Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 201/МА2022/00029

 

Г.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 138/ШШ2022/000445 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******т холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 66 дугаар байрны 30 тоот орон сууцыг өөрийн хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 57 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг,

Хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд хариуцагч *******, түүний өмгөөлөгч А.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Мөнх-эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 онд Турк улсад ажиллаж байхдаа Буянбаяртай танилцаж, 2011 оноос найзын журмаар хамтран амьдарч эхэлсэн. Гэхдээ эдийн засгийн хувьд нэгдээгүй, өөр өөрийнхөөрөө амьдарч байсан. Хамт амьдарч байх хугацаанд Буянбаяр нь их хэмжээгээр архи ууж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, ээжийн минь хажууд хүртэл намайг зодож байсан. Тухайн үед ээж маань энэ хүнийг надад хань болохгүй хүн байна, хамт Монгол руугаа буцъя гэж хэлж байсан ч боломжгүй байсан болохоор тухайн үед буцаж чадаагүй. Үүнээс хойш 2013 онд би Буянбаярт зодуулж  гэмтэл аваад хүний нутагт асрах, хайхрах хүнгүй байсан учир Буянбаяраас зугтаж Монголдоо ирж байсан. Тэр үед би жирэмсэн байсан бөгөөд Монголд ирээд жирэмсний хяналтанд орох гээд үзүүлэхэд бөөрөндөө гэмтэл авснаас болж ургацаг ургасан байна гэсэн. Ингээд би бөөрний хагалгаанд орох болсон. Хагалгаанаас гарснаас хойш эцэг, эхдээ хэлэх аргагүй байсан болохоор учир явдлаа хамаатныхаа эгч Дэлгэрмаад ярихад эгч маань өөрийн барилгын компанийхаа барьж буй Сүхжин ХХК-ний байрнаас банкны баталгаа гэхгүйгээр эгчээсээ хувь лизингээр байр худалдаж ав гэсэн юм. Тэгээд би байр авахаар төрсөн дүү Мөнхтуяагаар банкнаас 5 сая төгрөгийн зээл авахуулан байрныхаа урьдчилгааг нь төлөөд өөрийнхөө нэр дээр гэрээ байгуулсан. Үүнээс хойш 5, 6 сар орчим хагалгааны дараах эмчилгээ хийлгэж байгаад байраа авч байсан юм. Тухайн үед Монголд ажиллаад нэмэргүй байсан учир буцаад Турк явсан. Туркэд очиход Буянбаяр нь надаас салснаасаа хойш Нараа гэх эмэгтэйтэй хамт амьдарсан байсан. Надаас уучлалт гуйгаад, надад хань болж чадна гэсэн учир буцаад бид хоёр эвлэрсэн. Гэвч архи уудаг, агсам тавьдаг хэвээрээ, ерөөсөө засраагүй, ажлаа ч хийхгүй хэд хоногоор архи ууж, олсон хэдэн төгрөгөө үрээд, намайг элдэв бусаар хараадаг байдал өөрчлөгдөөгүй байсан. Тэгсэн хэдий ч хүний нутагт тэсч, тэвчин амьдарсаар 2015 онд бид хоёр Монголдоо буцаж ирсэн. Монголд ирээд сайхан амьдрах болов уу гэж бодсон ч Буянбаярын хувьд ямар ч тогтвор суурьшилтай амьдрах бодолгүй, зорилгогүй, дандаа л ийш тийшээ Солонгос, Япон, Турк явъя гэсээр бас л Турк руу буцаад явцгаасан. Тэнд очоод мөн л архи ууж, хэрүүл ам хийж, агсам согтуу тавьсан хэвээр байсаар 2018 онд буцаж ирсэн. 2018 онд Монголд ирээд хамт амьдаръя гээд гэртээ тавилга, эд зүйл авъя гэхэд тавилга авах гэлээ гээд уурлаж, хэрүүл маргаан үүсгэсэн. Ер нь надтай амьдрах ямар ч зорилгогүй байсан байх. Буянбаяр тогтож суух шинжгүй, байнга ийш тийшээ явъя гэдэг болохоор нь 2018 онд Америк руу ажлын виз гарч байна гэж сонсоод Буянбаярыг бүртгүүлсэн. Америкийн визний материалыг бүрдүүлэхэд албан ёсоор гэр бүлийн баталгаатай байх, үр хүүхэдтэй байх, үл хөдлөх хөрөнгөтэй байх, дансандаа хэдэн сая төгрөгтэй байх ёстой гээд маш өндөр шаардлага тавигддаг юм билээ. Тиймээс би Буянбаярыг Америк явуулахын тулд эгчээсээ байрныхаа үлдэгдэл мөнгийг төлж дуусаагүй байж байрныхаа гэрчилгээг түрүүлж гаргуулаад, тэр байрныхаа гэрчилгээн дээр Буянбаярын нэрийг бичүүлсэн. Би Буянбаяртай суухаас өмнө 2005 оны 5 сарын 30-ны өдөр төрсөн Батзолбоо гэх хүүтэй байсан ба визний шаардлагыг хангахын тулд хүүгээ Буянбаярын нэрээр овоглуулсан. Мөн 6 сая төгрөгийн банкны бизнесийн зээлтэй байсан ба банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч тэр зээлээ хаагаад банкнаас 17 сая төгрөгийн зээл авсан. Энэ зээлээс 6 сая төгрөгөөр нь банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ хаасан. Тэгээд 11 сая төгрөг хүрэхгүй байхаар нь би кредит картын 2 сая төгрөгийн зээл аваад, мөн Буянбаярын төрсөн эгчээс нь 2 сая төгрөг, манай аав, ээж хоёрын найз болох Гөлгөө ахаас 2 сая төгрөг тус тус нэмж зээлээд хамаг мөнгөө шавхаж байгаад Америк явуулж байсан. Ер нь Буянбаярыг Америк явуулахын тулд шаардлагатай бүх л зүйлүүдийг хийж бараг 1 жил гаруй хугацаанд хөөцөлдсөн. Гэтэл Буянбаяр Америкт очоод 1 сар болоогүй байхдаа хутганы хэрэгт холбогдоод 1, 2 сар чимээ сураггүй болсон. Ингээд 7 сараас эхлээд шилжүүлсэн мөнгө нь нийтдээ 32 сая орчим төгрөг болсон. Тэр мөнгөөр нь би энд тавьсан өр, банкны зээлүүдээ төлсөн.  6 сая төгрөг үлдэхээр нь нэг ч гэсэн юм болгоё гэж бодоод 3 800 000 төгрөгийг нь машины урьдчилгаанд хийсэн. Машины зээл авч өгөх гээд хотод очоод байхад хүртэл араас наад төмрийг чинь авахгүй, би одоо Солонгос явах гээд байна, битгий машин ав гээд л байсан. Тэр үеэр Солонгосоос нэг хүүхэн залгаад намайг хамтран амьдрагч нь уу, нөхрөө авмаар байна, миний хүүгийн аавыг явуул гэж загнасан. Ер нь энэ хүнтэй хамтран амьдарч байх хугацаанд хэд хэдэн хүүхэн над руу залгаж элдэв бусаар загнадаг байсан. Машин авснаас хойш удаагүй бид Архангай аймаг руу явсан. Буянбаяр согтуу машин барьж чадахгүй болохоор нь би машиныг жолоодож яваад зүүрмэглэж, Буянбаяр машины руллнээс татаад осол гарсан. Би машинаа 7 сая төгрөгөөр засуулж байсан ч удалгүй Буянбаяр машиныг Александр гэх хүнтэй хамт бас л архи ууж яваад онхолдуулаад машин ч байхгүй, мөнгө ч байхгүй болгосон. Үүний дараа 2020 оны 3 сард би амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж Турк улс руу бараанд яваад ирэхэд энэ хүн Золжаргал гэдэг эмэгтэйг гэртээ авчраад амьдарсан байсан. Тэр эмэгтэй нь, бас тэр эмэгтэйн ээж нь намайг элдэв янзаар загнаж, бөөн хэл ам болж, би тэр эмэгтэйнх нь үснээс зулгаачихсан чинь намайг цагдаад өгөөд шүүхээс 21 хоногийн ял сонсоод 7 хоног хоригдсон. Би үнэхээр гомдолтой байна. Эцэст нь би энэ хүнтэй амьдрах гэсэн биш эрүүл мэнд, сэтгэл санаа, цаг хугацаа гээд бүх зүйлээрээ хохирсон. Тиймээс би энэ хүнээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийнхөө асрамжид үлдээх саналтай байна. Мөн Хэрлэн сумын 6 дугаар баг, 66-30 тоот байраа өөрийн хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгохыг хүсч байна. гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Мөнх-Эрдэнийн ярьсан зүйлийн 80-90 хувь нь худлаа байна. Тухайлбал анх найзын журмаар хамт амьдарч байсан гэж байна. Бид анхнаасаа хоорондоо ярилцаж, цаашдаа хамт амьдаръя гэж нэг гэрт орж байсан. Ажлын хувьд аль аль нь ажил, хөдөлмөр хийдэг байсан. Мөнх-Эрдэнэ оёдлын үйлдвэрт оёдолчин, би индүүчин хийдэг байсан. Би Турк хүмүүстэй адилхан цалин авдаг байсан. ...2013 онд бид хоёулаа л ажиллаж хөдөлмөрлөж байгаад Мөнх-Эрдэнийн ээж, хүү хоёрынх нь ирж, буцах зардлыг нь төлж авчирч байсан. 2013 ондоо бид ярилцаад Монголд өөрсдийн гэсэн байргүй юм чинь түрүүлж очоод байрны лизинг хөөцөлдье гээд Мөнх-Эрдэнэ түрүүлээд явсан ба тухайн үед Мөнх-Эрдэнэ жирэмсэн байсан нь үнэн. Тэгээд эхо-д харуулахад бөөрөнд асуудал байна, хавдар судлалд үзүүл гэж Дорнодын эмч хэлсэн юм билээ. Мөнх-Эрдэнэ над руу залгаад хавдартай болчихлоо гэж уйлахад нь би байнга л тайвшруулдаг байсан. Ингээд хагалгаанд орсон ба тэр үед нь манай ээж бас эмчилгээ хийлгэж байсан болохоор Мөнх-Эрдэнийг эргэж, тойрч байсан юм билээ.  2013 оны 07 сарын 10-нд Мөнх-Эрдэнэ Туркэд буцаж ирсэн. Буцаж ирэхдээ байрны урьдчилгаагаа хийгээд, лизингэд хамрагдсан гэдгээ надад хэлсэн. Туркэд нэг хүн ганцаараа ажиллаад зөвхөн тэндээ л хүн шиг амьдарна уу гэхээс 2 өрөө байр авах хэмжээний мөнгө хураадаггүй. Би ажлынхаа хажуугаар долоо хоног болгон маханд явж, мах авчирч зардаг байсан. Эхлээд гахайны мах зардаг байж байгаад сүүлдээ адууны мах зардаг болсон. Адуу, гахайны махыг Туркчүүд иддэггүй болохоор хямд үнээр надад өгдөг, би тэнд ажиллаж, амьдардаг Монголчууддаа хоёр, гурав нугалсан үнээр зардаг байсан. Хоёулаа л адилхан ажиллаж байж байрны мөнгөө цуглуулан өрөө ихэнхийг нь төлж дуусгасан. Одоо 5 сая хүрэхгүй төгрөгийн үлдэгдэл байгаа байх. Ингээд 2015 онд бид Туркээс ирэхдээ мөнгөний боломж муутай ирсэн. Тухайн үед Мөнх-Эрдэнэ хаанаас сонссоныг мэдэхгүй Австрали улс руу явуулна гэсэн зарын дагуу өөрөө очиж уулзсан. Австрали руу явахын тулд 50-60 сая төгрөг дансанд байх ёстой гээд бид мөнгө хайж эхэлсэн. Манай аав, ээжээр малчны болон тэтгэврийн зээлийг нь хамт авахуулаад 10 сая төгрөгтэй болсон. Мөнх-Эрдэнийн аав, ээжийнх нь найз Гөлгөө гэж хүнээс 10 сая төгрөг зээлээд нийтдээ 20 сая төгрөгтэй болсон байсан. Ингээд Австрали гаргана гээд байсан компанид ихэнх мөнгөө үрээд, сүүлдээ бид хоёрт байгаа мөнгө нь ч Австрали явах шаардлагыг хангаагүй. Манай аав, ээжээс 10 сая төгрөг зээлэхийн өмнө бид хөдөө очоод байж байхад Мөнх-Эрдэнэ байрны гэрчилгээгээ гаргуулахаар түрүүлээд Дорнод явсан. Тэгээд түрүүлж ирээд над руу залгаад байрны гэрчилгээ гарахаар болчихлоо гэхэд нь би нэг гэр бүлийн хүмүүс юм чинь хэний ч нэр дээр байсан яах вэ, чи эхлээд өөрийнхөө нэр дээр авчих гэж хэлсэн. Яагаад гэвэл би 10 сая төгрөгөө бүтэхийг хүлээгээд Архангайд байсан учир шууд буцаж чадаагүй юм. Ингээд тэр байрны гэрчилгээ анх Мөнх-Эрдэнийн нэр дээр гарч байсан юм. Үүний дараа нөгөө Австрали явах маань ч худлаа болж, зээлсэн 20 сая төгрөгийн 10 сая нь үрэгдээд дууссан болохоор бид хоёр энэ өр зээлээ төлөхийн тулд буцаад Турк руу явж, хамт ажиллаж эхэлсэн. Мөнх-Эрдэнэ тайлбар гаргахдаа би л ганцаараа ажиллаж мөнгө олдог байсан, ганцаараа ажилласан мөнгөөрөө байр авсан гэж яриад байгаа боловч энэ бол худлаа. Би байрандаа оръё гээд очихоор оруулдаггүй, эрүүл очсон ч, бага зэрэг үнэртүүлсэн байсан ч цагдаа дуудчихдаг. Мөнх-Эрдэнэ 2017 онд Туркэд байхад жирэмсэн болж байсан. Намайг ажил дээрээ байхад хүүхэд маань зулбачихлаа гээд дуудаад эмнэлэгт очоод хүүхэд маань бүтээгүй. 2018 онд Монголд буцаж ирсэн шалтгаан нь Мөнх-Эрдэнэ тэр үед дахиад жирэмсэн болоход нь хүний нутагт төрж болохгүй юм байна, Монголд очоод ээж, аавынхаа хажууд асаргаа сувилгаатай төрсөн нь дээр гээд явуулсан. Мөнх-Эрдэнийг явсны дараа би ч тэнд үлдээд яахав гээд 2018 ондоо араас нь Монголд ирсэн. Мөнх-Эрдэнээс өөрөөс нь бас их зүйл шалтгаалдаг юм.  Би нэг охинтой, охиныхоо талаар асууж мэдэхийн тулд заримдаа ээжтэй нь ярих болдог. Тэгээд ээжтэй нь ярихаар намайг салсан эхнэртэйгээ ярилаа гээд бухимдаж, орилж бахираад эхэлдэг. Тэрнээс болоод хямардаг юм уу бас 3 дахь хүүхэд маань бүтээгүй зулбасан. Намайг байнга архи уудаг, зодож нүддэг гэж ярьж байна. Би байнга архи уугаад байна гэж юу байхав, хааяа нэг найз нөхөдтэйгөө уулзаад уух үе байдаг. Ууж идсэн болгондоо гар хүрээд зодож байгаагүй. Өөрөө согтуу хүний өөдөөс орилж бахираад, татаж зулгаагаад, маажаад байхаар согтуу хүн өөдөөс нь түлхчихдэг ч юм уу, эсхүл болиулах гээд гар хурууг нь чангахан барьчихаар эмэгтэй хүн эмзэг юм болохоор барьсан газраар хөхөрчихдөг. Тэрнээс биш хүнийг байнга зодож, нүдээд байна гэж байхгүй. Миний нэхэмжилж байгаа зүйл бол бид 10 жил хамт ажиллаж, хөдөлмөрлөсөн ба миний 10 жил ажиллаж, хөдөлмөрлөж байж олсон мөнгөөр энэ байрыг авч байсан болохоор өөрт ногдох хөрөнгөө гаргуулъя гэж нэхэмжилж байгаа юм. Тухайн үед би өөрөө дансгүй байсан болохоор ажиллаж олсон цалингаа бүгдийг нь Мөнх-Эрдэнийн дансанд хийдэг байсан. Тийм болохоор миний данснаас Сүхжин ХХК-ийн данс руу мөнгө орсон гэх баримт байхгүй, гэхдээ гэрчлэх хүмүүс бол байгаа. Мөнх-Эрдэнэ миний эд хөрөнгийг авах гээд шуналаа гээд яриад байна. Надад тийм зүйл байхгүй, би өөрийнхөө хөдөлмөрлөж олсон мөнгөө авъя л гэж байна. ...Америкаас явуулсан мөнгөний тухайд Мөнх-Эрдэнэ тэр баримтыг устгачихаагүй бол уг нь бага багаар мөнгө шилжүүлсэн баримт байсан юм. Би сая өөрийнх нь банкны хуулгыг харсан, бараандаа шилжүүлсэн мөнгөө надаас нэхэмжлэх гээд байгаа юм уу ямар учиртай юм. Тэр кредит картнаас 2 сая төгрөг авсан гэдэг нь бас худлаа. Мөнх-Эрдэнэ кредит карт аваад удаагүй байсан болохоор тийм их хэмжээний мөнгө гарахгүй байсан. 2018 оны намар намайг ирсний дараа 8 сая төгрөгтэй машин авъя гэхэд нь би явж, явж наймхан сая төгрөгтэй ирчихээд, буцаад гадагшаа гарч ажиллая гэж уурласан нь үнэн. Миний хувьд нас явж, ажиллах хүч муудаж байгаа учраас ганц, хоёр жил ажиллах эрч хүчтэй байгаа дээрээ хүний газарт очоод ажиллавал Монголд авах цалингаас арай илүү хэдэн цаас хураах юм болов уу л гэж бодож гадагшаа явдаг. Машин авахаар хүнд 4 сая төгрөг өгсөн гээд яриад байгаа асуудлын хувьд надад тэр талаараа хэлээгүй. Анхнаасаа машин авна ч гэж хот яваагүй.  Хотод очоод машин авчихлаа гээд над руу ярихад нь би Солонгос явна гэж байсан мөнгөөр машин авчихлаа гээд уурласан. Машины ослын хувьд бид хамт явж байгаад осол гаргасан нь үнэн. Гэхдээ намайг руллнээс татаж чангаасан гэдэг нь худлаа. Машиныг нэлээд хэдэн төгрөг өгч янзлуулж байсан нь үнэн. Сүүлд тэр машиныг нь Александр гэдэг залуу Цагаан-Овоо сум ороод ирье гээд гуйхаар нь би өгөөд явуулчихсан чинь замын овоолсон шороог очоод мөргөчихсөн юм билээ. Гэтэл Мөнх-Эрдэнэ онхолдуулсан гэж худлаа яриад байна. Би тэр машиныг нь Александрт 13 сая төгрөгөөр үнэлж зарсан. Тэр мөнгийг нь сүүлд Мөнх-Эрдэнэд төлж дуусгасан гэж хэлж байсан. Энд лангуу нээхдээ бараагаа авахаар Гуанжоу рүү явахад бид хамтдаа л явж, хамт л энэ амьдралыг босгох гэж адилхан хөдөлмөрлөсөн. Одоо тэгээд надад оногдох хөрөнгийг өгчихөд юу нь болохгүй байгааг би ойлгохгүй байна. Чиний ч хүч хөдөлмөр бий, миний  ч хүч хөдөлмөр байгаа гэж бодож байна. Туркэд ажиллаж байхдаа би чамаас хэд дахин илүү цалин хөлс авдаг байсан шүү. гэжээ.

 Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Мөн амралтын өдрөөрөө ашиг орлоготой гэгдэх махны наймаа хамтран хийсэн. Цалингаасаа гадна давхар орлоготой болж цаашдаа Монголдоо очиж амьдрах талаар ярилцан Мөнх-Эрдэнийг 2013 оны хавар түрүүлж явуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 66-30 тоотын 2 өрөө орон сууцыг худалдан авах гэрээ хийсэн.  Мөнх-Эрдэнэ 2013 оны 7 сарын 11-ний өдөр Турк улсад буцаж ирээд 2015 оны намар хүртэл ажиллаж амьдарч байгаад Монголдоо ирсэн. Бид цаашдаа өөр улсад гарч ажиллахаар ярилцан Архангайд байдаг миний аав, ээж дээр очин дэмжлэг туслалцаа хүсч хэсэг хугацаанд байхад Мөнх-Эрдэнэ түрүүлээд Дорнодод ирсэн.  Хэрлэн сумын 6 дугаар баг, Сүхжин хорооллын 66-30 тоотын 2 өрөө орон сууцны гэрчилгээ гарах болж би өөрөө Архангайд байсан учир Мөнх-Эрдэнийн нэр дээр гаргах талаар ярилцсан. 

2019 оны 5 сараас 12 сар хүртэл АНУ-ын Колорода мужид гэрээгээр очин ажил хийж өөрийн хэрэглээнээс илүүчлэн Мөнх-Эрдэнэ рүү Худалдаа хөгжлийн банкны улс хоорондын валютын гүйлгээгээр 13 000 доллар шилжүүлэн хуримтлал үүсгүүлж ирээдүйд болон цаашдын бизнест хөрөнгө оруулалт гэж хэрэглэх байсан. Үүнээс 11 сая төгрөг буюу миний АНУ уруу явж ирэх тийз, гэрээний зардлыг хасч тооцсон. Иймд бидний дундын өмч болох Хэрлэн сумын 6 дугаар баг, Сүхжин хорооллын 66-30 тоотын 2 өрөө орон сууцны өөрт ногдох 50 хувь буюу 30 сая төгрөг,  АНУ-аас шилжүүлсэн 13 000 доллар буюу 2021 оны 12 сарын 9-ний өдрийн ханшаар /2848.65/ тооцон 37 024 000 төгрөгөөс зардал 11 сая төгрөгийг хасахад 27 000 000 төгрөг болно. Иймд нийт 57 000 000 төгрөгийг *******эс нэхэмжилж байна. гэжээ.

Нэхэмжлэгч Г.Мөнх-эрдэнэ сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Би сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрлэн сумын 6 дугаар баг, 66-30 тоот байрыг би өөрөө ажиллаж, хөдөлмөрлөж байж өөрийн нэр дээр зээл авч авсан. Манай дүү байрны урьдчилгаа мөнгийг төлсөн. Америкаас явуулсан 32 сая төгрөгийн хувьд тэр мөнгөнөөс би өөртөө нэг ширхэг ч оймс худалдаж аваагүй. Бүгдийг нь өөрийг нь явуулахын тулд тавьсан өр төлбөр, зээлд төлсөн. *******ыг АНУ уруу явахад авсан банкны зээл 19 000 000 төгрөг, хувь хүнээс зээлсэн 4 000 000 төгрөг, хэрэглээний зээл 1 000 000 төгрөгийг тус тус төлсөн, үлдсэн 8 000 000 төгрөгөөр нь машины урьдчилгаа болгоод машин авч өгсөн боловч Буянбаяр нь өөрөө бусадтай явж байгаад эвдэж сүйтгээд дуусгасан учир дээрх нэхэмжилж байгаа мөнгийг төлөхгүй. гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Бэсүд овогт Рэнчинлхүмбийн Буянбаяр, Хуацай овогт Гантөмөрийн Мөнх-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2005 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү М.Батзолбоог эх Г.Мөнх-Эрдэнийн асрамжид үлдээж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8, 127 дугаар зүйлийн 127.1.1-д зааснаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 66 дугаар байрны 30 тоотын 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Г.Мөнх-Эрдэнийн хуваарьт хөрөнгө мөн болохыг тогтоож, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******эс 12 779 415 /арван хоёр сая долоон зуун далан есөн мянга дөрвөн зуун арван тав/ төгрөгийг гаргуулан хариуцагч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 44 220 585 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 539 237 төгрөгөөс 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 469 037 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг тус тус  гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод нөхөн төлүүлж, нэхэмжлэгч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 35 100 төгрөгийг гаргуулан хариуцагч *******т олгож,... шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх үнэн бодит байдал болон гэрчийн мэдүүлэг нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй зөрүүтэй мэдүүлгийг нягталж үзэлгүй хэт нэг талыг барьж нэхэмжлэгчийн мэдүүлэгт ач холбогдол өгч шийдвэр гаргасан. Миний хамтын амьдралынхаа явцад оруулсан хөдөлмөрийн хөлс орлогыг огтхон ч үнэлж үзсэнгүй. Мөнх-Эрдэнэ надтай гэр бүл байгаагүй, хамтран амьдарч байгаагүй мэтээр илт худал хэлж байгаа ч бидний хамтын амьдралтай байсан талаар өөрийнх нь болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож, нотолж ярьсан байдаг.

Миний бие анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ хамтран амьдрах явцад хамтын хөдөлмөрийн үр шимээр худалдан авсан Хэрлэн сумын 6 дугаар баг, Сүхжин хорооллын 66-30 тоот 2 өрөө орон сууцыг өнөөгийн зах зээлийн ханшаар бодож өөрт ногдох хувь болох 30 сая төгрөг, мөн АНУ-д 2019 оны 5 дугаар сараас 12 дугаар сар хүртэл хөдөлмөр эрхлэн шилжүүлж байсан 13 000 доллар буюу нийт 57 000 000 төгрөгийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх миний гаргасан нэхэмжлэлээс 12 779 415 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн.

Миний хамтын амьдралынхаа явцад оруулсан хөдөлмөрийн хөлс орлогыг огтхон ч үнэлж үзсэнгүй. Анхан шатны шүүх бидний хамтын амьдралыг болон хамтын хөдөлмөрийг үгүйсгэн шийдвэр гаргаж намайг Хэрлэн сумын 6 дугаар баг, Сүхжин хорооллын 66-30 тоот 2 өрөө орон сууцыг худалдан авахад оролцоогүй гэрлэхийн өмнө нэхэмжлэгчийг байраа авсан мэтээр үндэслэлдээ дурдсан байна.

... Ер нь хоёулаа Монголд очиж амьдрах юм чинь орон байртай больё байрны мөнгө хураая, Дорнод аймагт таньдаг ах эгчийн компани орон сууцны барилга барьж байгаа тэндээс аятай нөхцлөөр авах боломж байна гэж ярилцаад Монгол руу 2013 оны 3 дугаар сард өөрийг нь явуулж уг байрыг Мөнх-Эрдэнийн дүү Мөнхтуяагаар урьдчилгаа болох 5 сая төгрөгийг бүрдүүлүүлэн захиалж худалдан авахаар болсон. Тухайн үед Мөнх-Эрдэнэ байрны гэрээгээ хийгээд 2013 оны 7 дугаар сарын 11-ний өдөр наадмаар Туркд ирж байсан. Энэ үед хагалгаанд орж би 900 доллар Туркд байх Бямбаа гэх хүнээр дамжуулан Мөнх-Эрдэнэд өгч байсан.

Байрны гэрээ 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хийгдсэн байдаг. Гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарьт зээлийн гэрээний төлөлт хэрхэн төлөгдөж байсан тухай тэмдэглэгдсэн байна. Үүнийг нь харахад 2013 оны 5 дугаар сарын 30-аас 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл бид Туркд хамтдаа байх хугацаанд байрны зээлээ төлж дуусгасан байна. Зээлийн төлөлтийг Мөнх-Эрдэнэ бид хоёрын хөдөлмөрийн хөлс орлогоор Дэлгэрмаа гэх хүний хувь данс руу шилжүүлэн өгч байсан. Энэ талаар баримтаа гаргаж өгөөгүй байна. Хоёр жилийн хугацаанд байрны зээлээ төлж дуусгаад өөр улс орон руу хамтдаа гарах зорилготой Монгол руу ирсэн. Энэ талаар хамт ажиллаж байсан Монголчууд хүртэл сонсоод гайхаж гэр бүлээрээ хамтдаа ажиллахад ашигтай, мөнгө хураах боломжтой юм байна гэж ярилцаж байсан.

АНУ-д ажиллаж байхдаа Мөнх-Эрдэнэ рүү нийт 13 000 доллар шилжүүлсэн байдаг. Энэ талаар банкнаас хуулга гаргуулах хүсэлт гаргасан боловч банк хүсэлтийг дутуу хангаж бүрэн хангагдаагүй байсан. 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 2000 долларын баримтыг гаргаж өгөөгүй. Энэ баримт сүүлд олдсон. Мөнх-Эрдэнэ рүү 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Доржготовын Өлзийбаяр гэх хүний данс гуйвуулгаар шилжүүлсэн байна. АНУ явахад 17 сая төгрөг зарцуулсан нь Мөнх-Эрдэнийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна гэжээ. Миний АНУ явсан визний тэмдэглэгээнд 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гарсан байдаг.

Дэлгэрэнгүй хуулгаас харахад 17 сая төгрөгний зээлийг 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр авсан байсан. 3 сая, 3.5 сая төгрөгөөр бараа авсан тэмдэглэгээ байна. 11 сая орчим төгрөгийн зардал гарсан. Би Мөнх-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлээс гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа ба хамтын хөдөлмөрийн үр шим болсон үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хуваарьт хөрөнгөө нэхэмжилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анхан шатын шүүхээс хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан. Нэг талыг барилгүйгээр үнэн зөвөөр хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байрны мөнгийг шилжүүлэхдээ Буянбаярын нэрээр шилжүүлэг хийгддэггүй байсан тул дундын өмч гэж үзээгүй байсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах саналтай байна. Хуваарь хөрөнгөөс Буянбаярт ноогдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв бодитой гарсан. Гомдлыг эсэргүүцэж байна. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс хангаагүй үлдсэн зарим хэсгийг тайлбарлах хүсэлтэй байна. Энэ хүмүүс гэрлэлтээ батлуулсан цаг үеэс хойш хамтын амьдралын хугацаанд тавьсан өр төлбөрийг хувааж төлөх үүрэгтэй гэж үзэж байна. 12 779 415 төгрөгийг хэн нэг нь нөгөөгийнхөө өмнө хариуцах үүрэггүй юм. Үнэхээр хариуцах үүрэгтэй гэж үзэж байгаа бол хувааж хариуцах ёстой. 6 389 707 төгрөг 50 мөнгө болгож өөрчилж өгөхийг хүсч байна. гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 66 дугаар байрны 30 тоот орон сууцыг өөрийн хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох тухай гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* эс зөвшөөрч маргасан, Р.Буянбарын Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 57 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн хариуцагч ******* эс зөвшөөрч тус тус маргажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие 2010 онд Турк улсад ажиллаж байхдаа Буянбаяртай танилцаж, 2011 оноос найзын журмаар хамтран амьдарч эхэлсэн. Гэхдээ эдийн засгийн хувьд нэгдээгүй, өөр өөрийнхөөрөө амьдарч байсан. Хамт амьдарч байх хугацаанд Буянбаяр нь их хэмжээгээр архи ууж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, ээжийн минь хажууд хүртэл намайг зодож байсан. ... учир явдлаа хамаатныхаа эгч Дэлгэрмаад ярихад эгч маань өөрийн барилгын компанийхаа барьж буй Сүхжин ХХК-ний байрнаас банкны баталгаа гэхгүйгээр эгчээсээ хувь лизингээр байр худалдаж ав гэсэн юм. Тэгээд би байр авахаар төрсөн дүү Мөнхтуяагаар банкнаас 5 сая төгрөгийн зээл авахуулан байрныхаа урьдчилгааг нь төлөөд өөрийнхөө нэр дээр гэрээ байгуулсан. ... 2015 онд бид хоёр Монголдоо буцаж ирсэн. Монголд ирээд сайхан амьдрах болов уу гэж бодсон ч Буянбаярын хувьд ямар ч тогтвор суурьшилтай амьдрах бодолгүй, зорилгогүй, дандаа л ийш тийшээ Солонгос, Япон, Турк явъя гэсээр бас л Турк руу буцаад явцгаасан. ... Буянбаяр тогтож суух шинжгүй, байнга ийш тийшээ явъя гэдэг болохоор нь 2018 онд Америк руу ажлын виз гарч байна гэж сонсоод Буянбаярыг бүртгүүлсэн. Америкийн визний материалыг бүрдүүлэхэд албан ёсоор гэр бүлийн баталгаатай байх, үр хүүхэдтэй байх, үл хөдлөх хөрөнгөтэй байх, дансандаа хэдэн сая төгрөгтэй байх ёстой гээд маш өндөр шаардлага тавигддаг юм билээ. ... Ер нь Буянбаярыг Америк явуулахын тулд шаардлагатай бүх л зүйлүүдийг хийж бараг 1 жил гаруй хугацаанд хөөцөлдсөн. Гэтэл Буянбаяр Америкт очоод 1 сар ч болоогүй байхдаа хутганы хэрэгт холбогдоод 1, 2 сар чимээ сураггүй болсон. Ингээд 7 сараас эхлээд шилжүүлсэн мөнгө нь нийтдээ 32 сая орчим төгрөг болсон. Тэр мөнгөөр нь би энд тавьсан өр, банкны зээлүүдээ төлсөн.  6 сая төгрөг үлдэхээр нь нэг ч гэсэн юм болгоё гэж бодоод 3 800 000 төгрөгийг нь машины урьдчилгаанд хийсэн. ... Би үнэхээр гомдолтой байна. Эцэст нь би энэ хүнтэй амьдрах гэсэн биш эрүүл мэнд, сэтгэл санаа, цаг хугацаа гээд бүх зүйлээрээ хохирсон. Тиймээс би энэ хүнээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийнхөө асрамжид үлдээх саналтай байна. Мөн Хэрлэн сумын 6 дугаар баг 66-30 тоот байраа өөрийн хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгохыг хүсч байна. гэж,

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагын татгалзаж буй үндэслэлээ: Мөнх-Эрдэнийн ярьсан зүйлийн 80-90 хувь нь худлаа байна. Тухайлбал анх найзын журмаар хамт амьдарч байсан гэж байна. Бид анхнаасаа хоорондоо ярилцаж, цаашдаа хамт амьдаръя гэж нэг гэрт орж байсан. Ажлын хувьд аль аль нь ажил, хөдөлмөр хийдэг байсан. Мөнх-Эрдэнэ оёдлын үйлдвэрт оёдолчин, би индүүчин хийдэг байсан. Би Турк хүмүүстэй адилхан цалин авдаг байсан. ...2013 онд бид хоёулаа л ажиллаж хөдөлмөрлөж байгаад Мөнх-Эрдэнийн ээж, хүү хоёрынх нь ирж, буцах зардлыг нь төлж авчирч байсан. 2013 ондоо бид ярилцаад Монголд өөрсдийн гэсэн байргүй юм чинь түрүүлж очоод байрны лизинг хөөцөлдье гээд Мөнх-Эрдэнэ түрүүлээд явсан ба тухайн үед Мөнх-Эрдэнэ жирэмсэн байсан нь үнэн. Тэгээд эхо-д харуулахад бөөрөнд асуудал байна, хавдар судлалд үзүүл гэж Дорнодын эмч хэлсэн юм билээ. Мөнх-Эрдэнэ над руу залгаад хавдартай болчихлоо гэж уйлахад нь би байнга л тайвшруулдаг байсан. ...2013 оны 07 сарын 10-нд Мөнх-Эрдэнэ Туркэд буцаж ирсэн. Буцаж ирэхдээ байрны урьдчилгаагаа хийгээд, лизингэд хамрагдсан гэдгээ надад хэлсэн. Туркэд нэг хүн ганцаараа ажиллаад зөвхөн тэндээ л хүн шиг амьдарна уу гэхээс 2 өрөө байр авах хэмжээний мөнгө хураадаггүй. Би ажлынхаа хажуугаар долоо хоног болгон маханд явж, мах авчирч зардаг байсан. Эхлээд гахайны мах зардаг байж байгаад сүүлдээ адууны мах зардаг болсон. Адуу, гахайны махыг Туркчүүд иддэггүй болохоор хямд үнээр надад өгдөг, би тэнд ажиллаж, амьдардаг Монголчууддаа хоёр, гурав нугалсан үнээр зардаг байсан. Хоёулаа л адилхан ажиллаж байж байрны мөнгөө цуглуулан өрөө ихэнхийг нь төлж дуусгасан. Одоо 5 сая хүрэхгүй төгрөгийн үлдэгдэл байгаа байх. ... 2018 онд Монголд буцаж ирсэн шалтгаан нь Мөнх-Эрдэнэ тэр үед дахиад жирэмсэн болоход нь хүний нутагт төрж болохгүй юм байна, Монголд очоод ээж, аавынхаа хажууд асаргаа сувилгаатай төрсөн нь дээр гээд явуулсан. Мөнх-Эрдэнийг явсны дараа би ч тэнд үлдээд яахав гээд 2018 ондоо араас нь Монголд ирсэн. Мөнх-Эрдэнээс өөрөөс нь бас их зүйл шалтгаалдаг юм.  Би нэг охинтой, охиныхоо талаар асууж мэдэхийн тулд заримдаа ээжтэй нь ярих болдог. Тэгээд ээжтэй нь ярихаар намайг салсан эхнэртэйгээ ярьлаа гээд бухимдаж, орилж бахираад эхэлдэг. Тэрнээс болоод хямардаг юм уу бас 3 дахь хүүхэд маань бүтээгүй зулбасан. Намайг байнга архи уудаг, зодож нүддэг гэж ярьж байна. Би байнга архи уугаад байна гэж юу байхав, хааяа нэг найз нөхөдтэйгөө уулзаад уух үе байдаг. Ууж идсэн болгондоо гар хүрээд зодож байгаагүй. Өөрөө согтуу хүний өөдөөс орилж бахираад, татаж зулгаагаад, маажаад байхаар согтуу хүн өөдөөс нь түлхчихдэг ч юм уу, эсхүл болиулах гээд гар хурууг нь чангахан барьчихаар эмэгтэй хүн эмзэг юм болохоор барьсан газраар хөхөрчихдөг. Тэрнээс биш хүнийг байнга зодож, нүдээд байна гэж байхгүй. гэж,

Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... Миний нэхэмжилж байгаа зүйл бол бид 10 жил хамт ажиллаж, хөдөлмөрлөсөн ба миний 10 жил ажиллаж, хөдөлмөрлөж байж олсон мөнгөөр энэ байрыг авч байсан болохоор өөрт ногдох хөрөнгөө гаргуулъя гэж нэхэмжилж байгаа юм. Тухайн үед би өөрөө дансгүй байсан болохоор ажиллаж олсон цалингаа бүгдийг нь Мөнх-Эрдэнийн дансанд хийдэг байсан. Тийм болохоор миний данснаас Сүхжин ХХК-ийн данс руу мөнгө орсон гэх баримт байхгүй, гэхдээ гэрчлэх хүмүүс бол байгаа. Мөнх-Эрдэнэ миний эд хөрөнгийг авах гээд шуналаа гээд яриад байна. Надад тийм зүйл байхгүй, би өөрийнхөө хөдөлмөрлөж олсон мөнгөө авъя л гэж байна. ...Америкаас явуулсан мөнгөний тухайд Мөнх-Эрдэнэ тэр баримтыг устгачихаагүй бол уг нь бага багаар мөнгө шилжүүлсэн баримт байсан юм. ... Миний хувьд нас явж, ажиллах хүч муудаж байгаа учраас ганц, хоёр жил ажиллах эрч хүчтэй байгаа дээрээ хүний газарт очоод ажиллавал Монголд авах цалингаас арай илүү хэдэн цаас хураах юм болов уу л гэж бодож гадагшаа явдаг. ... Сүүлд тэр машиныг нь Александр гэдэг залуу Цагаан-Овоо сум ороод ирье гээд гуйхаар нь би өгөөд явуулчихсан чинь замын овоолсон шороог очоод мөргөчихсөн юм билээ. Гэтэл Мөнх-Эрдэнэ онхолдуулсан гэж худлаа яриад байна. Би тэр машиныг нь Александрт 13 сая төгрөгөөр үнэлж зарсан. Тэр мөнгийг нь сүүлд Мөнх-Эрдэнэд төлж дуусгасан гэж хэлж байсан. Энд лангуу нээхдээ бараагаа авахаар Гуанжоу рүү явахад бид хамтдаа л явж, хамт л энэ амьдралыг босгох гэж адилхан хөдөлмөрлөсөн. Одоо тэгээд надад оногдох хөрөнгийг өгчихөд юу нь болохгүй байгааг би ойлгохгүй байна. Чиний ч хүч хөдөлмөр бий, миний  ч хүч хөдөлмөр байгаа гэж бодож байна. Туркэд ажиллаж байхдаа би чамаас хэд дахин илүү цалин хөлс авдаг байсан шүү.

... 2019 оны 5 сараас 12 сар хүртэл АНУ-ын Колорода мужид гэрээгээр очин ажил хийж өөрийн хэрэглээнээс илүүчлэн Мөнх-Эрдэнэ рүү Худалдаа хөгжлийн банкны улс хоорондын валютын гүйлгээгээр 13 000 доллар шилжүүлэн хуримтлал үүсгүүлж ирээдүйд болон цаашдын бизнест хөрөнгө оруулалт гэж хэрэглэж байсан. Үүнээс 11 сая төгрөг буюу миний АНУ уруу явж ирэх тийз, гэрээний зардлыг хасч тооцсон. Иймд бидний дундын өмч болох Хэрлэн сумын 6 дугаар баг Сүхжин хорооллын 66-30 тоотын 2 өрөө орон сууцны өөрт ногдох 50 хувь буюу 30 сая төгрөг,  АНУ-аас шилжүүлсэн 13 000 доллар буюу 2021 оны 12 сарын 9-ний өдрийн ханшаар /2848.65/ тооцон 37 024 000 төгрөгөөс зардал 11 сая төгрөгийг хасахад 27 000 000 төгрөг болно. Иймд нийт 57 000 000 төгрөгийг *******эс нэхэмжилж байна. гэж,

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэлээ: Би сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрлэн сумын 6 дугаар баг 66-30 тоот байрыг би өөрөө ажиллаж, хөдөлмөрлөж байж өөрийн нэр дээр зээл авч авсан. Манай дүү байрны урьдчилгаа мөнгийг төлсөн.  Америкаас явуулсан 32 сая төгрөгийн хувьд тэр мөнгөнөөс би өөртөө нэг ширхэг ч оймс худалдаж аваагүй. Бүгдийг нь өөрийг нь явуулахын тулд тавьсан өр төлбөр, зээлд төлсөн. *******ыг АНУ уруу явахад авсан банкны зээл 19 000 000 төгрөг, хувь хүнээс зээлсэн 4 000 000 төгрөг, хэрэглээний зээл  1 000 000 төгрөгийг тус тус төлсөн, үлдсэн 8 000 000 төгрөгөөр нь машины урьдчилгаа болгоод машин авч өгсөн боловч Буянбаяр нь өөрөө бусадтай явж байгаад эвдэж сүйтгээд дуусгасан учир дээрх нэхэмжилж байгаа мөнгийг төлөхгүй. ... гэж тус тус тайлбарлажээ.

Хэрэгт дараахь баримтууд нотлох баримтаар авагджээ. Үүнд:

Зохигчид нь 2011 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэр бүл болсныг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэрлэсний бүртгэлийн 2101000066 дугаарт бүртгэсэн гэрчилгээний хуулбар, /хх-ийн 15/ мөн нэхэмжлэгч Г.Мөнх-Эрдэнийн 2005 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү М.Батзолбоогийн овгийг 2019 оны 03 сарын 20-ны өдөр ******* болгож сольсон тухай иргэний улсын бүртгэлийн лавлагааны хуулбар, /хх-ийн 4,14/ үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000423089 дугаар гэрчилгээний хуулбар,/хх-ийн 5/ Сүхжин ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээ, /хх-ийн 6-9/ орон сууцны урьдчилсан төлөлтийн хуваарь, /хх-ийн 10/ төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт, /хх-ийн 11/ хариуцагч *******ын АНУ-ын виз дарагдсан хуудастай гадаад паспортын хуулбар, /хх-ийн 12/ ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5/405 дугаар бүхий албан бичиг, хавсралт хүснэгт, /хх-ийн 58-59/ зээлийн болон барьцааны гэрээ, /хх-ийн 60-64/ гэрчээр Х.Төгсбаяр, Л.Батнасан нарыг асуусан тэмдэглэл /хх-ийн 54-57/ зэрэг баримтууд авагдсан ба эдгээр баримтуудаар зохигчид нь 2010 онд Турк улсад танилцан, 2011 оноос хамтран амьдарч, ажиллаж хөдөлмөрлөж байсан ба 2011 оны 11 сард гэр бүл болсныг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэрлэсний бүртгэлд бүртгүүлж хууль ёсны гэр бүл болсон, нэхэмжлэгч ******* нь өөрийн төрсөн хүү Батзолбоогийн овгийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Буянбаяр болгож сольсон, улсын бүртгэлийн Ү-0614008032 дугаарт бүртгэлтэй Дорнод аймгийн Хэрлэн сум, 6 дугаар баг, 66 байр 30 тоот 44,43 м2 талбай бүхий орон сууцны нэг өмчлөгчийг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хоёр өмчлөгч болгон өөрчилсөн, хариуцагч ******* нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр АНУ явсан, АНУ-аас moneygram мөнгөн гуйвуулга ирж байсан үйл баримтууд тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, 2005 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.Батзолбоог эх Г.Мөнх-Эрдэнийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ., мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн., 126.2.1-д гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө; гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байхаар зохицуулжээ.

Нэхэмжлэгч ******* маргааны зүйл болж байгаа Хэрлэн сумын 6 дугаар баг, 66 дугаар байрны 30 тоот 44,43 м2 талбай бүхий орон сууцыг миний хуваарьт хөрөнгө гэж тайлбарлаж байгаа боловч зохигчид нь 2011 оноос хойш 10 гаруй жил хамтран амьдарч Турк улсад ажил хөдөлмөр эрхэлж байхдаа уг орон сууцыг Сүхжин ХХК-тай орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдаж авсан байх тул дээрх орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин хариуцагч ******* нь АНУ-аас moneygram мөнгөн гуйвуулгаар ирүүлсэн 30 гаруй сая төгрөгийг өөрийн хуваарьт хөрөнгө гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзнэ.

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ., 130 дугаар зүйлийн 130.3-т Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад олгож болно. гэж тус тус заасан.

Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа маргааны зүйл болж байгаа Хэрлэн сумын 6 дугаар баг, 66 дугаар байрны 30 тоот 44,43 м2 орон сууцыг 60,0 сая төгрөгөөр тооцож, уг байрны 50 хувь болох 30,0 сая төгрөгийг нэхэмжлэгч *******эс гаргуулахаар шаардлага гаргасныг нэхэмжлэгч ******* нь энэ байр миний хуваарьт өмч гэж маргаснаас бус байрны үнийн талаар маргаагүй, хэн аль нь уг байрны үнэлгээг гаргуулах талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна.

Иймд Хэрлэн сумын 6 дугаар баг, 66 дугаар байрны 30 тоот 44,43 м2 орон сууцыг 60,0 сая төгрөгөөр тооцож, гэр бүлийн гишүүдэд хуваахад нэг гишүүнд 20,0 сая төгрөг ногдож байх тул 66 дугаар байрны 30 тоот 44,43 м2 орон сууцыг нэхэмжлэгч *******, хүү Б.Батзолбоо нарт үлдээж, нэхэмжлэгч *******эс 20,0 сая төгрөгийг гаргуулж хариуцагч *******т олгох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 37,0 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379 053 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч *******ын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 138/ШШ2022/00445 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт дор дурдсанаар өөрчлөлт оруулсугай. Үүнд:

3 дахь заалтыг Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагаас Хэрлэн сумын 6 дугаар баг, 66 дугаар байрны 30 тоот 44,43 м2 орон сууцыг өөрийн хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

4 дэх заалтыг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлага болох Хэрлэн сумын 6 дугаар баг, 66 дугаар байрны 30 тоот 44,43 м2 орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, уг орон сууцыг нэхэмжлэгч *******, хүү Б.Батзолбоо нарын өмчлөлд үлдээж, байрны үнэ болох 60,0 сая төгрөгөөс гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсэг болох 20,0 сая төгрөгийг нэхэмжлэгч *******эс гаргуулж, хариуцагч *******т олгож, хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 37,0 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

6 дахь заалтын ... 70 200 төгрөгийг ... гэснийг ... 442 950 төгрөгийг ... гэж, ... 35 100 төгрөгийг ... гэснийг ... 257 950 төгрөгийг ... гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379 053 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

З.ЭНХЦЭЦЭГ