Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/01832

 

 

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/01832

 

 

Ц.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2022/02014 дугаар шийдвэртэй,

Ц.Гийн нэхэмжлэлтэй, Т ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Т ХХК-ийн Баянгол дүүрэг салбарын харьяа Барс тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоож,

1.2. Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах

1.3. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах.

Ц.Г нь 2006 оноос хойш Т ХХК-д ажиллаж байсан ба ажиллаж байх хугацаандаа зөрчил дутагдал нэг ч удаа гаргаж байгаагүй. Хариуцагч нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Тны Хөдөлмөрийн дотоод журам-ын 5 дугаар зүйлийн 5.28.3, 5.28.5, 5.28.17, 5.28.21, 5.28.35, 5.28.47, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.3, 7.4.5, 7.4.7, 7.4.21, 7.4.35, 7.4.47 дэх заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Энэ тушаал гарах үед 3 нас хүрээгүй хүүхэдтэй, хүүхдээ эмнэлэгт асарч байхад ажлаас нь халсан нь хууль зөрчсөн.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1387 тоот тушаалаар Ц.Г-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон нь үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ноцтой зөрчил гаргасан, мөн зүйлийн 40.1.5-д зааснаар ажил олгогчийн итгэлийг алдсан, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх 3 үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал гарсан. Мөн Ц.Г нь Бүтээгдэхүүн үйлчилгээний журмын 3.5.4-т заасныг зөрчиж, 127 харилцагчийн дансны төлөв өөрчлөх гүйлгээг хийсэн, ажлын бус цагаар 214,500,000 төгрөгийн зээл олголтыг хийсэн. Т ХХК-ийн ажилтны ёс зүйн дүрмийн 5.4.2, Хөдөлмөрийн дотоод журмын 12.3 дахь заалтыг зөрчин өөрийн ажлын байрны давуу байдлыг ашиглан түрээсийн орон сууцад зуучилж өгнө гэх залилангийн шинжтэй үйлдэл хийж 5 харилцагчид 23,600,000 төгрөгийн хохирол учруулах үйлдэл хийсэн. Энэ нь Т ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам болон Ц.Гтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.4.5, 7.4.17, 7.4.21, 7.4.35 дах заалтуудыг зөрчсөн. Мөн теллерийн үйлчилгээнд гүйлгээ хийх дараалал алдагдсан байхад түүнд хяналт тавьж ажиллаагүй, зөрүү үүсгэсэн. Теллерийн системийн дагах журмын 3.5.15.4, 3.6.23-т заасныг тус тус зөрчсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Гийг Т ХХК-ийн Баянгол дүүрэг салбарын харьяа Барс тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 26,842,320 төгрөгийг хариуцагч Т ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Ц.Г-т олгож, уг мөнгөн дүнгээс хуульд заасан хугацааны хэмжээгээр суутган тооцож нэхэмжлэгч Ц.Гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагч Т ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-аас 292,161 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэхдээ ажил олгогчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1387 тоот тушаалын үндэслэл болсон ноцтой зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заагдаагүй байх тул ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна гэж хэрэгт цугларсан нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Мөн зүйлийн 40.1.5-т заасан ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэл гаргасан эсэх талаар гэрч Б.Бын мэдүүлгийг үнэлж дүгнээгүй. Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд хийсэн Баянгол дүүрэг салбарын харьяа Барс тооцооны төв болон Хотын гааль тооцооны кассанд хийсэн ээлжит, эрсдэлд суурилсан шалгалтын тайлангаар Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон болно. Үүнд шалгалтын тайлангийн 3 болон 4-р хуудсанд Ц.Г нь ажлын байрны давуу байдлыг ашиглан Түрээсийн орон сууцны хөтөлбөр-т хамруулж өгнө гэсэн залингийн шинжтэй үйлдэлд 5 харилцагчийг иргэн Б.Дд зуучилж, харилцагч нарт нийт 23,600,000 төгрөгийн хохирол учруулсан залилангийн шинжтэй үйлдэл гаргасан нь ажилтны ёс зүйн дүрмийн 5.4.2-т заасныг зөрчиж, түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний нэрлэн заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил болох 7 дугаар зүйлийн 7.4.5, 7.4.17, 7.4.21, 7.4.35 дахь заалтуудыг зөрчиж, ноцтой зөрчил гаргасанг банкны хяналт шалгалтаар тогтоогдсон болно. Мөн 5 харилцагчийн нэг болох Б.Бын мэдүүлэгт шүүх дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгч Ц.Г нь эмнэлэгийн магадлагааг ажил олгогчид ирүүлээгүй ба шүүхэд тухайн магадлагааг эх хувиар өгсөн. Ажил олгогчид магадлагааг хүргүүлсэн талаар анхан шатны шүүхэд нотлоогүй байхад шүүхээс тухайн баримтыг үндэслэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байж чадахгүй байна. Мөн ажил олгогч Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу ажлаас халах эрхтэй болно. Нэхэмжлэгчийн банкны харилцагч нарыг Түрээсийн орон сууцанд хамруулна гэж бусдад зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил болно. Нэхэмжлэгч нь ноцтой зөрчил гаргасан талаарх тайлан, Хаан банк, Т ХХК-ны дансны хуулга дээрх мөнгө шилжүүлсэн талаарх гүйлгээ, харилцагч Б.Б, Ц.Гийн зуучилсантай холбоотой хохирол учирсан талаар гаргаж өгсөн тайлбар, гэрч Б.Бын шүүх хуралдаанд гаргасан гэрчийн мэдүүлэг болон Түрээсийн орон сууцны хөтөлбөр-т хамруулж өгнө гэж зуучлуулсан харилцагч Б.Ц Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэрч, хохирогчоор тогтоосон талаарх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр банкны харилцагч нарыг хохироосон нь тогтоогдсон. Анхан шатны шүүх ноцтой зөрчлийг гаргасан үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг хариуцагч татгалзлаа нотлох үүднээс нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргасан байтал хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч харилцагч нартай санхүүгийн харилцаа үүсгэсэн гэдгийг удаа дараа тайлбараараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл, зөрчил гаргаагүй талаар нотлох баримтаар нотлож чадаагүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль нь 2022 оны 06 дугаар сарын 28- ны өдөр Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 01/3082 дугаартай итгэмжлэлээр тус өдөр шүүх хуралдаанд оролцсон бөгөөд хэргийн материалд нэмэлтээр цугласан материалтай танилцах, улмаар мэтгэлцэх боломжоор хангалгүйгээр, шүүх хуралдааны өдрөөр хэргийн материалтай танилцахыг хүчээр тулган шаардаж, гарын үсэг зуруулан шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн явуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Хариуцагчийн зүгээс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дах заалтад заасны дагуу гэрчээр Б.Ц, Б.Б нарыг оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хүлээн авсан ч 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдаанд шүүгчийн зүгээс ирээгүй байгаа гэрч Б.Ц-ээс татгалзахыг тулган шаардаж, ирсэн гэрч Б.Б-тай хуралдааныг явуулахыг шаардаж хуульд заасан хэргийн оролцогчийн эрх, үүрэгт ноцтойгоор халдан, бие даасан байдлыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Ц.Г хохирсон нь үнэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хариуцагч талын гомдолд дурдагдсанаар залилсан, хохирол учруулсан буюу албан тушаалаа урвуулан ашигласан талаарх баримтууд нь үнэн зөв нь тогтоогдвол иргэний шүүхээр шийдвэрлэгдэхгүй эрүүгийн хэрэг үүсэх ёстой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан

1.1. Т ХХК-ийн Баянгол дүүрэг салбарын харьяа Барс тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоож,

1.2. Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах

1.3. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зөрчил тогтоогдсон учраас тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

 

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

2.а. Нэхэмжлэгч Ц.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс Т ХХК-ийн Барс тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байгаад 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1387 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Тны Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.3, 5.28.5, 5.28.17, 5.28.21, 5.28.35, 5.28.47, Хөдөлмөрийн гэрээний 7.4.3, 7.4.5, 7.4.7, 7.4.21, 7.4.35, 7.4.47 заалтуудыг тус тус үндэслэн сануулах сахилгын шийтгэлтэй байх хугацаанд давтан зөрчил гаргасан гэж үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /1хх 2-7/

 

2.б. Ц.Г нь 2020 оны 8 дугаар сарын 16-23, 2020 оны 9 дүгээр сарын 7-10-ны өдрийг хүртэл, 2020 оны 9 дүгээр сарын 20-23-ны өдрийг хүртэл 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Г.А-ыг асарсан тухай эмнэлгийн магадлагаа хэрэгт авагджээ. /1хх 196-200/

 

2.в. Тус банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/1892 дугаар тушаалаар Ц.Гт сануулах сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримтад талууд маргаагүй.

 

3. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөх үндэслэл болсон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг гаргасан эсэхэд талууд маргаантай байна.

 

3.а. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ ...бүтээгдэхүүн үйлчилгээний журмын 3.5.4 дэх заалтыг зөрчиж 127 харилцагчийн нийт 17,445,667 төгрөгийн үлдэгдэлтэй дансны төлөв өөрчлөх гүйлгээг хийсэн, ажлын бус цагаар 6 зээлдэгчид нийт 214,500,000 төгрөгийн зээл олголтын гүйлгээг хийсэн, Тны ажилтны ёс зүйн дүрмийн 5.4.2, Хөдөлмөрийн дотоод журмын 12.3 дахь заалтыг тус тус зөрчиж өөрийн ажлын байрны давуу байдал, мэдээлэл зэргийг ашиглан түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамруулж өгнө гэсэн залилангийн шинжтэй үйлдэлд 5 харилцагчийг зуучилж, харилцагчид нийт 23,600,000 төгрөгийн хохирол учруулсан, шууд удирдлагад нь ажиллаж буй теллерүүд нь засварын гүйлгээ хийхдээ гүйлгээ хийх дараалал алдагдуулсан буюу засварын гүйлгээг хийхдээ урт хугацааны дараа залруулсан, касст зөрүү байхад хяналт тавьж ажиллаагүй, Теллерийн системийн багц журмын 3.5.17.4, 3.6.25 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж тодорхойлж, Хотын гааль тооцооны кассанд хийсэн ээлжит, эрсдэлд суурилсан шалгалтын тайлан, гэрч Б.Б, Ж.Т нарын мэдүүлэг, харилцагч Б.Ц, н.Г нарын банкинд гаргасан хүсэлт, Д-гийн эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэг зэргийг иш татжээ.

 

Дээрх баримтуудыг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч хэзээ, ямар зөрчил гаргасан, ажил олгогчид ямар хохирол учруулсан, зөрчил гаргасан гэх хугацаанаас хойш хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаандаа байгаа эсэхийг хариуцагч нотлоогүй. Ажилтны гаргасан гэх зөрчил, үйлдэл, эс үйлдэхүй тодорхой байх ёстой бөгөөд үйлдэл үр дагавар, шалтгаант холбоо нотлогдсон, хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх ёстой.

 

Энэ талаар анхан шатны шүүхээс хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа баримтаар нотлоогүй гэж зөв дүгнэжээ. Гэрч Б.Бын мэдүүлэг нь бусад нотлох баримтаар эргэлзээгүй нотлогдоогүй байна.

 

4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, нэхэмжлэгч Ц.Гийг Т ХХК-ийн Баянгол дүүрэг салбарын харьяа Барс тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнхцэх олговорт 26,842,320 төгрөгийг олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2022/02014 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,161 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД