| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэрэлийн Тэгшсуурь |
| Хэргийн индекс | 134/2020/00147/И |
| Дугаар | 216/МА2022/00005 |
| Огноо | 2022-09-23 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 216/МА2022/00005
| 2022 оны 09 сарын 23 өдөр | Дугаар 216/МА2022/00005 |
С.О нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 134/ШШ2022/00116 дугаар шийдвэртэй,
С.О нэхэмжлэлтэй Б.Ц, Б.М-А нарт холбогдох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар баг - байрны - дугаар орц - тоот 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн амлалт тохиролцоо бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндсэн нэхэмжлэлтэй,
орон сууц үнэ 8 000 000 төгрөг, засварын зардал 8 000 000 төгрөг нийт 16 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч С.О, түүний өмгөөлөгч Э.Сайханаа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О, түүний өмгөөлөгч Э.Сайханаа, хариуцагч Б.М-А, түүний өмгөөлөгч П.Наранхүү, Ц.Гансүх, нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэл түүний үндэслэл, шаардлага:
Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Б.Ц, Б.М-А нарт холбогдуулан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар баг - дугаар байрны - дугаар орц - тоот 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууц хөлсөлсөн 18 000 000 төгрөг, засварын зардал 4 000 000 төгрөг гаргуулах гэсэн шаардлагыг нэмэгдүүлсэн боловч амлалт тохиролцоо бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж өөрчилсөн.
Нэхэмжлэгч С.О миний бие хариуцагч Б.М-А, Б.Ц нараас өөрийн өмчлөлийн - дугаар байрны - дугаар орцны - тоот 40м2 2 өрөө байраа албадан чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Нөхөр бид хоёр 2006 оноос эхэлж уул уурхай, жоншин дээр ажиллаж, олсон орлогоороо 2010 онд энэ байрыг худалдаж авсан. 2011 онд манай хадам ээжийн бие тааруу болоод хөдөөнөөс төвд орж, дулаан газар гээд байрандаа нэг жил амьдруулсан. 2012 оноос төмөр замд өөрийнхөө бага охин С гэрт амьдарч байгаад 2013 онд нас барсан. Мөн О гээд нэг дүү нь байсан. Хөдөө мал малладаг болохоор төв орохдоо ирж усанд орж, хувцсаа угааж байг гээд нэг жил хэртэй манай байранд байсан. 2015 оны 8 сараас Б.Ц дэнжид Малхын - тоотод хашаа байшинд амьдарч байхдаа эхнэр нь төрөх гэж байгаа, хүүхдүүд нь сургуульд орох гэж байгаа гээд манай малыг маллаж өгье, байранд чинь хүүхдүүдээ амьдруулъя, хүүхдүүд өвлийн хүйтэнд дэнжид зутраад байна гэхээр нь нөхөр бид хоёр ярилцаад байрандаа түр оруулсан. 2015 оноос өнөөдрийг хүртэл байрандаа энэ хүмүүсийг амьдруулахдаа нэг ч төгрөг аваагүй. Байраа худалдаж авахдаа ч энэ хүмүүсээс нэг ч төгрөг аваагүй. Тийм учраас өөрийнхөө байрыг энэ хүмүүсээс албадан чөлөөлүүлж өгөөч гэсэн хүсэлттэй байна. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хурал болоход манай өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар ирж чадаагүй. Намайг гадаа хувцсаа өмсөөд зогсож байхад П.Наранхүү өмгөөлөгч та нар ах дүү хүмүүс, муудалцуулаад яахав, хооронд нь эвлэрүүлж өгье, би тэрэгт яваад Б.М-А, Б.Ц нарыг аваад ирье, үдээс хойш та гурвыг уулзуулъя гэж надад хэлсэн. Тэр өдөр Б.М-А ирсэн. Б.Ц ирээгүй. Тухайн үед мал маллаж байх хугацаанд цалин мөнгө өгөөгүй гэж бид хоёрыг шүүхэд өгөөд 18 000 000 төгрөг нэхэмжилсэн байсныг эд нарт өгөөгүй байсан. Цагаан сар болох гэж байна, ах дүү хүмүүсийг хооронд нь муудалцуулаад яахав, эвлэрүүлж өгөх гэж байгаа юм байна гэж би итгэсэн. Гэтэл тэр нь худлаа байсан. Нийтдээ бид хоёр энэ хүмүүст 24-25 сая төгрөг өгсөн. Ер нь бол Дорноговийн зодооны хэргийг хэрэгсэхгүй болгоно, өргөдлөө татаж авна, цалин мөнгөний асуудал дээр тохиролцоно гэсэн боловч шүүх хурал болдогоороо болоод ах нь ял авсан, цалин мөнгийг нь бид хоёр шийдвэрлээд өгчихсөн, мөн 9 000 000 төгрөгийг нь өгчихсөн. Тухайн үед цагаан сар болох гээд нөхөр маань өвлийн хүйтэнд хүний нутагт цагдаагийн үүд сахиад яахав, үнэхээр эвлэрүүлж өгөх гэж байгаа бол эвлэрье гэж бодсон. Би хэлцлийн эхний хэсгийг уншиж, танилцсан. Сүүлийн хэсгийг нь эвлэрүүлнэ гэж итгэж байсан болохоор уншаагүй гарын үсэг зурсан гэжээ.
2. Хариуцагчийн тайлбарын агуулга:
2010 онд манайх хөдөө байдаг байхдаа баахан мал зараад 11, 11 саяар 2 байр авсан. Гэтэл шүүх хуралдаан болоод ирэхээр 8 сая болчихсон. Тухайн үед 6 сая төгрөгийг бид хоёроос идчихсэн байсан. Бид бүгд хөдөө байдаг, эднийх ганцаараа төвд амьдардаг байсан. Наймаа хийдэг болохоор байрыг барьцаанд тавих хэрэгтэй байна, ордерийг нэр дээрээ авъя гэхээр нь бид нар зөвшөөрөөд нэр дээр нь гаргуулсан. Ордер гэдэг зүйлийг ямар зүйл байдаг гэдгийг ч мэддэггүй байж байгаад, одоо л мэдэж байгаа. Энэ маргаан нь бид хоёр малыг нь малладаг байж байгаад, ах нь цалин хөлс өгдөггүй, ах дүү нараа ч хардаггүй болохоор хоёулаа ажил хөдөлмөр хийе гээд малыг нь буцаагаад хүлээлгэж өгснөөс эхэлсэн. Тэгээд цалин мөнгөө нэхэмжилье гэхээр эд нар өширхөөд, байрны ордер энэ хүний нэр дээр болохоор энэ хэдийг байрнаас нь хөөгөөд гаргая, яасан их хүний малыг маллаж өгдөггүй юм гээд өширхсөн байдлаар энэ бүх зүйл эхэлсэн. Ер нь бол манай байр. Энэ хүний нэр байгаа болохоор өөрийнхөө давуу байдлыг ашиглаад бид нарыг хөөж байгаа. Тэгэхээр шүүхийн талаас нь бодоод үзэхээр яах ч аргагүй ордер энэ хүний нэр дээр байгаа учраас шийдвэр бид нарын талд гарах ямар ч нөхцөл байхгүй юм шиг байна. Тийм учраас энэ байрнаас гаргах шаардлага дээр маргаан байхгүй. Харин нотариат дээр хэлцэл хийсэн талаар хэлье. П.Наранхүү өмгөөлөгч, та нар ах дүү хүмүүс уулзаад учраа ол гэхэд нь тэгье бид хоёр уулзаад П.Наранхүү өмгөөлөгчийн өрөөнд ч тэр, нотариатын өрөөнд ч тэр хоёулаа уулзаад одоо болъё, хоорондоо өширхөөд ах дүү нар нэг нэгнийгээ алж ч магадгүй юм байна, энэ байрнаас болж алаан болох юм байна, энэ байрыг шилжүүлээд өгчихвөл болчих юм байна гэж ярьж тохироод, нотариат орж гэрчлүүлээд, бас нэг зүйл дээр гарын үсэг зураад, нийт 2 гарын үсэг зурсан. Эцэст нь хэлэхэд энэ хүн давуу байдлаа ашиглаж биднийг гэр оронгүй болгож байна. Иймд бид нарын хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр болгож өгнө үү гэжээ.
3. Сөрөг нэхэмжлэл, үндэслэл:
16 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн гол үндэслэл болон гол нотлох баримт нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн нотариатаар гэрчлүүлсэн хэлцэл, мөн шүүхэд гаргаж өгсөн эвлэрлийн гэрээ. Мөн өөр бусад нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. 8 000 000 төгрөг нь юу юм бэ гэхээр анх хариуцагч 200 гаруй малаа зараад 11 000 000 төгрөг өгсөн. Үүний дагуу талууд тохиролцоод 8 000 000 төгрөг болгож, тухайн байрыг анх авсан 8 000 000 төгрөгийг хариуцагч тал гаргасныг буцаагаад өгье гэж нэхэмжлэгч тал хэлсэн. Харин хариуцагч тал тэгж шийдэж байгаа бол энэ байрыг чөлөөлж өгье гэсэн ийм зүйлийг хэлдэг. Үүнийг давхар юу нотлох вэ гэхээр малаа зараад мөнгийг нь нэхэмжлэгч болон түүний нөхөрт өгсөн ийм л асуудал байгаа. Дараачийнх нь байрны засварын мөнгө. Энэ байрыг өөрийнхөө өмч гэж үзсэн учраас ийм том хэмжээний засвар хийсэн. Үүнийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн нотариатаар гэрчлүүлсэн хэлцэл, мөн эвлэрлийн гэрээ 2 дээр маш тодорхой дурдсан байгаа. Эвлэрлийн гэрээнд талууд садан төрлийн холбоог харгалзан биесээ хүндэтгэж, харилцан ойлголцон, сайн дурын үндсэн дээр хийсэн болно гэсэн өгүүлбэр байгаа. Яагаад энэ эвлэрлийн гэрээг сөрөг нэхэмжлэлтэй холбоод яриад байдаг вэ гэхээр 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн эвлэрлийн гэрээн дээр Говьсүмбэр аймгийн тойргийн нотариатч А 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн нотариатын гэрчлэл хийсэн хэлцэл нь энэхүү эвлэрлийн гэрээний салшгүй хэсэг бөгөөд агуулга нь болно гээд биччихсэн. Өөрөөр хэлбэл энэ нотариатаар гэрчлүүлсэн хэлцлийн дагуу эвлэрлээ гэдгээ талууд харилцан тохиролцсон асуудал. Тийм учраас С.О гарын үсэгтэй энэ үг, үсэг, өгүүлбэрээр 16 000 000 төгрөгийг гаргуулах ёстой. ...Мөн шинжээчийн дүгнэлт нь хууль зөрчсөн, хуульд заасан шаардлага хангахгүй учраас шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, үндэслэл:
Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрөө байраа худалдаж авсан. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бид энэ хэлцлийг хийж байх үед бид хариуцагч нарт мөнгө төлөөгүй байсан. Дараа нь 9 000 000 төгрөг болон цалин мөнгөний асуудал бүгд шийдэгдчихсэн. Мөн байран дээр шинжээч томилоод шинжээчийн дүгнэлт гарсан. Байрны даацын хана болон коридорын хана буулгаж, гал тогоог нь коридорт нь байрлуулсан шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Би энэ хүмүүсийг байранд засвар хий гэж хэлээгүй. Надаас засвар хийх үү гэж асуугаагүй. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3-т зааснаар зөвшөөрөл авах ёстой. Миний байр стандарт засвартай. Зориулалтын 2 өрөө байр байсан. Зарлагын баримт 5 019 000 төгрөг гээд засвар хийсэн хүмүүс 3 000 000 төгрөг авсан нийт 8 000 000 төгрөг гээд байгаа. Энэ зарлагын баримтыг харахаар тамга нь М-О ХХК гэсэн байгаа. Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад ийм барилгын компани байхгүй гэсэн лавлагаа ирсэн байдаг. Иймээс нотлох баримтыг хуурамч гэж үзэж нотлох баримтаас хасуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Энэ нотариатаар гэрчлүүлсэн зүйлийг П.Наранхүү өмгөөлөгч өөрөө үг, үсэг, өгүүлбэрийг зохиож бичсэн. Надаас С.О эгчээ энийг ингэж бичвэл яах уу, тэрийг ингэж бичвэл яах уу гэж нэг ч удаа асуугаагүй. Тухайн үед нотариатч А хажууд нь очиж зогсож байгаад өөрөө хэлж зааж зааварлаж бичүүлж байсан. Гэрч А нотариатч гэрчээр асуухад нотолж хэлсэн. Угаасаа 8,000,000 төгрөгийг огт аваагүй. Гарын үсэг зурсан болохоороо 8 000 000 төгрөг авсан болохгүй. Тэгвэл 8 000 000 төгрөг өгсөн гэдгээ яаж нотлох юм бэ. Өгсөн гэдгээ л нотлох хэрэгтэй. Амлалт тохиролцоо гэсэн энэ зүйл агуулгын хувьд тодорхой биш, 2, 3 агуулга илэрхийлчихээд байгаа. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэгч С.О нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.Ц, Б.М-А нарын эзэмшлээс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар баг - дугаар байрны - дугаар орц - тоот 40 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлж, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар нэхэмжлэгч С.О, хариуцагч Б.М-А нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.О байрны үнэ, засварын зардал нийт 16 000 000 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Ц, Б.М-А нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 644 850 төгрөгнөөс 247 750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, үлдэх 397 100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 237 950 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгчээс 237 950 төгрөгийг гаргуулж хариуцагч нарт олгож, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 317 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, ... гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
6. Давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгч С.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 134/ШШ2022/00116 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан амлалт тохиролцоонд үндэслэн нэхэмжлэгч С.О урьд орон сууц худалдаж авахаар өгсөн 8 сая төгрөг гэж ... нийт 16 сая төгрөгийг гаргуулж Б.Ц, Б.М-А нарт олгохоор шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзээгүй, бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс үзэхэд нэхэмжлэгч андуурч, буруу ойлгож гарын үсэг зурсан бол залруулж үл болно харин хариуцагч зөрүүтэй тайлбарыг удаа дараа бичиж тайлбарлаж гарын үсэг зурсан бол тэр хууль ёсны байна. Өөрөөр хэлбэл шүүх нотлох баримтаар амлалт тохиролцоо гэснийг үнэлэхдээ хэлцэл хийх үедээ хариуцагч нар орон сууцыг 11 сая төгрөгөөр худалдаж авсан биш урьд өмнө ярьж бичиж байгаагүй 8 сая төгрөгөөр худалдаж авсан гэснийг тал бүрээс бодитойгоор харьцуулж үзээгүй. Шүүх миний биеэс 8 сая төгрөгийг гаргуулж хариуцагч нарт олгуулахдаа миний андуурч, эрх зүйн мэдлэг дутаж, сэтгэл дарамттай байдалд гарын үсэг зурсан үйлдлийг бусад нотлох баримт, хариуцагч нарын тайлбартай харьцуулан үнэлгээ хийлгэлгүй зөвхөн амлалт тохиролцоог ач холбогдолтой үнэн зөв гэж үзэж нэхэмжлэгч миний биед хохиролтойгоор харин хариуцагч нарын орон сууцыг 11 сая, 8 саяар, М, О ахтайгаа худалдан авсан гэж зөрүүтэй худал тайлбар бичиж гарын үсэг зурсныг мөн гэж үзэж харицуагч нар ашигтайгаар хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх орон сууцанд засвар хийсэн 8 сая төгрөгийг миний биеэс гаргуулахдаа гэрч Ц.У, Д.Д, А.Э нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр орон сууцанд засвар хийсэн болох нь нотлогдсон, хэлцэлд дурьдснаар уг байранд 8 сая төгрөгөөр засвар хийсэн болохыг нэхэмжлэгч С.О нь хүлээн зөвшөөрч худалдах худалдан авах гэрээний үнэ буюу орон сууцны үнэд оруулан тооцсон гэжээ. Гэрчүүдийн мэдүүлгээр засвар хийсэн гэснээс хэдэн төгрөгний материалаар засвар хийсэн гэдгийг нотлоогүй, харин шинжээч нарын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаар, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтүүдээр хариуцагч нарыг тус орон сууцанд засвар хийхдээ Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3, 46.4, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан. Мөн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шүүгчийн 134/ШЗ2022/00493 захирамжаар 1-р хх-ийн 110 дугаар талд байх Mobi БМДэлгүүр гэсэн 2017.08.20-ны 5 019 000 төгрөгний бараа материал авсан гэх зарлагын баримтыг хуурамч нотлох баримт гэж нотлох баримтаас хассан. Бусдын орон сууцанд амьдарч байгаа хэнч тухайн орон сууцанд засвар үйлчилгээ хийх бол Иргэний хуулийн 289 дугаар зүйлд зааснаар өмчлөгчөөс зөвшөөрөл авах ёстой атал хариуцагч нар өмчлөгч миний биеэс зөвшөөрөл авч надад мэдэгдээгүй гэх зэрэг зөрчил дутагдал, хуулиар хориглосон үйлдлүүд гаргаж, хэдэн төгрөгний бараа материалаар орон сууцанд засвар үйлчилгээ хийсэн нь нотлогдоогүй байхад миний биеэс орон сууцны засварын 8 сая төгрөгийг хариуцагч нарт төлөхөөр хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 4-т хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ... мөн шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 134/ШШ2021/00067 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж ... зэргээр дараах үйл баримт тогтоож байна гэжээ. 2-р хх-ийн 84-р талд байх 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 134/ШШ2021/00067 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж бичгийн нотлох баримтыг ИХШХШТ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т зааснаар бэхжүүлж цуглуулаагүй хуулбар хувийг хэрэгт хавсаргаж улмаар тус захирамж шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нь хуульд нийцэхгүй юм.
Иймд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан амлалт тохиролцоо гэсэн хэлцлийг хүчиндөгөлдөр бусд тооцож, нэхэмжлэгч С.О миний биеэс гаргуулахаар хянан шийдвэрлэсэн 16 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ :
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан хэдий ч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж тус тус шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч нь ...амлалт тохиролцоо бүхий хэлцлийг Наранхүү өмгөөлөгч зохиосон, ...миний эрх зүйн мэдлэг дутаж, сэтгэл дарамттай байдалд гарын үсэг зурсан үйлдлийг бусад нотлох баримт, ... тайлбартай харьцуулан үнэлгээ хийлгэлгүй зөвхөн амлалт тохиролцоог ач холбогдолтой үнэн зөв гэж үзэж ... хариуцагч нарт ашигтайгаар хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
1. Нэхэмжлэгч С.О нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар баг - дугаар байрны - дугаар орц - тоот 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, амлалт тохиролцоо бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, харин нэмэгдүүлсэн шаардлагаар нэхэмжилсэн орон сууц хөлслүүлсний хөлс болох 18 000 000 төгрөг, мөн засварын хөлс 4 000 000 төгрөгөөс тус тус татгалзжээ.
Нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хууль, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-хх5/-нд, амлалт тохиролцоо бүхий хэлцлийн хувьд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т тус тус үндэслэжээ.
2. Хариуцагч Б.Ц, Б.М-А нар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй, харин амлалт тохиролцоо бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй хэмээн маргажээ.
Хариуцагч нар нь анх орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргаснаа өөрчлөн анх орон сууц авахад өгсөн 8 000 000, засвар хийхэд зарцуулсан 8 000 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь анхан шатны шүүх орон сууцанд хийгдсэн засварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Хариуцагч нар нь уг орон сууцны өмчлөгч биш болохоо хүлээн зөвшөөрсөн өөрөөр хэлбэл орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байхад шүүхээс ... эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг хүлээгээгүй тул засвар хийхдээ өмчлөгчөөс зөвшөөрөл авах шаардлагагүй байсан, ...нэхэмжлэгч талаас хохирол шаардаагүй тул засварын зардлыг харилцан тооцох, үгүйсгэх боломжгүй юм.... гэж дүгнэснийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Хариуцагч нар нь уг орон сууцыг хөлслөгч мөн бөгөөд албан ёсоор гэрээ хийгээгүй нь тэд хөлслөгчийн үүрэг хүлээхгүй байх үндэслэл болохгүй юм. Хөлслөгч нь хөлсөлж буй орон сууцанд засвар хийхдээ хөлслүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна. Засвар хийхэд авсан гэх барилгын мөтериалын зарлагын баримт /1-р хх-102/ нь хуурамч гэдэг нь ойлгомжтой буюу М-О ХХК-ны буюу эмийн сангийн тамга тэмдэгтэй байгаагаас илэрхий байна. Мөн орон сууцанд хийгдсэн засвар нь барилга байгууламжийн үндсэн хийц, бүтэц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөхийг хориглоно гэсэн хуулийн заалтыг зөрчсөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас засварын зардалд нэхэмжилсэн 8 000 000 төгрөгийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагууд, сөрөг нэхэмжлэлийн үлдсэн шаадлагын хувьд анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн, иргэний хуулийн зүйлчлэлийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгчээс гаргуулсан улсын тэмдэгтийн хураамжийг зохих хэмжээгээр өөрчлөх нь зүйтэй болно. Мөн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг гомдлын зарим хэсгийн хангасан тул шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, заримыг нь хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 134/ШШ2022/00116 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтны ... С.О байрны үнэ, засварын зардал нийт 16 000 000 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Ц, Б.М-А нарт олгосугай гэснийг ...С.О байрны үнэ 8 000 000 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Ц, Б.М-А нарт олгож, засварын зардал 8 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаадлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 4 дэх заалтны ... 237950 ... 237950 ... гэснийг ...142950 ....142950 ... гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийн Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДНЯМАА
ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧ Г.ТЭГШСУУРЬ