Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 158/2018/0014/З |
Дугаар | 221/МА2018/0637 |
Огноо | 2018-12-13 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2018/0637
“М.М” ХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч “М.м” ХК-ийн захирал Ж.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагч “Булган аймгийн Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” Үнэлгээний хорооны дарга Ц. нарыг оролцуулан хийж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “М.М” ХК-ийн захирал Ж.Ж гаргасан давж заалдах гомдлоор, “М.м” ХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Засаг дарга, “Булган аймгийн Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэрийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3, 47 дугаар зүйлийн 47.2.1, 55 дугаар зүйлийн 55.1-т заасныг тус тус баримтлан “М.М” ХК-иас Булган аймгийн Засаг дарга, “Булган аймгийн Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах ”М.М” ХК-тай гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “М.М” ХК-ийн захирал Ж.Ж давж заалдах гомдолдоо: “Манай компани нь "Булган аймгийн Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн үнэлгээг эс зөвшөөрч, Сангийн яаманд гомдол гаргасныг, Сангийн яамнаас оролцсон 3 компанийг хянаж үзээд, шалгаруулсан гэх “Ж.О” ХХК нь чадавхын шаардлага хангахгүй гэж үзэж, дахин үнэлгээ хийх шийдвэрийг гаргаж, захиалагчид хүргүүлсэн.
Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан байх боловч үүний дагуу явагдсан 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дахин сонгон шалгаруулалтаар Сангийн яамны албан бичигт дурдаагүй асуудлаар дахин шийдвэр гаргаж, “М.М” ХК-ийн тендерээс татгалзсан байгаа нь үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс маргаж байгаад анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй байна.
Өөрөөр хэлбэл, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн сонгон шалгаруулалтаар манай компанийг бүх шалгуурыг хангасан, гагцхүү үнийн саналаар тэнцээгүй гэж татгалзсан атлаа манай компанийн гаргасан гомдлыг хянаад, Сангийн яамнаас дахин сонгон шалгаруулалтыг явуул гэсний дагуу дахин 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр сонгон шалгаруулалт явуулахдаа “М.М” ХК нь бүх шалгуурыг хангасан, гагцхүү үнийн санал өндөр" гэсэн татгалзсан шийдвэрээсээ огт өөр үндэслэлийг шалгаж, урьд нь манай компанийг хангаж байгаа гэж үзсэн үндэслэлээ үгүйсгэсэн огт өөр шийдвэр гаргаж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байна.
Гэтэл анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийлгүй, бусад асуудлаар дүгнэлт хийж, манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь маргааны гол үндэслэл болсон үйл баримтад огт дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна.
Манай компанийн зүгээс гаргасан тендерийн төсөвт өртгийн ажилд 2.1.1* тусгай зөвшөөрөлд шаардах ажил байхгүй, 2.1.1* тусгай зөвшөөрлийг 2.1.1 -д заасан тусгай зөвшөөрөлтэй адилтгаж үзэж болох талаар” гаргасан тайлбарыг үндэслэлгүй, тендерийн баримт бичгийг боловсруулах эрх үнэлгээний хороонд хуулиар олгогдсон, тавьсан шаардлагыг тендерт оролцогчийн зүгээс “байх шаардлагагүй” гэж дүгнэх үндэслэлгүй гэж хууль болон холбогдох журамд нийцэхгүй, нэхэмжлэгчээс гаргаж байгаа үндэслэлийг гуйвуулан тайлбарлаж, шийдвэрийнхээ үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Учир нь нэхэмжлэгчийн зүгээс Тендерийн үнэлгээний хорооноос тавьсан шаардлагыг байх шаардлагагүй гэж огт мараагүй бөгөөд харин дээрх тусгай зөвшөөрлийн төрлүүд буюу 2.1.1 нь манай компанид Барилга, хот байгуулалтын яамнаас олгосон БУ..... дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд байх бөгөөд үүнийг шүүх анзааралгүй хэргийг шийдсэн нь нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэхээр байна. Мөн 2.1.1* гэх зөвшөөрөл нь 2.1.1-д заасныг задалж буюу нарийвчилж тайлбарласан гэдийг шүүх ойлголгүй шийдсэн байна. Өөрөөр хэлбэл 2.1.1-ийг хангасан ч 2.1.1 *-ийг хангаагүй гэх үндэслэлээр татгалзах үндэслэл болохгүй гэдгийг тайлбарласан байтал энэ үндэслэлийг мушгин гуйвуулж хариуцагч талд давуу байдлыг бий болгосон гэж үзэж байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс гаргасан дээрх тайлбар нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаартай “Аргачлал батлах тухай” тушаалын хавсралтад зааснаар дээрх хоёр тусгай зөвшөөрлийг БА-8.1-тэй адилтгаж буюу дүйцүүлэн үзэхээр баталсныг тайлбарлаж байхад энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр хуульд нийцэхгүй дүгнэлтийг хийсэн.
Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14-т зааснаас үзэхэд Барилга, хот байгуулалтын чиглэлээр авах тусгай зөвшөөрлийн төрөлд байхгүй тусгай зөвшөөрлийг шаардсан байхад үнэлгээний хороо нь ийм шаардлага тавих эрхтэй мэтээр дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн байна. Мөн Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д “техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх" гэж заасан үүргээ биелүүлээгүй байхад анхан шатны шүүх Үнэлгээний хорооны шийдвэр хуулийн дагуу үндэслэлтэй гарсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т “...шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасны дагуу Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Булган аймгийн Бугат сумын дунд сургуулийн ... ажил гүйцэтгэгч сонгон шалгаруулах БСШУСЯ/201801246 дугаар нээлттэй тендер сонгон шалгаруулалт хоёр удаа явагдсан байх бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр зарлагдаж, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр явагдсан сонгон шалгаруулалтад “И.А“ ХХК, “Ж.О” ХХК, “М.М” ХК үнэлгээний хороонд материалаа ирүүлсэн, Үнэлгээний хороо 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж, сонгон шалгаруулалт явуулж “М.М” ХХК-ийг “шаардлага хангаж байгаа” гэж дүгнэсэн[1] байх боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг /хамгийн сайн/ үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасныг үндэслэн “Ж.О” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан байна. Улмаар аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 01/1071 дүгээр албан бичиг[2]-ээр “М.М” ХК-д “... хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэсэн шаардлагыг хангаагүй тул гэрээ байгуулах боломжгүй болсон ...” гэх мэдэгдлийг хүргүүлжээ.
Үнэлгээний хорооны тус шийдвэрийг “М.М” ХК эс зөвшөөрч 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан, Сангийн яам гомдлыг хянаад “тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн ” 2018 оны 09 дүгээр сарын 21 өдрийн 6-1/5842 дугаар албан бичгийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн байх бөгөөд Үнэлгээний хороо 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дахин үнэлгээ хийж, “...ТШӨХ-ийн ТОӨЗ 4.4 В-д “Тендерийн баримт бичиг”-т заасан 2.1.1* барилгын засал чимэглэл, интерьер ажил гэсэн тусгай зөвшөөрлийн заалт байхгүй” гэх үндэслэлээр “М.М” ХК-тай гэрээ байгуулахаас татгалзсан, улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т заасны дагуу шууд гэрээ байгуулах талаар аймгийн Засаг даргад зөвлөмж хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдсон, хэргийн оролцогчид эдгээртэй маргаагүй байна.
Нэхэмжлэгч “М.М” ХК үнэлгээний хорооны дээрх дүгнэлтийг хүчингүй болгуулах, гэрээ байгуулахыг даалгах агуулга бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн гүйцэд тодруулаагүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгана:”, 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 53.3-т “Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нэхэмжлэлд тусгасан байх шаардлагатай, хэрэв тэдгээр нь тодорхой бус бол шүүх тодруулж, тэрхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэр гаргах хуулиар тогтоосон журамтай.
Нэхэмжлэгч “М.М” ХК Булган аймгийн Засаг дарга болон Үнэлгээний хороог хариуцагчаар тодорхойлсон байх боловч Булган аймгийн Засаг даргын ямар шийдвэр үйл ажиллагааг эс зөвшөөрч маргасан нь тодорхой бус байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Булган аймгийн Засаг дарга ... 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 01/1197 тоот ирүүлснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа тул ... “ гэж дурдсан, шүүх тус албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас “2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргаснаар шүүх 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 59 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... сонгон шалгаруулалтын захиалагч болох аймгийн Засаг даргад нэхэмжлэгчтэй шууд гэрээ байгуулахыг даалгах боломжгүй ...” гэж дүгнэснээс үзвэл “шууд гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч “... захиалагч аймгийн Засаг даргад шууд гэрээ байгуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэж тайлбарласан байх бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч тус шүүхийн мэтгэлцээний явцад “... манай компанитай гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад даалгаж, үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах ...” гэж анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрөөр тайлбарласан байна. Гэтэл шүүх тус нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй, холбогдох ажиллагааг хийгээгүй атлаа дээрх байдлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд “... аймгийн Засаг дарга К.К ХХК-тай шууд гэрээ байгуулсан, гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байгаа, өвлийн улирлаас болж түр зогссон байгаа” гэж тайлбарласнаас үзвэл захиалагчид шууд гэрээ байгуулахыг даалгасан Үнэлгээний хорооны зөвлөмж хэрэгжсэн байх магадлалтай байна.
Нэхэмжлэгчийн “... шууд гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэх тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, мөн захиалагч өөр хуулийн этгээдтэй шууд гэрээ байгуулсан эсэхийг тодруулж, байгуулсан бол эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй байх тул тухайн компанийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, тайлбар гаргах, мэтгэлцэх боломжоор хангах, улмаар тус компани нэхэмжлэгч компанид тавигдсан шаардлагыг хангасан эсэхийг тодруулж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “М.М” ХК “... мөн манай БУ........ дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд 2.1.1 гэсэн заалт байгаа...”, “... 2.1.1* гэх заалт нь 2.1.1 гэсэн заалтыг задалж буюу нарийвчилж тайлбарласан ... Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Аргачлал батлах тухай” 33 дугаар тушаалын хавсралтад зааснаар дээрх хоёр тусгай зөвшөөрлийг адилтгаж буюу дүйцүүлэн үзэхээр баталсныг тайлбарлаж байхад энэ талаар дүгнээгүй ...” гэх тайлбар, гомдол үндэслэлтэй байна.
Шүүх Үнэлгээний хорооны нэхэмжлэгч компанийг тендерт шалгаруулахаас татгалзсан гол үндэслэл болох “... 2.1.1* барилгын засал чимэглэл, интерьерийн ажил гэсэн тусгай зөвшөөрөл байхгүй ...” гэх дүгнэлт, нэхэмжлэгчийн тус дүгнэлтийг эс зөвшөөрсөн үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
Шүүх нэхэмжлэгчийн маргасан дээрх үндэслэлтэй холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Аргачлал батлах тухай” 33 дугаар тушаалын хавсралтаар “Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр тушаалаар батлагдсан суурь, нөхцөл, шаардлага “БА-8.1” нь 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 89 дүгээр тушаалаар батлагдсан суурь нөхцөл шаардлага “2.1.1”-тэй дүйцэх талаар баталсан”-ыг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар эрх бүхий мэргэжлийн байгууллагаас тодруулсны үндсэн дээр хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж заажээ.
Хавтаст хэрэгт Үнэлгээний хорооны 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэл[3], (“... ТШӨХ-д 2.1.1 гэсэн тусгай зөвшөөрлийн заалтыг 2.1.1* болгон өөрчилсөн талаар тэмдэглэгдсэн), “...Тендерийн баримт бичиг”[4] зэрэг нотлох баримтууд авагджээ.
Үнэлгээний хороо ТШӨХ-д 2.1.1 гэсэн тусгай зөвшөөрлийн заалтыг 2.1.1* болгон өөрчилсөн талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн эсэхийг тодруулсны үндсэн дээр нэхэмжлэгч захиалагчийн шийдвэр, тендерийн баримт бичиг бэлтгэх үйл ажиллагааны талаар гомдол гаргах боломжтой байсан эсэх талаар дүгнэгдэхээр байх тул энэ талаар тодруулахаас гадна хариуцагчийн “Үнэлгээний хорооны шууд гэрээ байгуулах зөвлөмжийн дагуу захиалагчтай гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаа” гэх тайлбарт дурдагдсан шууд гэрээ байгуулсан гэх хуулийн этгээд Үнэлгээний хорооны нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахаас татгалзсан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг мөн тодруулах нь зүйтэй юм.
Түүнчлэн Үнэлгээний хороо 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дүгээр хуралдаанаар ТШӨХ-д 2.1.1 гэсэн тусгай зөвшөөрлийн заалтыг 2.1.1* болгон өөрчилсний дараа 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар хуралдаанаар сонгон шалгаруулалт явуулахдаа “М.М” ХХК-ийг “шаардлага хангаж байгаа” гэж дүгнэсэн атлаа 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дахин үнэлгээ хийж “... ТШӨХ-ийн ТОӨЗ 4.4 В-д “Тендерийн баримт бичиг”-т заасан 2.1.1* барилгын засал чимэглэл, интерьерийн ажил гэсэн тусгай зөвшөөрөл байхгүй” гэх үндэслэлээр тус компанитай гэрээ байгуулахаас татгалзсантай холбогдуулан хэргийн оролцогчдын маргасан үндэслэлд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Булган аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] ХХ-93
[2] ХХ-3
[3] ХХ- 72