Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 209/МА2022/00079

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2021/001412/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Я.Туул,  Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 997 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага:

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

“Хүү ******* боловсрол, эрүүл мэнд, бусад хэрэгцээнд гарсан зардал, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүү ******* ногдох хэсэг, нийт 10,652,994 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Иргэний хэргийг хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Э.Одончимэг нарын гаргасан давж заалдах  гомдлыг үндэслэн, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Э.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

*******тай 2012 онд танилцаж, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Хамтын амьдралын хугацаанд 2013 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүү Г.Содбилэг төрсөн.

Амьдрах хугацаандаа таарамжгүйн улмаас  олон дахин тусдаа амьдарч ирсэн бөгөөд 2020 оны 02 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж,  хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээж, тэтгэлэг тогтооход татгалзах зүйлгүй гэжээ.

  1. Хариуцагчийн  тайлбарын агуулга :

 2012 онд танилцаж, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Хамтын амьдралын хугацаанд 2013 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүү Г.Содбилэг төрсөн. Цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрнө, хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгоно хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг  татгалзаагүй, зөвшөөрсөн. 

  1. Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа:

Хүү  Г.Содбилэг нь 4 сартайгаасаа сүүний харшилтай болж байнгын эмчийн хяналтад байдаг. Сүүний харшил нь ховор харшил бөгөөд бусад зүйлсээс ч мөн харших гээд байдаг. Байнгын эмчилгээ хийлгэж нэмэлт витамин хэрэглэдэг. Мөн вок, саван, аяга таваг угаагчаас эхлээд бүх зүйлд нь харшил өгөхгүй тусгай эко бүтээгдэхүүн хэрэглэдэг учраас *******гаас нэмэлт тэтгэлэг тогтоолгож, эмчилгээ, сургалтын төлбөрт гарсан зардлыг төлүүлнэ. Үүнд:   

1. хүү ******* сургалтын төлбөр болон эрүүл мэнд, бусад хэрэгцээнд 2020, 2021 онд гарсан зардалд 3,452,994 төгрөг, 

2. гэр бүлийн дундын эд хөрөнгөд хамаарах ******* улсын дугаартай хөх өнгийн Toyota camry  маркийн автомашины үнээс өөрт болон хүүхдэдээ ногдох 7,200,000 төгрөг, нийт 10,652,994 төгрөг гаргуулах,

3. хүүхдийн харшлын эмчилгээ, сургалтын төлбөртэй холбоотой сар бүр нэмэлт тэтгэлэг тогтоолгоно гэжээ.

  1. Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин хуульд заасан хувь хэмжээгээр тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******, ******* нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Гандаваагийн Содбилэгийг эх *******гийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар Г.Содбилэгийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг *******гаар тэжээн тэтгүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хариуцагчийн нэмэлт зардал 3,452,994 төгрөг, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс хүү болон өөрт ногдох хэсэг 2,833,333 төгрөг гаргуулах, цаашид хүүгийн харшлын эмчилгээ, сургалтын төлбөртэй холбоотой сар бүр нэмэлт тэтгэлэг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг *******, эх ******* нарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,598 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,

хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 37,913.2 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

6. Хариуцагч *******, түүний өмгөөлөгч Э.Одончимэг нар давж заалдах гомдолдоо:  

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.1 Анхан шатны шүүх нэмэлт тэтгэлэгт яг хэдэн төгрөгийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн.

6. 2  харшлын эмчилгээ тогтмол хийлгэдэг байна гэж дүгнэсэн атлаа эмчилгээний зардал хэд болох талаар огт дүгнэлт өгөөгүй,

            6.3 Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас дансны хуулгууд гаргаж өгснийг хариуцагчид танилцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан.

            6.4 Шүүхэд гаргаж өгсөн 2020, 2021 онд авсан витамин болон харшлын эсрэг бүтээгдэхүүний баримтуудыг дутуу үнэлж тооцоо гаргасан.

6.5 ******* 2, 3 дугаар ангийн сургалтын төлбөр нийт 5,380,000 төгрөгийн 50 хувийг *******гаас гаргуулах байсан.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хариуцагч *******, өмгөөлөгч Э.Одончимэг нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

 2. Гомдлын зарим хэсэг болох ... хүү ******* 2,3 дугаар ангийн сургалтын төлбөр нийт 5,380,000 төгрөгийн 50 хувийг *******гаас гаргуулах ... гэх хэсгийг хангах үндэслэлтэй, мөн анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

            3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын  тайлбар зэргийг үнэлсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг хангаагүй, мөн шийдвэрийн  6  дахь заалтад холбогдох хуулийн зохицуулалтыг зөв хэрэглээгүй зэргээс  шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны  бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.     

Хэргээс судлан үзвэл:

4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д  холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоход татгалзахгүй тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* нь зөвшөөрсөн тайлбар гаргаж, энэ нэхэмжлэлийн шаардлагын хувьд талууд маргаагүй байна.

5. Харин хариуцагч ******* нь  а/ хүү ******* сургалтын төлбөр болон эрүүл мэнд, бусад хэрэгцээнд 2020, 2021 онд гарсан зардалд 3,452,994 төгрөг,  б/ гэр бүлийн дундын эд хөрөнгөд хамаарах ******* улсын дугаартай хөх өнгийн Toyota camry  маркийн автомашины үнээс өөрт болон хүүхдэдээ ногдох 7,200,000 төгрөг, нийт 10,652,994 төгрөг гаргуулах, в/ хүүхдийн харшлын эмчилгээ, сургалтын төлбөртэй холбоотой сар бүр нэмэлт тэтгэлэг тогтоолгох гэсэн агуулга бүхий сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            6. Нэхэмжлэгч ******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тусдаа амьдарснаас хойш 3,688,000 төгрөг шилжүүлсэн, 1,282,944 төгрөгийг боломжоороо төлнө, автомашин нь гэр бүлийн дундын эд хөрөнгө биш тул уг шаардлагыг зөвшөөрөхгүй, цаашид нэмэлт тэтгэлэг гаргуулах шаардлагын хувьд тодорхойгүй байна гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж маргажээ.

           7. Анхан шатны шүүх нь  хэрэгт авагдсан зохигч нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-5/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-6/, зохигч нар нь 2020 оны 01 сараас тусдаа амьдарч байгаа, хүү Г.Содбилэг нь эх *******гийнхаа  асрамжид өсч, хүмүүжиж байгаа үйл баримт, энэ талаарх талуудын маргаангүй тайлбар зэргийг үндэслэн  нэхэмжлэгч *******, хариуцагч *******  нарын гэрлэлтийг цуцалж, хүү Г.Содбилэгийг эх *******гийнх нь асрамжид үлдээж, 2013 оны 05 сарын 26-ны өдөр төрсөн хүү *******  эцэг *******гаас нь  тэтгэлэг гаргуулахаар  тус тус шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,  14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасанд нийцсэн, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох талаар талууд маргаагүй  байна.

8. Хариуцагч *******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд :

8.1 ... 3,452,994 төгрөг  гаргуулах гэх  шаардлагад хүүхдэд зарцуулсан нэмэлт витамин, гар утас болон хувцасны үнэ, Цайхун сургуулийн сургалтын төлбөр зэрэг багтсан ба үүнд гар утас 420,000 төгрөг, шүдний  эмчилгээ 185,000 төгрөг, Цайхун сургуулийн хоолны мөнгө 401,200 төгрөг, витамин 3,419,788 төгрөг, сургалтын төлбөр 2020-2021 оны 5,380,000 төгрөг болно. Эдгээрийн нийт дүнгээс 1,510,000 төгрөгийг хасаад, 50 хувийг нь гаргуулах гэжээ. /1-р боть шүүх хуралдааны тэмдэглэл 137/

Анхан шатны шүүх, дээрх шаардлагад тусгасан зарим зардал тухайлбал, гар утасны үнэ, хоолны мөнгө гэх мэт нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасанчлан онцгой нөхцөл байдлын улмаас гарах нэмэлт зардалд хамаарахгүй  гэж  дүгнэсэн  нь үндэслэлтэй байна. /1-р боть 247/

Мөн  хэргийн 1-р бот 212, 213, 222 авагдсан Amway-н бүтээгдэхүүн авсан баримт, 211, 213-215, 219  авагдсан  эмийн сангаас авсан эм, тарианы баримт, 225-р талд авагдсан шүдний эмчилгээний төлбөрийн баримт, 220-р  талд авагдсан сургалтын төлбөрт 5,380,000 төгрөг төлөгдсөн тухай Цайхун сургуулийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудыг үнэлж,  уг баримтуудыг үндэслэн нийт зардал 7,045,011.87 төгрөг, үүний  50 хувь 3,522,505.5 төгрөгийг ******* нь төлөх үндэслэлтэй.

Гэвч тэрээр 13 удаагийн шилжүүлгээр нийт 3,680,000 төгрөгийг /хэргийн 107-109, 195-200 дахь тал/ хариуцагч *******гийн дансанд шилжүүлсэн байх тул ******* нь хамтын амьдралтай байх хугацаа болон тусдаа амьдарсан хугацаанд  хүүхдээ тэжээн тэтгэх, онцгой нөхцөл байдал тохиолдсон үед нэмэлт тэтгэлэг  төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэв хэмээн дүгнэсэн байна.

Уг дүгнэлтээр сөрөг нэхэмжлэлийн 3,452,994 төгрөгийн шаардлагыг *******гийн төлсөн гэх 3,680,000 төгрөгт  харилцан тооцсон гэж үзэхээр байна.  

8.2. Дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хувь гаргуулах гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд:  ******* нь  *******  улсын дугаартай хөх өнгийн Toyota Camry маркийн автомашиныг дундын өмчид тооцон хүү болон өөрт  ногдох 7,200,000 төгрөг гаргуулах гэх шаардлагыг  шинжээчийн дүгнэлтээр 8,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн тул хүү ******* ногдох 2,833,333 төгрөгийг гаргуулах  гэж  багасгажээ. Өөрөөр хэлбэл, анх нэхэмжилсэн нийт дүн 10,652,994 төгрөгийн шаардлагыг 4,366,667 төгрөгөөр багасгасан байна. /10,652,994 төг – 4,366,667 төг = 6,286,327 төг- 3,452,994 төг = 2,833,333 төг/

Шүүх, хэргийн 41-46, 89-91, 112-115-р талд авагдсан бичгийн баримтууд болон зохигч нарын тайлбар зэргийг үндэслэн маргааны зүйл болох Toyota Camry маркийн автомашин нь гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй гэж  дүгнэн, уг 2,833,3333 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

8.3. Хариуцагч ******* нь ...харшлын эмчилгээ, сургалтын төлбөртэй холбоотой сар бүр хүүхдэдээ нэмэлт тэтгэлэг тогтоолгох  гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын  үндэслэлээ  хүү Г.Содбилэг нь сүү, сүүн бүтээгдэхүүний харшилтай, төрсөн цагаасаа харшлын эмчилгээ хийлгэж, нэмэлт бүтээгдэхүүн буюу дархлаа сайжруулах витамин хэрэглэдэг ...гэж  тайлбарлаж, гарсан эмчилгээний зардлаар тооцоход сард 340,000 төгрөг, үүний 50 хувиар нэмэлт тэтгэлэг  тогтоолгох гэжээ.

Шүүх, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар тэжээн тэтгүүлэгчид “онцгой нөхцөл байдал” тохиолдсон үед гарсан зардлыг бодит баримтад тулгуурлан гаргасан  асуудлыг шийдвэрлэх учиртай гэж дүгнэн, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

9. Эдгээрээс дүгнэхэд : Анхан шатны шүүх нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 126 дугаар зүйлийн 126.1, 127 дугаар зүйлийн 127.1, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, мөн  уг хуулиудад заасан үндэслэл тогтоогдоогүй байх тул  хариуцагч *******гийн  дундын эд хөрөнгөөс хүү болон өөрт ногдох хэсэг 2,833,333 төгрөг  гаргуулах, цаашид харшлын эмчилгээ, сургалтын төлбөр зэрэгт сар бүр нэмэлт тэтгэлэг тогтоолгох гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй, энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

10. Харин хариуцагч *******, түүний өмгөөлөгч Э.Одончимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоос үзвэл ...******* 2,3 дугаар ангийн сургалтын төлбөр нийт 5,380,000 төгрөгийн 50 хувийг эцэг *******гаас нь гаргуулах үндэслэлтэй байсан, ... гэж тусгасан байх ба гомдлын энэ хэсгийг хүлээн авах үндэслэлтэй гэж давж  заалдах шатны шүүх үзсэн болно. 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн сөрөг нэхэмжлэлийн 3,452,994 төгрөгийн шаардлагыг, нэхэмжлэгч *******гийн төлсөн гэх 3,680,000 төгрөгт харилцан тооцсон нь үндэслэлгүй байна.

Учир нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон талуудын тайлбар зэргээс  судлахад : сургалтын төлбөр 5,500,000 төгрөг, үдийн хоолны төлбөр 401,200 төгрөг, шүд эмчилгээ 185,000 төгрөг, гар утасны үнэ 420,000 төгрөг витамин,харшлын эм, тариа 3,419,788 төгрөг, нийт 9,925,988 төгрөг, үүний 50 хувь 4,962,994 төгрөг, үүнээс *******гийн төлсөн 1,510,000 төгрөгийг хасаж, үлдэх 3,452,994 төгрөг гаргуулах гэжээ.

Хэргийн 1-р боть 107-109, 195-200-р талд авагдсан дансны хуулгаар ******* нь нийт 5,190,000 төгрөгийг *******гийн данс руу шилжүүлсэн байх ба үүнээс 1,510,000 төгрөгийг хүү ******* нэмэлт зардалд төлсөн гэж уг мөнгөн дүнг ******* нь хасаж тооцсон байдаг /5,190,000-1,510,000/, үлдэгдэл нь 3,680,000 төгрөг болж байна.

******* нь хүү *******хээ 1-р ангийн сургалтын төлбөрт 2,000,000 төгрөг, тусдаа амьдарснаас хойш нэмэлт зардалд зориулж 1,680,000 төгрөг нийт 3,680,000 төгрөг төлсөн байх бөгөөд тэрээр хүү ******* 1-р ангид суралцсан хугацааны сургалтын төлбөрийг  төлсөн гэж  тайлбарладаг, энэ талаар талууд маргаагүй тул ******* нь хүү *******хээ  2, 3 дугаар ангид суралцсан хугацааны төлбөрийг төлөөгүй  байна.

 Энэ нь хариуцагч *******гийн хүү ******* 2, 3 дугаар ангид суралцсан хугацааны төлбөрийг төлөөгүй гэх  тайлбарыг  ******* үгүйсгэж маргаагүй, түүний хүлээн зөвшөөрсөн тайлбараар энэ нөхцөл байдал   тогтоогддог.

Мөн хэргийн 1-р боть 220-р талд авагдсан  2020-2021, 2021-2022 оны буюу нийт хоёр жилийн сургалтын төлбөрт 5,380,000 төгрөг төлөгдсөн тухай Цайхун сургуулийн тодорхойлолтоос үзвэл дээр дурдсан хугацаа нь ******* 2,3 дугаар ангид суралцсан хугацаа гэж ойлгогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

11. Иймээс анхан шатны шүүх нь энэ талаарх үйл баримт болон талуудын тайлбар зэргийг тодруулаагүй, мөн нэхэмжлэгч буюу сөрөг нэхэмжлэлийн хариуцагч болох *******гийн мөнгөн шилжүүлгийн дүнг сайтар судлаагүй, хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбар зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь  үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, баримтуудыг дутуу үнэлж, тооцооны алдаа гаргасны улмаас  сөрөг нэхэмжлэлийн шаардлагын ... ******* 2,3 дугаар ангид суралцсан хугацааны сургалтын төлбөр гаргуулах хэсгийг орхигдуулсан гэж үзэхээр байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн.

12. Хэргийн 1-р боть 220-р талд авагдсан сургалтын төлбөрт 5,380,000 төгрөг төлөгдсөн тухай Цайхун сургуулийн тодорхойлолтыг үндэслэн  үүний 50 хувь болох 2,690,000 төгрөгийг *******гаас  гаргуулах нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт нийцнэ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсэг болох 3,452,994 төгрөгийн шаардлагаас  2,690,000 төгрөгийг хангаж, үлдэх 762,994 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

          13. Мөн анхан шатны шүүх нь улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв хэрэглээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрийн 6 дахь заалтад хууль хэрэглээний  нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 997 дугаар  шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтын

 “Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хариуцагчийн нэмэлт зардал 3,452,994 төгрөг, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс хүү болон өөрт ногдох хэсэг 2,833,333 төгрөг гаргуулах, цаашид хүүгийн харшлын эмчилгээ, сургалтын төлбөртэй холбоотой сар бүр нэмэлт тэтгэлэг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай”  гэсэн хэсэгт 

“... нэхэмжлэгч *******гаас сургалтын төлбөр 2,690,000 төгрөг гаргуулж хариуцагч *******д олгож,  сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэмэлт зардлын үлдэх 762,994 төгрөг,  гэр бүлийн дундын эд хөрөнгөөс хүү болон өөрт ногдох хэсэг гэх 2,833,333 төгрөг гаргуулах, цаашид хүүгийн харшлын эмчилгээ, сургалтын төлбөртэй холбоотой сар бүр нэмэлт тэтгэлэг тогтоолгох зэрэг  шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай ... ”  гэж,

6 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ... “ гэснийг    

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 63 дугаар зүйлийн 63.1.5 ... “ гэж нэмж, “... 60 дугаар зүйлийн 60.1” гэснийг хасаж, тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.АМАРСАНАА

                                                       ШҮҮГЧИД                                    Я.ТУУЛ

                                                              Х.БАЙГАЛМАА