Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 209/МА2022/00081

 

*******ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00694/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  06 дугаар сарын 30-ны өдрийн 1007 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч*******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай,

Иргэний хэргийг хариуцагч*******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие ******* нь Ц.Сарантуяатай 2006 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулж, 2007 онд охин ******* төрсөн.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 662 дугаартай шийдвэрээр бид гэрлэлтээ цуцлуулсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин С.Хүсэл-Эрдэнийг эцэг *******ын асрамжид үлдээж, эх Ц.Сарантуяагаас охин Хүсэл-Эрдэнэд тэтгэлэг тогтоосон боловч Ц.Сарантуяа нь шүүхийн шийдвэрийг сайн дураар нэг ч удаа биелүүлээгүй.

Охин ******* одоо 15 настай. Гэрлэлт цуцлалтын асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх үед 2 настай байсан.

Охин маань 15 нас хүрсэн учраас аав, ээжийн тусдаа амьдарч байгаа шалтгааныг ойлгодог, мэддэг. Шүүхийн шийдвэрийн дагуу ээж нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байдаг бол үүргийг нь гүйцэтгүүлмээр байна гэж хэлэх болсон. Иймд хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие Ц.Сарантуяа  нь *******тай 2006 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулж, 2007 онд охин ******* төрсөн. Цаашдаа хамтран амьдрах боломжгүй болж, 2009 онд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шийдвэрээр бидний гэрлэлтийг цуцалж, охин С.Хүсэл-Эрдэнийг эцгийнх нь асрамжид үлдээсэн. Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж охиноо өөрийн асрамжид авах гэсэн боловч эцгийнх нь асрамжид хэвээр үлдээж, харин эцэг *******ын эхээс нь хүүхдийн тэтгэлэг авахгүй гэсэн хүсэлтийг хангаж, Ц.Сарантуяа надаас охин С.Хүсэл-Эрдэнийг нь тэтгүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

Миний бие өөр хүнтэй гэрлэж 4 хүүхэдтэй болсон. Нөхрийн бие тааруу, ажил хийдэггүй. 2019 онд төрсөн бага хүү минь элэгний өвчтэй. Нөхөр, хүү 2 маань байнгын эмчилгээ шаардлагатай байдаг. Би 2019 оноос төсвийн ажилтай болсон миний цалин хаанаа ч хүрдэггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ар гэрийн амьдрал хэцүү учир хүүхдэдээ тэтгэлэг төлөх боломжгүй гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин С.Хүсэл-Эрдэнийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эх*******гаас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлж,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

            4.1 Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхээр 2009 онд ээж болох Ц.Сарантуяагаар охин С.Хүсэл-Эрдэнийг тэжээн тэтгүүлэхгүй гэж магадлал гарсныг анхан шатны шүүх харгалзан үзээгүй.

            4.2. Би өөр хүнтэй гэрлэж 4 хүүхэдтэй болсон. Нөхрийн бие тааруу ажил хийдэггүй. 2019 онд төрсөн бага хүү минь элэгний өвчтэй. Нөхөр хүү 2 маань байнгын эмчилгээ шаардлагатай байдаг. Би 2019 оноос төсвийн ажилтай болсон. Манай ам бүл 7, би ганцаараа ажил хийдэг, миний цалин хаанаа ч хүрдэггүй, авсан цалингийнхаа талыг банкны зээлд өгөөд 200,000 төгрөгөөр  гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулдаг.  Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Гэр бүлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх тул хариуцагчийн гаргасан “...нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

1. Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч *******, хариуцагч Ц.Сарантуяа нар нь 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний улсын бүртгэлийн гэрлэсний бүртгэлд бүртгүүлжээ.

Тэдний дундаас 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдөр охин ******* төрсөн бөгөөд гэрлэгчид нь хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй болсны улмаас Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 662 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан байна. /хавтаст хэргийн 4, 7-8, 32-36/

2. Шүүх зохигчийн гэрлэлтийг цуцлахдаа 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин С.Хүсэл-Эрдэнийг эцэг *******ын асрамжид үлдээж, одоог хүртэл эцгийн хамт амьдарч байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.

3. Харин хариуцагч******* нь “...2009 онд ээж болох Ц.Сарантуяагаар охин С.Хүсэл-Эрдэнийг тэжээн тэтгүүлэхгүй гэж магадлал гаргасныг анхан шатны шүүх харгалзан үзээгүй,  би өөр хүнтэй гэрлэж 4 хүүхэдтэй болсон. 

...манай ам бүл 7, би ганцаараа ажил хийдэг миний цалин хаанаа ч хүрдэггүй авсан цалингийнхаа талыг банкны зээлд өгөөд 200,000 төгрөгөөр  гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулдаг.  Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэж маргаж байна.

4. Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 53 дугаартай магадлалаар “...охин С.Хүсэл-Эрдэнийг эцгийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн нь буруу биш. Харин хариуцагч ******* нь хүүхдийн тэтгэлэг эхээс нь авахгүй гэх тайлбар гаргасан.” гэх үндэслэлээр гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн хүүхдийн тэтгэлэг тогтоож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч энэ нь нэхэмжлэгч *******ын хүүхдийн тэтгэлэг тогтоолгох асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.” бөгөөд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэн бүрийн Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүрэг учир эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан, амьдралын нөхцөл тааруу байгаа зэрэг нь тэднийг төрүүлсэн үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Иймд хариуцагч*******гаас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж, 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин С.Хүсэл-Эрдэнийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв байх тул хариуцагчийн гаргасан “...нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг тогтоохдоо шүүх тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтоох ёстой байтал анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад  энэ талаар орхигдуулсан,  тогтоох хэсгийн 2 дахь заалтад улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зүйл, заалтыг оновчтой хэрэглээгүй  зэрэг зөрчил гаргасан байх тул зөвтгөж, дээрх үндэслэлүүдээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх  дүгнэлээ.

 Мөн  хариуцагч******* нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргасан атал анхан шатны шүүх уг хүсэлтийг шийдвэрлэлгүй хэргийг гомдлын хамт давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар хариуцагч*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  06 дугаар сарын 30-ны өдрийн 1007 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр  ...” гэснийг

“...хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр...” гэж нэмж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар...” гэснийг

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар... ” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж  заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар хариуцагч*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                           

 

 

       

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.АМАРСАНАА

                                                                 ШҮҮГЧИД                           Х.БАЙГАЛМАА

                                                            Я.ТУУЛ