Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 120/2017/0008/З |
Дугаар | 221/МА2018/0628 |
Огноо | 2018-12-12 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2018/0628
Ө а А н-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, П.С, хариуцагчийн өмгөөлөгч М.Х нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 123/ШШ2018/0027 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ө а А н-ын нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 123/ШШ2018/0027 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 22 дугаар зүйлийн 22.1.4, Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 14 дүгээр зүйлийн 14.1, 31 дүгээр зүйлийн 31.5, 32 дугаар зүйлийн 32.1.2, 32.1.4, 155 дугаар зүйлийн 155.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 159.3, 159.4-д заасныг тус тус баримтлан Ө а А н-ын нэхэмжлэлийг хангаж, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Сонгуулийн хороог байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгуулийн хороо байгуулахыг Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйл, 31, 32 дугаар зүйлийн холбогдох заалтыг үндэслэн хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь сонгуулийн хорооны өмнөөс урьдчилан дүгнэлт өгч байгаа нь хууль бус эс үйлдэхүй гэж дурдсан байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтад нийцэхгүй байна. Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь сонгуулийн хорооны өмнөөс урьдчилан дүгнэлтийг гаргасан тухай захиргааны хэрэгт авагдсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримт байхгүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар орон нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, үйл ажиллагааны зохион байгуулалтыг зохицуулсан. Тухайн хуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хурлын Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна гэж заасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь хэлэлцэн шийдвэрлээгүй, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг орхигдуулсан бол захиргааны байгууллага эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэх боломжтой. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь ажлын албатай бөгөөд ажлын алба нь хуралдааны бэлтгэл, хангах, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал гомдлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу судлан шийдвэрлүүлэхээр Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлдэг болно. Эдгээр үйл ажиллагаа хэрэгжээгүй, хэрэгжүүлэх санал, гомдлыг нэхэмжлэгч тал гаргаагүй байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хууль бус эс үйлдэхүй гэж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхойлсон нь шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүй байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр шаардлагыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хандаж гаргасан. Хурлын дарга нь хуулийн хугацаанд хариуг нэхэмжлэгч талд хүргүүлснийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д “иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу судлан шийдвэрлэх” гэж заасан бүрэн эрхт хамааруулан Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй гэж шүүхээс хариуцагч талын тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэсэн байна. Хурлын даргад хандан гаргасан шаардлагад хариуг өгсөн нь Тэргүүлэгчдийн хууль бус эс үйлдэхүй хэмээн шүүх үндэслэж байгаа нь шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийсэн байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь хуулиар эрх бүхий этгээдээс хурал, тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй боловч Хурлын Тэргүүлэгчдийг бүрэн төлөөлөх эрхгүй. Хурал, Тэргүүлэгчдийн хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчлон баталгаажуулах эрх хуулиар олгогдсон. Хурлын дарга Х.Сугирын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаар хариу хүргүүлсэн мэдэгдэлд маргаан бүхий Цогтцэций сумын 14 дүгээр тойргийн нэр дэвшигч нарын эрхийг баталгаажуулсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан нь шаардлагыг хүлээн авах боломжгүй үндэслэлийг дурдсан. Шүүх тухайн маргааныг бүрэн шийдвэрлэж дуусаагүй байхад дахин сонгуулийн хороог байгуулах шаардлагыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэх боломж байхгүй байсан. Цогтцэций сумаас нэр дэвшигч нарын төлөөлөгчийн эрхийг баталгаажуулсан нь хууль зөрчсөн эсэх маргаан 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл хугацаанд үргэлжилсэн. Энэ хугацаанд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн нэхэмжлэгч талын шаардлагад хариуг хүргүүлсэн нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хууль бус эс үйлдэхүйг гараагүй юм. Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 123/ШШ2018/0027 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Ө а А н нь “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн аймгийн Сонгуулийн хороог байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, аймгийн сонгуулийн хороо байгуулахыг Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 14 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшин оролцож төлөөлөгчөөр сонгогдсон Д.Б, Б.Б, Ц.Д, О.Б нарын бүрэн эрхийг Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1/5 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар шийтгэвэрээр дээрх нэр бүхий төлөөлөгч нарыг сонгуулийн сурталчилгааны явцад Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.14, 70.5.16 дугаар заалтуудыг зөрчсөн болохыг тогтоож торгох шийтгэл ногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 82 дугаар магадлалаар өөрчлөлт оруулж торгох хариуцлагаас чөлөөлсөн ч гэм бурууг тогтоосон заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдож байна.
Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 “Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь тухайн аймаг, нийслэлийн хурал, түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулна”, 32 дугаар зүйлийн 32.1 “Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ” 32.1.1 “сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах” гэж аймаг нийслэлийн сонгуулийн хорооны эрх зүйн байдал, ерөнхий эрх хэмжээг тодорхойлж өгсөн бол хуулийн 162 дугаар зүйлийн 162.2-т “Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь маргаан хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон хэмжээгээр аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болно”, 162.3-т “...тойргийн сонгуулийг хүчингүйд тооцох тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо гаргана” гэж заасныг аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны тусгайлсан эрх хэмжээг тодорхойлсон зохицуулалт гэж ойлгоно. Тодруулбал,
Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг” ойлгохоор заасан бөгөөд орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшин сонгогдсон нэр бүхий этгээдүүдийг Сонгуулийн хууль зөрчсөн болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тохиолдолд тухайн тойрогт явагдсан сонгуулийг хүчингүй болгох эсэхийг уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага шийдвэрлэнэ.
Харин Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д “Аймаг, нийслэлийн хурлын нөхөн болон ээлжит бус сонгууль нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдахаас бусад тохиолдолд аймаг, нийслэлийн сонгуулийн хороог тухайн аймаг, нийслэлийн хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн байгуулна” гэж зааснаар дээрх асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээд болох аймгийн сонгуулийн хороог Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид байгуулах үүрэгтэй байна.
Гэтэл Ө а А н-ын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай албан бичгээр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.С-т хандан тус аймгийн Сонгуулийн хороог аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар байгуулахыг хүсч шаардлага хүргүүлсэн байх боловч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.С-ын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаар албан бичгээр “...Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1.1-д “сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болсон” тохиолдолд дахин сонгууль явуулах шийдвэрийг сонгуулийн хороо гаргаж, зохион байгуулахаар заасан байна. Иймд шүүхийн шийдвэр болон хуулиар сонгуулийн хороог байгуулан дахин сонгууль явуулах эрх зүйн боломж байхгүй байна” гэсэн хариу өгчээ.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.7-д “Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан, өдөр тутмын үйл ажиллагааг удирдах” гэж хурлын даргын бүрэн эрхийг хуульчилж өгсөн тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.С-ын “Аймгийн сонгуулийн хороог байгуулахаас татгалзсан шийдвэр”-ийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн гаргасан шийдвэр гэж үзэх боломжтой, ийнхүү татгалзсан шийдвэртэй холбоотойгоор нэхэмжлэгч нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Сонгуулийн хороог байгуулахгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой маргасан нь хууль зөрчөөгүй.
Иймд хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан “...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хэлэлцэн шийдвэрлээгүй, хэрэгжүүлэх санал, гомдлыг нэхэмжлэгч тал гаргаагүй байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хууль бус эс үйлдэхүй гэж тодорхойлсон нь буруу” гэх агуулгаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Харин анхан шатны шүүхийн шийдвэрт хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн байх тул зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 123/ШШ2018/0027 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 22 дугаар зүйлийн 22.1.4, Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 14 дүгээр зүйлийн 14.1, 31 дүгээр зүйлийн 31.5, 32 дугаар зүйлийн 32.1.2, 32.1.4, 155 дугаар зүйлийн 155.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 159.3, 159.4-д” гэснийг
“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.7, Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ О.НОМУУЛИН