Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 195

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг

-улсын яллагчаар М.Гансувд,

-хохирогч Г.Д

-хохирогчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай

-шүүгдэгч Г.Т  нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-н Т т холбогдох эрүүгийн 1834002970183 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуут хуримт 2 дугаар баг, Дэнжийн 3-08 тоотод оршин суух хаягтай, урьд Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан Б овогт Г-н Т , /РД:НЛ87072679/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Т  нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуут хуримт 2 дугаар багийн нутагт өөрийнхөө эзэмшлийн хашаанд 2018 оны 05 дугаар сарын 07- ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Д ийг хавсарч унаган, хөл дээр нь дэвсэн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт:

  1. Шүүгдэгч Г.Т  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гэртээ зурагт үзээд хэвтэж байхад гадаа Д  ирээд овчарк нохой минь гараад ир гээд хашхираад байсан. Хадам ээж хойд байшинд юм угааж байсан. Хадам ээж гарч ирээд байхгүй яв гэж хэлэхэд хуцаад бай би байгааг нь мэдэж байна гээд хашхираад байхаар нь би өдөөс нь гарахад намайг бариад авсан. Би хавсраад түлхсэн. Хоёулаа давхралдаад унасан. Том хашааны хаалга руу алхахад Д  дагаж ирээд том хашааны хаалганы хажууд ирж суусан” гэв.
  2. Хохирогч Г.Д  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Т  гэдэг айлын гадаа ирэхэд гэртээ мэдрэлгүй согтуу унтаж байсан. Гэмгүй хүн явж байхад Т  намайг байшинд тавилга зөөлцөөд өгөөч гэсэн.  Би байшинд тавилга зөөлцөх гээд явж байгаад ганц хоёр юм уусан байсан. Би гэрт нь орох гэтэл намайг хавсраад түлхэж унагаагаад хоёр гурван удаа дэвссэн” гэв. 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Гэрч Б.Цэцэгдалайгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...16 цагийн үед Д ийн эхнэр манай гэрт ирээд хүн үзээд өгөөч гэсэн. Тэгээд Т ын хашааны үүдэнд Д  нь орилчихсон хэвтэж байсан. Тэгээд жолоочоо дуудаад эмнэлэг авч явж үзсэн. Үзэхэд хөл шилбэ хэсгээрээ хөхрөөд хавдчихсан байдалтай, яс нь хугарсан байсан. Тэгээд анхан шатны тусламж үзүүлээд хот руу тээвэрлэж ГССҮТөвд хүргэж өгсөн...хөл рүү Т  дэвсчихсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,

  1. Гэрч М.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дэлгэрхаан сумын төвд өөрийнхөө ажил дээрээ байж байтал манай нөхөр Д  16 цаг өнгөрч байхад манай цэцэрлэгийн урд талаар гараад Т ын гудамж руу мотоцикпьтойгоо орж байхыг нь би цэцэрлэгийн цонхоор харсан. Тэгээд ажил дээрээ байж байтал 18 цагийн орчимд манай туслах багш Одгэрэлийн утас руу Т ын эхнэр Дунцагаа залгаад надтай дамжуулж ярьсан тэгэхдээ “чи гялс манайд яваад ирээч Дагваа манай хашааны хаалган дээр хөл хугарчихлаа гээд орилоод хашгираад байна” гэхээр нь би “яасан юм наадах чинь согтуу юм уу орилж л байна биз” гэж хэлсэн юм. Тухайн үед нь хугарсан гэж бодоогүй. Тэгээд 19 цагийн орчимд ажлаа тараад гэр лүүгээ хүүхдүүдтэйгээ харьж явтал Т ын хашааны том хаалганы үүдэнд урагшаагаа хараад хэвтчихсэн над руу гараараа даллахаар нь яваад очтол зүүн талынх нь хөлийнх нь үзүүр гадагшаагаа эргэчихсэн би ингээд хугарчихлаа гэчихсэн хэвтэж байхаар нь хэн хугалчихсан юм бэ гэхэд Т ыг хөл дээр нь дэвсэж хугалчихсан гэж надад хэлсэн тэгэхэд Дашзэвэг гуай гарч ирээд хэн чамайг хугалдаг юм гээд манай нөхрийн бөгс рүү 1 удаа нуруу хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би эмнэлэг орж бага эмч Цэцэгдалай жолооч Барамсай нар ирж Дагдаоржийг авч сумын эмнэлэг дээр авчраад хөл нь хугарсан байна Улаанбаатар хот руу явах шаардлагатай гээд Улаанбаатар хот руу аваад явсан...Пунцагдулам ээж Дашзэвэгтэйгээ гарч ирэхэд нь Д  “Танай хавчарк чинь гарч ирээд миний хөлийг дэвсээд хугалчихлаа” гэхэд Пунцагаа “хохь чинь ш дээ” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,
  2. Гэрч Ж.Дашзэвэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 10 цагийн үед сумын төвд хүргэн Т ын гэрт хувцас угзахаар ирсэн юм. Намайг ирэхэд манай хүргэн Т  байсан. Би арын байшинд угаалгын машин дээр юм угаагаад манай хүргэн Т  болохоор урд гэртээ зурагт үзээд хэвтэж байсан. Тэгээд байж байтал 15 цагийн үед Д  мотоцикльтой согтуу хашааны үүдэнд ирээд Т ын гэрт орно гэхээр нь би эднийд хүн байхгүй байна гэж хэлэхэд хашааны гаднаас нохой чинь гэртээ байгаа муу овчарка гэх зэргээр манай хүргэнийг муу үгээр хэлээд орилоод байсан. Тэгж байгаад мотоцикльтойгоо орж ирээд хашаан дотор давхиад байсан. Би байшин руу орчоод эргээд гараад ирсэн чинь гэрийн үүдэнд Т  болон Д  нар нь давхралдаад ойчсон байдалтай байсан. Тэгээд бм угаасан хувцасаа тохох гээд байшин руу орчоод гараад ирсэн чинь Д  хашааны наана очоод суучихсан хөл хугалчлаа гээд орилоод байж байсан Т  гэртээ орчихсон байсан…нэг хүн ирээд орилоод байна эхнэрт нь хэл гэж яриулаад Д ийн эхнэр нь ирээд эмч дуудаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,
  3. Гэрч Э.Пунцагдуламын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...17 цаг 30 минутын орчимд гэртээ ирэхэд манай хашааны үүдэнд Д  нь хоёр хөлөө жийчихсэн сууж байхаар нь яасан юм бэ юу болов гэж асуухад өөдөөс юу яриад байгаа нь ч мэдэгдэхгүй "би чамд үзүүлэхгүй албагүй чи цаашаа зайл миний хөлийг хугалчихлаа” гэж хэлэхээр нь гэртээ ороход манай нөхөр Т  гэртээ хэвтэж байхаар нь яасан юу болсон юм бэ Д  манай хашааны үүдэнд яагаад орилоод байгаа юм гэхэд түрүүнээс хойш ингээд хашгираад байгаа юм гэхээр нь Д ын эхнэртэй нь яриад танай нөхөр манай хашааны үүдэнд хөл хугарчихлаа гээд хашгираад суугаад байна үзэх гэхээр хөлөө үзүүлэхгүй байна яваад ир гэхэд "яадгийн тэгээд байж л байг гээд тоохгүй байсан” тэгээд байж байтал эхнэр нь манайд ирсэн тэгэхэд Д  эхнэртэй ч үзүүлэхгүй надад ч үзүүлэхгүй эхнэрлүүгээ ч тэр надруу ч тэр шороо цацаад бид хэдийг хөөцгөөсөн. Тэгтэл эхнэр нь яваад эмнэлэг дуудаж ирээд Д ыг эмнэлэгийн машин ирэд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
  4. Гэрч Г.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би цэргээс халагдаад суманд ирээд ах намайг ирж авсан юм. Тэгээд ачаагаа Т  ахынд үлдээчээд бензин авчаад эргээд ачаагаа авах гээд иртэл Д  ирчихсэн согтуу хашаан дотор нь пизда ална гээд орилоод байсан. Тэгтэл Т  ах гарч ирээд Д ийг түлхээд дээр нь унах шиг л болсон…” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/
  5. Гэрч Г.Гэлэгбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би тэр өдөр хөдөө гэртээ байж байтал манай төрсөн дүү Батбаатар цэргээс халагдаж ирлээ одоо сумын төв дээр байна та ирээд намайг аваадах гэхээр нь би мотоцикльтойгоо дүүгээ авахаар сумын төв орж дүү Батбаатарыг авчихаад клонк орж бинзен авах гэхэд клонкийн хүн байхгүй болохоор нь дэлгүүр орох санаатай явж байтал дүүгийн хоёр цүнхтэй хувцас ачаа болоод байхаар нь клонкийн хажууд Т ын гэр нь ойрхон хашааных нь том хаалга онгорхой байхаар нь цүнхтэй юм аа том хаалганы хажууд тавьж Т ын гэрт орж танай хашаанд түр зуур цүнхтэй юм аа үлдээчихье гэж хэлчихээд дэлгүүр орохоор явсан. Тэгээд дэлгүүр орчихоод буцаад Т ын хашаанд тавьсан цүнхтэй хувцасаа авахаар ирэхэд Т ын гэрийн үүдэнд Д , Т  хоёр зууралцдчихсан зогсож байгаад хамт оочиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/
  6. Хохирогч Б.Д ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018.05.07-нд...Өглөө 09 цагийн үед манай гэрийн үүдэнд Т  машинтайгаа ирээд өнөөдөр байшиндаа орох гэсэн юм гээд явсан. Тэгээд сумын төвд явж байтал хөдөөнөөс Эрдэнэдалайгаас адуу хайж явна гээд 2 залу явж байсан тэд нартай танилцаад 2 шил архи, 1 том пиво уучихаад Т ын гэрт очсон. Гадаа нь очоод орох гэтэл Т ын хадам ээж гараад ирсэн. Тэгээд би танай хүргэн б айна уу гэхэд байхгүй гээд байж байтал Т  гарч ирээд намайг ганцхан хавсарч унагаагаад хөлийг чинь хуга дэвсэнэ гээд хөл дээр хоёр удаа дэвсчээд гэртээ орчихсон. Тэгээд би хашааны том хаалганы тэр хавьд хэвтэж байтал Т ын эхнэр нь ирсэн. Тэгээд ийм юм боллоо гэж хэлтэл хохь чинь гээд орчихсон. Тэгээд манай эхнэр ирээд түргэн дуудаад явсан. Тэгээд эмнэлэгт ирээд үзүүлээд гэмтэл хүргүүлсэн...Би Т тай маргасан зүйл байхгүй, хадам ээжтэй нь маргаж байтал Т  гарч ирээд үгийн зөрөө байхгүй хавсарч унагаад хөл дээр дэвсчихсэн...Гомдолтой байна...”, “...Би 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад өөрийнхөө мотоцикльтой ганцаараа Т ын гэрт очсон орох гэтэл Т ын хадам ээж Дашзэвэг гуай өөдөөс гарч ирэхэд нь би “танай овчарк чинь байна уу” гэж асуухад Дашзэвэг гуай “байхгүй” гэхээр нь би байгаа ш дээ гээд орох гэтэл Дашзэвэг гуай намайг оруулахгүй болохоор нь “би анай овчаркаар яав л гэж дээ би оръё л доо” гэж хэлээд бид хоёр маргалдаад байж байтал гэр дотроос Т  гарч ирээд намайг үгийн зөрүүгүй хавсарч унагаагаад намайг оочтол “пиздаг хөлийг нь хуга дэвсчихье” гээд л хоёр удаа миний зүүн талын хөл дээр дэвсчихээд Т  гэр лүүгээ орчихоод гэрийнхээ хаалганы хатавчаар харчихаад гарч ирэхгүй байсан тэгэхээр нь “өмхий хүн хүчинддэг хүчингийнхэн нь минь та нар хүний хөл хугалчихаад гарч ирээч” гэж хэлтэл хэн ч гарч ирээгүй хөл хугарсанаас хойш 2 цаг орчим хугацааны дараа манай эхнэр Энхтайван ирээд сумын эмнэлэг дуудаж сумын бага эмч Цэцэгдалай жолооч Барамсай нар ирж намайг авч явсан...Би тэдний хашаан дотор мотоциклио оруулаагүй хашааных нь үүдэнд данхраадаж зогсоод хашаан дотор нь явган орсон юм...Т  намайг хавсарч унагаагаад надтай давхралдаж унаагүй...Намайг газар унахад Т  баруун болон зүүн хөлөөрөө нэг нэг удаа миний зүүн хөлний шилбэ хэсэг рүү нийт 2 удаа хүчтэй дэвссэн. Би Т ыг яг ямар гутал өмссөн байсныг одоо сайн санахгүй байна...Би Т т өшиглүүлсэн даруйдаа хөлөө хугарсаныг мэдсэн. Тухайн үед миний зүүн хөлийн тавхай гадагшаагаа эргэчихсэн байсан. Өшиглүүлснээсээ хойш хөл дээрээ ганц ч удаа гишгээгүй...Тухайн үед би тэгж их согтоогүй өөрийн ухаантай байсан. Т ын хашаан дотор болсон зүйлүүдийг мэдэж байгаа... 1.06.400 төгрөг орчим зардал гарсан...Би Т т гомдолтой байна...”,

“...2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 16 цаг өнгөрч байх үед сумын төв дээр отроор яваа үл таних хоёр залуутай уулзаад тэр хоёртой нэг шил архи, нэг том пиво уусан, ингээд тэр хоёроосоо салаад явж байгаад Т ын гэрийн гадаа ирээд тэдний рүү орох гээд явахад өөдөөс хадам ээж нь гарч ирээд тэгэхээр нь би түүнээс “Танай хүргэн байна уу” гэж асуусан чинь Т ын хадам ээж “Байхгүй” гэж хэлсэн, ингээд хашаан дотор нь зогсож байхад гэрээс Т  гарч ирэнгүүтээ үгийн зөрүүгүй хавсарч унагаад Т  нь “Хөлийг чинь хуга дэвсэнэ” гээд миний зүүн хөл дээр хоёр удаа дэвслээд, юу ч хэлээгүй гэр рүүгээ яваад орчихсон...Би өнөөдрийн байдлаар Т аас эмчилгээний зардалд гаргасан нэг сая төгрөгийг авсан, би цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул Т аас таван сая төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-19 тал/,

  1. Шинжээч Э.Эрхэмбаярын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гаргасан 270 дугаартай: “...1.Б.Д ийн биед зүүн шилбэний хугарал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх 2018.05.07-нд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 36 тал/
  2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 тал/,
  3. Хохирогч Б.Д ийн хохирлын баримтууд /хх-ийн 10-12 тал/
  4. Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 13 тал/,
  5. Шүүгдэгч Г.Т ын урьд нь ял шийтгүүлж байсан гэх шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийын 53-62 тал
  6. Хохирогч Б.Д ийн өвчтөний түүх, хохирлын баримтууд /хх-ийн 89-102 тал/

 

       Шүүгдэгч Г.Т ын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

            Гурав: Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Г.Т  нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуут хуримт 2 дугаар багийн нутагт өөрийнхөө эзэмшлийн хашаанд 2018 оны 05 дугаар сарын 07- ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Д ийг хавсарч унаган, хөл дээр нь дэвсэн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 тал/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 13 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтан шатанд мэдүүлсэн шүүгдэгч Г.Т ын “...2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гэртээ зурагт үзээд хэвтэж байхад гадаа Д  ирээд овчарк нохой минь гараад ир гээд хашхираад байсан...би өдөөс нь гарахад намайг бариад авсан. Би хавсраад түлхсэн. Хоёулаа давхралдаад унасан...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Д ийн “...Би гэрт нь орох гэтэл намайг хавсраад түлхэж унагаагаад хоёр гурван удаа дэвссэн...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Цэцэгдалайгийн: “...Д ийг үзэхэд хөл шилбэ хэсгээрээ хөхрөөд хавдчихсан байдалтай, яс нь хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/, гэрч М.Энхтайваны: “...Т ын хашааны том хаалганы үүдэнд урагшаагаа хараад хэвтчихсэн над руу гараараа даллахаар нь яваад очтол зүүн талынх нь хөлийнх нь үзүүр гадагшаагаа эргэчихсэн хэвтэж байхаар нь хэн хугалчихсан юм бэ гэхэд Т ыг хөл дээр нь дэвсэж хугалчихсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/, гэрч Ж.Дашзэвэгийн: “...15 цагийн үед Д  мотоцикльтой согтуу хашааны үүдэнд ирээд Т ын гэрт орно гэхээр нь би эднийд хүн байхгүй байна гэж хэлэхэд хашааны гаднаас нохой чинь гэртээ байгаа муу овчарка гэх зэргээр манай хүргэнийг муу үгээр хэлээд орилоод байсан. Тэгж байгаад мотоцикльтойгоо орж ирээд хашаан дотор давхиад байсан…Д  хашааны наана очоод суучихсан хөл хугалчлаа гээд орилоод байж байсан Т  гэртээ орчихсон байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/, гэрч Э.Пунцагдуламын: “...17 цаг 30 минутын орчимд гэртээ ирэхэд манай хашааны үүдэнд Д  нь хоёр хөлөө жийчихсэн сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/, гэрч Г.Батбаатарын: “...Д  ирчихсэн согтуу хашаан дотор нь пизда ална гээд орилоод байсан. Тэгтэл Т  ах гарч ирээд Д ийг түлхээд дээр нь унах шиг л болсон…” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/, гэрч Г.Гэлэгбаатарын: “...Т ын гэрийн үүдэнд Д , Т  хоёр зууралцдчихсан зогсож байгаад хамт оочиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/, шинжээчийн  № 270 дугаартай дүгнэлт /хх-ийн 36 тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 тал/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 13 тал/, хохирогч Б.Д ийн өвчтөний түүх зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Т ыг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Г.Т ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

Хохирогч Б.Д  нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд эрүүл мэндийн хохиролд 3.670.200 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Үүнээс шүүгдэгч Г.Т  нь мөрөн байцаалтын шатанд 1000.000 төгрөгийн хохирлыг төлсөн байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангаагүй эмчилгээний зардал болох 867.200 төгрөгийг, өмгөөлөгчийн зардал 1.200.000 төгрөгийн нэхэмжлэлиийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Д  нь эмчилгээний зардал болох 867.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээ зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамааруулсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасан байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасан байх бөгөөд Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж зааснаар хохирогч Б.Д ийн өмгөөлөгчийн зардал болох 1.200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн.

Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүх шүүгдэгч Г.Т ыг Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуут хуримт 2 дугаар багийн нутагт өөрийнхөө эзэмшлийн хашаанд 2018 оны 05 дугаар сарын 07- ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Д ийг хавсарч унаган, хөл дээр нь дэвсэн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэх үндэслэлээр гэм буруутайд тооцсон. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнд хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Г.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагч Г.Т т 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай нь шүүгдэгч Г.Т  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасны дагуу хохирогчийн зүй бус харилцааны улмаас гэмт хэрэгт үйлдэгдсэн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэдгийг тогтоосон. Улсын яллагчийн гаргасан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх саналыг тус тус харгалзан,

                Шүүх шүүгдэгч Г.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирол төлбөрөө төлсөн байдал, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн болно.     

 

            Тав: Бусад асуудлаар:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Г-н Т ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Г-н  Т ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Т т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овогт Г-н Т т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 01 /нэг/ хоногоор тоожоц, хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч Г.Т  нь хохирогч Б.Д ид хохирлын 1.000.000 /нэг сая/ төгрөг төлснийг дурдаж, хохирогч Б.Д ийн эмчилгээний нэхэмжлэлийн шаардлагаас 1.200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтын шаардлага хангаагүй эмчилгээний зардал болох 867.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээ зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг                       дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч  Г.Т т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй