| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2018/0080/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/93 |
| Огноо | 2018-10-30 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Н.Мөнхбат |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2018/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн
Улсын яллагч Н.Мөнхбат
Шинжээч Б.Түмэнбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ
Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ариунжаргалын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.А-т холбогдох 1816001160080 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт Н-ийн А.
Шүүгдэгч Н.А нь Говь-Алтай аймгаас Ховд аймгийн чиглэлийн 174 дэх км-т хар өнгийн Прадо 120 маркын 00-00 УБП улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Э.Ц-ийн биед хүндэвтэр гэмтэл, Ч.Э-ийн биед хүнд гэмтэл, О.Б-ийн амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт хамаарна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Н.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Миний бие 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ажлаа тараад явж байхад дүү М над руу яриад эгч маань нас барчихлаа гэсэн. Манай нөхрийн бие муу байдаг болохоор нөхөртөө хэлэх үү яах уу гээд гэртээ ороход манай нөхөр мэдчихсэн уйлаад сууж байсан. Тэгээд хоёрын хоёр хүн хоёрдахь өдөр нас барсан юм байна тендерийн автобусаар явах уу гэхэд олон хүн явах юм чинь машинаараа явна гээд тэгээд дүү А Эрдэнэтээс ирээд, Э-ийн хүү талийгаач Б бас манайд ирээд 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагт Говь-Алтай аймаг руу гэрээсээ гарсан. 05 дугаар сарын 10-ны орой 20 цагийн үед Говь-Алтайн Дарвит очсон. Тэгээд ажил явдал дуусаад байж байхад манай талийгаач болсон дүү би шалгалттай явъя гээд тэгээд А-ийн хүүхэд нь хүртэл халуураад байна гэсэн. Уг нь лам холоос ирсэн хүмүүс нь өдөртөө эсвэл 3 хоноод яваарай гэсэн. Тэгээд би ядаж 3 хоноод явъя гэхэд манай нөхөр маргааш нөгөөдрийн ялгаа юу байх вэ? энэ хүүхдийн хичээл болохоо байлаа гээд бид хэд 11-ний орой хоёр талийгаачаа гаргачихаад 13-нд 2 хоноод хот руу явах болсон. Талийгаач болсон эгчийнд ороход О ах, ахынхаа хамт сууж байсан. Тэгээд миний хүүхдүүд зүгээ буруулж явахгүй бол болохгүй, хойт зүгт оршуулсан болохоор болохгүй, зүгээ буруулаад яваарай гэсэн. Тэгсэн манай нөхөр яаж ч явсан 2 талийгчийг авч явсан гүүрээр гарах гээд байна Шаргын говиор явъя гэсэн. Тэгэхэд О ахын ах Т миний хүүхдүүд тэгэх хэрэггүй, Ховдын Дарви ороод зүгээ буруулаад явчих гэсэн. Тэгээд бид нар өглөө яг 9 цаг 40 минутад гарна гээд гараад Ховдын Дарвийг чиглэж яваад засмал ороод нилээн явж байгаад манай нөхөр гэнэт зогсоод за бие засаад явъя гэсэн. Тэгээд бид нар шээчихээд машиндаа суух гэсэн манай нөхөр миний бие эвгүйрэхээд байна, чи машин бариад яв гэсэн. Яасан бэ? гэхэд даралт ихсээд байх шиг байна, олон хоног нойр хоолгүй явсан сэтгэл санаа нилээн тавгүй байна хоёрын хоёр хүнээ оршуулсан болохоор хэцүү байна гэсэн. Тэгээд би жолооны ард суугаад удаагүй байхад гэнэтхэн л ийм зүйл болсон. Юу болсныг мэдээгүй, нэг мэдэхдэл бид хэд осолд орчихсон байсан. Нэг гэхийн хооронд л ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Шинжээч, цагдаагийн ахмад Б.Түмэнбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “.. А-т холбогдох хэрэгт шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зураг, ганц нэг гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэж шинжээчийн дүгнэлтээ гаргасан. Би өөрийн биеэр хэргийн газар очсон. Хэргийг газрын үзлэгээр автомашиныг зогсоох арга хэмжээ авсан зүйл байхгүй дугуйн мөр л байдаг. Автомашины хурдыг тогтоох боломжгүй байсан. Үндсэндээ урсгал сөрж ороод явж байсан эгнээний эсрэг талын далан руу орж осол гарсан байсан. Мэдүүлэгт биеийн байдал гэнэт эвгүйдээд болохоо байсан гэсэн байдаг. Жолооч хүн бол биеийн эрүүл мэндэд ямар нэгэн асуудал гарахад түүнийг аюул саад болсон гэж үзээд зогсоох арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй байна гэж үзээд Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэлт гаргасан. Нэмэлтээр Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байж болно...” гэх мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ч.Э-ийн өгсөн “... 2018 оны 05 дугаар сарын 13-ны өглөө би машинаа жолоодоод Дарви сумаас хойш гараад Ховдын Дарви сумын наана засмал зам руу ороод явж байгаад бие засахаар зогсоод бие засаад явах гэхэд миний бие эвгүйтээд эхнэр А-ийг жолоодоод яв гээд А машинаа жолоодоод явсан юм. Тэгээд удалгүй осол болсон юм...” гэх мэдүүлэг, /ХХ22-23/
Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Э.Ц-ийн өгсөн “... 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр би аав Э, ээж А, эгч Ал, ах Б нарын хамтаар Улаанбаатар хот руу Дарви сумаас аав Э өөрийнхөө Прадо 120 маркын автомашин жолоодоод авсан юм. Замдаа бид нар буугаад бие засахад Б, Ал нар буугаагүй юм. Тэгээд ээж А машин жолоодоод явсан юм. Тэр үед би унтаад явж байтал гэнэт машин унаад би газар шидэгдсэн байсан юм...” гэх мэдүүлэг, /ХХ25/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.А-ийн өгсөн “... би эмнэлэг дээр хүрээд ирэхэд эмнэлгийн үүдэнд цагаан өнгийн “Истана” маркын автомашин байхаар нь би машин дотор байгаа 2 хүн дээр очиход хүүхэд ухаантай туслаарай гээд сандал дээр хэвтэж байсан, машины шалан дээр нэг хүн ухаангүй хэвтэж, гадна хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүн зогсож байсан. Ухаангүй хүнийг дамнуургаар зөөж яаралтай тусламжийн өрөөнд оруулаад үзэхэд хамар амнаас их хэмжээний цус гарсан, гүрээний судас тэмтрэхэд лугшилтгүй байхаар нь би зүрх чагнахад зорх зогссон, хүүхэн хараа гэрлийн урвал мэдрэхгүй, нүүрний урд хэсэг нь цөмөрсөн баруун гуяны яс хугарсан хавирах чимээ сонсогдож байсан ба өвчтөн нас барсан байсан учир дараагийн хүмүүст тусламж үзүүлсэн юм. Тухайн үед манай эмнэлгийн бүх эмч нар ирж багаараа тусламж үзүүлж, аймаг руу дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг, /ХХ28/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Ал-ийн өгсөн “... сумаас гараад засмал зам хүртэл ах Э автомашинаа жолоодоод засмал зам орж ирээд бие засаад миний сэтгэл санаа тайван бус байна, даралт ихсээд байх шиг байна гэхээр нь А автомашинаа жолоодоод явсан юм...Нэг их удаагүй жаахан яваад аваарт орсон 3 км байж магадгүй...Алаг шон харагдаад шороон зам руу ороод юу болсныг сайн санахгүй байна... намайг сэрээд ирэхэд Ц уйлчихсан байхаар нь би миний хажууд явсан хоёр хаана байна гэхэд А машинаас буугаад Ц дээр очиход би машинаас буугаад харахад Ц машины хажууд, талийгаач Б машинаас жаахан зайтай хэвтэж байхаар нь би яваад очиход амьсгалж байхаар нь би зам дээр очиж машин зогсоох гээд явсан юм...” гэх мэдүүлэг, /ХХ33/
Шинжээч Д.Тогтохын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 238 дугаартай “...1. Э.Ц-ийн биед гэмтэл тогтоогдлоо.
2. Э.Ц-ийн биед зүүн гарын шуу ясны хугарал, духны баруун дээд хэсэгт 1х0.1 см 1 ширхэг оёдолтой шарх, баруун шанаа хэсэгт 3.2х0.1 см 3 ширхэг оёдолтой шарх, зүүн хөмсөгний хэсэгт 1.7х0.2 см 2 ширхэг оёдолтой шарх, духны баруун хэсэг болон баруун шанаа хэсгийг хамарсан 11х6 см, духны дунд хэсэгт 8.4 см, духны зүүн хэсэгт 4х3 см, хамар хэсэгт 3.5х1.8 см зулгаралтууд, баруун чихний дэлбэнгийн ар хэсэгт 1.4х0.7 см зулгаралт, баруун чихний дэлбэнгийн урд хэсэгт 3х2.1 см цус хуралт, баруун гарын тохойн гадна хэсэгт 2.3х0.4 см зулгаралт, баруун гарын тохойн гадна хэсэгт 4х2.5 см цус хуралт, 2 гарын сарвууны ар хэсэгт олон тооны жижиг зулгаралтууд, баруун ташаа хэсэгт 9х5 см цус хуралт, нурууны зүүн дунд хэсэгт 9х7 см, зүүн далны хэсэгт 13х7 см, зүүн өгзөг хэсэгт 14х9 см, баруун гуяны урд хэсэгт 23х2.5см, баруун өвдөгний урд хэсэгт олон тооны, зүүн гуяны урд хэсэгт 14х0.7 см , зүүн хөлийн шилбэний гадна дунд хэсэгт олон тооны жижиг зулгаралтууд, зүүн өвдөгний урд хэсэгт 4х3 см цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Э.Ц-ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.
4. Э.Ц-ийн биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учирлын үед үүссэн байх боломжтой.
5. Э.Ц-ийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна.
6. Э.Ц-ийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д ...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан /удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /ХХ45-46/
Шинжээч Д.Тогтохын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 236 дугаартай “...1. Ч.Э-ийн биед гэмтэл тогтоогдлоо.
2. Ч.Э-ийн биед гавлын зүүн дух болон зулай хэсгийн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн эпидураль зайд 3.3х0.9 см цус хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн зулайн дэлбэнд 0.5х0.6 см няцрал, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралтууд, 2 нүдний алиманд цус хуралт, духны зүүн хэсэгт 9х7 см зулгаралт, доод эрүүний урд хэсэгт 2.6х0.2 см, 0.5х0.1см зулгаралтууд, баруун гарын бугалганы гадна доод хэсэгт 10х8 см, бугалганы ар доод хэсэгт 8х6 см цус хуралт, өвчүүний урд дунд хэсэгт 6х4 см цус хуралт, баруун гарын тохойны гадна хэсэгт 2.3х0.8 см зулгаралт, баруун бугалга шууны дотор хэсэгт 37х18 см цус хуралт, зүүн гарын бугалганы гадна доод хэсэгт 7х5 см, зүүн гарын тохойны гадна хэсэгт 3х2 см цус хуралтууд, зүүн гарын сарвууны ар хэсэгт 4.8х0.1 см зулгаралт, баруун гарын сарвууны ар хэсэгт олон тооны жижиг зулгаралтууд, баруун гарын бугуйнаас урагш сарвуу хэсгийн цус хуралт, зүүн гуяны урд дээд хэсэгт 14х9 см, 8х7 см цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Ч.Э-ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.
4. Ч.Э-ийн биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учирлын үед үүссэн байх боломжтой.
5. Ч.Э-ийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна.
6. Ч.Э-ийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-д гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал. Үүнд: гавлын орой /дух, зулай яс/, чамархай, дагз ба суурь яс / өмнө, дунд, ар, хонхор, эрвээхэй яс/-ны хугарал, заадасны салалт хамаарна гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, /ХХ53-54/,
Шинжээч Т.Алтайбаатарын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн “... 1. Талийгаачийн биед дух ясны хугарал, хамар ясны хугарал, баруун дунд чөмөгний хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Талийгаачийн биед үүссэн дух ясны хугарал гэмтэл нь нас барахад нөлөөлсөн байх боломжтой.
4. Талийгаачийн цогцсонд ялзрал явагдсан тул нас барсан үндсэн шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй.
5. Талийгаачийн биеэс авсан цусанд согтууруулах ундааны зүйл үзэх боломжгүй...” гэсэн дүгнэлт /ХХ73-74/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ6/, гэрэл зургийн үзүүлэл /ХХ7-13/, схем зураг /ХХ14/, амь хохирогч О.Б-ийн нас барсны №0000174250-07 дугаартай гэрчилгээний хуулбар /ХХ65/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.А-ийн Говь-Алтай аймгаас Ховд аймгийн чиглэлийн 174 дэх км-т хар өнгийн Прадо 120 маркын 00-00 УБП улсын дугаартай автомашин жолоодон хөдөлгөөнд оролцох үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин эсрэг урсгалруу орж хамгаалалтын шонг мөргөн автомашинаа онхолдуулж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Ч.Э-ийн эрүүл мэндэд хүнд, Э.Ц-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирч, иргэн О.Б-ийн амь нас хохирсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн гэрч Ч.Ал-ийн “...А автомашинаа жолоодоод явсан юм...Нэг их удаагүй жаахан яваад аваарт орсон 3 км байж магадгүй...Алаг шон харагдаад шороон зам руу ороод юу болсныг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /ХХ33/, шинжээч, цагдаагийн ахмад Б.Түмэнбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би өөрийн биеэр хэргийн газар очсон. Хэргийг газрын үзлэгээр автомашиныг зогсоох арга хэмжээ авсан зүйл байхгүй дугуйн мөр л байдаг. Автомашины хурдыг тогтоох боломжгүй байсан. Үндсэндээ урсгал сөрж ороод явж байсан эгнээний эсрэг талын далан руу орж осол гарсан байсан...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ6/, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ7-13/, схем зураг /ХХ14/, хохирогч нарын биед учирсан гэмтлийн зэргийг болон амь хохирогч О.Б-ийн нас барсан шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хэдийгээр шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хэд хэдэн хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг бий болгосон боловч тухайн зүйлийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар буюу “....хүний амь нас хохирсон...”-оор зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас иргэн Э.Ц-ийн биед хүндэвтэр гэмтэл, Ч.Э-ийн биед хүнд гэмтэл, О.Б-ийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж прокурор яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн нөхцөл байдал буюу хөдөлгөөнд бодитойгоор саад учруулахуйц аюул саад бий болсон эсэх нь тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хууль тогтоомжийг хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглосон байхад Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг хэрхэн ойлгож хэрэглэх, уг осолд хэн буруутай болохыг нь тогтоолгохоор шинжээч томилон дүгнэлт гаргуулсан байх тул хавтаст хэрэгт бэхжигдэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан шинжээч, цагдаагийн ахмад Б.Түмэнбаярын 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт болон шинжээчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн зарим хэсгийг нотлох баримтаар шүүх үнэлээгүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Шүүгдэгч Н.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, хор уршгийг арилгасан хохирогч нарын зүгээс гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ял оногдуулахыг тэнсэж, албадлагын арга хэмжээ авахдаа харгалзаж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.А-т Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасч, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх болон зорчин явах тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.А-т Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.А нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Б овогт Н-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн 3 жилийн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шүүгдэгч Н.А-т авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Н.А-т сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.А нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА