу 2017 оны 2 сарын 23-ны өдөр картаа нээлгэсэн учир 3 сарын 15-ны өдрийн дотор багтааж ашигласан мөнгөнийхөө хамгийн багадаа 10 хувийг нь төлөх ёстой гэсэн үг. Үүнийг төлөөгүй байгаа учраас хугацаа хэтэрсэн гэж үзэж байгаа юм. гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус банкнаас нэхэмжилсэн 3 434 145 төгрөг 47 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус банкнаас 2017 оны 2 сарын 23-ны өдөр 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, кредит картын зээлийг авсан нь үнэн. Уг 1 500 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай авсан байхад тус банк нь одоог хүртэл буюу 2022 он хүртэл мөнгө хүүлээд явж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ мөнгө олгосноос хойш банк надаас зээлээ төлөх талаар шаардлагыг огт хүргүүлж байгаагүй. Би тус банкнаас 1 500 000 төгрөг зээлж авсан хэрнээ 7 864 087 төгрөг төлж барагдуулсан байна. Мөн банкны нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Иймд тус банкны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Баттөрийн Үүрийнтуягаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 3 434 145 төгрөг 47 мөнгө гаргуулж нэхэмжлэгч Голомт банкинд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69 897 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 69 897 төгрөг гаргуулан Голомт банкинд олгож,... шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболд давж заалдах гомдолдоо: Хариуцагч Үүрийнтуяа нь тус банкнаас 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 42 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай, кредит картны зээлийг авсан бөгөөд уг зээлсэн 1 500 000 төгрөгөө 7 864 087 төгрөг болгон төлж барагдуулсан байгаа.

Уг зээлийг олгосноос хойш банк *******гаас зээлээ төлөх шаардлагыг огт хүргүүлж байгаагүй бөгөөд шүүхэд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр эрэн сурвалжлах шийдвэр гаргасан байдаг. Энэ хугацаанд ч мөн адил банк мөнгөө хүүлсээр л байсан. Нэхэмжлэгч талаас ...өөрөөр хэлбэл гэрээний 2.1-д заасны дагуу 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дотор хамгийн багадаа 10 хувийг нь төлөх ёстой гэсэн үг. Үүнийг төлөөгүй учир хугацаа хэтэрсэн гэж үзэж байгаа юм гэж тайлбарладаг.

Гэтэл уг гэрээний 2.1-д ...зээлийн эрхийн зарцуулалтыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд карт системд автоматаар хаагдах хугацаа 1 сар байхаар заасан байна. Иймд банк өөрийн үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм. гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэл гаргахаас өмнө 500 000 төгрөг төлсөн байна. Иймд үлдэх 2 934 145 төгрөг 47 мөнгийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дотор төлж барагдуулах саналтай байна. гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрч байна. гэв.

 ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч *******д холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 3 434 145 төгрөг 47 мөнгө гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч зохигчид 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн давж заалдах шатны шүүх хуралдааны үед эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Голомт банк ХХК гэрээний үүргийн биелэлт 3 434 145.47 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболд нь нэхэмжлэлийн шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд төлсөн 500 000 төгрөгийг хасч, үлдэх 2 934 145.47 төгрөгийг нэхэмжлэгч Голомт банк ХХК-д 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн. Талуудын энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцсэн.

Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дах хэсэгт зааснаар бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулан эвлэрсэн хэлцлийг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 138/ШШ2022/000552 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зохигчид 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр харилцан тохиролцож нэхэмжлэгч Голомт банк ХХК гэрээний үүргийн биелэлт 3 434 145.47 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболд нь нэхэмжлэлийн шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд төлсөн 500 000 төгрөгийг хасч, үлдэх 2 934 145.47 төгрөгийг нэхэмжлэгч Голомт банк ХХК-д 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

З.ЭНХЦЭЦЭГ