| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогт-Очирын Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 139/2022/00140/И |
| Дугаар | 218/МА2022/00018 |
| Огноо | 2022-09-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 218/МА2022/00018
С.Насанчимэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж шийдвэрлэсэн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 139/ШШ2022/00294 тоот шийдвэртэй,
Нэхэмжлэгч С.Насанчимэг
Хариуцагч Ц.Батцоожид холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 11.060.000 төгрөгийг гаргуулах тухай
хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал /онлайн/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Ц.Батцоож нь 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр надаас хувийн хэрэгцээнд яаралтай мөнгө хэрэгтэй байна гээд 3500000 төгрөгийг 1 сарын 4 хувийн хүүтэй зээлж, мөнгийг бэлнээр авсан. Ингэхдээ мөнгө зээлэх, зээлдүүлэх гэрээ гэсэн зээлийн баримтыг гараар бичиж өгсөн бөгөөд доор нь мөнгө хүлээн авсан гарын үсгээ зурсан. Зээлсэн мөнгөө ойрын хугацаанд төлнө гэж байсан бөгөөд зээлдүүлсэн өдрөөс эхлэн ашигласан хугацааны хүүгээ төлнө гэж байсан. 2017 оны 7, 8, 9 дүгээр сарын хүү нийт 420000 төгрөгийг надад төлсөн. Харин 2017 оны 10 дугаар сараас одоог хүртэл хүү болон үндсэн зээлээ огт төлөөгүй сураггүй алга болсон. Миний хувьд Ц.Батцоожид хэрэгтэй үед нь мөнгө зээлдүүлж тусалсан бөгөөд зээлээ төлөх байх гээд өнөөдрийг хүртэл хүлээсэн боловч надтай холбоо бариагүй, сураггүй алга болсонд гомдолтой байна. Иймд Ц.Батцоожоос үндсэн зээл 3500000 төгрөг, хүүгийн төлбөрт 7560000 төгрөг, нийт 11060000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид Ц.Батцоожид холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нэхэмжилсэн ба үндсэн зээлд 3500000 төгрөг хүүгийн төлбөрт 7560000 төгрөг нийт 11060000 төгрөг нэхэмжилсэн. Хэргийн үйл баримт нь 2016-2017 онуудад С.Насанчимэгийн гэр бүлийн хүн болох Хүрэлбаатар нь Ц.Батцоож гэх хүнтэй хамт ажиллаж байсан. Тухайн үед мөнгөний хэрэг гарсан машин авах гэсэн туслаач гэсэн хүсэлт тавьсан. Мөнгө хэрэгтэй гээд 3500000 төгрөгийг бэлнээр авсан. Ингээд өгч явуулахдаа өргөдлөө бичиж ирээрээ гэхэд нөгөө хүн маань өргөдлөө бичээд ирсэн. Балын харандаагаар бичсэн өргөдөл дээр С.Насанчимэг нь хүүгээ амаараа 4 хувь гэж тохиролцоод амаар тохирсон хүүгээ зээлийн баримт дээр тусгаж, хүлээн авсан Ц.Батцоож гэж гарын үсгээ зурсан. 2017 оны 7 дугаар сарын хүү болох 140000 төгрөгийг Голомт банк дахь С.Насанчимэгийн дансанд шилжүүлсэн. 7,8, 9 дүгээр сарын хүү болох 420000 төгрөгийг бэлнээр төлсөн. 2017 оны 10 дугаар сараас эхлээд утсаа салгаад алга болсон. С.Насанчимэг нь Ц.Батцоожийг өрөө төлнө гэж хүлээж, итгэсэн боловч төлөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа өөртэй нь холбогдож эвлэрэх талаар ярьж үзсэн. Үндсэн төлбөр дээрээ тодорхой хүүг нь төлөөд өгчих, авсан нь үнэн юм чинь гэж хэлэхэд мөнгөний боломж байхгүй, амьдралын боломж байхгүй та нар шүүхээрээ яв, шүүхээр шийдүүлчих гэсэн хариуг өгсөн. Бид нарын гомдолтой байгаа зүйл юу вэ гэхээр харилцан тохиролцож зээлийн баталгаа гаргаж өгсөн. Хэрэв төлөхгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ гэж гарын үсэг зурж хүний итгэлийг олж авчхаад авсан хойно төлбөрөө төлөхгүй үндсэн зээлээ төлөхгүй хохироож байгаад гомдолтой байна. Шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байна. Учир нь С.Насанчимэг нь 2018-2021 оны хооронд биеийн эрүүл мэндийн байдал муу, өвчтэй байнгын эмчилгээтэй байсан. Учир нь 2018 онд нурууны өвчтэй, 2019-2020 онд байнгын шинжилгээ өгч эмнэлэгт давтан үзүүлж шинжилгээ өгч байсан, бамбайн булчирхайн илүүдэл гэдэг оноштой болж 13 кг турсан байдаг. Өвчтэй байсан талаар бид баримт гаргаж өгсөн. Ийм учраас Ц.Батцоожоос зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гаргаж бид нарыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч талын тайлбар, агуулга:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн дурдаад байгаа зээлийн гэрээг намайг гараараа бичиж авчирсан гэж байна. Түүнийг би бичиж өгөөгүй зөвхөн мөнгө хүлээж авлаа гарын үсгийг зурсан, тэр гарын үсэг минийх мөн гэдгээ сүүлд шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн. ...Ц.Батцоожийн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан юу вэ гэхээр тухайн үед төлбөрөө төлөөд явж байсан. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Зээлийн гэрээ нь зээлийн гэрээний хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Мөн зээлийн гэрээгээр хугацаа тохироогүй байсан. Нэхэмжлэгч нь шаардах эрхээ хөөн хэлэлцэх хугацаандаа эдлээгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 1.2-т заасан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гээд заасан. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн гол шаардлага юу вэ гэхээр зээлийн гэрээний гүйцэтгэлд 11060000 төгрөг гаргуулах гэж зээлийн гэрээ гэдгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж оруулж ирсэн. Нэхэмжлэгчээс гаргаж ирсэн баримтад 2017 онд надаас 3500000 төгрөгийг зээлсэн гэж хэлдэг. 7, 8, 9 дүгээр сарын хүүгээ өгсөн талаар хэн аль нь маргадаггүй. 2017 оны 9 дүгээр сараас тооцож үзэх юм бол өнөөдөр 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр юм. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн өнгөрсөн. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээх юм бол хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтыг нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлэх ёстой. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн өмнө баримтууд гаргаж ирж байгааг ойлгохгүй байна. Анхан шатны шүүхэд хандаж байгаагүй, өөртэй нь холбогдож чадахгүй байсан талаар хэлж байгаа нь хугацаа сунгах, хүндэтгэн үзэх шалтгаан биш юм. Хариуцагчийг эрэн сурвалжлуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжийг эдлээгүй, энэ талаараа нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт зөвшөөрч хэлж байна. Өнөөдрийн шүүх хуралд гаргаж өгсөн эмчилгээний баримтуудтай танилцахад эмчилгээ нь хүндэрсэн, гадаад оронд очиж эмчлүүлсэн, хагалгаа эмчилгээнд явсан, удаан хугацаагаар хэвтэрт байсан, мэс засалт орсон гэх баримт байхгүй байна. Энэ хүний онош надтай яг адилхан оноштой байгаа юм. Ихэсгэл гэвэл маш их тураадаг багасгал гэхээр маш ихээр таргалдуулдаг үүгээр ялгаатай байна. Бамбайн өвчин дааврын эм уудаг. Эмээ уугаад ажил үүргээ гүйцэтгээд явах боломжтой байдаг. Мөнгөө нэхээд явах чадваргүй байсан байдал энэ хавтаст хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч тал өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчөөр дамжуулан эрхээ эдлэх бүрэн боломжтой. Хууль мэдэхгүй нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан болж чадахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар С.Насанчимэгийн Ц.Батцоожид холбогдуулж гаргасан зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж,
3.2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Батцоожоос зээлийн гэрээний үүрэгт 3500000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Насанчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7560000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
3.3 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Насанчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Батцоожоос 70950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Насанчимэгт олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: ... Анхан шатны шүүх нь уг шийдвэрээр Насанчимэгийн нэхэмжилсэн 11060000 төгрөгөөс 3500000 төгрөгийг гаргуулж үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдсэн юм. Ингэхдээ шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад ямар ч хугацаа сэргээлгэх хүсэлтгүйгээр хүлээн авч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн эрүүл мэндийн холбогдолтой баримтуудыг авч эдгээрийг нь шаардах эрхээ хэрэгжүүлж чадахгүй хүнд өвчтэй хүндэтгэн үзэх шалтгаан болохооргүй баримтууд байхад шийдвэрээрээ хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн нь үндэслэлгүй юм. 2 жилийн өмнө хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шинжилгээ өгсөн хэдэн баримтаар нь ийнхүү шийдсэнд гомдолтой байна. Мөн би 3500000 төгрөг авсан гэж л гарын үсэг зурсан болохоос гэрээ гээд байгаа нөхцөлийг бичээгүй, зөвшөөрөхгүй болно.
Иймд анхан шатны шүүхийн 139/ШШ2022/00294 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс хуралд нэхэмжлэгч С.Насанчимэгийн 2018 оны 9 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сард хүртэл эмчилгээтэй, байнгын эмчийн хяналтад байсныг нотлох эмчилгээ, шинжилгээний баримтуудыг гаргаж өгсөн ба хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хугацааг сэргээсэн. С.Насанчимэг нь 2018 оны 9 дүгээр сараас 2021 оны 3 дугаар cap хүртэл байнга хүнд өвчтэй байсан бөгөөд нурууны өвчин нь хөдөлж, явж чадахааргүй хэмжээнд байсан юм. Ийм учраас 2018, 2019 онуудад дараалан эмчилгээ хийлгэж, жил бүр Грандмэд эмнэлэгт шинжилгээ хийлгэж байсан. Хэрэв өвчингүй эсхүл эдгэрсэн байсан бол дахин дахин шинжилгээ өгөх шаардлагагүй нь ойлгомжтой юм. 2020 оны хавраас эхлэн давхар бамбай булчирхайн илүүдэл болж нуруу, бамбай булчирхайн хавсарсан өвчтэй байсан. Бамбай булчирхайн хордлогоос болж хэвийн амьдралын дэглэм алдагдаж, 13 кг турсан. Б.Насанчимэг нь өөрөө тэтгэврийн, өндөр настан. Өвчин гэдэг бол хүн бүрт илрэх зовиур нь адилгүй, хавсарсан өвчтэй хүнд нэг өөр бас настай хүн, залуу хүнд өөр байдаг. Гэтэл Ц.Батцоож нь идэр залуу, ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготой хүн байж миний өвчний түүхийг үгүйсгэж, сүртэй өвчин биш гэж надаас авсан 3500000 төгрөгийг төлөхгүй гэж байгаад би маш гомдолтой байна.
Мөн Ц.Батцоож нь гомдолдоо: “3500000 авсан гэж гарын үсэг зурсан болохоос өргөдөл бичээгүй" гэжээ. Энэ нь үндэслэлгүй зүйл. Ц.Батцоож нь 3,5 сая төгрөг авсан талаараа маргадаггүй, шүүх хуралдаан дээр ч авснаа хүлээн зөвшөөрсөн. Энэ нь “Мөнгө зээлэх, зээлдүүлэх гэрээ” гэх баримтын доод талд 3500000 хүлээн авав Ц.Батцоож гэж гарын үсгээ зурсан баримт, зээлийн хүү 140000 төгрөгийг С.Насанчимэгийн Голомт банкны дансаар төлсөн банкны дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогддог. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарын үсгийн шинжилгээ хийлгэх хүсэлтийг нэхэмжлэгч талаас өгөхөд хариуцагч гарын үсгээ өөрийнх нь мөн гэж зөвшөөрсөн болно.
Мөн Ц.Батцоож нь өдий 2017 оноос хойш 4 жилийн хугацаанд миний мөнгийг авч ашиглачхаад /надаас зээлсэн мөнгийг нэмэрлэж, хувьдаа соната 5 машин авсан байсан/ харин ч хүү огт төлөхгүйгээр үндсэн мөнгөө төлөх шийдвэрийг шүүх гаргасан байхад шударгаар мөнгөө төлөхийн оронд бүр юу ч төлөхгүй гэж маргаж байгаа нь ойлгомжгүй санагдаж байна.
Ковид 2019 өвчин Улаанбаатар хотод 2020 оноос гарч 2020 оны намраас хөл хорионд орсон. Энэ дэлхийг хамарсан өвчний үед би нэхэмжлэл, зарга гээд явах боломжгүй байсан. Энэ мэт нөхцөл байдал, хүндэтгэх шалтгаануудыг шүүх харгалзан хариуцагчийн давж заалдах гомдол нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: Насанчимэгийн нэхэмжлэлтэй хэргийг хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтгүйгээр хэргийг хүлээн авсан. Хөөн хэлэлцэх хугацаа нь шүүхийн санаачилгаар хийгдэж байгаа мэт харагддаг. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хүсэлт ирээгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан нь хуульд нийцэхгүй байна. Анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө шинээр гаргаж өгөх нотлох баримт, санал хүсэлт байна уу? гэхэд байхгүй гэж хэлсэн. Шүүх хуралдааны явцад даргалагч шүүгч нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаж байна уу гэх мэтээр санаачилж, хөтөлж асууж энэ асуудал хөндөгдсөн. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт нь хүнд өвчтэй хэвтрийн дэглэм сахиж байсан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, гадагшаа эмчилгээнд явсан зэрэг үйл баримт тогтоогддоггүй. Хэдэн шинжилгээ, томографикт үзүүлсэн баримтыг үндэслэж хөөн хэлэлцэх хугацааг сэргээж байгаа нь үндэслэлгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75.2.1-т зааснаар 2020 оны 08 сард дууссан байсан. Эдгээр үндэслэлээр гомдлыг хүлээн авсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж үзэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр надаас хувийн хэрэгцээнд яаралтай мөнгө хэрэгтэй байна гээд 3500000 төгрөгийг 1 сарын 4 хувийн хүүтэй зээлж мөнгийг бэлнээр авсан. Ингэхдээ мөнгө зээлэх, зээлдүүлэх гэрээ гэсэн зээлийн баримтыг гараар бичиж өгсөн бөгөөд доор нь мөнгө хүлээн авсан гарын үсгээ зурсан. Зээлсэн мөнгөө ойрын хугацаанд төлнө гэсэн боловч 2017 оны 7, 8, 9 дүгээр сарын хүү нийт 420000 төгрөгийг надад төлөөд 10 дугаар сараас зээлийн хүү, үндсэн зээлээ огт төлөөгүй сураггүй алга болсон. С.Насанчимэг нь 2018-2020 оны хугацаанд биеийн эрүүл мэндийн байдал тааруу эмчлүүлж байсан, хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү. Хариуцагчаас үндсэн зээл 3500000 төгрөг, хүүгийн төлбөрт 7560000 төгрөг, нийт 11060000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлажээ.
Хариуцагч “...зээл авсанд болон зээлийн гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, гагцхүү шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 11060000 төгрөг гаргуулах шаардлагаас 3500000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг зээлдэгч Ц.Батцоожид шилжүүлэн өгснөөр зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг зөв дүгнэсэн.
Гэрээний талууд зээлийн гэрээгээр зээлсэн 3500000 төгрөгт сарын 4 хувийн хүү авахаар тохиролцсон хэдий ч үүрэг гүйцэтгэх хугацаа тохироогүй, зээлдэгч 3 сарын хүү болох 420000 төгрөгийг зээлдүүлэгчид төлсөн үйл баримтад зохигч маргаагүй байна.
Хариуцагч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил” байхаар заасны дагуу 2017 оны 08 дугаар сараас нэхэмжлэгчид гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардах эрх үүсэх бөгөөд уг хугацаа нь 2020 оны 8 дугаар сард дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.
Нэхэмжлэгч С.Насанчимэг одоо 56 настай, биеийн эрүүл мэнд сайнгүй, хариуцагч Ц.Батцоож зээлийн гэрээ байгуулан мөнгө авч 3 сар хүү төлснөөс хойш утсаа авахаа байсан, эргэж холбогдохгүй алга болсон талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд тайлбарласан байна.
Нэхэмжлэгч С.Насанчимэг 2018-2021 оны хооронд зээлсэн мөнгөнийхөө араас хөөцөлдөж чадахааргүй өвчтэй байсан гэх тайлбарын үндэслэл болгож холбогдох нотлох баримтуудыг хавтаст хэрэгт өгсөн байна. Тухайлбал: бамбайн булчирхайн илүүдэл оноштой эмчилгээ хийлгэж байсан нь 2018 оны 9 дүгээр сард Грандмед эмнэлэгт хийлгүүлсэн нурууны томографын шинжилгээний хариу, 2019 оны 9 дүгээр сард Грандмед эмнэлэгт хийлгүүлсэн нурууны томографын шинжилгээний хариу, 2020.02.13-ны өдрийн “Esen-lngram” эмнэлэгт хийлгүүлсэн бамбайн булчирхайн илүүдэл гэх оноштой шинжилгээний хариу, 2018.09.19-ний өдрийн Гялс анагаах ухааны төвийн биохимийн шинжилгээний хариу, 2018-2021 оны хоорондох эмчилгээний баримтууд, 2021.03.05-ны өдрийн, 2021.01.29-ний өдрийн “СОЕ” лабораторийн бамбайн дааврын шинжилгээний хариу, 2020.03, 2020.12 дугаар сарын “СОЕ” лабораторийн бамбайн дааврын шинжилгээний хариу, С.Насанчимэгийн амбулаториор эмчлүүлэгчдийн карт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.
Шүүх дээрх баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн шийдвэрлэснийг Монгол улсын Иргэний хуулийн 1 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэн зөв шийдвэрлэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ", мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т “Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна” гэж тус тус заасныг баримтлан 3500000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.
Нэхэмжлэгч үндсэн зээл 3500000 төгрөг, хүү 7560000 төгрөг нийт 11060000 төгрөг нэхэмжилсэн, шүүх зээлдэгчийн үүрэг гүйцэтгэхийг шаардсан хугацаа /2019 оны 8 дугаар сар/-аар дууссан, ингэснээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ мөн дууссан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 75600000 төгрөгийн хүүгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 139/ШШ2022/00294 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Ц.ОТГОНЦЭЦЭГ