| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 137/2019/0063/э |
| Дугаар | 122 |
| Огноо | 2020-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 122
Д.Мд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 632 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1072 дугаар магадлалтай, Д.Мд холбогдох 1908018120591 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Боржгин овогт Д М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Мөнхтулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ч.Энхдаваа, түүний өмгөөлөгч Б.Дима, шүүгдэгч Д.Мөнхтулгын өмгөөлөгч Д.Барсүрэн нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалаар Д.Мд оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүчингүй болгож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. Шүүгдэгч Д.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа. Мөн хохирогчоос уучлал гуйж, түүнд учруулсан хохирлыг бүрэн хэмжээнд төлсөн.Хохирол төлөхгүй гэсэн биш хохирогч хуурамч баримт бүрдүүлсэн учраас би төлөхгүй гэсэн юм. Цаашид энэ асуудлыг эрүүгийн журмаар шалгуулна. Тийм учраас өмгөөлөгчийн буруу харьцаанаас болж Д.Мөнхтулгыг яллах үндэслэл байхгүй. Цаашид ямар хохирол гарахыг мэдэхгүй бөгөөд хэрэв төлбөр гарсан тохиолдолд төлөхөө илэрхийлсэн. Д.М нь ам бүл тавуулаа, эхнэр нь зүрхний хүнд шигдээс өвчний улмаас 2014 онд тахир дутуугийн тэтгэвэрт орж, эмнэлгийн хяналт болон Д.Мөнхтулгын байнгын асрамжид байдаг. Мөн 6 сартай хүү, 14 настай хүү, 13 настай охины хамт амьдардаг бөгөөд тэднийг тэжээж байгаа цорын ганц хүн бол Д.Мөнтулга юм. Иймд энэ нөхцөл байдлыг харгалзаж үзэхийг хүсье. Д.М нь “Эко констракшн” ХХК-ийн ганц урдаа барих гагнуурчин. 2017, 2019 онуудад компанийн шилдэг ажилтнаар шалгарч цом үнэ бүхий зүйлээр шагнагдаж байсан. Хэрвээ 320 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэгдвэл компанийн ажил хохирох асуудал үүснэ. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялаар шийтгэж өгнө үү ” гэв.
Мөн хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Хоёр удаагийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.Энхдаваагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг шүүгдэгчийн үйлдсэн хэргийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд нь тохируулж оногдуулсан байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой ижил утга бүхий гомдлыг хяналтын шатны шүүхэд гаргасан. Давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээж аваагүй үндэслэлийг магадлалд тодорхой дурдсан. Өөрөөр хэлбэл хохирол төлөөгүй, хохирогч гомдолтой байгаа зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд ялыг өөрчлөх боломжгүй. Шүүх Д.Мд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Д.М нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Энхдавааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Мөнхтулгын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн нь шүүгдэгч Д.М ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг, 6 сартайгаас 14 насны 3 хүүхэдтэй, эхнэр нь зүрхний өвчний улмаас тахир дутуугийн тэтгэвэрт, эмнэлгийн хяналт болон Д.Мөнхтулгын байнгын асрамжид байдгыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг “ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байдал”-ыг харгалзан солиулах тухай гомдол гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад анхан болон давж заалдах шатны шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Д.М нь “Соната 6” загварын 72-00 дугаартай тээврийн хэрэгслээр хурдтай явж хөл дээгүүр нь гарах дөхсөн үйлдэл гаргахад тээврийн хэрэгслийн ар дээр цохиж “дайрлаа шүү дээ” гэхэд хохирогч Ч.Энхдаваа бууж ирэн “чамайг дайрсан байсан ч яадаг юм” гэж тэдгээрийн хооронд маргаан үүсэх, гэмт хэрэг гарахад өдөөн түлхсэн ажиллагаа болсныг шүүгдэгчид ял оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд дурдсан үндэслэлүүдийг хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтыг шинжлэн судалж үзэхэд Д.М нь эхнэр болон бага насны 3 хүүхдийн хамт амьдардгаас гадна ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг нь тогтоогдож байх тул энэ талаарх хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдвал зохино.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэнгийн гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 632 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1072 дугаар магадлалд:
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхтулгыг 1000 нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй”,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулж, шийтгэх, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР