Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01721

 

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01721

 

 

Б.П-, П.Е- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2022/01488 дугаар шийдвэртэй,

Б.П-, П.Е- нарын нэхэмжлэлтэй

“Даатгал” ХК-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт 158,884,743.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюун-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Г.Ууганбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

 1.1. Б.П- болон Б.Пү- нар нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Төрийн банктай 52/06 дугаартай Орон сууцны ипотекийн гэрээ байгуулж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8а байр, 00 тоот хаягт байршилтай 74.1 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг худалдан авах зориулалтаар 163,020,000 төгрөгийн зээл авсан. Банкны санал болгосон “Даатгал” ХК-тай Б.Пү- агсан 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Орон сууцны, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээг байгуулсан. Даатгалын 2018, 2019 оны хураамжийг бүрэн төлсөн, Б.Пү- амь насны даатгалд хамрагдсан байна.

1.2. Б.Пү- нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “хэвлийн асцит буюу ходоодны хорт хавдар” хэмээх хүнд өвчин оношлогдож, эмчилгээ хийлгүүлж байсан.  Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Б.Пү-гийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар, 6 сарын хугацаатай тогтоож байсан, тэрээр 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр уг өвчний улмаас нас барсан.

1.3. “Даатгал” ХК-тай байгуулсан гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр гаргуулах хүсэлт гаргасан, тус компани 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02/19/1005 дугаартай албан бичгээр “даатгалын гэрээнд тусгагдаагүй шалтгаан эрсдэлийн улмаас үүдэн гарсан хохирлыг даатгагч хариуцахгүй” хэмээн хариу өгсөн.

1.4. Б.П- болон П.Е- нар 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Зээлийн гэрээтэй холбогдон үүссэн даатгалын гэрээнүүдийн шаардах эрх, гэрээгээр хүлээсэн үүргийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0089 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр  өвлөн авсан.

1.5. Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 9/3012 дугаартай албан бичгээр “Даатгал” ХК-аас даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн боловч энэхүү нөхөн төлбөрийг олгоогүй.

1.6. Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээний 3.1.2.1, 3.1.2.2, 3.2 дахь заалтууд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д “Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Мөн зүйлийн 202.2.4-т “гэрээгээр нэгэнт тогтоосон үүргээ нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх байдлаар өөрчлөх буюу татгалзах эрхтэй байхаар заасан” хэмээн заасан хүчин төгөлдөр бус гэрээний стандарт нөхцөл болжээ.

1.7. 2019 оны 02/19/1005 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзахдаа “Зээлдэгч, хамтран зээлдэгч нь “гэнэтийн улмаас нас барах” гэж талууд тохиролцсон, даатгуулагч гэнэтийн ослын улмаас бус өвчнөөр нас барсан, даатгалын гэрээнд тусгагдаагүй шалтгаан, эрсдэлийн улмаас үүдэн гарсан хохирлыг хариуцахгүй гэжээ. Даатгуулагч нь даатгалын гэрээ байгуулах үед “Даатгалын гэрээний мэдүүлэг хуудас” дахь “Даатгалын бүтээгдэхүүний төрөл” хэсгээс “хөрөнгийн даатгал”, “зээлдэгчийн амь насны даатгал”-ын төрлийг сонгож, “гэнэтийн ослын даатгал”-ын төрлийг сонгоогүй. Зээлдэгчийн амь насны даагал хэмээх нэртэй гэрээний нөхцөл нь гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар аолдсан, амь нас эрсдсэн тохиолдлыг хамруулсан нь даатгуулагчийг төөрөгдүүлсэн, даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний талаар үнэн зөв, ойлгомжтой мэдээллийг өгөөгүй байна.

1.8. Даатгалын компани нь зохицуулалттай зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа тул зах зээл, олон нийтэд санал болгож буй даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх журамтай, Санхүүгийн зохицуулах хорооноос 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр баталсан “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын 5.1-д зааснаар даатгагч ипотекийн даатгалын бүтээгдэхүүнийг журамд зааснаар бүртгүүлэх байтал “Даатгал” ХК нь уг журамд нийцсэн бүтээгдэхүүнийг бүртгүүлээгүй байж даатгуулагчид санал болгосон байна.

1.9. Даатгуулагчид даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг танилцуулаагүй. Даатгуулагчийн даатгалын эрсдэлээ сонгох, гэрээ байгуулах эрхийг хязгаарласан. Б.Пү- агсанд танилцуулсан “Даатгалын мэдүүлгийн хуудас” нь Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын “Мэдүүлгийн маягтын загвар” дахь мэдээллийг бүрэн агуулаагүй буюу энэхүү маягтад заасан хамтран зээлдэгч, даатгалын үндсэн эрсдэл сонгох, даатгалын компани сонгох зэрээг мэдээллүүд байхгүй. Иймд Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д “даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах” гэж заасныг зөрчсөн.

1.10. Иймд даатгалын гэрээний 3.1.2, 3.2 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, даатгалын нөхөн төлбөрт 158,884,743 төгрөгийг “Даатгал” ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Даатгуулагч Б.Пү- нь хэвлийн асцит буюу ходоодны хорт хавдар гэсэн өвчний улмаас нас барсан ба энэ нь даатгалын гэрээнд заагаагүй. 

Даатгалын гэрээний 2.1, 3.1.2, 3.2.1-3.2.5-д заасан үйлдвэрлэлийн гэнэтийн осолд өртөх, байгалийн эрсдэл, ахуйн эрсдэл, зам тээврийн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл гэж заасан дараах эрсдэлүүдийн улмаас нас барсан тохиолдолд даатгагч даатгалын нөхөн төлбөр олгохоор талууд харилцан тохиролцож гэрээг байгуулсан.

2.2. Манай компанийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1/19/1005 тоот Нөхөн төлбөрийн шийдвэрийн тухай даатгуулагч Б.Пү-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П-ид, мөн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/21/1550 тоот тайлбарыг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн. Даатгалын тухай хуулийн 8.5.3-т “Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан”, Даатгалын гэрээний 5.1-т “Даатгалын гэрээнд тусгагдаагүй шалтгаан, эрсдэлийн улмаас үүдэн гарсан хохирлыг даатгагч хариуцахгүй” гэж заасныг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

2.3. Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 2.2-т “Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдэлийг даатгана”, 2.1.1-д “Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн ослын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт” гэж заасан бөгөөд амь насны даатгалын үндсэн эрсдэл нь гэнэтийн ослын улмаас үүссэн байхыг журмаар зохицуулсан, гэнэтийн ослын даатгал гэдэг тусдаа даатгалын төрөл байхгүй юм.

Иймд гэрээний 3.1.2 болон 3.2 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

2.4. Хууль, журамд нийцээгүй гэрээ хийж даатгуулагчийг төөрөгдүүлсэн, хүчин төгөлдөр бус нөхцөлтэй гэрээ байгуулсан гэж тайлбарлаж хэлцлийн гол нөхцөл болох гэрээний 3.1.2-т засан зээлдэгчийн амь насны даатгалын хамгаалалт хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан атлаа даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар шаардаж байгаа нь агуулгын хувьд зөрчилдөж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3. дахь хэсэгт заасныг баримтлан харицагч “Даатгал” ХК-аас нөхөн төлбөр 158,884,743 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Е-д олгож, нэхэмжлэгч Б.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 1,022,574 төгрөг төлснийг дурдаж, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгож, хариуцагч Даатгал ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 952,373 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.П-ид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх даатгалын гэрээний нөхцөлийг буруу тайлбарласан.

4.1.1.Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээний 3.1.2.1-д "... зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барах” гэж заасныг анхан шатны шүүх буруу дүгнэсэн. Тус гэрээний 3.2.1-3.2.5-д “Гэнэтийн осол” гэдгийг тодорхойлсон, ямар тохиолдолд нөхөн төлбөр олгох болзол буюу даатгалын гэрээгээр тохиролцсон эрсдэлийн төрөл үүссэн эсэхийг шүүх харгалзан үзэж дүгнээгүй байна.

4.1.2. Анхан шатны шүүх даатгалын гэрээний гол нөхцөлийг тайлбарлахдаа зөвхөн зээлдэгчийн амь насны даатгал гэсэн гэрээний нэршил буюу гэрээний шинжийг заасан хэсгийг иш татаж, гол нөхцөлийг даатгуулагчийн амь нас гэрээний хугацаанд бүхий л эрсдэлд орох нөхцөл байна гэж буруу тодорхойлон тайлбарласан. Шүүх Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг харгалзсаны үндсэн дээр мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасныг баримтлан гэрээг тайлбарлах ёстой байтал  гэрээний гол нөхцөлийн утга агуулга нь хуульд заасан шаардлагыг хангасан тодорхой, ойлгомжтой байгаа нь илт байхад мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасныг хэрэглэсэн нь буруу  гэж үзэхээр байна.

4.1.3. Даатгалын гэрээгээр талуудын тохирвол зохих гол нөхцөл нь даатгалын зүйл болон даатгалын эрсдэлийн төрлүүд байдаг бөгөөд даатгуулсан зүйлд гэрээгээр тохирсон эрсдэл бий болж хохирол учирсан үед нөхөн төлбөрийн асуудал үүсдэг. Үүнийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасны дагуу тохиролцсон болзол нь юу болох талаар буюу даатгалын зүйлд ямар эрсдэлийн улмаас хохирол учирсан талаарх үйл явдалд дүгнэлт хийгээгүй нь гэрээний гол нөхцөл болох даатгалын эрсдэлийг огт харгалзан үзээгүй, бүрэн дүүрэн, бодитой дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, даатгуулагчид учирсан хохирол нь гэрээнд заагдаагүй эрсдэл болох хэвлийн хөндийн шингэн хурах /асцит/ өвчний улмаас үүсч, нас барсан бөгөөд энэ нь талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний гол тохиролцоо болох урьдчилан мэдэх боломжгүй, гэнэтийн шинжтэй тухайлан заасан 5 төрлийн үйл явдал буюу гэрээгээр тохирсон даатгалын эрсдэлийн улмаас учирсан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.  

4.2. Шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй, нарийвчлан зохицуулсан эрх зуйн хэм хэмжээг бүрэн дүүрэн, тал бүрээс нь бодитой үндэслээгүй. Анхан шатны шүүх   “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын хэм хэмжээг хэрэглэсэн боловч, уг нарийвчлан зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг бүрэн дүүрэн тал бүрээс нь зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэглэвэл зохих бусад хэм хэмжээний актыг хэрэглээгүй мөн салбар эрх зүйн онцлог шинж болон даатгалын үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдлыг зөв дүгнээгүй.

4.2.1. Даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “Даатгалын багц дүрэм”-ийг батлан гаргаж уг дүрмийн дагуу даатгалын салбар нарийвчлан зохицуулагддаг. Тус дүрмийн 16 дугаар хавсралтаар “Даатгалтай холбоотой үйл ажиллагааг тодорхойлох заавар”-ыг батласан ба тус зааврын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Ердийн даатгагч нь зөвхөн ердийн даатгалын хэлбэрээр, урт хугацааны даатгагч нь зөвхөн урт хугацааны даатгалын хэлбэрээр үйл ажиллагаа эрхэлнэ” гэж заасан байна.

Мөн Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт “дурын даатгалын хэлбэрийг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно” гэж заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 207 дугаар тогтоолын хавсралтаар сайн дурын даатгалын хэлбэрийг батласан. Тус хавсралтын 2.1 дэх хэсэгт урт хугацааны даатгалын ангилалд хамаарах даатгалын бүтээгдэхүүний нэг төрөлд “хугацаат амьдралын даатгал: Даатгуулагч зөвхөн даатгалтай хугацаанд нас барсан тохиолдолд даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд даатгагч мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал байна” гэж заасан байгаа нь анхан шатны шүүхээс гэрээний гол нөхцөлийг тайлбарласан тайлбарын үндэслэлд хамаарахаар байна. Гэвч “Даатгал” ХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 211 дугаар тогтоолоор олгогдсон ТЗ/201/16 дугаар тусгай зөвшөөрлийн хүрээнд “Ердийн даатгалын үйл ажиллагаа” явуулах эрхтэй байгууллага бөгөөд урт хугацааны даатгалын үйл ажиллагаа явуулах эрхгүй юм. Мөн Даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт “Зохицуулах хороо урт хугацааны болон ердийн даатгалын үйл ажиллагааг нэгэн зэрэг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохгүй” гэж заасны дагуу ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх компани нь урт хугацааны даатгалын үйл ажиллагааг давхар эрхлэхийг хязгаарласан байдаг.

Анхан шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ дээрх нарийвчлан зохицуулсан хэм хэмжээний зохицуулалтуудыг огт хэрэглээгүй бөгөөд хариуцагч байгууллага нь хууль болон дүрэм, журам, заавар мөн тусгай зөвшөөрлийн хүрээнд ердийн даатгалын ангилалд хамаарах үйл ажиллагаа явуулсан эсэхэд огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэрэг маргааныг салбар эрх зүйн талаас нь судлаагүй байгаа нь учир дутагдалтай, бодитой, шударга, үндэслэл бүхий болж чадаагүй байна.

4.2.2. Анхан шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ даатгагчийн даатгалын үйл ажиллагааны хэлбэрийг /ердийн даатгал/ тусгайлан зохицуулсан хэм хэмжээнд заасны дагуу зөв үнэлэж чадаагүйн улмаас “Ипотекийн үйл ажиллагааны журам”-ын утга агуулгыг бүрэн дүүрэн, бодитой үнэлээгүй мөн хэрэглэвэл зохих зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэр, тус журмын 2.2-т “Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараахь үндсэн эрсдэлийг даатгана. 2.2.1 ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл, түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол (цаашид “гэнэтийн осол” гэх)-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70% буюу түүнээс дээш хувиар алдалт, хугацааны даатгагчийн хувьд аливаа шалтгааны улмаас нас барах...” гэж заасныг үзвэл дээрх тохиолдолд хариуцагч “Даатгал” ХК /ердийн даатгагч/ нь зөвхөн гэнэтийн ослын улмаас үүссэн эрсдэлийг даатгах эрхтэй байхаар журамласан бөгөөд хариуцагч байгууллага нь тус журамд заасны дагуу ипотекийн зээлдэгчийн амь насанд гэнэтийн ослоос үүдэн учрах эрсдэлийг даатгаж ажилласан нь хуульд нийцэж байгаа юм.

Гэвч анхан шатны шүүх уг үйл баримт, хэм хэмжээнд огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй ба урт хугацааны даатгагчид хамаарах эрсдэлийг, ердийн даатгагчид хамааруулан тайлбарласан нь хууль, журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

4.3. Нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт үнэлээгүй, хуульд заасан шаардлага хангаагүй шийдвэрийг үндэслэсэн.

4.3.1. Даатгалын гэрээ нь даатгуулагчийн Төрийн банкнаас авсан Ипотекийн зээлийн гэрээнд заасны дагуу байгуулагдсан бөгөөд тус банкаар дамжуулан байгуулагдсан гэрээ юм. Даатгалын гэрээ байгуулагдах үед Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.5 дахь хэсэгт заасны дагуу даатгалын зуучлагч нь даатгуулагчид гэрээний нөхцөл, шаардлагыг танилцуулан, даатгуулагчийн мэдээллийг авсан болох нь банкны байнга хэрэглэдэг “Даатгалын гэрээний мэдүүлгийн хуудас”-аар тогтоогдож байхад шүүх уг баримтыг үнэлээгүй.

Мөн даатгуулагч нь Даатгалын гэрээний 1.1.4-т “талууд гэрээг харилцан зөвшөөрч, гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болж, ..." гэж заасны дагуу даатгуулагч нь даатгалын гэрээний бүх нөхцөлтэй танилцсан гэдгээ илэрхийлж гарын үсэг зурж, даатгалын хураамжийг төлсөн. Энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцэж байх бөгөөд даатгуулагч нь гэрээнд тусгайлан заасан эрсдэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдолд уг даатгалын гэрээг байгуулахгүй байх бүрэн боломжтой юм. Мөн уг даатгалын гэрээний хугацаа дуусах үед дахин нэг жилээр сунгах явцад даатгуулагч нь гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаагүй бөгөөд сайн дурын үндсэн дээр даатгалын хураамжаа төлж байсан зэргээс харвал даатгуулагч нь гэрээний нөхцөлийг өөрчлөх, эсхүл дуусгавар болгох өөрийн эрхийг хэрэгжүүлэх боломжтой байсан ч уг эрхийг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

4.3.2. Анхан шатны шүүх Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 9/3012 тоот албан бичгийг үндэслэн “даатгуулагчаар мэдүүлгийн маягт бөглүүлж, үндсэн эрсдэлээс сонголт хийх эрхийг олгоогүй” гэж дүгнэсэн ба энэ үндэслэлтэй байна гэж үзсэн. Уг албан бичиг нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “эрхийнхээ хүрээнд хорооны гаргасан шийдвэр тогтоол хэлбэртэй байна” гэж заасан шаардлагад нийцээгүй шийдвэр байх бөгөөд энэ нь тухайн байгууллагын аливаа хэлбэрээр үр дагавар, хариуцлага хүлээх үндэслэлгүй, албан бичгийн шинжтэй баримт гэж үзэхээр байна.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд тусгагдсанаар  зөвхөн хяналт, зохицуулалтын чиг үүрэгтэй байх бөгөөд даатгагчид даатгалын нөхөн төлбөрийг олгохыг үүрэг болгох эрхгүй байгууллага юм.  

4.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13 дахь заалтад бичигдсэн дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг тайлбарлан тусгаагүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад 2 төрлийн утга агуулга бүхий шаардлага байх бөгөөд үүний нэг нь даатгалын гэрээний 3.1.2, 3.2 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэсэн байна. Шүүх уг шаардлагыг “бие даасан шаардлага болж чадахгүй ба харин даатгалын нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон байна” гэж дүгнэн, уг дүгнэлтийнхээ үндэслэлийг тодруулаагүй мөн уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэрнээ нөхөн төлбөрийг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, логикийн хувьд хоорондоо зөрчилдсөн, мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Даатгалын гэрээний мэдүүлгийн хуудсыг даатгуулагч өөрийн гараар бөглөсөн мэдүүлсэн байна. Даатгалын гэрээний мэдүүлгийн хуудаснаас даатгуулагч гэнэтийн буюу амь насны даатгал гэх хоёр сонголтоос аль сонголтыг хийж байгаа нь тодорхой байх загварыг Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан. Даатгуулагч 9 төрлийн даатгалын бүтээгдэхүүнээс зээлдэгчийн амь насны даатгал гэдгийг нь сонгосон. Энэ сонголтод гэнэтийн ослын даатгал гэх сонголт байгаа. Гэхдээ энэ сонголтыг даатгуулагч хийгээгүй. Гэнэтийн ослыг сонгосон байсан ч эрсдэлээс хамгаалагдана, зээлийн хариуцагчийн даатгалыг сонгосон хэдий ч гэнэтийн ослын эрсдэлээс хамгаалагдана гэх зүйл хариуцагчийн тайлбарын үр дагавраас үүсэж байна.

Даатгалын мэдүүлгийн хуудас, даатгалын гэрээний уялдааг харах юм бол даатгалын мэдүүлэгт даатгалын гэрээний гол нөхцөл болно гэсэн санамжтай. Даатгалын гэрээнд даатгалын мэдүүлгийн хуудас нь гэрээний салшгүй хэсэг болно гэсэн заалттай. Иймд даатгуулагчийн бөглөсөн амь насны даатгалыг сонгох хүсэл зоригийн илэрхийлэл нь тодорхой байна.

5.2. Талууд гэрээг 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан. Одоо яригдаж байгаа журам нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Үүнээс өмнө 2017 онд Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Ипотекийн зээлийн даатгалын үйл ажиллагааны журмаар гэнэтийн осол болон өвчний улмаас гэх үндсэн эрсдэлийг даатгаж байсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа журмаар “ердийн даатгагч нь гэнэтийн осол нэмэлт нөхцөлийг даатгаж болно” гэсэн байна.

 “Даатгал” ХК нь тухайн үед санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн үндсэн болоод нэмэлт эрсдэлийн бүтээгдэхүүн байсан уу гэж тодруулга авахад ийм бүтээгдэхүүн байхгүй гэсэн хариу өгсөн. Даатгалын компани өөрөө бүтээгдэхүүн үйлчилгээг бүртгүүлээгүй бол Санхүүгийн зохицуулах хорооноос гэрээ байгуулж байгаа үед хяналт тавих боломжгүй. Амь нас хохирсон тохиолдолд эдгээр баримтыг бүрдүүлнэ. Амь насны даатгалын гэрээ гэх сонголт байсан тул Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу биш хоорондоо зөрүүтэй нэр томьёо байна. Иймд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасны дагуу тайлбарлаж хэрэглэсэн нь хуульд нийцсэн. Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэртэй холбоотой даатгалын компанийн зүгээс гомдол гаргах эрхтэй. Даатгуулагч талаас нэхэмжлэл гаргаснаас биш даатгагч компанийн зүгээс энэ хугацаанд шүүхэд хандаагүй буюу нэхэмжлэл, гомдол гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Б.П-, П.Е- нар хариуцагч “Даатгал” ХК-нд холбогдуулан даатгалын гэрээний 3.1.2, 3.2 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, даатгалын нөхөн төлбөрт 158,884,743 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс даатгалын гэрээний 3.1.2, 3.2 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах хэсгийг нэхэмжлэлийн үндэслэл гэж дүгнэсэнд нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрөө тодорхойлох эрхтэй, энэ эрхийн хүрээнд түүний тодорхойлсон шаардлагыг шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэж дүгнэсэнд тэрээр гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн энэ дүгнэлтийг хэвээр үлдээнэ. Үүний үр дагавар нь нэхэмжлэгч хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг тодорхойлж шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүй болно. Энэ дүгнэлтийн хүрээнд хариуцагч байгууллагын эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг даатгалын нөхөн төлбөр гаргуулах гэж тодорхойлсон хэмжээгээр давж заалдах шатны шүүх хэргийг хянана.

 

3. Зээлдэгч Б.Пү-, Б.П- нар 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Төрийн банк” ХХК-тай “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ” байгуулжээ.

Даатгуулагч Б.П- нь “Даатгал” ХК-тай “Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ”-г байгуулсан, гэрээнд огноо тусгагдаагүй, даатгалын гэрээний мэдүүлгийн хуудас баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хувьд тусгагдсан огноо уншигдахгүй байх тул даатгалын баталгаа гэх баримтад огноог 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөр тэмдэглэсэн байдлыг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний огноог энэ хугацаагаар тодорхойлов.

 

4. Даатгалын гэрээний даатгалын зүйлийг амины орон сууц, зээлдэгч болон хамтран зээлдэгчийн амь нас байна гэж тохиролцсон байна. Эд хөрөнгийн даатгалын талаар маргаагүй тул эд хөрөнгийн даатгалтай холбоотой эрсдэлийн талаархи тохиролцоог дурдах шаардлагагүй гэж дүгнэлээ. Амь насны даатгалын хамгаалалтад үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барах, эсхүл тэдгээр нь гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах гэж талууд тохиролцсон.  

Даатгуулагч Б.Пү- болон “Даатгал” ХК-ийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний үүргийн харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

5. Даатгуулагч Б.Пү- нь хэвлийн хөндийд шингэн хурах /асцит/ өвчний улмаас 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан, 2018, 2019 оны даатгалын хураамж төлөгдсөн, П.Е- нь 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлүүлэгч Б.Пү-гийн шаардах эрх, гэрээний дагуу хүлээх үүргийг өвлөж авсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

6. Даатгуулагч Б.Пү-гийн нас барсан шалтгаан нь даатгалын тохиолдол болно гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу болжээ.

 

7. “Төрийн банк” ХХК нь “Даатгалын гэрээний мэдүүлгийн хуудас” гэх баримтыг даатгуулагч Б.Пү-гээр бөглүүлж авсан тул уг баримтыг “Даатгал” ХК-ийн үйлдсэн баримт гэж дүгнэхгүй. Энэ баримтаас үзвэл даатгуулагч нь даатгалын байгууллага болон  даатгалын бүтээгдэхүүний төрлийг сонгох учир тэрээр даатгалын байгууллагаар “Даатгал” ХК-ийг, даатгалын бүтээгдэхүүнээс хөрөнгийн даатгал, зээлдэгчийн амь насны даатгал гэдгийг сонгосон байна. Энэ хуудаст энэхүү мэдүүлгийн маягт нь даатгалын гэрээний үндсэн нөхцөл болох талаар анхааруулжээ. Иймд уг мэдүүлгийн хуудсыг бөглүүлж авч буй этгээд нь ямар даатгалын байгууллага, ямар бүтээгдэхүүний төрөлтэйг даатгуулагчид тайлбарлаж өгөх учиртай.

 

8. Санхүүгийн зохицуулах хорооноос 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 211 дугаар тогтоолоор “Даатгал” ХК-д “ердийн даатгал” хийх үйл ажиллагааг эрхлэхийг зөвшөөрч тусгай зөвшөөрлийн ТЗ201/16 тоот гэрчилгээг олгожээ.

Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт зааснаар Санхүүгийн зохицуулах хороо сайн дурын даатгалын хэлбэрийг тогтоох үүргийн хүрээнд тус байгууллага нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 207 тоот тогтоолын хавсралтаар даатгал нь ердийн болон урт хугацааны ангилалтай байх, ангилал тус бүрт даатгалын хэлбэрийг нэрлэн зааж тогтоосон байна.

Ердийн даатгалын ангиллын гэнэтийн ослын даатгалд “Аливаа гэнэтийн осол, гэмтлийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрахад даатгагчаас даатгуулагч эсхүл даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Үүнд хөдөлмөрийн чадвар алдахтай холбоотой эмнэлэг, эмчилгээ, мэс заслын зэрэг зардлын даатгал хамаарна” гэж заасан.   

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор баталсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар даатгах үндсэн эрсдэлийг мөн журмын 2.1.1.-д “Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол (цаашид “гэнэтийн осол” гэх)-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт”, 2.1.2-т “Урт хугацааны даатгагчийн хувьд аливаа шалтгааны улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт” гэж тодорхойлон зохицуулсан.  

Иймд ердийн даатгалын ангиллаар олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд “Даатгал”ХК нь үйл ажиллагаа явуулах учиртай.

 

9. Б.Пү- болон “Даатгал” ХК-ийн хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд “гэнэтийн осол” гэдэгт үйлдвэрлэлийн осолд өртөх, байгалийн эрсдэл, ахуйн эрсдэл, зам тээврийн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэлийг оруулж тооцохоор тодорхойлжээ. Харин зээлдэгчийн амь насны даатгалын эрсдэлийг гэнэтийн осолын улмаас нас барсан байхаар тодорхойлсон байхад даатгуулагч өвчний улмаас нас барсан байдлыг даатгалын тохиолдол бий болсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасантай нийцэхгүй байна.

 

10. Гэрээний заалт тодорхой, ойлгомжтой байхад анхан шатны шүүх тайлбарлан хэрэглэх шаардлагатай гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

11. Иймд даатгуулагч Б.Пү-гийн өвлөгч П.Е- нь даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхгүй, нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн нь даатгалын гэрээний тал биш, Б.Пү-гийн өвлөгч биш тул “Даатгал” ХК-д холбогдуулж даатгалын нөхөн төлбөрт 158,884,743 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

12. Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан “Даатгалын багц дүрэм” нь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан даатгалын гэрээний харилцаанд хэрэглэгдэхгүй болно. Уг дүрмийн зохицуулалтуудыг хэрэглээгүй гэх хариуцагч байгууллагын давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ. 

 

13. Дээрх үндэслэлээр хариуцагч байгууллагын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “Даатгал” ХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 158,887,743 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Е-, Б.П- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2022/01488 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “Даатгал” ХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 158,887,743 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Е-, Б.П- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 952,373.71 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД

                                           

         ШҮҮГЧИД                                 С.ЭНХБАЯР

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА