| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 128/2016/0852/З |
| Дугаар | 4 |
| Огноо | 2016-12-23 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 4
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өнөр бүл хүүхдийн төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох
Гуравдагч этгээд: Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/386 дугаар захирамжийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Да хүрээ захын зүүн хойд талд 2262 м2 газрыг дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Өнөр бүл хүүхдийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одонхүү, А.Ариунболд, өмгөөлөгч Т.Урангэрэл, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ, гуравдагч этгээд тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Өнөр бүл хүүхдийн төвийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одонхүү, А.Ариунболд, өмгөөлөгч Т.Урангэрэл нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөр бүл хүүхдийн төв нь анх 1974 онд байгуулагдсан бөгөөд одоо Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын харьяа, төрөөс зайлшгүй асран хамгаалах хэрэгцээ үүссэн 02-18 насны хүүхдүүдийг хүлээн авч гэр бүлд дүйцэхүйц асрамж, халамж, хамгааллын үйлчилгээг төрийн нэрийн өмнөөс үзүүлдэг онцгой статус бүхий байгууллага юм.
Тус төвийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ногооны зоорийг 1979 онд Хүүхдийн төлөө фондын шийдвэрээр манай төвийн хүүхдүүдийн тарьсан ногоог хадгалах зориулалтаар (хуучнаар Хүүхэд асран хүмүүжүүлэх төв)-д шилжүүлснээс хойш нийслэлийн өмчийн болон тус төвийн үндсэн эд хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй байдаг юм. Уг зоорь сүүлийн жилүүдэд ашиглалтын шаардлага хангахгүй болсон бөгөөд дахин засаж сэлбэх хөрөнгийн эх үүсвэргүйн улмаас зоорь болон газрыг удаан хугацаанд ашиглаагүй байсан.
Дээрх зоорийг ашиглах зорилгоор 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр газрын кадастрын зураг хийлгэж эзэмших эрхийн гэрчилгээгээ гаргуулахаар хөөцөлдөж байх явцад Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/386 дугаар захирамжаар, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэх хууль бус шийдвэр гаргасан байдаг юм. Манай төв нь хүүхдүүдийг эрүүл, аюулгүй, органик хүнсээр хангах, хүүхдийг нийгмийн тустай хөдөлмөрт сургах, тэднийг ажилч хичээнгүй зөв хүн болгон төлөвшүүлэх зорилгоор сүүлийн 3 жил Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт өөрийн нөөц бололцоонд тулгуурлан төмс хүнсний ногоо тарьж байгаа бөгөөд зоорины газрын асуудлыг шийдэж өгөөгүйн улмаас төмс, хүнсний ногоогоо хадгалахад хүндрэл учирч байна.
Тус байгууллагын үндсэн эд хөрөнгийн бүртгэлтэй зоорины газрын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Некст сүрвэй” ХХК-аар 2262.0 м2 газрын кадастрын зураг хийлгэж хүсэлтээ гаргасан байхад давхардуулан Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Баянзүрх дүүргийн Тамгын газарт газар эзэмших захирамж гаргасан нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Мөн уг зоорь нь манай төвийн үндсэн эд хөрөнгийн бүртгэлтэй байгаа нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын 7/4150 дугаар албан бичиг нотлож байгаа юм.
Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/386 дугаар захирамжийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Да хүрээ захын зүүн хойд талд 2262 м2 газрыг дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заажээ. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус зааснаас үзэхэд иргэн, байгууллагад хууль ёсоор эзэмшүүлээгүй газар бол төрийн өмч бөгөөд эрх бүхий этгээд захирамж гаргаж, тодорхой зориулалтаар газар эзэмшүүлснээр эрх үүсэхээр байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан шиг хууль ёсоор газар эзэмших эрхгүй атлаа тус газрыг өөрийн газар мэт зоорины газар гэх боломжгүй юм. Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалт нь хууль ёсоор газар эзэмшиж буй эзэмшилд хамаатай буюу тус газарт анх Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн байна.
Мөн нэхэмжлэгч 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүсэлтээ гаргасан гэх ба дүүргийн Өмч, газрын харилцааны албаны ирсэн бичгийн бүртгэлээс түүж үзэхэд тус байгууллагаас өргөдөл бүртгэгдээгүй байна. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар төрийн байгууллагад хүсэлт гаргасан бол түүнийг заавал хүлээн авч, бүртгэдэг журамтай.
Маргаан бүхий акт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн гарсан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмнэлгийн 9 дүгээр гудамжны 416а тоот хашааны урд байрлах 1000 м2 газрыг, Да хүрээ захын зүүн хойд талд байрлах 18649312592687 талбарын дугаартай 2262 м2 газрыг дүүргийн Засаг даргын Тамгын газарт цэцэрлэгийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийг заасан ба захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгоно гэж заажээ. Үүнээс үзэхэд хууль бус захиргааны акт байх, тус актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг ойлгож байна. Маргаан бүхий захиргааны актаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт дүүргийн 17 дугаар хороонд байрлах 2 тусдаа газарт нийт 3262 м2 газрыг эзэмшүүлсэн байх тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчөөгүй.
Нэхэмжлэгч “Тус байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй зоорины газрыг 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Некст сүрвэй” ХХК-аар 2262.0 м2 газрын кадастрын зураг хийлгэж хүсэлтээ гаргасан байхад давхардуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт газар эзэмших захирамж гаргасан” гэж дурдсанаас үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл 2013 онд өгсөн гэх хүсэлт байсан бол газрыг эзэмшүүлэхгүй байгаа үйлдлийг хууль бус эс үйлдэхүй хэмээн гомдол гаргах боломжгүй байжээ. Иймд нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, эсвэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий акт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн гарсан ба тус дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмнэлгийн 9 дүгээр гудамжны 416а тоот хашааны урд байрлах 1000 м2 газрыг, Да хүрээ захын зүүн хойд талд байрлах 18649312592687 талбарын дугаартай 2262 м2 газрыг дүүргийн Засаг даргын Тамгын газарт цэцэрлэгийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч 1979 онд Хүүхдийн төлөө фондын шийдвэрээр маргаан бүхий газар дээрх ногооны зоорийг нэхэмжлэгч байгууллагад шилжүүлсэн гэх боловч 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр кадастрын зураг хийлгэж эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар хөөцөлдөж байх явцад маргаан бүхий акт гарсныг мэдсэн гэж тайлбарладаг. 2013 оны тус дүүргийн Өмч, газрын харилцааны албаны өргөдөл, бүртгэлийн дэвтрээс шүүж үзэхэд тус байгууллагаас газар эзэмших хүсэлт бүртгэгдээгүй бөгөөд тухайн газар нь хэн нэгний хууль ёсны эзэмшилд байгаагүй, ашиглагдаагүй газар байсан тул дүүргийн Засаг даргын Тамгын газарт цэцэрлэгийн зориулалтаар эзэмшүүлсэн.
Нэхэмжлэгч нь уг газрыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасны эрхийн гэрчилгээний үндсэн дээр хууль ёсоор эзэмшиж буй этгээд биш тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасны дагуу бусдад давхардуулан газар олгосон гэж маргаж буй нь үндэслэлгүй.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмшигч буюу Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл байдал үүсээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан нэмэлт тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзээд Баянзүрх дүүргийн Засаг даргаас шинэ акт гарах хүртэл маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Өнөр бүл хүүхдийн төв нь нэхэмжлэлийн шаардлагаа “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/386 дугаар захирамжийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Да хүрээ захын зүүн хойд талд 2262 м2 газрыг дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах ” гэж тодруулж тодорхойлсон болно.
Өнөр бүл хүүхдийн төв нь “Хүүхэд бүрийг аюулгүй орчинд бүрэн хамгаалж, эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхийг хангах, гэр бүлд, гэр бүлтэй дүйцэх орчинд амьдарч, хөгжих боломж бүрдүүлэн, насанд хүрч бие даан амьдрахад бэлтгэх хүүхэд хамгааллын цогц үйлчилгээ үзүүлэх” зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан улсын төсвөөс бүрэн санхүүждэг төрийн албан газар байна.
Нэхэмжлэгч Өнөр бүл хүүхдийн төв (хуучин нэрээр Монгол Улсын хүүхэд гэр бүл хөгжлийн өнөр бүл төв) нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутагт Шархаданд байрлах 1995 онд ашиглалтад орсон (гэх) 5.145.043 төгрөгийн балансын үнэтэй 494.7 м2 талбай бүхий газар доорх ногоон зоорийг эзэмшин ашиглаж байсан.
Хэдийгээр Өнөр бүл хүүхдийн төвийн удирдлага нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1/-д “өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах” гэж заасны дагуу уг ногоон зоорийг удаан хугацааны турш зориулалтаар нь ашиглаагүйн улмаас цаашид ашиглалтын шаардлага хангахгүй болох нь шүүхийн хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг , Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 02-07-089/708 дугаар “...барилгын ашиглалтын байдалд эрсдэлийн үнэлгээг хийхэд их эрсдэлтэй үнэлэгдлээ. Энэхүү зоорийн барилгыг ашиглах боломжгүй” гэсэн дүгнэлт зэргээр тогтоогдож байгаа боловч Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны 3/39 , мөн 10 дугаар сарын 25-ны 3/214 дүгээр албан бичигт “Одоогоор тус зоорь нь тус төвийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, акталж данснаас хасагдаагүй, нийслэлийн өмчийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн, нийслэлийн өмч болно” гэсэн байна.
Иймээс тус дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Да хүрээ захын зүүн хойд талд байрших 494.7 м2 талбай бүхий (орчны газартай нийт 2262 м2) газар доорх ногоон зоорь нь Өнөр бүл хүүхдийн төвийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, нийслэлийн өмчөөс хасагдаж, актлагдаагүй учраас уг ногоон зоорийн дээрх газартай холбоотой Өнөр бүл хүүхдийн төвийн ёсны ашиг сонирхол байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Харин нэхэмжлэгч Өнөр бүл хүүхдийн төв нь анх уг ногоон зоорийг хэзээ, хэрхэн өөрийн эзэмшилдээ олж авсан талаар баримтаар нотолж чадахгүй байгаа хэдий ч Үндэсний төв архивын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны 03/244 дүгээр албан бичигт “Хүүхэд гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвд холбогдох баримт байхгүй” тухай лавлагааг ирүүлсэн байх бөгөөд уг ногоон зоорь нь Өнөр бүл хүүхдийн төвийн балансад бүртгэлтэй, нийслэлийн өмч мөн талаар талууд маргаагүй болно.
Хариуцагчаас “Нэхэмжлэгч Өнөр бүл хүүхдийн төв уг газрыг хууль ёсоор эзэмшээгүй тул энэ газрын талаар маргах эрхгүй, мөн төрийн байгууллагад газар эзэмших хүсэлтийг гаргаж байгаагүй байна. Маргаан бүхий захиргааны актын Да хүрээ захын зүүн хойд талд 2262 м2 газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн хэсэг нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчөөгүй” гэж маргаж байгаа.
Маргаан бүхий захиргааны акт болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дүгээр сарын 05-ны өдрийн А/386 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн “Дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр ..., Да хүрээ захын зүүн хойд талд байрлах 18649312592687 талбарын дугаартай 2262 м2 газрыг дүүргийн Засаг даргын Тамгын газарт “Цэцэрлэг”-ийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэн баталгаажуулсугай ” гэж шийдвэрлэжээ.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.З-д “Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 32.3.1-д “аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, харьяалал, хаяг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар”, 32.3.2-т “тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг”-ыг хавсаргахыг тус тус шаардсан бөгөөд хуулийн энэ шаардлагатай холбогдуулж 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна”-аар хуульчилжээ.
Хуулийн дээрх заалтуудаар төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны газар эзэмшүүлэх шийдвэр нь хуулийн этгээдийн бичгээр гаргасан хүсэлтэд үндэслэн гарах учиртайг тусгайлан зохицуулсан байна. Гэтэл дүүргийн Засаг даргын Тамгын газраас “цэцэрлэг”-ийн зориулалтаар газар эзэмших тухай хүсэлтийг гаргаагүй , тухайн харилцааг зохицуулсан Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.З-д заалтуудыг зөрчсөн байхад хариуцагчаас 2013 оны А/386 дугаар захирамжаар 2262 м2 газрыг дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмших эрх олгосон нь мөн хуулийн 32.5-д заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заажээ.
Гэтэл дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Газрын албанд хүсэлтээ гаргаж газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй, гэрээ байгуулагдаагүй, нэгж талбарын кадастрын зураг байхгүй, мөн дүүргийн Газрын албаны архивт нэгж талбарын хувийн хэрэг байхгүй болох нь хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2/1485 дугаар албан бичиг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Нэгж талбарын хувийн хэрэг бол тухайн газрыг эзэмших, ашиглах эрх, тэдгээртэй холбогдон үүссэн хууль зүйн нотлох баримтуудын нийлбэр цогцыг ойлгоно.
Хэдийгээр Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3-д заасны дагуу хүсэлт гаргаагүй байхад хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга 2013 оны А/386 дугаар захирамжаар 2262 м2 газрыг гуравдагч этгээд дүүргийн Тамгын газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хэдий ч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д зааснаар газар эзэмшигч этгээд гэж үзэх боломжгүй байна.
Харин Өнөр бүл хүүхдийн төвийн удирдлагаас маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад зохих журмын дагуу гаргаагүй буруутай байх боловч нэхэмжлэгчид тухайн газрыг эзэмших ашиг сонирхол түрүүлж үүссэн байжээ.
Мөн дүүргийн Газрын албанаас Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын Тав. “Өргөдөлтэй танилцаж суурийн судалгаа хийх”, Зургаа. “Хээрийн судалгаа хийх”-д заагдсан үйл ажиллагааг огт хийж гүйцэтгээгүй, газар эзэмшүүлэх эрх олгохоор судлагдаж байгаа газар дээр өргөдөл гаргагчтай хамт очиж бодит байдлыг нүдээр үзэж нягтлан хянаж, холбогдох судалгааг ул суурьтай хийгээгүйн улмаас маргаан бүхий байршилд Өнөр бүл хүүхдийн төвийн үл хөдлөх эд хөрөнгө болох 494.7 м2 талбай бүхий ногоон зоорь байгаа болохыг мэдэлгүйгээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны А/386 дугаар захирамжийг гаргасан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иймд Төрийн захиргааны байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоогүй байдал, Газрын тухай хууль болон холбогдох журмын дагуу нягтлан шалгах ажиллагаа хийгдээгүй явдалд нэхэмжлэгч буруугүй бөгөөд Өнөр бүл хүүхдийн төв хохирох ёсгүй юм.
Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Газрын албанаас Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 11 дүгээр, 2013 оны 13 дугаар тогтоолоор тус тус батлагдсан тус дүүргийн 2012, 2013 онуудын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус тус төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд, улс, нийслэлийн төсөв хөрөнгө оруулалтын чиглэлээр 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “цэцэрлэг” барих зориулалтаар 0,5 га олгохоор төлөвлөгдсөн байна.
Харин Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 09/658 дугаар албан бичигт “нэгж талбарын 18649312592687 дугаар бүхий орчмын газар нь Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын 2020 он хүртэлх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т үйлчилгээ төрөлжсөн газар зохион байгуулалтын бүсэд хамаарагдаж байна” гэсэн байх бөгөөд уг Ерөнхий төлөвлөгөөний тодотгол 17 дугаар хорооны хэсэгчилсэн төлөвлөгөөнд Өнөр бүл хүүхдийн төвийн ногоон зоорь байршиж буй газар орчимд цэцэрлэг барих төлөвлөлт хийгдээгүй байх ба харин 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт маргаан бүхий газраас баруун талд (тодорхой зайтай газарт) “цэцэрлэг” барихаар төлөвлөгдсөн болох нь Хот байгуулалтын мэдээллийн менежментийн системийн зураг , Улаанбаатар хотын зүүн бүсийн 17 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө /архитектур орон зайн төлөвлөлт/ зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу маргааныг эвлэрлийн журмаар шийдвэрлэх боломжийг талуудад олгосон бөгөөд энэ хүрээнд хариуцагч дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч нар маргаан бүхий газар дээр очиж ямар байдлаар хэрхэн хувааж эзэмшүүлэх боломжтой талаар газар зохион байгуулалт хийж, судалж үзсэн талаар шүүх хуралдаанд мэдүүлж байсан болно.
Дээрх байдлуудаас нэгтгэн дүгнэхэд, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Да хүрээ захын зүүн хойд талд байрлах 2262 м2 газрыг дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг хөндсөн, үр дагавар үүсгэсэн байх тул Газрын тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн дахин сайтар судалж, нягтлан шалган, хэргийн нөхцөл байдлыг тодруулсны дараа дүүргийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгч, гуравдагч этгээд хэн алины эрх ашгийг хохироохгүйн үүднээс “Цэцэрлэг” барихад шаардлагатай газрыг төлөвлөж, дахин шинээр захиргааны акт гаргах ёстой тул уг актыг гартал маргаан бүхий захиргааны акт болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дүгээр сарын 05-ны өдрийн А/386 дугаар захирамжийн Да хүрээ захын зүүн хойд талд байрлах 2262 м2 газарт холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасны дагуу шүүх гаргасан шийдвэрээ биелүүлэх арга, журмыг тодорхойлох нь зүйтэй гэж үзсэн ба өөрөөр хэлбэл хариуцагч нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Газрын тухай хуульд болон холбогдох хууль, журамд нийцүүлэн шийдвэрээ гаргах боломжит хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоног гэж үзэн энэ хугацааны дотор шийдвэрийг гаргасан байхыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.1, 32.5, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийн нөхцөл байдлыг тодруулан Газрын тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн шүүхийн энэ шийдвэрийг биелүүлэхийг /шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор/ Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж, шинээр акт гарснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/386 дугаар захирамжийн Да хүрээ захын зүүн хойд талд байрлах 2262 м2 га газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн хэсгийн үйлчлэл дуусгавар болохыг мэдэгдсүгэй.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтын дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА