| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2018/00070/Э |
| Дугаар | 00078 |
| Огноо | 2018-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 00078
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Хд холбогдох 1832000630075 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1995 оны 06 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй,* тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Боржигон овогт Ганболдын Х РД:/*/
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Г.Х нь Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл 5 баг Булагийн 1-45 тоотод 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэн Г.Гттай маргалдан улмаар баруун гарыг нь мушгин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х мэдүүлэхдээ: .хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа ойлгож байгаа гэв.
Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Гт мэдүүлэхдээ: “...би 2018 оны 03 сарын 26-ны өдөр гэртээ байж байсан чинь Г.Х хөөе Г.Гт яах гээд намайг загнаад байсан юм гэж асуухаар нь чи миний гэрт хүмүүс дагуулж архи дарс уугаад байсан нь үнэн биздээ гэж хэлээд орилсон чинь намайг араас дагаж хэрүүл хийж байсан. Дараа нь Г.Х нь миний найз болох Г.Бдтэй заамдацаад зогсож байсан. Г.Х нь Бдийг ална шүү орилоод байсан. Тэгэхээр нь би очоод салгасан чинь миний баруун гарыг мушгиад миний баруун гарт байсан төмөр лоомыг аваад Бд рүү шидсэн. Тэгэхээр нь Бд бид 2 нийлээд хавирч унагаагаад дээр нь 2 гарыг нь дараад цагдаад дуудлага өгөөд цагдаа удалгүй ирээд Г.Хг дагуулаад явсан....гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/
"...Х намайг цохиж зодоогүй, зүгээр миний баруун гарыг мушгаад гарыг маань гэмтээчихсэн. Тэгээд миний гар хавдаад хөхөрчихсөн...” гэх мэдүүлэг /хх- ийн 19-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Г.Бд мэдүүлэхдээ: “...би 2018.03.26 өдөр Сэлэнгэ Аймаг Мадал сумын Түнхэл 5-р баг Булагийн 1-45 тоотод найз Г.Гтгийн хамт 19 цагийн үед гэрийнх нь гадаа байж байх үед үеэл дүү болох Х нь орж ирээд Г.Гттай маргалдаж хэрүүл өдөөд байгаад байсан. Би тухайн үед та 2-ын асуудалд оролцмооргүй байна гэж хэлэхэд чамайг алчий гэх зэргээр орилоод дайрч давшилаад байж байтал Гт ирээд бид 2-ыг салгаад Хг дагуулаад нойлийн хажуу тал руу явсан. Тухайн үед Х нь Гтгийн баруун гараас мушгиад гэмтээсэн, дараа нь надруу Гтгийн гарт байсан хадаасны лоомыг аваад надруу 10 орчим метрийн зайнаас шидсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/
Шинжээчийн №57 дугаартай дүгнэлтэн дэх “...Г.Гтгийн биед зүүн гарын шуу, алганы ар хэсэгт цус хуралт, баруун гарын тохойн үенд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/
Түнхэл эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-ийн 24-р хуудас/, Мандал сумын Гэмтлийн эмчийн үзлэг /хх-ийн 25-р хуудас/, шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-р хуудас/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 33-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32-р хуудас/, хохирогч Г.Гтгийн ...гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тодорхойлолт /хх-ийн 43-р хуудас/, хэргийг хялбаршуулсан журамаар шийдвэрлэж өгнө үү гэсэн шүүгдэгч, хохирогчийн хүсэлт /хх-ийн 42-43-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:
Шүүгдэгч Г.Х нь Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл 5 баг Булагийн 1-45 тоотод 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрийн үел эгч Г.Гттай маргалдан улмаар түүний баруун гарыг нь мушгин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Г.Гтгийн Г.Гтгийн биед зүүн гарын шуу, алганы ар хэсэгт цус хуралт, баруун гарын тохойн үенд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 500000 төгрөгийг төлсөн, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Г.Хд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Ганболдын Хг хүний эрүүл, мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Ганболдын Хг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Х нь торгууль 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15000 төгрөгтэй тэнцэх хэмжээг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Хг согтууруулах ундаа хэрэглэхийг 02 сарын хугацаанд хязгаарлалт тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Х нь оршин суугаа газраа өөрчлөх удаан хугацаагаар зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар ялтан Г.Х нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Г.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.
8. Г.Хд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ