Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 10

 

Х.Энхтөрд холбогдох эрүүгийн
хэргийн тухай

    Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жаргалсайхан даргалж, тус шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, Говь-Алтай аймгийн прокурорын газрын прокурор Т.Эрдэнэбат, нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн давж заалдах шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: 
Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн гаргасан давж заалдах гомдлоор Х.Энхтөрд холбогдох 201307000205 дугаартай эрүүгийн хэргийг  2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, эхнэр 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандалын 2-18 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Хүрэлбаатарын Энхтөр, Регистрийн дугаар ЗЮ84112030.
Х.Энхтөр нь 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт “Алтайн хүдэр” ХХК-ний эзэмшлийн хүнд даацын 40-39 УНР улсын дугаартай “Норд бенз” маркийн авто машиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад, Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчиж, “Мөст цэвэрлэг булаг” ХХК-ний хүнд даацын 97-36 УНП улсын дугаартай, “Норд бенз” маркийн  авто машиныг зогсож байхад араас нь мөргөж зам тээврийн осол гарган “Алтайн хүдэр” ХХК-д 47.775.500 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ
Анхан шатны шүүх шүүгдэгч Боржигон овогт Хүрэлбаатарын Энхтөрийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдад онц их хэмжээний буюу 47.755.500 /дөчин долоон сая долоон зуун тавин таван мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Хүрэлбаатарын Энхтөрд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Энхтөрөөс 47.755.500 /дөчин долоон сая долоон зуун тавин таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж “Алтайн Хүдэр” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. 
Мөн шийтгэх тогтоолд шүүгдэгч Х.Энхтөр нь 27 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирол төлөгдөөгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Х.Энхтөрийн ЗЮ84112030 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг өөрт нь буцаан олгохоор тус тус заажээ. 
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: 
Шүүгдэгч Х.Энхтөрд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 47.755.500 /дөчин долоон сая долоон зуун тавин таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 
Х.Энхтөр нь Хөдөлмөрийн гэрээгээр ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд Говь-алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч А.Ариунболд 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 08-06-021/63/549 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтээр “Үйлдвэрлэлийн осолд оруулан тооцлоо” гэсэн байх бөгөөд Х.Энхтөр нь ажлын байрандаа үүргээ гүйцэтгэж байгаад биедээ гэмтэл авсныг эрүүгийн гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдсэн гэж үзэх боломжгүй тул Х.Энхтөрд холбогдох 201307000205 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 
Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: 
Ялтны өмгөөлөгч нь Х.Энхтөрийг Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч А.Ариунболдын 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 08-06-021/63/ 549 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлтээр хөдөлмөрийн гэрээгээр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа, Үйлдвэрлэлийн осолд орсон нь тогтоогдож байгаа тул Х.Энхтөрд холбогдох 201307000205 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж гомдол гаргасан байна.
Ялтан Х.Энхтөр нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдад онц их хэмжээний буюу дөчин долоон сая долоон зуун тавин таван мянга таван зуун төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Баттүвшингийн мэдүүлэг, гэрч С.Эрхэмбаяр, Б.Пүрэвсүрэн, Н.Мягмар нарын мэдүүлэг, Мэргэжлийн хяналтын газрын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар бүрэн нотлогдсон байна.
2013 оны 12 дугаар сарын 19 өдрийн А.Ариунболдын гаргасан шинжээчийн дүгнэлт нь хэн гэдэг ямар албан тушаалтан хэзээ хэний шийдвэрээр, ямар баримт материалд үндэслэн гаргасан болох нь тодорхойгүй байна. Уг дүгнэлтийг өмгөөлөгч Б.Эрдэнэбатын хүсэлтээр хэрэгт хавсаргасан бөгөөд одоо үйлчилж байгаа хуулиар өмгөөлөгч нарт нотлох баримт бүрдүүлэх эрх нь нээгдээгүй байгаа. 
Харин 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн албан ёсны дүгнэлтэд улсын байцаагч А.Ариунболд нь энэ үйлдэл нь үйлдвэрийн осол биш гэсэн дүгнэлт гаргаж өөрөө гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулсан болохыг хавтаст хэрэгт шалган тогтоосон тул ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна гэж дүгнэлээ.
Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг бодитой тогтоогоогүй байхад хэргийг  шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаарлагад нийцээгүй гэж дүгнэх үндэслэл болж байна. 
Мөрдөн байцаалтын явцад шинжээч Д.Жаргал, Ч.Золбоо, М.Дашдорж нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлтэд “...Х.Энхтөр нь тоосжилт бүхий үзэгдэх орчин хязгаарлагдмал замд хөдөлгөөнд оролцож яваад зам дээр зогссон тээврийн хэрэгслийг 4-5 метрийн зайнаас харсан гэх нь жолооч тээврийн хэрэгслийн хурдыг бууруулан замд аюул саад бий болох үед зогсоох боломжтой хэмжээнд хүргэх шаардлагыг биелүүлээгүй байна. Энэ нь хэргийн газрын схем зураглалаар зогсож байсан тээврийн хэрэгслийг мөргөж 7 метр газар түрсэн, тоормосны 15.8 метр хэмжээтэй мөр үүссэнээр тогтоогдож байх тул Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. 
Гэтэл шинжээчдийн дүгнэлтийн 3 дахь хэсэгт “...Хэргийн газрын үзлэгийн схем зураглалаар 15.8 метр газар тормосны мөр үүссэн боловч үүнээс 7 метр газар нь тээврийн хэрэгслийг мөргөсний дараа түрж явах үед үүссэн байгаа нь тухайн тормосны мөрөөр хурдыг тогтоох боломжгүй юм” гэж дүгнэсэн нь шинжээч нарын дүгнэлтийн 2 дахь заалтын дүгнэлттэй агуулгын хувьд зөрчилдөж байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтийг шийтгэх тогтоолын үндэслэл болгон үнэлсэн нь учир дутагдалтай байна.
Мөн шинжээч нарын дүгнэлт гаргахдаа ашигласан авто ослын хэргийн схем зураг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэгт авто машины чирэгч толгой, чиргүүлийн уртын хэмжээ тусгагдаагүй зөвхөн тормосны мөрний хэмжээ нь 15.8 метр, түрэгдсэн мөр 7 метр гэж тэмдэглэгдсэн бөгөөд схем зурагнаас түрэгдэж явсан гэх 7 метрт тормозны мөр гарсан эсэх, нийт 15.8 метр тормозны мөр үүссэнээс 7 метр нь өмнөх тээврийн хэрэгслийг түрж явах үед үүссэнтормозны мөр юм уу? эсхүл өмнөх тээврийн хэрэгслийг мөргөхөөс өмнө буюу А цэг хүртэл 15.8 метр тормозны мөр гарсан байсан юм уу? гэдэг нь тодорхойгүй, ойлгомжгүй, энэ талаар хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд ямар нэг зүйл тусгагдаагүй, мөрдөн байцаалтын явцад Х.Энхтөрийн жолоодож явсан авто машины хурдыг тодорхойлоогүй, энэ талаар ямар ч ажиллагаа хийгдээгүй байна.  
Түүнчлэн зарим гэрч нар болон сэжигтэн Х.Энхтөр нарын мэдүүлэгт тухайн өдөр салхигүй, тоосжилт ихтэй байсан, осол болохоос өмнө 2 авто машин зөрж өнгөрсөн гэж мэдүүлсэн боловч осол болохоос ямар хугацааны өмнө уг авто машинууд зөрсөн бөгөөд тухайн осол гарах үед зам орчны нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлт ямар байсныг асууж тодруулаагүй, тогтоогоогүй байна.  

Мөн гэрч Н.Мягмэд: “...Хажуугаар давхар чиргүүлтэй шакман машин өнгөрөөд удаагүй 2-3 минут болж байхад их дуу чимээ гарсан. Харин би урд зогсож байсан машины жолооч руу “Парк номерийг нь хар даа” гэж хэлсэн. Тэр үед хажуугаар өнгөрсөн машины жолооч өөрөө ирээд “Би чамайг чиргүүлээрээ хамчихсан уу?” гэж хэлсэн. Тэгээд би машиныхаа чиргүүл рүү очтол “Норд бенз” маркийн хүнд даацын авто машин мөргөчихсөн байсан...” /х/х-ийн 65 дугаар тал/ гэж, 
Гэрч С.Эрхэмбаяр “...Намайг 25 дугаар километрт очтол 3 машин зогсож байсан. Би тэр машинуудын хажуугаар 20 километр цаг хүрэхгүй  хурдтай явсан. Би километр гаруй явж байхад Ланд-76 машинтай Пүрэвсүрэн гүйцэж түрүүлж ирээд “Чи 25 дугаар километр дээр машин шүргэчихлээ” гэж хэлээд явсан. ...Тэгэхээр нь би чиргүүлээрээ машин хамчихлаа” гэж бодоод Пүрэвсүрэнгийн машинд суугаад буцаж очиход осол болчихсон байсан...” /х/х-ийн 67 дугаар тал/ гэж, 
Гэрч Б.Пүрэвсүрэн: “...25 дугаар километр дээр очиж 150-д түлш өгчихөөд багажны хаалгыг хааж байхад “Наад машинаа зогсоо гэж хэлэхээр нь Би араас нь 300-400 метр явж очиж зогсоогоод жолоочийг нь авч иртэл осол болчихсон байсан...” /х/х-ийн 69 дүгээр тал/ гэж тус тус мэдүүлсэн байхад С.Эрхэмбаяр нь Н.Мягмэдийн авто машиныг мөргөсөн эсэх, мөргөсөн бол хаанаас нь ямар байдлаар мөргөсөн хийгээд  мөргөсний дараа Н.Мягмэдийн авто машины чиргүүл ямар байдалтай, замын зорчих хэсгийн аль хэсэгт байсан, энэ нь осол гарахад нөлөөлсөн эсэхийг тодруулаагүй орхигдуулжээ. 
Шүүхээс тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох дээрх байдлуудыг тодруулалгүй орхигдуулж, мөрдөн байцаалтыг гүйцэд биш хийсэн байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна. 
Түүнчлэн дээрх ажиллагаануудыг бүхэлд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Х.Энхтөрийн өмгөөлөгч М.Энхзаяагийн хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ. 
Нийтийн хэрэгцээний зам ашиглан ачааг тээврийн хэрэгслээр шилжүүлэн зөөх ажиллагааг замын хөдөлгөөн гэх бөгөөд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэдгийг Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоогдсон хэм хэмжээ, журмыг зөрчсөн байхыг ойлгодог ба анхан шатны шүүх Х.Энхтөрийг Уулын баяжуулах Таяннуур үйлдвэрээс Бургастайн боомт хүртэлх авто замаар тээвэрлэлт гүйцэтгэхэд мөрдөх журмын 3 дугаар зүйлийн 3.11-д заасан “Жолооч цуваан дахь авто машин хоорондын зай 100 метрээс багагүй байх буюу тоосжилт ихэссэн нөхцөлд тоосны үзүүрээс 540 метрээс багагүй зай барьж явна” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, тухайн журам зөрчигдсөн эсэх нь Х.Энхтөрд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм.
Мөн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ч.Эрхэмбаяраас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл гаргасныг 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэж, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр авто ослын хэргийн схем зургийг хийсэн гэх бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хэрэг учралын газарт үзлэг хийхдээ хэмжилтүүдийг ослын газрын схем зурагт хавсаргасан тухай тэмдэглэсэн зэрэг нь тухайн нотлох баримтуудыг үнэлэхэд эргэлзээ төрүүлж байгааг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Х.Энхтөрд холбогдох 201307000205 дугаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Энхтөрийн өмгөөлөгч М.Энхзаяагийн гомдлыг хэлэлцэхгүй орхиж, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Говь-алтай аймгийн прокурорын газарт буцаасугай 
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Х.Энхтөрд өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 
3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурьдсугай. 
          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Т.ЖАРГАЛСАЙХАН 
          ШҮҮГЧ                                                         Ж.БАТТОГТОХ
                                                                               Ч.ЭНХТӨР