Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 396

 

“И э м” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын

эрүүл мэндийн даатгалын улсын ахлах байцаагч

И.Э, Х.С, улсын байцаагч Р.Д, Б.О, А.У нарт

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:      Г.Банзрагч

                     Б.Мөнхтуяа

                     Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа    

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ТҮЧГ/А-0004/03 дугаартай актыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0385 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 484 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б,  

Хариуцагч Б.О, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Т нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0385 дугаар шийдвэрээр: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.3 дахь заалтыг баримтлан “И э м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ТҮЧГ/А-0004/03 дугаартай актыг хүчингүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 484 дүгээр магадлалаар:Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 385 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.3-д заасныг баримтлан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ТҮЧГ/А-0004/03 дугаартай “Даатгалын сангийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай” актыг дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтад “72000” гэснийг “70200” гэж өөрчилж, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болохыг дурдсан байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол      

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийн талаар: Хариуцагч нэхэмжлэгчийг “3406 даатгуулагчийн шинжилгээг хийхдээ шинжилгээний мэдрэг чанар хангалтгүй тоног төхөөрөмж, технологиор үйлдвэрлэгчийн заавар зөрчиж шинжилгээ хийсэн (1), элэгний В, С вирусийн нуклейн хүчил ялгах болон полимеразын гинжин урвал хийсэн тоног төхөөрөмж дээрх цахим бүртгэлгүй (2), олон улсын чанарын гадаад хяналтад тэнцээгүй (3), шалгалтын явцад хяналтын дээжинд хийсэн шинжилгээ алдаатай гарсан (4)” гэсэн зөрчлүүд гаргаж даатгуулагчийн эрүүл мэнд, нийтийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулах үр дагаврыг үүсгэсэн хэмээн 272,480,000 төгрөг гаргуулахаар акт гаргасан. Эдгээрээс хариуцагч “3406 даатгуулагчийн шинжилгээг хийхдээ шинжилгээний мэдрэг чанар хангалтгүй тоног төхөөрөмж, технологиор .... шинжилгээ хийсэн (1), элэгний В, С вирусийн нуклейн хүчил ялгах болон полимеразын гинжин урвал хийсэн тоног төхөөрөмж дээрх цахим бүртгэлгүй (2), олон улсын чанарын гадаад хяналтад тэнцээгүй (3), шалгалтын явцад хяналтын дээжинд хийсэн шинжилгээ алдаатай гарсан (4)” нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр буруутгаснаа хүлээн зөвшөөрч зөвхөн “... үйлдвэрлэгчийн заавар зөрчсөн ...” гэсэн зөрчлийг дурдаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах гомдол гаргасан ба давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг захиргааны актын биелэлтийг 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

4. Тодруулбал, давж заалдах шатны шүүх “... хагас автомат төхөөрөмжийн нэгжийн үнэ болох 80,000 төгрөгийг идэвхжилгүй гарсан 3406 хүний тоогоор автоматаар үржүүлж 272,480,000 төгрөгийн акт тавьсан нь учир дутагдалтай болжээ” (1), “нийт 14578 хүнд В, С вирусийн идэвхжил тоолох шинжилгээ хийж, зардлыг ЭМДС-аас гэрээний дагуу гаргуулсан ... байхад шүүх үйлдвэрлэгчийн заавар зөрчиж хийсэн шинжилгээний тоог тогтоох, маргаан бүхий актаар тавигдсан хохирлын хэмжээг тодорхой болгохтой холбоотой нэмэлт, тайлбар, баримтыг талуудаас гаргуулж, хэргийг нэг мөр эргэлзээгүй байдлаар шийдвэрлэх ёстой байжээ” (2), “Дээр дурдсан үндэслэлээр ... үйлдвэрлэгчийн заавар зөрчиж хийсэн шинжилгээний тоог тогтоож маргаан бүхий актаар тавигдсан хохирлын хэмжээг тодорхой болгож хууль тогтоомжид нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл ... актыг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ” (3) хэмээн өөр хоорондоо зөрчилдсөн 3 өөр дүгнэлтийг хийж, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

5. Давж заалдах шатны шүүх ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг хэрэглэхдээ “нийт 14578 хүнд В, С вирусийн идэвхжил тоолох шинжилгээ хийж, зардлыг ЭМДС-аас гэрээний дагуу гаргуулсан ... байхад шүүх үйлдвэрлэгчийн заавар зөрчиж хийсэн шинжилгээний тоог тогтоох, маргаан бүхий актаар тавигдсан хохирлын хэмжээг тодорхой болгохтой холбоотой нэмэлт, тайлбар, баримтыг талуудаас гаргуулж, хэргийг нэг мөр эргэлзээгүй байдлаар шийдвэрлэх ёстой байжээ” хэмээн нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх дээр дурдсан хуулийн заалтыг хэрэглэхдээ түүнийг хэрэглэх үндэслэл, урьдчилсан нөхцөл бүрдсэн тохиолдолд маш тодорхой, ойлгомжтой байдлаар тайлбарлаж хэрэглэх учиртай. Тодруулбал, тус зохицуулалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь 1/ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг цаашид тодруулах, 2/ цаашид тодруулах нөхцөл байдал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байхыг шаарддаг. Гэтэл энэхүү маргааны хүрээнд хэлэлцэгдэж байгаа гол үйл баримт нь маргаан бүхий захиргааны актад дурдагдсанаар хариуцагч нь нэхэмжлэгчийг “С вирусийн идэвхжилгүй гэсэн хариутай 3,406 хүний шинжилгээг алдаатай гаргасан” гэж үзэж байгаа асуудал байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн ЭМДЕГ-тай гэрээ байгуулснаас хойш бүх хийсэн шинжилгээ болох 14,578 хүний шинжилгээний талаар дурдаж маргааны агуулга, захиргааны актын үндэслэлд огт байхгүй асуудлаар анхан шатны шүүхийг нотлох баримт цуглуулж хэргийг нэг мөр шийдвэрлэх ёстой хэмээн буруутгаж, энэхүү үндэслэлийг дахин тодруулж шинээр захиргааны актыг гаргах ёстой гэж үзсэн нь үндэслэлгүй.

6. Нэг урвалжийн үнийг шинжилгээ хийсэн хүмүүсийн тоонд үржүүлж дүнг гарган дахин шинэ акт гаргаснаар энэ нь хэдэн даатгуулагчийн шинжилгээний хариуг алдаатай гаргасан, тэдний эрүүл мэндэд хохирол учирсан эсэх зэрэгтэй ямар шалтгаант холбоогоор хэрхэн холбогдох, энэ хүрээнд цаашид тодруулах шаардлагатай ямар нөхцөл байдал үүссэн болох нь тодорхойгүй байна. Учир нь өнөөдрийг хүртэж хугацаанд нэхэмжлэгч вирусийн идэвхжилтэй хүнийг вирусийн идэвхжилгүй, эсхүл эсрэгээр нь вирусийн идэвхжилгүй хүнийг вирусийн идэвхжилтэй гэж шинжилгээний хариуг буруу гаргасан хэмээн ЭМДЕГ-т өргөдөл, гомдол гаргасан нэг ч даатгуулагч байхгүй, шинжилгээний хариуг буруу гаргасан гэдгийг тогтоосон ямар ч баримт байхгүй болно. Хариуцагч ч өөрөө энэхүү үйл баримттай маргадаггүй. Нэхэмжлэгч нь 2016 оноос оролцсон чанарын гадаад үнэлгээ болон Канадын олон улсын чанарын гадаад хяналтын One world accuracy/ ДЭМБ-ын лавлагаа лаборатори Австралийн NRL-ийн гадаад хяналтын зэрэгт бүгдэд нь амжилттай оролцсон, шинжилгээний үр дүнгүүд дээрх байгууллагуудын үнэлгээгээр зөвшөөрөгдөх хэмжээнд буюу хамгийн сайн үнэлгээ авч байсан зэрэг нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй.

7. Нэхэмжлэгч тал С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийхдээ 1 хүний сорьцод 1 урвалж ашигласнаар даатгуулагчийн эрүүл мэндэд хохирол учруулсан, шинжилгээг буруу хийсэн зүйл огт байхгүй юм. 1 хүний сорьцод 2 урвалж ашиглан шинжилгээ хийх нь эхлэн суралцагчдын чадавх өөр өөр байдагтай холбоотой байдаг байна. Нэхэмжлэгчийн 1 хүний сорьцод 1 урвалж ашиглах болсон нь “өөрийн 2015-2017 онуудад хийсэн шинжилгээний үр дүнгийн чанар, мэргэжилтнүүдийн ур чадвар, үйлдвэрлэгчийн зөвлөмжийн шалгуур үзүүлэлтийг хангасан байдал, молекул биологийн шинжилгээнд тохиолддог бохирдол үүсгэх эрсдэлийг багасгах (бохирдол гэдэг нь: огт вирусийн идэвхжилгүй хүнийг идэвхжилтэй гэж шинжлээд, буруу оношилсны дүнд, эмчилгээний шаардлагагүй хүн эмчилгээ хийлгэх эрсдэлтэй байдаг)” зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж үйлдвэрлэгчээс зөвлөсний дагуу хийгдсэн байдаг.

8. Олон улсад ч оношилгоо эмчилгээнд 1 сорьцод 1 урвалж хэрэглэдэг тоног төхөөрөмжүүд байдаг. Жишээлбэл: Дэлхийн 50 гаруй оронд бүтээгдэхүүнээ гаргадаг Италийн “Sacace Biotechnologies” компанийн оношлуур нь ОХУ-д үйлдвэрлэсэн “ДНК технологи” компанийн тоног төхөөрөмжид нийцэж Хепатитийн В, С вирусийн нуклейн хүчлийг тоолоход ашигладаг бөгөөд нэхэмжлэгч нь тус оношлуурыг С вирусийг тоолохдоо мөн ашигладаг байна. Тус оношлуур нь ISO гэрчилгээтэй, Европын холбооны чанарын СЕ тохирлын гэрчилгээтэй оношлуурын зааварт 1 сорьцод зөвхөн 1 л урвалж ашиглагддаг. Манай улсад ашигладаг молекул биологийн шинжилгээний хаалттай систем “Roche”, “GeneXpert” болон нээлттэй систем “Bioneer”, “Sunsure” зэрэг бусад технологиуд нь бүгд 1 хүний сорьцод 1 урвалж ашиглаж шинжилгээ хийгддэг байна.

9. Давж заалдах шатны шүүх “...хагас автомат төхөөрөмжөөр үйлдвэрлэгчийн заавар зөрчин хийсэн шинжилгээ бүрт ашиглах ёстой байсан ч хэмнэлт гаргаж ашиглаагүй үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас буцаан төлүүлэх нь зүйтэй ... гэх” хариуцагч нарын өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй” гэж дүгнэсэн. ЭМДС-аас хагас автомат тоног төхөөрөмжөөр шинжилгээ хийсэн бол шинжилгээ тутамд 80,000 төгрөг, бүтэн автомат тоног төхөөрөмжөөр шинжилгээ хийсэн бол шинжилгээ тутамд 120,000 төгрөгийн санхүүжилтийг олгодог ба тухайн төхөөрөмжөөр шинжилгээ хийхэд хэдэн урвалж ашиглахтай хамааралгүй тогтоосон үнэ байдаг. Нэхэмжлэгчийн хувьд өнгөрсөн хугацаанд 4,000 гаруй хүний шинжилгээг бүтэн автомат төхөөрөмжөөр хийсэн атлаа энэ бүх шинжилгээний зардлыг 80,000 төгрөгөөр тооцон ЭМДС-аас санхүүжилт авсан байдаг ба үүний зөрүү санхүүжилт нь 160,000,000 орчим төгрөг болдог. ЭМДЕГ-аас ч танайх бүтэн автомат төхөөрөмжөөр хийсэн шинжилгээний зардлаа 120,000 төгрөгөөр тооцуулж авч болно гэж хэлж байсан боловч нэхэмжлэгчийн хувьд зөрүү санхүүжилтийн үнийг аваагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч эдийн засгийн хувьд хэмнэлт гаргах, ашиг илүү олох зорилго огт агуулаагүй гэдэг нь үүнээс харагдана.

10. Нэхэмжлэгчийн өнгөрсөн хугацаанд хийсэн 14,578 шинжилгээнд С вирусээс гадна В вирусийн шинжилгээ хийсэн, вирусийн идэвхжил тоологдсон эсхүл тоологдоогүй, анх удаагаа болон 2 дахь удаагаа шинжилгээ өгсөн, бүтэн автомат төхөөрөмжөөр шинжилгээ хийсэн зэрэг тохиолдол байгаа ба уг нөхцөл байдлыг хариуцагч анхнаасаа захиргааны актыг гаргахдаа мэдэж байсан тул үүндээ дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Эдгээр нөхцөл байдлаас хариуцагч С вирусийн идэвхжилгүй гарсан 3,406 хүний шинжилгээг эргэлзээтэй байж болзошгүй гэж үзэж эдгээр шинжилгээний тоогоор ЭМДС-аас олгосон санхүүжилтийн дүнгээр маргаан бүхий актыг гаргасан.

11. Тодруулбал, нэхэмжлэгчийн ашиглаж байгаа ОХУ-ын “ДНК Технология” компанийн тоног төхөөрөмжийн оношлуурын мэдрэг чанар нь 200 copies/ml, энэ нь С вирусийн шинжилгээний хувьд 400 IU/ml байдаг2 ба хариуцагч нэхэмжлэгчийн ашиглаж буй тоног төхөөрөмжийн оношлуурын мэдрэг чанар нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/288 дугаар тушаалын 1-р хавсралтын 4.2 дахь заалт, 2-р хавсралтын 3.3.3 дахь заалтад заасан “оношлуурын мэдрэг чанар нь 20 IU/ml буюу түүнээс дээш байх” гэсэн шаардлагад нийцэхгүй, өндөр байгаа тул ”2ОIU/ml-400IU/ml хоорон дахь С вирусийн идэвхжлийг тоолж чадаагүй байх магадлалтай гэж таамгаар дүгнэж акт тавьсан. /Хариуцагчийн нэхэмжлэгчийг буруутгасан гол зүйл нь нэхэмжлэгч ОХУ-ын “ДНК Технология" компанийн DT-Prime, DT-Lite тоног төхөөрөмж нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны 288 дугаар тушаалын 1-р хавсралтын 4.2 дахь заалт, 2-р хавсралтын 3.3.3 дахь заалтад заасан шаардлага (оношлуурын мэдрэг чанар нь 20 IU/ml буюу түүнээс дээш байх)-д нийцэхгүй тоног төхөөрөмжөөр шинжилгээ хийсэн гэдэг үндэслэл байдаг. Энэ нь хавтас хэрэгт авагдсан ЭМДЕГ-аас Эрүүл мэндийн яамнаас чиглэл хүсч хандсан 2019.07.18-ны өдрийн А-1/1077 тоот, 2019.09.23-ны өдрийн А-1/1261 тоот албан бичгүүдэд “9 лабораторийн В, С вирусийн ачаалал тодорхойлох шинжилгээнд ашиглаж байгаа ОХУ-ын “ДНК Технология ” компанийн DT-Prime, DT-Lite тоног төхөөрөмж, ... оношлуурын урвалжийн мэдрэг чанар болон бусад үзүүлэлт нь ЭМСайдын 2018 оны А/288 дугаар тушаалаар баталсан “Хепатитийн В, С вирусийн халдварын илрүүлэг, оношилгоо, эмчилгээний заавартай тохирохгүй байна. ... лабораториуд нь чанарын гадаад үнэлгээнд тэнцээгүй, үүнийгээ нуун дарагдуулах зорилгоор хяналтын дээжийн хариутай өөрийн лабораторийн хариуг дөхүүлэн copies/mL нэгжээс IU/mL нэгжид шилжүүлэх коэффициентээ тухай бүр санаатайгаар өөрчилсөн” гэж дурдсанаас тодорхой харагддаг./

12. Ийнхүү хариуцагч “С вирусийн идэвхжилтэй байж магадгүй 3,406 хүнийг С вирусийн идэвхжилгүй гэж буруу тодорхойлсон байж магадгүй” даатгуулагчдын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах үр дагаврыг үүсгэсэн гэж үзэж, улмаар ЭМДС-аас нэг хүний шинжилгээнд олгогдсон тооцон олгосон 80,000 төгрөгийг 3406-аар үржүүлэн 272,480,000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр акт тавьсан ба энэ нь үндэслэлгүй байсан гэдэг нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон, хариуцагч нарын өмгөөлөгч ч “3400 хүний тоог 80,000 төгрөгөөр үржүүлсэн. Анх байцаагч нар акт тавихдаа шалтгаант холбоогүй акт тавьсан, ... 272,480,000 үнийн дүнг хамгаалаагүй” хэмээн хариуцагч үндэслэлгүй акт гаргасан гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрч байхад давж заалдах шатны шүүх үйлдвэрлэгчийн заавар зөрчиж хийсэн шинжилгээний тоог тогтоох шаардлагатай, хохирлын хэмжээ тодорхой бус гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч 3406 хүний шинжилгээг “С вирусийн идэвхжилгүй” гэж буруу тодорхойлсон гэж үзэн 272,480,000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр акт тавьсан нь ямар ч холбоогүй юм бол нэг урвалж ашиглаж хийсэн шинжилгээний тоог тогтоосноор энэ нь хариуцагчийн үзэж байгаачлан даатгуулагчийн шинжилгээний хариуг буруу гаргасан гэх байр суурьтай мөн адил ямар ч шалтгаант холбоогүй байх нь тодорхой юм.

13. Иймд давж заалдах шатны шүүх дахин шинэ акт гаргатал маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

14. Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлын хүрээнд хянах үүргээ зөрчсөн талаар: Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдлоо “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгах” гэсэн агуулгаар гаргасан байхад давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлгүй буюу хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон” мөртлөө “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж” шийдвэрлэсэн нь ЗХШХШтХ-ийн 118.3-т “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ...”, 118.4-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол гомдлоор хязгаарлахгүй” гэж тус тус заасантай нийцээгүй гэж байна.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.3-т тусгасан “гомдлын хүрээнд хянах” зарчим нь анхан шатны шүүхийн шийдвэрт нэгдүгээрт гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг гомдол гаргаагүй байх үеийнхээс нь дордуулсан, хоёрдугаарт гомдол гаргагчийн гомдлын шаардлагын хүрээнээс хальж гомдол гаргаагүй талын эрх зүйн байдлыг дордуулсан өөрчлөлтийг оруулахгүй байх гэсэн агуулгаар хэрэгжих учиртай гэж үзэж байна. Гэтэл хариуцагч нарын өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох агуулга, шаардлага бүхий гомдлыг гаргаагүй байхад “гомдлын шаардлагад хязгаарлагдахгүйгээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан өөрчлөлт”-ийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж давж заалдах шатны шүүх захиргааны актыг биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

16. Захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар: Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актыг гаргах болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, мөн зүйлийн 40.4-т захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэж тус тус заасан, тодруулбал, бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлагыг тодорхойлж, захиргааны актад тухайн актыг гаргах болсон шаардлага, бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг тодорхой заахаар зохицуулжээ. Гэтэл маргаан бүхий актын үндэслэл болсон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.4, 17.3.5, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь заалтад эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчид бусдаас төлбөр гаргуулахаар акт тавих эрх хэмжээ олгогдоогүй байна.

17. ЭМДЕГ-ын даргаас баталсан 2019.06.12-ны өдрийн “Удирдамж”-ийн 1-р чиглэлд “Хэрэв энэ шалгалтын явцад зөрүүтэй хариу статистик магадлалтай илэрсэн тохиолдолд тухайн лабораторид шинжилгээ хийлгэсэн бүх хүмүүсийг нэг бүрчлэн шалгаж, алдаа зөрчлийг нарийвчлан тогтооно”, 4-р чиглэлд “Тухайн лабораторийн үйл ажиллагаа, шинжилгээний хариуны үнэн зөв байдалтай холбоотой бүх гомдол саналыг судалж, улмаар шаардлагатай тохиолдолд түүний шалтгааныг мөшгөж илрүүлэх” гэж тус туссан, хэн нэгэн даатгуулагч буюу шинжилгээнд хамрагдсан хүн хохирсон тухай ямар ч нөхцөл байдал илрээгүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид гаргаж өгсөн С вирусийн идэвхжилгүй гарсан 3406 хүний шинжилгээний хариунд үндэслэн 272,480,000 төгрөгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй юм.

18. Анхан шатны шүүх Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/288 дугаар тушаалаар батлагдсан заавар нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд зайлшгүй бүртгэгдэхийг, бүртгэгдэж байж хүчин төгөлдөр үйлчлэхийг шаардахгүй, учир нь тухайн салбарын нарийн мэргэшсэн тодорхой этгээдүүдэд үйл ажиллагаандаа дагаж мөрдөх мэргэшлийн үйл ажиллагааны стандартчилсан заавар, өөрөөр хэлбэл нийтэд чиглэсэн заавал биелүүлэхгүй бол албадлага, хариуцлага үүсгэх үр дагавар агуулаxгүй” гэж дүгнэсэн. Тэгвэл заавал биелүүлэх, биелүүлэхгүй бол албадлага, хариуцлага хүлээлгэх үр дагавар агуулахгүй тушаалыг үндэслэн нэхэмжлэгчийг буруутгаж их хэмжээний төлбөр бүхий акт тавьсан нь үндэслэлгүй болохоор байна.

19. Монгол Улсад дагаж мөрдөж буй хууль тогтоомжийн хүрээнд иргэн, хуулийн этгээдийн гаргасан зөрчлийг шалган тогтоох, түүнд хариуцлага ногдуулах асуудал нь Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Тодруулбал, уг харилцаа нь Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.19 дүгээр зүйлд заасан “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль зөрчих гэсэн зохицуулалтын хүрээнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу гаргасан “шийтгэлийн хуудас”- аар зохицуулагдахаар байна. Гэтэл хариуцагч нарын зүгээс энэхүү хуулийг баримтлалгүйгээр Төрийн хяналт, шалгалтын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн ерөнхий заалтыг баримтлан ЭМДС-нд хохирол учруулсан хэмээн нөхөн төлбөр гаргуулахаар шууд акт гаргасан нь үндэслэлгүй.

20. ЭМДЕГ-ын даргын 2019.06.07-ны өдрийн А/90 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг, 2019.06.12-ны өдрийн “Удирдамжийн дагуу” нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг голлон хийсэн хүн бол О.О байдаг /ХХ-55/. Гэтэл энэ хүн 2-р хавтсын 162-168 дахь талд авагдсан байгаа баримтаас үзэхэд 2018 оны 7 дугаар сард бусад хүмүүстэй хамтран “Элэгний В, С вирусийн ачаалал тоолох бүтэн автомат GeneXpert гэх 2,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий 50 ширхэг аппарат”-ыг Монголд оруулж ирсэн хүмүүсийн нэг байсан. ЭМДЕГ нь ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг лабораторийн төлөөллийг хяналт шалгалтын бүрэлдэхүүнд оруулж хяналт шалгалтыг хийсэн нь “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх”, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д төрийн албанд “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” зарчмыг баримтална гэж ноцтой зөрчсөн. Учир нь эхний хяналт шалгалтын хүрээнд гаргасан бусад лабораторийн төлөөллийн дүгнэлтийн хүрээнд хяналт, шалгалтын тайлан бичигдсэн байдаг.

21. ЭМДЕГ-ын даргын 2019.07.30-ны өдрийн А/307 тушаалаар ажлын хэсэг байгуулж, мөн өдрийн 2019.07.30-ны өдрийн удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсэн. Энэ хяналт шалгалт бол хэлбэр төдий өмнөх шалгалтаа хууль ёсны болгож баталгаажуулах зорилготой байсан. Учир нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус мэргэжлийн бусад байгууллага, шинжээч, шинжилгээний байгууллага, иргэнийг татан оролцуулж болно” гэж заасан боловч өмнөх хяналт шалгалтад шалгуулагч этгээдтэй ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг хяналт шалгалтын бүрэлдэхүүнд оруулж, улмаар тэдгээр хүмүүсээр хяналт шалгалтыг хийлгүүлсний улмаас зарим лабораториуд үүнийг эсэргүүцэж хяналт шалгалтын бүрэлдэхүүнд байгаа бусад лабораторийн төлөөллийг шалгалтын объектод оруулахаас татгалзсан тохиолдол ч гарсан байдаг.

22. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 484 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 385 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

23. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Даатгалын сангийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай” ТҮЧГ/А-0004/03 дугаар актаар эрүүл мэндийн даатгалын сангаас 3406 даатгуулагчийн 272,480,000 төгрөгийн зардлыг нэхэмжилж авсныг “И э м” ХХК-иар буцаан төлүүлэхээр шийдвэрлэжээ.

24. Хариуцагч нар нэхэмжлэгчийг 2017 оны 06 дугаар сараас 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 3406 даатгуулагчид элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийхдээ шинжилгээний мэдрэг чанар хангалтгүй тоног төхөөрөмж, технологиор үйлдвэрлэгчийн зааврыг зөрчиж шинжилгээ хийсэн, элэгний В, С вирусийн нуклейн хүчил ялгах болон полимеразын гинжин урвал хийсэн тоног төхөөрөмж дээрх цахим бүртгэлгүй, олон улсын чанарын гадаад хяналтад тэнцээгүй, шалгалтын явцад хяналтын дээжид хийсэн шинжилгээ алдаатай гэж буруутган даатгуулагчийн нэг удаагийн шинжилгээний төлбөр болох 80,000 төгрөгийг шинжилгээнд хамрагдсан даатгуулагчийн тоогоор үржүүлсэн дүнгээр төлбөр төлүүлэхээр тогтоосныг  захиргааны акт бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзнэ.

25. Энэ талаар анхан шатны шүүх Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/64 дүгээр тушаалын хавсралтаар “Элэгний В, С вирусийн ачаалал тоолох шинжилгээг 2018 онд хийх сонгон шалгаруулалтад тэнцсэн лабораториудын жагсаалт”-ийг баталсан, нэхэмжлэгч “И э м” ХХК-ийн “И” эмнэлгийн лаборатори тус сонгон шалгаруулалтад 100 оноогоор тэнцэхдээ DT Lite, DT prime /ОХУ/ Маг Пурикс 12 А тоног төхөөрөмжийн нэрийг хүргүүлж байсан зэрэг нь маргаан бүхий актад дурдсан зөрчлийг үгүйсгэх баримт гэж үзэж “нэхэмжлэгчийн И лабораторид ашиглаж байсан ДНК технология компанийн DT-Prime, DT-Lite Полемеразын гинжин урвал олшруулах, илрүүлэх тоног төхөөрөмж, оношлуур урвалж нь олон улсын стандартад нийцсэн, ... шинжилгээ хийлгэсэн вирусийн идэвхжил тоологдоогүй 3406 даатгуулагчид хамаарах 272 сая 480 мянган төгрөгийн санхүүжилтээр хийсэн оношилгоог бүхэлд нь буруу гэж үзэх, эрүүл мэндийн даатгалын санд энэ дүнгээр хохирол учирсан гэж үзэх үндэслэл болохгүй.” гэсэн  дүгнэлт буруу биш юм.

26. Түүнчлэн, анхан шатны шүүхээс “...түүврийн байдлаар сонгож авсан даатгуулагчдаас 2 даатгуулагчийн мэдээлэл олдоогүй гэх зөрчлөөр 3406 даатгуулагчид олгосон санхүүжилтийн дүнгээр Эрүүл мэндийн даатгалын санд хохирол учирсан гэж үзсэн нь үндэслэлгүй...олон улсын чанарын гадаад хяналтад тэнцсэн, ... мэргэжлийн байгууллага нь хүлээн зөвшөөрч тодорхойлсон байхад зөрчил гэж үзсэн нь үндэслэлгүй... хяналтын сорьцын шинжилгээний байх ёстой утгыг өөр технологийн олон улсын нэгж интернэйшнл мл /IU/mL/- ээр гаргаж, үүнийг копи.мл /copies/mL/ нэгжээр илэрхийлснийг эс тооцож, гарсан шинжилгээний дүнг эргэлзээтэй гэж үзсэн нь үндэслэлгүй” гэж хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэлтэй дүгнэжээ.

27. Харин анхан шатны шүүхийн “үйлдвэрлэгчийн заавар зөрчсөн нь тогтоогдож байгаа ч энэ нь актаар тавигдсан дүн буюу вирусийн идэвхжил илрээгүй анх удаа шинжилгээнд хамрагдсан 3406 даатгуулагчид хамаарах 272 сая 480 мянган төгрөгийн санхүүжилтээр хийсэн оношилгоог бүхэлд нь буруу гэж үзэх, Эрүүл мэндийн даатгалын санд энэ дүнгээр хохирол учирсан гэж үзэх үндэслэл болохгүй” гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс “... шийдэл нь дүгнэлтээ үгүйсгэсэн байдлаар хоорондоо зөрчилдсөн” гэсэн үндэслэлээр дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлсэн нь учир дутагдалтай юм.

28. Тодруулбал, хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлыг тодруулах шаардлага үүссэн, уг нөхцөл байдал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалт хэрэглэгдэх учиртай. Тухайн тохиолдолд хариуцагч нар нэхэмжлэгчээс төлөх төлбөрийн хэмжээг тогтоохдоо С вирусийн идэвхжилгүй гарсан 3406 хүнд хийсэн оношилгоог хагас автомат төхөөрөмжөөр буюу 1 урвалжаар хийсэн болохыг хөдөлшгүй баримтаар гарцаагүй байдлаар нотолж бодитоор тогтоогоогүй атлаа уул төхөөрөмжийн нэгжийн үнэ болох 80,000 төгрөгийг 3406 хүний тоогоор шууд үржүүлж 272,480,000 төгрөг байхаар тооцсон нь захиргааны акт бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй.

29. Нэгэнт маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийн хэмжээг бодит бус тооцооллоор тогтоосон болох нь нотлогдож байхад давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад хамааралгүй нотолгооны ач холбогдолгүй зүйлийг цаашид тодруулах, уг нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн нь буруу байна.

30. Дээрх үндэслэлээр  “...давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн ЭМДЕГ-тай гэрээ байгуулснаас хойш бүх хийсэн шинжилгээ болох 14,578 хүний шинжилгээний талаар дурдаж маргааны агуулга, захиргааны актын үндэслэлд огт байхгүй асуудлаар анхан шатны шүүхийг нотлох баримт цуглуулж хэргийг нэг мөр шийдвэрлэх ёстой хэмээн буруутгаж, энэхүү үндэслэлийг дахин тодруулж шинээр захиргааны актыг гаргах ёстой гэж үзсэн нь үндэслэлгүй...” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

31. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “72000” гэсэн  тооны илэрхий алдаа байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 484 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0385 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

                      ШҮҮГЧ                                                                 Х.БАТСҮРЭН