| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0306/Э |
| Дугаар | 310 |
| Огноо | 2018-10-26 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 310
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган улсын яллагч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт *******-д холбогдох эрүүгийн 18 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1981 оны дүгээр сарын -ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 3-6 насны 2 хүүхдүүдийн хамт амьдрах, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 зургаа сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, бие эрүүл гэх, Ж регистрийн дугаартай, ******* овогт *******-оо.
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газарт улсын дугааргүй” “*******” маркийн мотоциклийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.1а, 2.2а, 2.2б, 2.3в, 2.7а, 8.2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас “*******” улсын дугаартай “микро” маркийн автобустай мөргөлдөж, улмаар иргэн *******ын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...би 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Халхгол сумаас аймгийн төв рүү явах гээд шууданд суухаар Хамар давуу руу явсан. ...З-оор хүргүүлсэн. З-гоо жаахан согтуу байсан бид хоёр өглөө нь таарч архи уусан юм. Ингээд ******* руу З-ийн эзэмшлийн мотоциклтой би ард нь суугаад явсан. ...З-оо тухайн үед зам голлоод явж байсан бөгөөд өөдөөс гарч ирсэн машиныг хараад баруун гар тийш дарахад тэр машинтай шүргэлцэж газарт унасан. Газарт унаад босох гээд би босч чадахгүй, хөл хугарсан байдалтай байсан бөгөөд эмнэлгийн байгууллагад мэдэгдэж дуудлага өгсөн. ...бид хоёр нийт хоёр шил архи уусан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 457 тоот дүгнэлтийн хэсэгт: “1. *******ын биед зүүн дунд чөмөг ясны доод булууны бяцарсан далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-с доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 46-47/
Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 41 тоот дүгнэлтийн хэсэгт: “******* маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.1-а-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох үнэмлэхтэй байх”, 2.2-а-д заасан “ Замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцэд нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 2.2-б-д заасан “Тээврийн хэрэгсэл нь бүртгэгдсэн улсынхаа ялгах тэмдэг, улсын дугаартай байх”, 2.3-в-д “Мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 2.7-а-д заасан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэт нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Зам тээврийн ослын нөхөн үзлэгийн гэрэл зураг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Ууганбаатарын ослын газрын схем зураг зэрэг холбогдох материалаас харахад жолооч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодон явахдаа эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд урсгал сөрж замын хөдөлгөөнд оролцсон нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзлээ. Уг тээврийн хэрэгслүүд нь техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж үзлээ. ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад /Ж913/ регистрийн дугаартай Б овогтой З нь тээврийн хэрэгсэл жолоодох ВС ангилалын 366 тоот үнэмлэхтэй байна” гэх дүгнэлт /хх-ийн 42-43/
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын схем зураг /хх-ийн 9-12/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газарт улсын дугааргүй” “*******” маркийн мотоциклийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.1-а-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох үнэмлэхтэй байх”, 2.2-а-д заасан “ Замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцэд нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 2.2-б-д заасан “Тээврийн хэрэгсэл нь бүртгэгдсэн улсынхаа ялгах тэмдэг, улсын дугаартай байх”, 2.3-в-д “Мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 2.7-а-д заасан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэт нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “*******” улсын дугаартай “микро” маркийн автобустай мөргөлдөж, улмаар хохирогч *******ын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24/, гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой 18 цагийн орчим байх ******* уруудаад гүүр рүү орох гээд явж байхад өөдөөс гэнэт нэг мотоциклтой хүн гарч ирээд машины зүүн талын хэсгээр мөргөсөн ...ард явж байсан хүн тэр хоёр хоёулаа нилээд согтуу байсан... надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 41 тоот дүгнэлт /хх-ийн 42-43/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 457 тоот дүгнэлт /хх-ийн 47/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч *******ын биед учирсан хүндэвтэр хохирол /гэмтэл/ нь шүүгдэгч *******-ийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.1а, 2.2а, 2.2б, 2.3в, 2.7а, 8.2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх санал гаргасныг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар 10 ширхэг гэрэл зургийг бэхжүүлсэн ирүүлснийг хэрэгт нь хавсарган үлдээж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******-гийн Ж913 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт *******-г согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******-г оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдсугай.
6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар 10 ширхэг гэрэл зургийг бэхжүүлсэн ирүүлснийг хэрэгт нь хавсарган үлдээж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******-ийн 913 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР