Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 123

 

                                                                        

Ц.Х, Л.Онарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэрийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 76 дугаар магадлалтай, Ц.Х, Л.Онарт холбогдох 1919000000151 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Хын өмгөөлөгч Ж.Хүдэрчулууны гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Гэцэл овогт Ц Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах машинч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Боржигин овогт Л О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүх Ц.Х, Л.Онарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Одсүрэнг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Ц.Хыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х, Л.Онар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хаас 165.000 төгрөг гаргуулан хохирогч Л.Одсүрэнд, шүүгдэгч Л.Одсүрэнгээс 45000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Хд олгож, 

Хохирогч Ц.Хын 2.465.000 төгрөгийн, хохирогч Л.Одсүрэнгийн 1.800.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэрийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Хын өмгөөлөгч Ж.Хүдэрчулууны давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Хын өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун гаргасан гомдолдоо “Өмгөөлөгчийн хувьд миний үйлчлүүлэгч Ц.Х нь ямар нөхцөл байдалд Л.Одсүрэнд гэмтэл учруулж ялтан болж эрүүгийн хариуцлага хүлээх болов гэдэгт анхан шатны болон давж заалдах шатны шүүх бодитой дүгнэлт хийж чадсангүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Л.Онь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон, хөдөлгөөнд оролцохдоо хүний машин мөргөсөн. Ц.Х нь энэ бүх байдлыг харж тухайн үед нөхцөл байдалд дүгнэлт хийж согтуу жолоочийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэрт хүрч цагдаагийн газарт дуудлага өгч мэдэгдсэн, цагдаагийн албан хаагчаас согтуу жолоочийг явуулахгүй байх арга хэмжээ авч байхыг зөвлөсөн байдаг. Ц.Х нь согтуу жолоочийн үйлдэлд дүгнэлт хийж хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авснаас үүдэж энэ гэмт хэрэгт холбогдсон. Яагаад Ц.Х ийм үйлдэл хийх болов. Согтуу жолооч бол гэмт хэрэг үйлдэхэд бэлэн явж байна гэсэн үг. Хүн хохироож хүний амь насанд ч хүрч болно. Өөрөө ч шоронд орж болно. Үүнээс сэргийлж авсан арга хэмжээ нь Ц.Хд эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөл болж байна. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бий болсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсонгүй гэж дүгнэсэн. Согтуу жолооч хөдөлгөөнд оролцохдоо орон зайн баримжаа алдаж хүний машин мөргөж байгаа үйлдлийг харж байгаа Ц.Х тухайн үед “тулгарсан аюул” гэж дүгнэлт хийж иргэний хувьд цагдаагийн байгууллагад дуудлага өгч цагдаагийн албан хаагчийн заавраар дахин хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг бүрэн хангаж байгаа юм. Иймд анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул хэргийг хянаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.Одсүрэн, Ц.Х нарт холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх дээрх зүйл ангиар шийтгэсэн. Тус хэрэг нь хувийн таарамжгүй харьцаанаас үүссэн гэж харагддаггүй. Шүүгдэгч Л.Онь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож н.Дамдинсүрэн гэх хүний автомашиныг мөргөж хойд хаалгыг хонхойлгосон. Л.Одсүрэнгийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд 10 хоног баривчлах, 20 цагийн албадан сургалтад хамруулах арга хэмжээ авагдсан. Ц.Х нь Л.Одсүрэнгийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, бусдын тээврийн хэрэгслийг мөргөсөн, мөн цаашид гарах эрсдэлийг таслан зогсоох үйлдэл хийсэн. Энэ талаар гэрч Ч.Батзаан боломжтой бол зогсоох зааврыг өгсөн гэж мэдүүлсэн. Тийм учраас Ц.Х автомашины түлхүүрийг булаан авч, маргалдаж бие биедээ хөнгөн хохирол учруулсан. Тэгэхээр Ц.Х нь гэмт үйлдлийг таслан зогсоосон буюу гэм буруугүйгээр хөнгөн хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Иймд Ц.Хд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Хын өмгөөлөгч Ж.Хүдэрчулууны гаргасан гомдлыг үндэслэн Ц.Х, Л.Онарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Л.Онь 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутагт “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна автомашин битгий барь” гэж шаардлага тавьж түлхүүрийн авсан Ц.Хтай маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Одсүрэнгийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан байна.

Харин шүүгдэгч Ц.Хд холбогдох хэрэгт хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзлээ.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд болсон үйл баримтыг зөв тогтоож дүгнэсэн хэдий ч түүнд хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Ц.Хыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж дүгнэн ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Шүүх хэргийн ач холбогдол бүхий үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож үнэлэлт дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм бурууг хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн зарчимтай бөгөөд гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдсэн болохыг зөв тодорхойлох нь шүүн таслах ажиллагааны гол зорилтын нэг байх ёстой.

Тогтоогдсон үйл баримтад дүн шинжилгээ хийхэд Ц.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан Л.Одсүрэнгийн үйлдлийг таслан зогсоох зорилгоор автомашины түлхүүрийн авахад эсэргүүцэн маргалдаж, улмаар хоорондоо зодолдох үйлдэл хийжээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Ц.Х нь Л.Одсүрэнтэй харилцан зодолдохдоо гэмтэл учруулах зорилго агуулан хор уршгийг урьдчилан тооцож хүссэн гэж үзэх баримт тогтоогдоогүйн дээр, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлаас харахад гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу гарцаагүй байдалд хохирол учруулсан гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Л.Онь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа зам тээврийн осол үйлдэн хүн гэмтээх, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах болон өөрийгөө гэмтээн гэмт хэрэг, зөрчил үйлдэх боломжтой байсан нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгслийн түлхүүрийг авсан Ц.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал” буюу мөн хуулийн 4.3 дугаар зүйлд заасан “Гарцаагүй байдалд хохирол учруулах” гэсэн ойлголтод хамаарна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.Хын өмгөөлөгч Ж.Хүдэрчулууны гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд “прокуророос шүүгдэгч Ц.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан” өөрчлөлт оруулж, шүүгдэгч Л.Одсүрэнд холбогдох хэсгийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэрийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 76 дугаар магадлалд:

 “Прокуророос шүүгдэгч Ц.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3, 4, 8 дахь заалтын Ц.Хыг гэм буруутайд тооцсон, торгуулийн ял оногдуулсан, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх, шүүгдэгч Ц.Хаас 165.000 төгрөг гаргуулах хэсэг, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан хэсгүүдийг тус тус хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.                        

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН