Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2017/01539

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 07 05

1539

 
 

 

 

АА-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01841 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч АА-гийн хариуцагч ББ, ВВ нарт холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөр 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ББгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч АА-, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа, хариуцагч ББгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдин-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч ББ, ГГ нарын эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гүнт зусланд байрлах тус бүр 700 м.кв талбай бүхий 2 иргэний эзэмшлийн газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээг тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч ВВтай байгуулсан. Дээрх гэрээний 2-д зааснаар гэрээ байгуулсан өдрөө ББгийн эзэмшлийн газрыг 5.000.000 төгрөгөөр, ГГ-ын эзэмшлийн 5.000.000 төгрөгөөр нийт 10.000.000 төгрөгийн үнээр тохиролцож, төлбөрийг ВВид бүрэн төлсөн. Гэрээ байгуулж 10.000.000 төгрөгийг өгсөн өдрөө Чингэлтэй дүүргийн Газрын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг зэрэг бичгийн баримтуудыг өгч ББгийн газар эзэмших эрхийг өөрийн хүү ДД-ын нэр дээр шилжүүлж эзэмших эрхийн гэрчилгээ авахаар хүсэлтээ гарган хөөцөлдсөөр 9 сарын хугацаа өнгөрч гэрээ биелэгдэх боломжгүй боллоо. Иймд ББгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ВВтай байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу бэлнээр өгсөн 10.000.000 төгрөгөөс ДД 5.000.000 төгрөг, миний бие 2.000.000 төгрөгийг цувуулж авсан одоо үлдэгдэл 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч ББ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, би нэхэмжлэгч АА- гэгчийг огт танихгүй, уулзаж байгаагүй. Бидний хооронд газар эзэмших эрх шилжүүлэх талаар гэрээ хийгдээгүй бөгөөд ийм эрхийг хэнд ч би олгоогүй болно. Иймд нэхэмжлэл гаргах эрх үүсээгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. ББ миний бие өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Өвөр гүнтэд байрлах 700 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газраа хэнд ч шилжүүлэх хүсэлт гаргаагүй бөгөөд миний эзэмшилд хэвээр байгаа болно. Түүнчлэн миний бие АА- нь надад 10 000 000 төгрөг хүлээлгэн өгсөн нотлох баримт байхгүй. Миний бие ВВ гэгчийг огт танихгүй бөгөөд түүнд өөрийгөө төлөөлүүлэх ямар ч эрх түүнд олгоогүй. Нэхэмжлэгч АА- болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа нар нь миний иргэний эрх зүйн байдлыг дордуулж, ямар учраас зүс үл таних этгээдээр намайг төлөөлүүлэх гээд байгааг ойлгохгүй байна. Иймд АА-гийн гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 Хариуцагч ВВ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Намайг хамтран хариуцагчаар татсан нь надад огт хамаагүй. Бид гэрээ хийхдээ 10 000 000 төгрөг аваагүй худлаа гүжирдэж байна. Авсан мөнгөн дүн нийт 9 000 000 төгрөг юм гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ББгаас 3.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч АА-д олгож, нэхэмжлэгч нь хариуцагч ВВаас татгалзсан болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч АА-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ББгаас 62.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч АА-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдин-Од давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: АА- болон ВВ нар нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулахдаа Банзрагч нь ББгийн итгэмжлэлээр гэрээ хийсэн гэж үндсэн нотлох баримтаар хавсаргажээ. Гэтэл хариуцагч ББ хариу тайлбартаа "...Намайг итгэмжлэлээр төлөөлж зуслангийн газрыг худалдах, худалдпан авах гэрээ хийсэн гэх ВВ гэгч хүнийг би огт танихгүй бөгөөд түүнд ийм итгэмжлэл олгоогүй, нэхэмжлэгч тал ямар санаатай хуурамч итгэмжлэл гаргаж ирж нотлох баримтаар шүүхэд өгсөнийг мэдэхгүй..." гэж хуурамч нотлох баримтын талаар тайлбартаа тодорхой дурьдсан байхад шүүх энэ талаар бодит байдлыг шалгаагүй. Хэргийн 62-р хуудасны ар талд авагдсан итгэмжлэл дээрх ББ-ийн гарын үсэг түүний гарын үсэг биш болохыг ч тогтоогоогүй. Нөхцөл байдал ийм байхад шүүгч хэт нэг талыг барьж нэхэмжлэгчийн талд хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Итгэмжлэл авсан гэх ВВ шүүхэд гаргасан тодорхойлолтондоо энэ хэрэгт хамтран хариуцагчаар оролцохоос татгалзсан байна. Гэтэл түүний татгалзсан шалтгаан, үндэслэлийг тодруулаагүй. Тодруулбал ВВ-ид итгэмжлэл олгосон нь хууль ёсны, хүчин төгөлдөр эсэх талаар огт шалгасангүй. Нэхэмжлэгч тал нь өөрөө хууль бус нотлох баримт гаргаж өгсөн нь илрэх нөхцөл байдал буй болмогц ВВийг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан гэж үзэж байна. Үүгээр шүүх ИХШХШ тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5 дахь хэсэгт заалсныг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ ББд 10 000 000 төгрөг өгсөн мэтээр

илэрхийлсэн, харин мөнгийг хүлээн авсан гэх ВВ нь 9 000 000 төгрөг хүлээн авсан гэж үнийн дүнгийн хувьд зөрүүтэй мэдүүлж тайлбарласаар байхад шүүх мөнгөн дүнгийн зөрүүг гаргалгүй 10 000 000 төгрөг өгсөн гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр эргэлзээгүй байх хуулийн шаардлагыг хангаагүй. ВВийн авсан мөнгийг итгэмжлэл олгоогүй, гэрээ хийгээгүй ББ түүний өмнөөс хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь шүүх гэрээ хийгээгүй ББг гэрээ хийсэн гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШ тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. АА- болон ББ нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ огт хийгдээгүй, хэрэгт ийм гэрээ баихгүй байхад шийдвэрийнхээ дүгнэлтийн хэсэгт гэрээ хийгдсэн, гэрээ нь хэрэгт байгаа мэтээр худал дүгнэлт бичиж ноцтой алдаа гаргажээ. Хэргийн 5 дугаар хуудсанд АА- болон ВВ нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ авагдсан байх тул ББ энэ гэрээний нэг тал биш, хариуцагч болох үндэслэлгүй юм. Түүнчлэн ББ нь хариу тайлбартаа ИХШХШТ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасаар байхад шүүх хүсэлтийг огт шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101\ШШ2017\01841 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч АА- нь хариуцагч ББ, ВВ нарт холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзсаны үр дагаврыг арилгуулах буюу уг гэрээгээр шилжүүлсэн 5 000 000 төгрөгөөс буцааж өгөөгүй дутуу үлдсэн 3 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч ББ эс зөвшөөрч ..,гэрээ байгуулаагүй гэж татгалзсан бол, хариуцагч ВВ ..,хоёр гэрээгээр нийт 9 000 000 төгрөг авсан гэж маргажээ.

 

Хэргийн 63 дугаар талд ББ нь ВВ-ид 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр итгэмжлэл бичгээр олгож, Чингэлтэй дүүргийн Чингэлтэй 19 дүгээр хороо, Гүнт зуслан хаягтай, *** тоот гэрчилгээтэй 700 мкв талбайтай газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх гэрээнд өөрийг нь төлөөлж гарын үсэг зурах эрхийг 3 жилийн хугацаатай олгосон нь тогтоогдсон.

 

Уг итгэмжлэлийн дагуу 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ВВ, АА- нарын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж Чингэлтэй дүүргийн Чингэлтэйн 19 дүгээр хороо, Гүнт зусланд байрлах 700 мкв газрын эзэмших эрхийг 5 000 000 төгрөгөөр шилжүүлэхээр болж, тооцоо дууссан талаар тэмдэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дээрх гэрээний дагуу гаргаж байгаа боловч гэрээгээр шилжүүлэн авсан мөнгөний тооцоогоо нийт хоёр гэрээнд үндэслэн тодорхойлсон.

 

Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд ..,хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан ГГ-ийг төлөөлж ВВ-ийн ДД-той байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр 5 000 000 төгрөг төлсөн бөгөөд уг 5 000 000 төгрөгөө бүрэн хүлээж авсан. Харин ББ-г төлөөлж ВВ-ийн АА-тай байгуулсан гэрээгээр төлсөн 5 000 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг цувуулан авсан, одоо 3 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй. Уг 3 000 000 төгрөгийг ББ-тай байгуулсан гэрээний дагуу шаардаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нийт 10 000 000 төгрөг шилжүүлснээс одоо 3 000 000 төгрөг үлдсэн гэх тооцооллоо өөрөө нотлох үүрэгтэй юм. Тэрээр нийт 10 000 000 төгрөг шилжүүлсэн нь гэрээний бичилтээр нотлогдоно гэх боловч ББтай байгуулсан гэрээнд 5 000 000 төгрөгийн тооцоо дууссан гэж тэмдэглэсэн, ГГ-тай байгуулсан гэрээнд 5 000 000 төгрөгийн тооцоо дуусна гэж тэмдэглэсэн байх бөгөөд уг тооцоо бүрэн дууссан эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт гаргаагүй байна.

 

Хариуцагч ВВийн ..,хоёр гэрээний дагуу нийт 9 000 000 төгрөг авсан гэх тайлбарыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар эргэлзээгүй нотлох баримтаар эсэргүүцэж, няцааж чадаагүй гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгчийн дээрх хоёр гэрээний дагуу 7 000 000 төгрөг буцаан авсан гэх тайлбарыг хариуцагч эсэргүүцэж няцааж чадаагүй болно.

 

Иймд хариуцагчаас 2 000 000 төгрөг гаргуулахаар, түүнчлэн гэрээнээс татгалзсанаас үүссэн үр дагаврыг арилгуулж гэрээгээр шилжүүлсэн мөнгөө буцаан шаардсан байх тул хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01841 дугаар шийдвэрийн удирдлага болгосон хэсгийн 115.2.1 гэснийг 115.2.2 гэж, 1, 2 дах заалтыг нэгтгэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ББгаас 2 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч АА-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ВВид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дах заалтын дугаарыг 2 гэж дугаарлан ББгаас 62 950 гэснийг ББгаас 46 950 гэж, 4 дэх заалтын дугаарыг 3 гэж дугаарлан тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдин-Одын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.ТУЯА

 

ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

 

                                                        Ш.ОЮУНХАНД