Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 338

 

 

 

   Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнэ /томилолтоор/,

хохирогч: Ш.Ц,

шүүгдэгч: Г.Ө, түүний өмгөөлөгч Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Өд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... тоот хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Г.Ө, 1978 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замын замчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангийн зам тосолгооны вагоны үйлчлэгч ажилтай, ам бүл 5, 4 хүүхдүүдийн хамт Г.Өтоот регистртэй.

Шүүгдэгч Г.Ө нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудал дотор өөрийн 5220024151 дугаартай Хаан банкны дансаар 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дамжуулан, “Зүүнхараа өртөөнд ажилд оруулж өгнө” гэж хохирогч Б.Оээс 2 000 000 төгрөгийг, хохирогч Ш.Цгаас 2 000 000 төгрөгийг, нийт 4 000 000 төгрөгийг хуурч авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Өын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би урьд нь хохирогч Цгийн хамаатан З гэх хүнийг ажил хэргийн шугамаар таньдаг байсан. Тэгээд З надад “манай нэг дүү байдаг юм, ажил мэдэж байгаарай” гэж хэлж байсан. Тухайн үед Зүүн хараа өртөөнд Замын даргын 40-70 хүнийг ажилд авах орон тоо батлагдсан тушаал гарсан байсан. Үүний дагуу 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр О, Ц нарын бичиг баримтыг бүрдүүлж явуулсан. Тэгээд тэдний ажилд орох өргөдлийг явуулаад байж байтал 10-аад хоногийн дараа намайг цагдаагаас дуудсан. Тэгтэл О, Ц нар гомдол гаргасан байсан. Би тэднийг Зүүн хараа руу очоод байр хөлслөөд байж бай гэж хэлээгүй. Өөрсдөө надтай уулзчихаад маргааш нь явсан байсан. Би Оюудэлгэр, Ц нарыг ажилтай болгоё, насных нь хоолтой залгуулж тус болъё л гэж бодсоноос биш ийм асуудалд орооцолдсон гэдгээ мэдсэнгүй. Би О, Ц нарыг сайн танихгүй, хүнээр зуучлуулж танилцсан. Тэд нарыг ажилд оруулж өгнө гэж мөнгө аваад, иргэний үнэмлэхээ хуулбарлаж мөнгө авсан баримтанд хавсаргаж гарын үсгээ зурж өгсөн.

Төмөр замынханд орон тоо гарсан талаар Замын даргын тушаал гарсан болохыг танилцуулсан учраас мэдсэн. Уг тушаалын талаар Нгээс асуухад “манайд 40-70 хүний ажлын орон тоо батлагдаж байгаа” гэж хэлсэн. Н гэдэг хүн УБТЗ-д инженер ажилтай. Надад танил тал гэх зүйл байхгүй. Гэхдээ сургууль төгссөн мэргэжлийн хүмүүс учраас Зүүн хараа өртөө рүү сонгон шалгаруулж авна гэхээр нь бичиг баримтыг нь явуулсан. О, Ц нараас 2 000 000 төгрөгийг нааш цааш явж хүн гуйж явахад мөнгө хэрэг болно гэж бодож авсан. Тэр хоёрт би “Улаанбаатараас Зүүн хараа явах зардал” гэж хэлж байсан. Би Төмөр замд 18 жил ажиллаж байна. Би 2 өрөө байрыг түрээслэж амьдардаг бөгөөд энэ хоёроос авсан мөнгөө түрээсийн төлбөрт өгсөн. Би хохирогч нарт эхлээд тус бүр 500 000 төгрөг, дараа нь тус бүр 200 000 төгрөг өгсөн. Хамгийн сүүлд тус бүрт нь 750 000 төгрөг, нийт 2 900 000 төгрөг өгсөн. Одоо 1 100 000 төгрөг үлдсэн. 5 дугаар сарын 30-ны цалингаа буухаар нэгнийх нь мөнгийг өгнө. 6 дугаар сарын 10-ны цалин буухаар нөгөө хүний мөнгийг өгнө. Би гэм буруутайгаа ойлгож байна” гэв.

Хохирогч Ш.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хамаатны эгчдээ ажил мэдэж байгаарай гээд захисан байсан. Тэгтэл надад “хотод ажилд оруулах хүн байна, яаралтай хот руу оч” гэж хэлсэн. Тэгээд хот руу ирэхэд намайг Ө эгчтэй уулзуулаад өөрөө явсан. Тэгтэл “хотын ажилд хүн өндөр үнээр орчихлоо, Зүүн хараад ажил байна, орох уу” гэхээр нь “ажилтай болж байвал хаана ч яах вэ гэж хэлсэн”. Тэгтэл “урьдчилгаа 2 000 000 төрөг өг, үлдсэн мөнгийг ажилд оруулаад авна“ гэсэн. Би тэр өдрөө 2 000 000 төгрөг болон бичиг баримт материалуудаа өгсөн. Тэгтэл “өнөө маргаашгүй ажил бүтнэ, эртхэн очоод байраа бэлдээд байж бай, ажилд орчихоод байр олно гэдэг хэцүү” гэхээр нь Зүүн хараа руу оройдоо явсан. Би эгчтэйгээ хамт очсон. Зүүн хараад очоод байр хайгаад олдохгүй байхаар нь таньдаг айлдаа хэд хонож байгаад хөлсний байранд орсон. Нилээн удсан бөгөөд Ө руу ярихад хугацаа нь хойшлоод байсан. Бидний хөлсөлж байсан байр нь Төмөр замын албаны байр байсан болохоор цагдаа нар мэдээд дуудсан. Тэгээд “та хоёр ажилд орох гээд явж байгаа юм байна, мөнгө өгсөн гэж байна, жижиг газар учраас мэдээлэл ирсэн, ямар хүнд мөнгө өгсөн юм” гэхээр нь үнэнээ хэлсэн. Тэгээд “энэ асуудлыг шалгаад өгье, үнэхээр та хоёрыг ажилд оруулах гэж байгаа бол та хоёрыг орихъё” гэсэн. Дараа нь “та хоёрыг ажилд оруулах гэж хөөцөлдөөгүй байна, залилуулж байгаагаа мэдэж байна уу” гэж хэлэхээр нь Улаанбаатар хотод буцаж ирсэн. Хотод ирээд цагдаагийн газар очиж шалгуулахад “та хоёрын өөрсдийн чинь өгсөн өргөдөлүүд байна, та хоёрыг ажилд оруулж өгөхөөр хөөцөлдөөгүй байна” гэж хэлсэн. Тэрнээс хойш Өаас мөнгөө авъя гэсэн бөгөөд бага багаар буцааж өгсөн. Би хүнээс мөнгө зээлж өгсөн учраас надаас нэхээд байгаа. Ө сүүлдээ утсаа авахаа больсон. Өнөөдөр өглөө 750 000 төгрөг өгсөн. Одоо 550 000 төгрөг үлдсэн. Хохирлоо авбал гомдол саналгүй” гэв.

Хохирогч Б.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 15-нд Улаанбаатар төмөр замын Тээврийн дээд сургуулийг ашиглалтын мэргэжилээр төгсөөд, ажилгүй байж байгаад аавын талын хамаатан болох Б ахад төмөр замд хаана ч хамаагүй ажил мэдэж байгаарай гэж 8 дугаар сард захиж байсан чинь 2017 оны 12 дугаар сарын 29-нд над руу манай хамаатан болох Б ах өөрийн гар утаснаасаа залгаад Зүүн хараа өртөөнд нэг хүн ажилд оруулаад өгье гэж байна. Чи он гараад Улаанбаатар хотод хүрээд ир гэсэн. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 03-нд Улаанбаатар хотод төмөр замын вокзал дээр Ө гэх нэг эгчтэй уулзаад би нөгөө Б ахын хэлсэн дүү нь байна гэсэн чинь за Зүүнхараа өртөөнд пүүлэгчээр оруулаад өгье, бичиг баримтаа хувилаад өг гэсэн. Тэгэхээр нь би материалаа өгсөн. Тэгэхэд “энэ ажлыг чинь хөөцөлдөөд, оруулахад бага зэрэг мөнгө хэрэгтэй юм шиг байна лээ. Миний данс руу 2 сая төгрөг хийчих” гэсэн. Тэгээд би мөнгө олоод хэлсэн ёсоор нь 12 цагаас өмнө хоёр сая төгрөг данс руу нь хийсэн. Одоо би яг хэд гэсэн дугаарын данс руу нь хийсэн талаараа санахгүй байна. Дансны хуулга авах юм бол миний данснаас шилжиж орсон байгаа. Надад бол Замын 2 дугаар ангид тосолгооны вагонд үйлчлэгч ажилтай гэж байсан. Тэр өдөр уулзахад Зүүнхараа өртөө рүү яваад байр саваа олоод  байж бай гэсэн. Би хамт явсан Ц эгчтэй нийлээд Зүүнхараад очоод  түрээсийн байр хайгаад нэг байранд түр ороод байж байсан. Тэр Ц эгчээс мөн ажилд оруулж өгнө гээд хоёр сая төгрөг авсан. Залгаад хэлэх болгонд “тушаалыг чинь маргааш гаргах байх, тушаал чинь болсон байгаа” гээд 20 гаруй хоног болсон. Намайг бол Зүүнхараа өртөөнөөс ажилдаа ор гэж нэг ч хүн дуудаагүй. Гэтэл миний материалыг Зүүнхараа өртөөнд өгөөгүй байсан. Би хоёр сая төгрөгөө Ө эгчийн данс руу шууд вокзал дээр байдаг Хаан банкны мөнгөний машин АТМ-аар шилжүүлсэн. Б ах мөнгө төгрөг өг гэж хэлээгүй. Зүгээр очоод уулз гэж хэлж байсан. Уулзаад харин Ө эгч хоёр сая төгрөг нэхсэн. Би олж өгсөн. Би хоёр сая төгрөгийг Баруунхараа өртөөнд байдаг Угтахбаяр эгчээсээ зээлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/,

Гэрч А.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай ахын хүүхэд Улаанбаатар төмөр замын Тээврийн дээд сургууль төгсөөд надаа “ахаа ажил мэдэж байгаарай” гэж захиж байсан. Тэгээд дүүгээ ажилд оруулах санаатай урд өмнө хамт ажиллаж байсан Ө эгчид хэлсэн чинь Зүүнхараад ажлын орон тоо гарч байна. Дүүгээ оруулах юм уу гэж надаа хэлсэн. Тэгэхээр нь тэгье гээд хэлсэн чинь ажилд ороход 2 сая төгрөг гэсэн. Тэгэхээр нь дүүгээ холбож өгсөн юм. Ажилтай болж байгаа юм чинь өөрөө мэдэг гэж хэлсэн чинь манай дүү О зөвшөөрөөд тэр хүнтэй уулзсан байхаа. Тухайн үед би байгаагүй. Ө эгчид хэлсэн чинь маргааш төмөр замын вокзал дээр хүрээд ир гэсэн. Тэгээд дүү От утсаар хэлсэн. Тухайн үед ажилд ороход хоёр сая төгрөг гэж байна гэхэд манай дүү О зөвшөөрсөн. Манай дүү энэ мэргэжилдээ маш дуртай, тэгээд л ажил мэргэжилтэй болох юм болов уу гээд зөвшөөрсөн юм. Өөр ажилд оруулаад өгөх танил тал байхгүй юм чинь тухайн үед дүүдээ хэлсэн. Тэр хоёр сая төгрөг хаанаас олсон талаар би мэдэхгүй байна. Бид хоёр тус тусдаа амьдардаг хүмүүс” гэсэн мэдүүлэг. (хх-н 30)

Гэрч Б.Уын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дүү О над руу залгаад намайг ажилд оруулаад өгье гэсэн Ө гээд хүнтэй уулзчихлаа. 12 цагаас өмнө данс руу хоёр сая төгрөг хийчих гэж байна. Та надаа мөнгө зээлүүлээч гэсэн. Би тэр үед наадах чинь баталгаатай юм уу гэж асуухад баталгаатай гэж надад хэлсэн. За тэгвэл баримт сэлтээ сайн авч үлдээрэй, эргээд буух хаягтай байгаарай гэж хэлээд хоёр сая төгрөгийг сая, саяаар нь цувуулаад Оийн данс руу хийсэн. Тэгээд хэд хоногоос ажилд орчих юм болов уу гэсэн чинь нөгөө хүн нь ажилд оруулж өгөөгүй. Дүү маань хоёр сая төгрөгийг надаас зээлсэн гэж ярих боловч үнэн хэрэгтээ би дүүдээ зүгээр мөнгө өгсөн” гэсэн мэдүүлэг. (хх- 35)

Гэрч Д.Зын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай хамаатан Ц миний гар утас руу залгаад би Төмөр замын Тээврийн дээд сургууль төгссөн. Надаад ажил мэдэж байгаарай гэсэн. Тэгээд хамт ажилладаг Өд манай хамаатны хүүхэд сургууль төгссөн, ажил мэдэж байгаарай гэж захисан. Дараа нь он сарыг нь сайн санахгүй байна. Ө миний гар утас руу залгаад Зүүнхараа өртөөнд ажлын орон тоо гарч байна. Дүүгээ оруулах уу гэсэн. Тэгэхээр нь тэгье гээд дүү Цтай холбогдоод бичиг баримтаа аваад Улаанбаатар хотод ир гэсэн. Манай хамаатны хүүхэд Ц вагоноор ирээд би Өтай вокзал дээр таараад хамт уулзаад ажилд оруулах талаар ярьсан. Тэгээд би тэр хоёрыг уулзуулаад ажилтай байсан болохоор яваад өгсөн. Дараа нь асуусан чинь бичиг баримтыг нь явуулсан. Хэсэг хэсгээр нь хүн авч байгаа юм байна. Дараагийн ээлжинд оруулахаар болсон гэж ярьж байсан. Мөн замын даргын үзлэг таараад дарга нар байхгүй байна гэсэн. Ө яг мөнгөн тоо надад хэлээгүй. Тэгэхдээ тодорхой хэмжээний мөнгө орно шүү гэж хэлж байсан. Манай хамаатны хүүхдээс хэдэн төгрөг авсан талаар би мэдэхгүй, Ө, Ц хоёрыг уулзуулж өгөөд явсан” гэсэн мэдүүлэг. (хх- 38)

Гэрч Э.Мийн мөрдөн байцаалтанд  өгсөн: “...Ш.Ц нь миний нөхөр Баттулгын төрсөн эгч байгаа юм. Ц эгч 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр над руу яриад “эгч нь ажилд орохоор болчихлоо, яаралтай мөнгө хэрэгтэй байна. Эгчдээ хоёр сая төгрөг өгчих” гэхээр нь Солонгост ажил хийж байгаа нөхөртэйгээ холбогдоод Ц эгчийн тухай хэлж яриад би өөрийнхөө данснаас Ц эгчийн 5015087923 дугаарын данс руу хоёр сая төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг. (хх-42)

Гэрч Д.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 03-нд Өаас 1 сая төгрөг зээлсэн нь үнэн. Би Өаас хүн ажилд оруулж өгье гэж мөнгө аваагүй. Надад бол хүн ажилд оруулж өгнө шүү гэж мөнгө төгрөг өгөөгүй. Би Ө эгчээс мөнгө зээлээч гэж гуйж авсан. 2018 оны 01 дүгээр сарын 03-нд миний данс руу 1 сая төгрөг хийсэн. Харин маргааш нь над руу өөрийн гар утаснаас залгаад Н нэг хүн ажилд оруулаад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би манайд орон тоо байхгүй, эгч минь боломжгүй дээ гэж хэлсэн. Угаасаа би хүн ажилд оруулдаг эрх бүхий албан тушаалтан биш. Би зүгээр инженер хүн. Манай Зүүнхараа өртөөнд ямар ч орон тоо байхгүй. Энэ манай хариуцдаг салбар биш. Ө эгч харин юу яриад байгааг би үнэхээр ойлгохгүй байна. Би тэр мөнгийг өгсөн гээд байгаа хүмүүстэй уулзаад ямар учиртай мөнгө өгсөн, та нарыг хэн ажилд оруулна гэж хэлсэн юм бэ гэхэд Ө эгч болно гээд 4 сая төгрөг авсан, таны нэр усыг хэлээгүй, миний ард том хүн байгаа гээд бид нараас мөнгө авсан гэж байсан.

Би Ө эгчээс зээлсэн 1 сая төгрөгөө 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Ө эгчийн өөрийнх нь 5220024151 дугаарын данс руу шилжүүлчихсэн” гэсэн мэдүүлэг (хх- 45-46, 47)

Яллагдагч Г.Өын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ц, О нартай вокзал дээр уулзаад вокзалын хоёр давхарын ресторанд орж суугаад тэр хоёрт Зүүнхараад гэрээний ажилчид авах гэж байгаа. Шалгаруулалт нь дараа долоо хоногоос явагдана. Эгч нь хүн амьтантай уулзаад хэлж яриад оруулаад өгнө, одоо ажилд орох өргөдөл, сургууль төгссөн дипломын хуулбар, бичиг баримтуудаа надад өгчих гэж хэлээд авсан. Хүн амьтантай уулзахад мөнгө шаардлагатай болно. Нэг хүнээс хоёр сая төгрөг гарна гэхэд Ц, О нар зөвшөөрсөн. Ингээд энэ өдрөө миний Хаан банкны 5220024151 дугаарын дансанд Ц хоёр сая төгрөг, О хоёр сая төгрөгийг шилжүүлсэн. Ц, О нараас авсан 4 сая төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 54-35 тоот байрны түрээсэнд болон өөр бусад хэрэглээнд 3 саяыг, 1 сая төгрөгийг нь Нд зээлүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 86/,

2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Г Өын Хаан банкны 5220024151 дугаартай дансны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртлэх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулганы орлого, зарлагын мэдээлэл бүхий 8 хуудас баримтад үзлэг хийв.

Уг баримтанд 1-467 хүртэл дугаарласан орлого, зарлагын гүйлгээ бичигдсэн байна. Үүнээс 286, 28, 290 дугаарт бичигдсэн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн бичигдсэн гүйлгээг үзэхэд

1. 286 дугаарт бичигдсэн гүйлгээ нь Б.Оийн 5001592089 дугаарын данснаас Г.Өын данс руу 1 000 000 төгрөгийн орлого орсон байна.

2. 288 дугаарт бичигдсэн гүйлгээ нь Ш.Цгийн 5015087923 дугаарын данснаас Г.Өын данс руу 2 000 000 төгрөгийн орлого орсон байна.

3. 290 дугаарт бичигдсэн гүйлгээ нь Б.Оийн 5001592089 дугаарын данснаас Г.Өын данс руу 1 000 000 төгрөгийн орлого орсон байна гэжээ. (хх- 47)

Г.Өын Хаан банкны 5220024151 дугаартай дансны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртлэх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулганы орлого, зарлагын мэдээлэл.  (хх- 58-65, 68),

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 59-65/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 66-75/, Улаанбаатар төмөр замын вагон ашиглалтын депогийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн албан тоот, ажилд орохыг хүсэгчийн анкет /хх-н 77-78-119/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Г.Ө нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудал дотор өөрийн 5220024151 дугаартай Хаан банкны дансаар 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Зүүнхараа өртөөнд ажилд оруулж өгнө” гэж хохирогч Б.Оээс 2 000 000 төгрөгийг, хохирогч Ш.Цгаас 2 000 000 төгрөгийг, нийт 4 000 000 төгрөгийг хуурч авсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ш.Ц, Б.О нарын мэдүүлэг, гэрч А.Б, Б.У, Д.З, Э.М, Д.Н, нарын мэдүүлэг, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Г.Өын Хаан банкны 5220024151 дугаартай дансны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртлэх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулганы орлого, зарлагын мэдээлэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Өын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож өмчлөгийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Өын үйлдэл нь хохирогч Ш.Ц, Б.О нарыг ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгосон, өөрөө болон бусдаар дамжуулан хохирогч нарыг ажилд оруулах ямар нэгэн үйлдэл хийгээгүй нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь учруулсан хохирлоос хохирогч Ш.Цд 1 450 000 төгрөг, Б.От 1 450 000 төгрөг төлсөн болох нь хохирогч Ш.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Г.Ө нь шүүх хуралдаанд хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ба хохирогч Ш.Цд төлөх 550.000 төгрөгийг 5 дугаар сарын 30-ны дотор, хохирогч Б.От төлөх 550.000 төгрөгийг 6 дугаар сарын 15-ны дотор төлнө гэж байх тул шүүгдэгчээс хохирогч нарт төлөх дээрх хохирлыг гаргуулан олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.Өыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”,  7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Өын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс шүүгдэгч Г.Өын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал буюу ажил хөдөлмөр эрхэлдэг, 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж тэнсэгдсэн хүн хохирлоо нөхөн төлөх хугацааг шүүх тогтооно” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөх хугацааг шүүгдэгчийн хохирол, хор уршигийг нөхөн төлөхөө илэрхийлсэн хугацаа буюу 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлүүлэхээр шүүх тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Г.Өд ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Өд оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч Г.Ө нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Өыг “хуурч, зохимол байдлыг зориуд бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч Г.Өыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.100.000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.  

5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Г.Өаас 550.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Цд, 550.000 төгрөг гаргуулж хохирогч Б.От тус тус олгосугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Өын хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР