Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 04

 

Хэргийн индекс:127/2015/0009/З

 

            Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн иргэн А.Балжмаагийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

            Улсын бүртгэгчийн шийдвэрийг хүчингүй болгуулж, А.Балжмааг “Хэнтий хангай” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилснийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагч Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хяналтын улсын байцаагч О.Ганбаатар, гуравдагч этгээд Ц.Оюунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч А.Балжмаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Хэнтий хангай” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр болж, тус хурлаар компанийн гүйцэтгэх захирлыг томилох асуудлыг хэлэлцэн, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр тус компанийн 39 хувийн хувьцаа эзэмшигч А.Балжмааг гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэр гаргасан. Уг хурлын шийдвэрийг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхээр хуулийн дагуу хандсан боловч тус хэлтсийн улсын бүртгэгч У.Мөнхцэцэгээс бүртгэхгүй байж байгаад 2015.07.27-ны өдрийн 01/15 тоот “Хуулийн этгээдийг бүртгэхээс татгалзсан мэдэгдэл” гэгчийг гэнэт өгсөн.

Ингэхдээ “...танай компани нь хувьцаа эзэмшигчдийн 2015.07.22-ны өдрийн хурлыг шүүхээр хүчин төгөлдөр эсэхээ тогтоолгож манай байгууллагад хандана уу” гэсэн хууль бус үндэслэл хэлж, бидний хуулийн дагуу гаргасан шийдвэр, хүсэлтийг бүртгэхээс татгалзсанд гомдолтой байна. Миний бие Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 болон 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу улсын бүртгэгч У.Мөнхцэцэгийн дээрх хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, “Хэнтий хангай” ХХК -ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит бус хурлын шийдвэрийг бүртгэхийг даалгуулахаар дээд шатны албан тушаалтанд 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр зохих ёсоор гомдлоо гаргасан боловч хуулийн хугацаанд шийдвэрлээгүй болно. Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас хуульд заасан хугацааны дотор өргөдлийн хариугаа шаардсан боловч “газар дээр нь очиж шалгана шийдвэрлэнэ" гэсэн тайлбар хэлж, шалгалгүй, хариу өгөлгүй өнөөдрийг хүргэж, үргэлжилсэн эс үйлдэхүйгээр дахин миний эрхийг зөрчсөн.

Иймд шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасны дагуу улсын бүртгэгч У.Мөнхцэцэгийн хууль зөрчсөн 2015.07.25-ны өдрийн 01/15 тоот шийдвэрийг хүчингүй болгож, “Хэнтий хангай” ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг үндэслэн А.Балжмаа намайг "Хэнтий хангай” ХХК-ийн гүйцэтгэх ,захирлаар томилсныг хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэхийг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хэнтий хангай" ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Балжмаагийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна.

2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг 30 минутад “Хэнтий хангай” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Балжмаа нь “Хэнтий хангай” ХХК-ийн захирлаар бүртгүүлэх хүсэлт гаргасан ба тус бүртгэл нь Компанийн тухай хуульд үл нийцэж байсан тул 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах УБ-07 мэдэгдлийг хүлээлгэн өгсөн болно.

Татгалзсан үндэслэл нь: 1. Тус компанийн хувьцаа эзэмшигч Ц.Оюунтуяа, Н.Долгор, Б.Пунцаг нар нь 2015 оны 07 дугаар сарын 22, 23, 27-ны өдрүүдэд “Хэнтий хангай” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит бус хурал нь хууль бус, хурал зарлах эрх бүхий этгээд хурлыг зарлан хуралдуулаагүй, өмнө нь мөн хууль бус хурлын шийдвэрээр А.Балжмааг захирлаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэж хувьцаа эзэмшигч бид нарын эрх ашгийг хөндсөн зэрэг утга бүхий өргөдлийг гаргасан. Энэ нь “Хэнтий хангай” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт эсрэг саналтайг, мөн Улсын дээд Шүүхийн тогтоолоор А.Балжмааг 39%-ийн хувьцаа эзэмшигч гэж тогтоосноос бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшдэг хувьцаа, хувь зэрэг нь тодорхой бус тул Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрийн талаар хуралд оролцоогүй, эсхүл оролцсон боловч эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигчид шүүхэд гомдол гаргаж, шийдвэрлүүлэх”, 69 дүгээр зүйл “Хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц /кворум/, хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болох” үндэслэлийг тогтоох боломжгүй байсан тул шүүхээр хувьцаа эзмшигчдийн хурлыг хүчин төгөлдөрт тооцуулан манай байгууллагад хандана уу хэмээн татгалзсан болно.

Улмаар 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Хэнтий хангай” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Оюунтуяа нь тус компанийн шинэчилсэн дүрэм, захирал томилсон бүртгэлийг бүртгүүлэхээр хүсэлт гаргасан ба мөн улсын бртгэлд бүртгэхээс татгалзах мэдэгдлийг хүргүүлсэн болно ...” гэжээ.

            Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллагын Улсын бүртгэгч У.Мөнхцэцэгийн  2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл” нь үндэслэлтэй.

            “Хэнтий хангай” ХХК нь хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуулийн дагуу хийгээд шийдвэрээ гаргаад ирвэл манай байгууллагын зүгээс бүртгэл хийх боломжтой гэдгийг хэлмээр байна” гэв. 

            Гуравдагч этгээд Ц.Оюунтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Балжмаа нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Хэнтий хангай” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулсан. Энэ хурал нь хуулийн хүчин төгөлдөр үү гэдгийг шалгуулахаар тус компанийн 15 хувьцаа эзэмшигчид иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд иргэний хэрэг үүссэн ба хэрэг Багануур дүүргийн шүүх рүү шилжсэн бөгөөд уг шүүх хэргийг шийдвэрлэсэн. Үүний дараа Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, “Хэнтий хангай” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хурал хууль бус бөгөөд хурлаас гарсан 02 тоот шийдвэр нь хүчингүй гэсэн шийдвэр гаргасан.  Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн шүүх хуралдаанаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр баталсан. Ийм учраас нэхэмжлэгч А.Балжмаагийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч А.Балжмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангах үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч А.Балжмаа нь хариуцагч байгууллага-Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 2015 оны 07 сарын 27-ны өдрийн 01/15 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулж, “Хэнтий хангай” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит бус хурлаас А.Балжмааг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэрийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Шүүх уг нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад “Хэнтий хангай” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит бус хурлын талаар тус компанийн зарим хувьцаа эзэмшигчид маргаан үүсгэж, иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан тул А.Балжмаагийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар захирамжаар түдгэлзүүлж, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05 тоот захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсан болно.

            Иргэн Ц.Оюунтуяа нарын нэхэмжлэлтэй, “Хэнтий хангай” ХХК-ийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг А.Балжмаагийн хууль бус эзэмшлээс гаргуулах, “Хэнтий хангай” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Балжмаа нарын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хуралдуулсан ээлжит бус хурал нь хууль бус болохыг тогтоолгож, уг хурлаас гаргасан 02 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хянан шийдвэрлэж, 398 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэж, 1796 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хянан үзэж, 06 тоот тогтоолыг тус тус гаргажээ.

            Иргэний хэргийн анхан шатны шүүх Ц.Оюунтуяа нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн бол Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “...Хэнтий хангай” ХХК-ийн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоож, А.Балжмааг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон мөн өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Хэнтий хангай” ХХК-ийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг А.Балжмаагийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

            Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1796 дугаар магадлалыг хэвээр үлдээжээ.

            Ийнхүү иргэний хэргийн шүүхийн дээрх шийдвэрүүдээр “Хэнтий хангай” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит бус хурал хууль бус болохыг тогтоож, А.Балжмааг гүйцэтгэх захирлаар томилох тухай 02 тоот тогтоолыг хүчингүйд тооцсон тул нэхэмжлэгч А.Балжмаагийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, “Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 2015 оны 07 сарын 27-ны өдрийн 01/15 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулж, “Хэнтий хангай” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит бус хурлаас А.Балжмааг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэрийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.

            Иймд түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.      

            Тус шүүх А.Балжмаагийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хийхээр товлосон боловч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан тул хүсэлтийг нь ханган, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хойшлуулсан ч нэхэмжлэгч А.Балжмаа, түүний өмгөөлөгч нар мөн хүрэлцэн ирээгүй. Иймд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5 дахь хэсэгт заасны дагуу, хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрч байгаа зэргийг харгалзан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 Нэхэмжлэгч Б.Баатарсайхан нь тус шүүхийн 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааныг шүүх хуралдаан давхардсан үндэслэлээр хойшлуулах хүсэлтдээ, “мөн өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн /Эм Ди секьюритис ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монголбанкны ерөнхийлөгчид холбогдох/ захиргааны хэргийн шүүх хуралдаан эхэлж товлогдсон” гэсэн нь ташаа болох нь тус шүүхүүдийн шүүх хуралдааны зар, тойм зэргээр тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.  

            Түүнчлэн, нэхэмжлэгч А.Балжмаа нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд хүрэлцэн ирж, хариуцагчийн хариу тайлбартай танилцан, холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн[1]  тус  шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхдээ хэргийн материалтай танилцсан болохыг дурдах нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.3 дахь хэсэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь хэсэгт тус тус  заасныг баримтлан, “Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн  улсын бүртгэгчийн 2015 оны 07 сарын 27-ны өдрийн 01/15 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулж, “Хэнтий хангай” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит бус хурлаас А.Балжмааг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэрийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч А.Балжмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            4. Шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

            5. Нэхэмжлэгч А.Балжмаа, түүний өмгөөлөгч Э.Эрдэнчулуун, Б.Баатарсайхан нарт шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.6-д заасан журмын дагуу  гардуулсугай.

             Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.БАЛЖМАА

 

           

           

 

 


[1] Хавтаст хэргийн 77-94 дүгээр хуудас,