Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 209/МА2022/00083

 

*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00980/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  06 дугаар сарын 30-ны өдрийн 1003 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-нд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 177 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2022 оны 3 болон 4 дүгээр сарын цалин 2,495,003.1 төгрөг гаргуулах, Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 31,862,591.52 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Ц.Хангай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Одончимэг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Одончимэг, хариуцагчийн өмгөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

... “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 177 дугаартай ажилд эргүүлэн тогтоолгох тушаалыг хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан. Энэ нь өмнөх шүүхийн шийдвэрээр намайг ажлаас халсан тушаалыг хүчингүйд тооцсон байхад ажилд томилох тушаал гаргах нь хууль зөрчсөн тушаал гарсан гэж үзэж байна.

Надад 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар бүх цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын төлж, нөхөн бичилтийг хийсэн. Одоо нэхэмжилж байгаа 2022 оны 3 дугаар сарын цалин 1,940,557.98 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх цалин 554,445.12 төгрөг, нийт 2,495,003.1 төгрөг гаргуулах, тухайн цалиндаа нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх, Ажилтанд бүтэц орон тооны өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөхдөө 45 хоногийн өмнө мэдэгдэх байтал уг мэдэгдлийг надад өгөөгүй.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 31,862,591.52 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг мөн гаргасан. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон гэж 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 14,710,800 төгрөгийн тэтгэмжийг надад олгосон.

Эрчим хүчний байгууллагын онцлог байдаг. Үүнд нь компани дотроо ажил олгогч болон үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээнд зааснаар 16 буюу түүнээс дээш ажилласан ажилтан бүтэц орон тооны өөрчлөлтөөр 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж заасны дагуу надад олгосон. Миний нэхэмжилж байгаа 31,862,591.52 төгрөг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-д энэ тухай заасан байдаг. Хууль, дүрэм журмын эрэмбэ дарааллыг тусгаж, тухайн ажилтанд аль илүү сайн тусгасан зохицуулалтыг хэрэглэнэ гэж тусгасан.

Тухайн надад олгосон тэтгэмжийг олгосон компани болон үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээг баримтлахгүй, Эрчим хүчний салбарын хамтын тарифын хэлэлцээрийг баримталж олгох байсан. Үүнд 16 жилээс дээш ажилласан бол 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж заасны дагуу нийт 46,573,391 төгрөгөөс надад өгсөн 14,710,800 төгрөгийг хасаад 31,862,591.52 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.

  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

...******* нягтлан бодогч нь өмнө нь тус шүүхэд ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 441 дүгээр шүүхийн шийдвэрээр *******ыг эргүүлэн ажилд томилох шийдвэр гарсан. Үүний дагуу *******ыг ажилд эргүүлэн томилж, 6,406,921.61 төгрөгийн цалин олговрыг олгож, татвар, нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийсэн. Манай компанийн гүйцэтгэх захирал 2021 оны 10 дугаар сард ажилд томилогдож, тухайн үед бүтэц орон тооны өөрчлөлт хийнэ гэдгийг ажилтнуудад мэдэгдэж байсан.

Энэ дагуу нэхэмжлэгч ******* ажлаас чөлөөлөгдсөний дараа тухайн бүтэц орон тоо өөрчлөгдөж, тухайн ажилтны ажлын байр байхгүй болсон. 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 85 тоот тушаалаар компанийн бүтэц орон тоо шинэчлэгдэн баталсан. Санхүүгийн эдийн засгийн үндсэн хөрөнгийн нягтлан бодогч *******ы орон тоо хасагдсан. Үүнийг үндэслэн *******ыг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс чөлөөлсөн. Ингэж чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.4-д зааснаар үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээний 2.3 дах заалтыг үндэслэн бүтэц орон тооны ажлын байр хасагдсан *******д 14,710,800 төгрөгийг Хаан банкны данс руу нь 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн.

Өмнө нь гарсан анхан шатны шүүхийн шийдвэрээр 5,891,095 төгрөгийн цалинг *******ы данс руу мөн шилжүүлсэн. Компанийн бүтэц, орон тоо өөрчлөгдөх тухай албан мэдэгдлийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/1047 тоотоор бүх салбар, нэгж, ажилтнууддаа мэдэгдэхийг дарга нарт мэдэгдсэн. Энэ бүтэц орон тоо хийгдэх үед ******* ажиллаж байсан.

Нэгэнт шүүхийн шийдвэр гарсны дагуу нэхэмжлэгч *******ыг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ажилд эргүүлэн томилсон. Компанийн бүтэц орон тоо өөрчлөгдсөн тул 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч *******ыг ажлаас чөлөөлсөн.

2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдөл өгсөн. Уг өргөдөлд 24 сарын тэтгэмж авах тухай дурдсан байсан. Ингээд 2022 оны 5 дугаар сарын 06-ны 18:00 цагаас өмнө хариуг өгөхийг шаардсан. 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ажилд томилж, 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлсөн тул 1 өдрийн цалин олговор олгоход татгалзах зүйлгүй.

Шүүхийн шийдвэр дээр дундаж цалинг маш тодорхой тусгаж өгсөн. Үүнд сүүлийн 3 сарын дундаж цалинг 8 сард 1,217,037.73 төгрөг, 9 сард 1,503,568.02 төгрөг, 10 сард 2,084,590.43 төгрөг, нийт цалингаас дундаж цалинг тооцож 1,601,730.40 төгрөгөөр тооцсон. 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэр дээр 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цалин болон татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх тухай дурдсаны дагуу цалинг олгож, ажилд нь томилж, чөлөөлсөн. Ингэхээр энэ хооронд 1 хоногийн цалин гарч байгаа тул 1 өдрийн цалин олгоход татгалзах зүйлгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-д Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ. Үүний 2.3.1.энэ хууль, 2.3.2. Монгол Улсын бусад хууль, 2.3.3.захиргааны хэм хэмжээний акт, 2.3.4. салбар, салбар дундын хамтын хэлэлцээр, 2.3.5. хамтын гэрээ, 2.3.6. хөдөлмөрийн гэрээ, 2.3.7. аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэж эрэмбийг тодорхой заасан.

Нэхэмжлэгч ******* ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-д зааснаар тухайн ажилтан 10 болон түүнээс дээш ажилласан бол 4 ба түүнээс сарын цалинг олгоно гэж заасан. Иймээс тус хамтын гэрээний 2.3-д зааснаар 16 ба түүнээс дээш ажилласан ажилтанд 12 сарын дундаж цалинг олгоно гэж заасны дагуу 14,710,800 төгрөгийг *******т олгосон.

Хамтын хэлэлцээр нь Эрчим хүчний салбар үүнийг дагаж мөрдөхөөр хийгддэг. Гэхдээ бүх компаниуд хамтын хэлэлцээрийг бүгдийг нь үг үсэггүй ёсчлон дагаж мөрдөнө гэх зүйл байхгүй. Хамтын хэлэлцээрийн 5.17-д байгаа боловч үүнийг бүх компани дагаж мөрдөнө гэх зүйл байхгүй. Тухайн бизнес төлөвлөгөө, мөнгөтэй холбоотой асуудлаар хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Манай компани өнөөдрийн хамтын гэрээг дагаж мөрдөж байгаа тул үүний дагуу 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгосон. Энэ хамтын хэлэлцээрт байгаа зүйлд хүрэхийн тулд зорилго болгон ажилладаг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 82 дугаар зүйлийн 82.1.4-д тус тус зааснаар “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-аас 26,673,442.60 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 177 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулах, 7,684,152.02 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг баримтлан нэхэмжлэгчид олгох цалин орлогоос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-нд даалгаж,

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 180 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 291,317 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч Ц.Хангай давж заалдах гомдолдоо:

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр давж заалдах шатны гомдлыг гаргаж байна.

Маргааны гол зүйл болох хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг олгохдоо 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд дараах эрэмбээр үйлчилнэ. Үүний 2.3.1-т энэ хууль буюу Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, 2.3.2-т Монгол Улсын бусад хууль; 2.3.3.-т захиргааны хэм хэмжээний акт; 2.3.4-т салбар, салбар дундын хамтын хэлэлцээр; 2.3.5-т хамтын гэрээ; 2.3.6-т хөдөлмөрийн гэрээ; 2.3.7-т аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэж эрэмбийг тодорхой заасан. Тус эрэмбээр Хөдөлмөрийн тухай хуулийн үйлчлэл нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хамтын гэрээнд заасан хувь хэмжээгээр *******д тэтгэмж олгосон боловч Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс Эрчим хүчний салбарын хамтын хэлэлцээрт зааснаар 24 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг бодож олгохоор шийдвэрлэсэн нь хэт нэг талын байр суурь, эрх ашгийг хамгаалсан явдалд гомдолтой байна.

Иймд *******д 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлс болох 2,942,713 төгрөгийг зөвшөөрч, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 23,730,729.60 төгрөгийг гаргуулж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1003 дугаартай шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Одончимэг давж заалдах гомдолдоо:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өгсөн тайлбарт тус компанийн гүйцэтгэх захирал 2021 оны 10 дугаар сард шинээр томилогдсон тухай дурдагджээ. Шинэ гүйцэтгэх захирал томилогдсоноос 1 сарын дараа буюу 2021.11.16-ны өдөр 421 дугаартай тушаал гаргаж ДСЦТС ХК-ийн Санхүү эдийн засгийн хэлтсийн үндсэн хөрөнгийн нягтлан бодогч ажилтай *******ыг ажлаас үндэслэлгүй халсан болох нь тус шүүхийн 2022.03.17-ны өдрийн 441 дугаартай шийдвэрээр тогтоогдсон. Энэ шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинг 2021.11.17-с 2022.02.15-ныг хүртэл сарын 1,601,730.40 төгрөгөөр тооцон олгосон. Энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Эндээс ******* нь 2021.11.15-аас хойш ажиллаагүй болох нь харагддаг. Иймээс дундаж цалин хөлсийг 2021 оны 8, 9, 10 дугаар сарын сарын дундаж цалин хөлсөөр тооцох үндэслэлтэй.

******* нь ажиллаж байх хугацаандаа буюу 2021.08 сард 16 хоног ажиллаж 1.217.033 төгрөг, 2021 оны 09 дүгээр сард 15 хоног ажиллаж 1,503.568 төгрөг, 2021 оны 10 дугаар сард 21 хоног ажиллаж 2,084,590 төгрөг тус тус авч байсан. Энэ баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Сүүлийн 3 сарын дунджаар нийт 52 хоног ажиллахдаа 4,805,191 төгрөгийн цалин авч байсан. Ажиллаж байх хугацаандаа авч байсан сарын дундаж цалин хөлс нь 1,940,557.98 төгрөг болж байна. 

Өмнөх шүүхийн шийдвэрээр 2021 11.17-ноос 2022.02.15-ны өдрийг хүртэл цалин хөлс тооцохдоо сарын 1,601,730.40 төгрөгөөр тооцсон нь 2022.02.15-аас 2022.04.08-ны өдрийг хүртэлх цалин хөлсийг хуульд зааснаар буюу өмнө нь авч байсан цалин хөлсний хэмжээгээр 1,940,557.98 төгрөгөөр тооцоход саад болохгүй гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т "хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг... гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно" гэж заасантай нийцэж байх тул 2022.02.15-аас хойших олговрыг 1,940,557.98 төгрөгөөр тооцож олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон 7,684,152.02 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулахаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгч Ц.Хангай, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Одончимэг нарын гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-нд үндсэн хөрөнгийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад компанийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 421 дугаартай тушаалаар ажлаас халагдаж, улмаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 441 дугаартай шийдвэрээр “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ны санхүү, эдийн засгийн хэлтсийн үндсэн хөрөнгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,406,921.61 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэж байжээ. /хавтаст хэргийн 27-31/

3. Улмаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон учир “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн захирлын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 177 тоот тушаалаар нэхэмжлэгч *******ыг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс компанийн санхүү, эдийн засгийн хэлтсийн үндсэн хөрөнгийн нягтлан бодогчийн албан тушаалд томилж, гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 85 тоот тушаалын дагуу компанийн бүтэц, орон тоог шинэчлэн тогтоохдоо “үндсэн хөрөнгийн нягтлан бодогч” гэх ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр компанийн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 180 тоот тушаалаар *******ыг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хавтаст хэргийн 32, 38 дахь тал/

4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-нд холбогдуулан компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 177 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 180 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, 2022 оны 3, 4 дүгээр сарын цалин нийт 2,495,003.1 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж,

Мөн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 188 тоот тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 31,862,591.52 төгрөг гаргуулахаар тус тус нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 31,862,591.52 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 180 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох гомдлын шаардлагаас татгалзаж байна гэж 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна./хавтаст хэргийн 51, 75-76/

5.Шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааны асуудлыг гомдлоор авч хэлэлцээд 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалинг 1,601,730.40 төгрөгөөр тооцож, 1 сар 18 хоногийн цалинд 2,942,713 төгрөг гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар дээрх цалин орлогоос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тооцож, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-нд даалгаж,

Мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид хариуцагчаас олгосон 14,710,800 төгрөгийг хасаж, 23,730,729.60 төгрөг, нийт 26,673,442.60 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,131,861.92 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч ******* нь “2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалинг 1,601,730.40 төгрөгөөр тооцож олгосон нь буруу” гэж,

Хариуцагчийн төлөөлөгч нь “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тэтгэмжийг хамтын гэрээнд заасны дагуу 12 сарын цалинтай тэмцэх хэмжээгээр тооцож олгох ёстой байхад Эрчим хүчний салбарын хамтын хэлэлцээрт зааснаар 24 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг бодож олгохоор шийдвэрлэсэн нь хэт нэг талын байр суурь, эрх ашгийг хамгаалсан явдалд гомдолтой байна.” гэж тус тус маргаж байна.

6. Анхан шатны шүүх *******ы нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ “...хариуцагч Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК нь хамтын хэлэлцээрийн дагуу хамтын гэрээ байгуулаагүй байх ба хамтын хэлэлцээрт заасан тарифыг мөрдөөгүй байна, Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-д Энэ хуулийн 2.3-т заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ.” гэх дүгнэлт хийж, Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн 5.17-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ы хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тэтгэмжийг 24 сарын хугацаагаар тооцож олгожээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамт /тариф/-ын хэлэлцээр нь хэргийн 85-89 дэх талд авагдсан ба уг хэлэлцээрийн 5.17-д “...16 ба түүнээс дээш жил ажилласан бол 24 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг бодож олгоно.” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч ******* нь “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-нд нийт хэдэн жил ажиллаж байгаа, мөн ажиллаж байхдаа ямар хэмжээний цалин хөлс авч байсан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тэтгэмжийг 24 сарын хугацаагаар тооцож олгосон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн гаргасан алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  06 дугаар сарын 30-ны өдрийн 1003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291320 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                          

                                             

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Л.АМАРСАНАА

                                                          ШҮҮГЧИД                                 Х.БАЙГАЛМАА

                                                           Я.ТУУЛ