Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01722

 

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01722

 

УМ- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/02077 дугаар шийдвэртэй,

УМ- ХХК-ийн нэхэмжлэлтэй

ГБК- ХХК, Ц.О- нарт тус тус холбогдох,

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 1,128,929,377 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Замбага-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 28/2019 дугаартай Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 393,350,540 төгрөгийн бараа материал авсан боловч үнийг төлөөгүй.

1.2. 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 58/2019 дугаартай Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 200,697,070 төгрөгийн бараа материал авч, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр татсан бараа материалын үнэ 27,293,560 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн бараа материалын үнэ 69,608,700 төгрөг, нийт 96,902,260 төгрөг төлсөн ба үлдэгдэл 103,794,810 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна.

1.3. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 59/2019 дугаар Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 75,044,450 төгрөгийн бараа материал авч, үнийг төлөөгүй.

1.4. 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 64/2019 дугаар Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 115,745,060 төгрөгийн бараа материалыг авч үнийг төлөөгүй байна.

1.5. Нийт 4 гэрээний үндсэн төлбөр 687,934,860 төгрөг гаргуулна.

1.6. Гэрээнүүдэд төлбөрийн төлөгдөөгүй үнэд жилийн 7,2 хувийн хүү тооцно гэж тохиролцсон тул хүүд 97,027,087 төгрөг гаргуулна.

1.7. Хариуцагч байгууллага нь нийт 4 гэрээний үндсэн төлбөрт 687,934,860 төгрөгийг төлөөгүй тул 28/2019 тоот гэрээний 2.8, 58/2019 тоот гэрээний 2.6, 59/2019 болон 64/2019 тоот гэрээний 2.7-д тус тус зааснаар алдангийг тооцож 343,967,430 төгрөгийг гаргуулна.

1.8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь үндсэн төлбөр 687,934,860 төгрөг, гэрээний хүү 97,027,087 төгрөгийг төлсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг батлуулах хүсэлтэй байна.

1.9. Хариуцагч нараас алдангид 343,967,430 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч ГБК- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Бид зээлээр бараа материал авсан нь үнэн, гэрээ байгуулсан болон тооцооны үлдэгдлийн талаар маргаан байхгүй.

2.2.Нэхэмжлэгч нь үндсэн төлбөр, хүүгээ төлвөл алдангийн талаар ярилцана гэсэн учраас бид үндсэн төлбөр, хүү болох 784,961,947 төгрөгийг төлсөн.

2.3.Харин алдангийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байна, учир нь улс орон даяар цар тахалаас болж үйл ажиллагаа зогссон. Хоёр талаас гүйцэтгэх захирлууд хоорондоо ярилцаад үндсэн төлбөр, хүүгээ эхлээд төлчихвөл эвлэрээд дуусгана гэдэг яриа гарсан. Тиймээс л бид үндсэн төлбөр, хүүг төлөх гэж маш яаралтай мөнгө төгрөг цуглуулж, компанийнхаа хамаг мөнгийг шавхаад удаа дараа хурал хойшлоод мөнгөө төлчих гээд хүчин чармайлт гаргаад хийсэн. Хоёр талын харилцан ярьсны үндсэн дээр эвлэрнэ, алдангийг авахгүй гэж хоорондоо ярилцсан болохоор алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа юм. Хэрэв эвлэрэхгүй гэж байсан юм бол бид манай зүгээс арай өөр тайлбарыг ярьж, хүнд хэцүү байдалтай байсантай холбоотой баримтуудыг авчирч болох л байсан. Гэтэл өөр юм ярьж ирчихээд одоо мэдэхгүй гэж байгаад гайхаж байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч ГБК- ХХК-аас алдангид 171,983,715 төгрөг гаргуулж нэхэмжлэгч УМ- ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 171,983,715 төгрөгийг болон хариуцагч Ц.О-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч УМ- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,802,597 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГБК- ХХК-аас 1,017,868 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч УМ- ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс хариуцагчийн төлөөлөгчийн цар тахалтай нөхцөл байдалтай байсан бөгөөд дэлхий нийтэд тархсан Ковид-19 буюу шинэ төрлийн коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд удаа дараа улс орон даяар хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан нь нийтэд илэрхий үйл баримтад тооцогдох тул хариуцагчаас энэ талаар баримт ирүүлээгүй гэсэн нэхэмжлэгчийн өмөөлөгчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэж, алдангийн 50 хувийг хариуцагч ГБК- ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн гэж тайлбарлаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 171,983,715 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь шүүхээс алдангийн хэмжээг бууруулахдаа тодорхой хууль зүйн үндэслэл заагаагүй ба цар тахлын нөхцөл байдал нь гэрээний үүргээ гүйцэтгэхэд бодитой нөлөөлсен баримт байхгүй, цар тахлын өмнө болон цар тахлын хязгаарлалт дууссаны дараа үүргээ гүйцэтгэх боломжтой байхад шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, цаг хугацаа хожиж, шүүхийн шийдвэр гарахаас өмнө бараа, материалын үнэ 687,834,860 төгрөгийг төлсөн нөхцөл байдлыг огт харгалзахгүйгээр алдангийн хэмжээг хуульд байхгүй үндэслэлээр бууруулсан нь илт үндэслэлгүй болсон.

Манай компанийн зүгээс төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, хүлээж байсан боловч ГБК- ХХК-ийн зүгээс үл тоож, шүүхэд хандахад хүргэсэн ба анх арматур худалдсан цаг хугацаанаас хойш ам.долларын ханш эрс нэмэгдэж, зээлийн өндөр хүү төлж манай компани хохирсныг шүүх огт анхаараагүй.

Нотлох баримтгүй, хууль зүйн үндэслэлгүйгээр алдангийн хэмжээг бууруулж, 171,983,715 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байна.

4.2. Хариуцагч Ц.О-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь илтэд хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт авагдсан Батлан даалтын гэрээг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 28/2019 дугаартай Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 393,250,540 төгрөгийн бараа материал нийлүүлсэн ба уг гэрээний дагуу төлөх үндсэн төлбөр 393,250,540 төгрөг, алданги 196,675,270 төгрөг, хүү 55,478,592 төгрөг, нийт 645,504,401 төгрөгийн төлбөрийг батлан даагч Ц.О- хамтран хариуцахаар тохирч, гэрээ байгуулсан.

2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01/2019 дугаартай Батлан даалтын гэрээний 1.1-т зааснаар Ц.О- нь ГБК- ХХК нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадна гэдгийг баталж, хэрэв үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 28/2019 дугаартай Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний нөхцлүүдийн дагуу нийт үүргийн гүйцэтгэлийн хэмжээгээр хамтран хариуцах үүрэг хүлээсэн.

Анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01/2019 дугаартай Батлан даалтын гэрээний 1.1 дэх хэсгийг буруу үнэлж, Иргэний хуулийн 460 дугаар зүйлд заасан батлан даалтын гэрээний харилцааны эрх зүйн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Учир нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ, 460.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй иь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж тус тус заасан ба нөхөх хариуцлага хүлээх болон хамтран хариуцах гэсэн батлан даалтын гэрээний 2 төрөлтэй байхаар хуульд заасан.

Ц.О-тай хамтран хариуцах батлан даалтын гэрээ байгуулагдсан ба энэ талаар маргаагүй, хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасныг анхан шатны шүүх хэрэглэхдээ зөвхөн хариуцагч ГБК- ХХК нь үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, Ц.О-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль бус юм.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой гэх нөхцлийн аль нэг нь биелэгдсэн бол нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй. Анхан шатны шүүх зөвхөн үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал гэж заасныг хэрэглэсэн нь буруу юм. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэттээгүй нөхцөл бүрэн хангагдсан, хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул Батлан даагч Ц.О- нь хамтран хариуцах үүрэг хүлээнэ.

Иймээс хариуцагч Ц.О- нь алданги 196,675,270 төгрөгийг хариуцах үүрэгтэй болно.

4.3. Манай комнани нь бараа материалын үнийн үлдэгдэл төлбөрт 687,834,860 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба уг төлбөрийг анхан шатны шүүх хуралдаанаас өмнө төлж дуусгасан. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдох ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа хариу тайлбарыг бичгээр ирүүлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Мөн хуулийн 69.1 дэх хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ нөхөн төлүүлэх шүүхийн зардал болон улсын тэмдэггийн хураамжийг энэ хуулийн 47, 48 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ гэж тус тус заасны дагуу анхан шатны шүүх нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн 5,802,597 төгрөгийг 2 хариуцагчид хувь тэнцүүлэн хуваарилж гаргуулах байсан боловч 1,017,686 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, улсын тэмдэгтийн хураамжийг 5,802,597 төгрөгийг 2 хариуцагчид хувь тэнцүүлэн хуваарилж гаргуулах нь хуульд нийцэх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт энэхүү өөрчлөлтийг оруулахыг хүсэж байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, хариуцагч ГБК- ХХК-аас 147,292,160 төгрөгийг, Ц.О-аас 196,675,270 төгрөгийг тус тус гаргуулж, хариуцагч ГБК- ХХК-ийн бараа материалын үнийн үлдэгдэл төлбөрт 687,834,860 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, улсын тэмдэггийн хураамж 5,802,597 төгрөгийг ГБК- ХХК болон Ц.О- нараас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: ГБК- ХХК нь анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй. Батлан даалтын гэрээг Ц.О- байгуулсан хэдий ч манай компани үүргээ гүйцэтгэж үндсэн төлбөр болон хүүг төлсөн учраас Ц.О-ыг хамтран хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд нийтдээ 785,000,000 төгрөгийг бүхэлд нь төлсөн. Алдангийн талаар нэхэмжлэгч компанийн захиралтай ярилцсан. Өмгөөлөгч нь энэ талаар сайн мэдэхгүй байна.

Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед цар тахлын улмаас нөхцөл байдал хүнд байсан учраас үйл ажиллагаа явуулж байсан талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч талаас ч мөн энэ талаар баримт гаргаж өгөөгүй. ГБК- ХХК нь төлбөрийг төлөх боломжгүй байсан учраас орон сууц авах саналыг хүргүүлж байсан. Энэ талаар баримт хэрэгт авагдсан бөгөөд манай зүгээс бүх мөнгийг төлсөн учраас алдангийг төлөх үндэслэлгүй.

 

6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Ц.О- оролцоогүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч УМ- ХХК нь хариуцагч ГБК- ХХК, Ц.О- нарт холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 1,128,929,377 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч УМ- ХХК нь хариуцагч ГБК- ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 28/2019 тоот, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 58/2019 тоот, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 59/2019 тоот, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 64/2019 тоот бараа, материал зээлээр худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан, худалдагч нь бараа, материал нийлүүлэх, худалдан авагч нь үнийг төлөхөөр харилцан тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

4. Худалдан авагч нь дээрх 4 гэрээний төлбөрт 687,934,860 төгрөг, хүүд 97,027,087 төгрөг төгрөг төлөөгүй талаар маргаангүй байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 784,961,947 төгрөгийг худалдагчид төлсөн байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгаагүй, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлсэн тохиолдолд уг үнийн дүнд хамаарах шүүхийн зардал болох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах учиртай. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчийн төлсөн 784,961,947 төгрөгтэй холбоотой хэсгийг орхигдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой гэж дүгнэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийн зохицуулалтаас дүгнэвэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тохиолдлыг зохицуулаагүй байна.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж, улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно. Үүнтэй холбоотойгоор холбогдох зардал болох улсын тэмдэгтийн хураамжийг хэн буруутай тал төлөх үүргийн хүрээнд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчид хуваарилах юм.

Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу шүүхийн зардал болох улсын тэмдэгтийн хураамж төлөгдсний дараа хариуцагч гэрээний дагуу гүйцэтгэх үүргээ биелүүлж байгаа байдлыг шүүхийн зардал болох улсын тэмдэгтийн хураамжийг гэм буруугүй тал болох нэхэмжлэгчид хариуцуулах нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан хэн буруутай талд зардал хуваарилах зарчим зөрчигдөнө.

Иймд шүүхийн шийдвэрт 2 дахь заалт болгож, хариуцагч ГБК- ХХК нь нэхэмжлэлээс 784,961,947 төгрөгийн хэмжээгээр төлөх байдлаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, түүний зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбоотойгоор 784,961,947 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч компаниас гаргуулж нэхэмжлэгчид олгох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

4.1. Талуудын хооронд байгуулагдсан 28/2019 тоот гэрээний 2.8, 58/2019 тоот гэрээний 2.6, 59/2019 болон 64/2019 тоот гэрээний 2.7 дахь заалтуудад тус тус алдангийн талаар тохиролцсон, алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Нэхэмжлэгч нь дээр дурдсан 4 гэрээний алдангид 343,967,430 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь гэрээний үндсэн шаардлага болох 687,934,860 төгрөгийн 50 хувь байна.

 

4.2. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлээ өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд энэ эрхийн хүрээнд алдангид шаардсан 343,967,430 төгрөгийн шаардлагаа хариуцагч ГБК- ХХК-аас 147,292,160 төгрөг, хариуцагч Ц.О-аас 196,675,270 төгрөгийг тус тус гаргуулна гэж тодорхойлсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх тул хариуцагч Глобал бридж констракш ХХК-д холбогдуулан гаргасан алдангийн шаардлага болох 147,292,160 төгрөгийн хэмжээнд шийдвэрлэх учиртай.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагч ГБК- ХХК-аас алдангид 171,983,715 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн боловч энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй тохиолдолд гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг өөрийнх нь гаргасан гомдлыг үндэслэл дордуулахгүй байх зарчмын хүрээнд уг шийдлийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээлээ.

Хариуцагч ГБК- ХХК-аас гаргуулан шийдвэрлэсэн алдангийг нэхэмжлэгч өөрөө тодорхойлсон, уг алдангийг шүүх бууруулан тогтоогоогүй тохиолдолд давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал болох Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын талаар дүгнэх, улмаар алдангийг бууруулахаар дүгнэх шаардлагагүй байжээ.

 

4.3. Хариуцагч Ц.О-т холбогдуулан алдангид 196,975,270 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

УМ- ХХК болон Ц.О- нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Батлан даалтын гэрээ байгуулагдсан байна. Батлан даалтын гэрээгээр Ц.О- нь УМ- ХХК болон ГБК- ХХК-ийн хооронд байгуулагдсан 28/2019 тоот гэрээний үүргийг үүрэг гүйцэтгэгч ГБК- ХХК гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгч УМ- ХХК-ийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүргийг хүлээсэн, уг батлан даалтын гэрээ Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Уг гэрээний 1.1-д батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчтэй хамт үүргийг хамтран хариуцаахаар, гэрээний Хариуцлага хэсгийн 1 дэх заалтад батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөн хариуцлага хүлээхээр зөрүүтэй тохиролцоо хийжээ.

Батлан даалтын гэрээг нэг талаас хуулийн этгээд болон УМ- ХХК нөгөө талаас иргэн Ц.О- байгуулсан тул Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Ц.О-ын талд ашигтайгаар тайлбарлавал батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнө нөхөх хариуцлага хүлээхээр байна.

Түүнчлэн хариуцагч ГБК- ХХК нь алданги төлж чадахгүй байдал илт тодорхой байна гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч УМ- ХХК нь хариуцагч Ц.О-аас алдангийн үүргийг Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхгүй тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруу гэж дүгнэхгүй болно.

 

5. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/02077 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг нэмж, 2 гэж дугаарлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ГБК- ХХК нь гэрээний үүрэгт 784,961,947 төгрөгийг УМ- ХХК-д төлж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж оруулж,

2 дахь заалтыг 3 гэж дугаарлан, уг заалтаас 57 дугаар зүйлийн 57.1 гэснийг хасч, 56.1 гэснийг 56.2 гэж өөрчилж, 56.2 гэсний дараа 106 дугаар зүйлийн 106.6 гэж нэмж, 1 017 868 гэснийг 4 942 675 гэж өөрчилж,

3 дахь заалтыг 4 гэж дугаарлан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Э.ЗОЛЗАЯА