2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 192/шш2026/02977

 

 

 

               

 

 

 

 

 

 

 

                2026          03           17  

                                   

 

 

 

 

 

 

                                             

          192/ШШ2026/02977

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ****-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ****-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *****.

 

Гэрээний үүрэгт 41,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, түүний өмгөөлөгч ****, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ****нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Нэхэмжлэгч **** нь ****-тай 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж хариуцагч компанийн Нийслэлийн авто замын газартай холбоотой маргаан дээр ажилласан. Тухайн хэрэг маргаан нь эцэслэн шийдвэрлэгдэж дуусаад талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн. 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тооцоо нийлсэн актаар тухайн үедээ 212,877,056 төгрөг гэж явж байгаад, үүнээс хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөр хэд хэдэн удаа төлсөн. Нэхэмжлэгчийн өөрийнх нь тооцоолсноор гэрээний үүргийн биелэлтэд 41,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь төлбөрийн үлдэгдлийг гуравдагч этгээдэд төлсөн гэх хэдий ч гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байсан. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хоорондын асуудал бол тусдаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэг бол тусдаа асуудал” гэжээ.

 

2. Хариуцагч талаас хариу тайлбартаа:

“...Бид хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу ****тай гэрээ байгуулсантай маргаагүй. Энэ гэрээг бид нар ганцхан ****тай биш, ер нь бол энэ хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар ч гэсэн байгаа. ****ын ард өмгөөлөгч **** гэдэг хүн байдаг. Тухайн хэрэг арбитрын маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд **** өмгөөлөгч өмгөөлөгчөөр оролцсон нь хэрэгт авагдсан. Бид нар энэ гэрээний үлдэгдэл төлбөр болох төлбөрийг өмгөөлөгч ****т шилжүүлсэн. **** өмгөөлөгч **** хоёрын хооронд төлбөрийн маргаан үүссэн байдаг. Бидний зүгээс хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өмгөөлөгчдөө өгсөндөө зүй ёсны зүйл гэж үзэж байна. Хуулийн дагуу бид ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөрийг төлсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү” гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа:

“...Нэхэмжлэгч нь хариуцагч компанитай гэрээ байгуулсан, давхардуулж гэрээ байгуулах шаардлагагүй гэдэг байр сууринаас удаа дараа ингэж гэрээ байгуулж байсан. Өмгөөлөгч миний бие хариуцагч компанид хууль зүйн туслалцаа үзүүлэх, арбитрын хэрэг маргаанд хууль зүйн туслалцаа үзүүлж өмгөөлөгчөөр оролцох үүргээ биелүүлж тухайн хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлүүлсэн. Хариуцагч компаниас олон жилийн урт хугацаанд хамтран ажиллах хүрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч ****тай гэрээ байгуулдаг байсан. Тийм учраас 2017 оноос хуульч **** болон өмгөөлөгч **** миний хувьд ****-д хууль зүйн туслалцаа үзүүлэх, тухайн үед Иргэний хэргийн шүүхийн хэрэг маргаанд өмгөөлөгчөөр оролцож үйлчилгээ үзүүлж ажилласан байдаг юм. Хууль зүйн хувьд хамтран үүрэг гүйцэтгэгч хэн алинд нь төлбөрийг заасан хэмжээнд төлсөн гэдэг нь тодорхой харагдана. 2024 оныг би 2 сар хүртэл би төлбөр мөнгө нь орж ирээгүй юм уу гэсэн асуудлыг тодруулж **** захиралтай холбогдоход хийгдээгүй байна, төлбөр төлөгдөөгүй гэсэн тайлбарыг хэлдэг байсан. Би арга буюу хариуцагч компани дээр очиж **** захиралтай уулзахад төлбөрийг бид нар ****т төлсөн гэсэн тайлбар тавьсан. Ийм тохиолдолд би гэрээг анхлан хариуцагч компаниас олж үзэхэд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, тооцоо нийлсэн баримтыг би тэгэхэд анх удаа үзсэн. **** надад огт танилцуулаагүй. **** надад 30,000,000 төгрөгийн тооцоо үлдсэн байна гэсэн тайлбар бичсэн. Нэгэнт хэрэг маргаан дээр өмгөөлөгч оролцсон гэдэг дээр ямар нэгэн маргаан байхгүй учраас чамд бид нарт өгөхөд болохгүй зүйл байхгүй гээд тухайн үед албан бичиг бичээд тэрийгээ шилжүүлсэн байдаг юм. Ийм учраас би хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд тухайн ****-ийн ажлыг зохих ёсоор биелүүлсэн тул ****-д одоо төлбөрийн үлдэгдэлгүй гэсэн байр суурьтай байна” гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

4.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж 366,950 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, тооцоо нийлсэн акт, дансны хуулга.

 

4.2. Хариуцагч талаас ирүүлсэн нотлох баримт – Улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, итгэмжлэл, хариу тайлбар, ****аас ****-д хандсан өмгөөллийн үйлчилгээний төлбөрийн талаар гэх албан бичиг, харилцагчийн дэлгэрэнгүй гүйлгээ, өмгөөлөгчийн үнэмлэхийн хуулбар, Арбитрын шийдвэр, тооцоо нийлсэн акт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн акт, ****-иас ****т хандсан гэрээний үүргийн биелэлтийн талаар хариу хүссэн албан бичиг, ****аас ирүүлсэн хариу албан бичиг, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээ, төлбөрийн баримт, дансны хуулга, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ.

 

4.3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс нотлох баримт - Арбитрын шийдвэр, ****ын үлдэгдэл төлбөр төлөх талаар албан бичиг, *****дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр.

 

4.4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт – Гэрчийн мэдүүлэг.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ****аас хариуцагч ****-д холбогдуулан гаргасан 41,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Тооцоо нийлсэн акт үйлдсэн тул гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргуулж өгнө үү, гэрээнд зааснаар гуравдагч этгээдэд төлбөр төлөх үүрэг байхгүй” гэж,

Хариуцагч тал эс зөвшөөрч “...Тухайн хэрэг арбитрын маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд **** өмгөөлөгчөөр оролцсон, гэрээний үүргийн биелүүлсэн тул үлдэгдэл төлбөрийг өмгөөлөгч ****т шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “...Удаа дараагийн хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээнд нэхэмжлэгч төлөөлж гэрээ байгуулсан, би хамтран үүрэг гүйцэтгэгч тул **** үлдэгдэл төлбөрийг надад төлсөн. Тиймээс **** нь ****т төлөх төлбөрийн үлдэгдэл байхгүй” гэж тус тус тайлбарлан маргадаг.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон үйл баримтын талаар:

3.1. Хариуцагч ****-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч ****ын нэхэмжлэлийг шүүх хүлээн авч 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагч тал нэхэмжлэлийг 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хариу тайлбарыг ирүүлсэн,

2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн *****дугаартай захирамжаар ****ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан, нэхэмжлэлийг гардуулсан бөгөөд тэдэнд хуульд заасан хэргийн оролцогчийн эрх үүргийг, хэргийн материалыг танилцуулсан байдаг.

 

Шүүхээс талуудын нотлох баримт гаргаж өгөх, бүрдүүлэх болон гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг хийлгэх, нотлох баримт гаргуулах, өмгөөлөгч авах зэрэг хэргийн оролцогчийн эдлэх эрхийг хязгаарлаагүй болно.

 

3.2. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан, 212,877,056 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл дээр тооцоо нийлсэн акт үйлдсэн талаар, хариуцагч талаас гуравдагч этгээд ****т төлбөрийн үлдэгдэл гэх 30,411,663 төгрөг шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргадаггүй.

 

3.3. Харин хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч 41,800,000 төгрөгийг шаардах эрхтэй эсэх, хариуцагч төлбөрийн үлдэгдэл 30,411,663 төгрөгийг гуравдагч этгээд ****т шилжүүлснээр гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх, нэхэмжлэгч, гуравдагч этгээд хамтран үүрэг гүйцэтгэгч эсэх талаар талууд маргадаг.

 

4. Шаардлага, татгалзал баримтаар нотлогдож байгаа болон хууль хэрэглээ, дүгнэлтийн талаар:

4.1. Нэхэмжлэгч ****, хариуцагч ****-ийн хооронд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд Нийслэлийн автозамын газарт холбогдох маргаан арбитр болон шүүхийн бүх шатанд ****-ийн эрхийг хамгаалж эрх зүйн туслалцааг **** үзүүлж оролцохоор харилцан тохиролцсон байх ба тухайн хэлцэл хүчин төгөлдөр байж гэрээний үүрэг шаардах эрхтэй болно.

 

4.2. Талуудын хооронд байгуулагдсан дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан хөлсөөр ажиллах гэрээнд хамаарах бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх тул тэдний хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэв.

 

4.3. Тодруулбал, тухайн гэрээнд **** нь хэрэг маргаантай холбоотой мэдээ, нотлох баримт, тайлбарыг үнэн зөвөөр гаргаж өгөх, итгэмжлэл гаргаж өгөх, үйлчилгээний хөлс төлөх, **** нь өмгөөлөгчийн эрх, үүргийн хүрээнд гэрээний агуулгад заасан ажил үүргийг гүйцэтгэх, үйлчилгээний хөлсийг шаардахаар тусгасан байна.

 

4.3.1. Гэрээний дээрх заалт болон Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд 41.1, 41.2 “...үгийн шууд утгыг анхаарна, ...ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэсэн зохицуулалт, талуудын тайлбараас үзэхэд ****-ийн зөрчигдсөн эрхийг хамгаалахад эрх зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх, шүүх хуралдаанд оролцох буюу тухайн компанийн өмгөөлүүлэх үндсэн эрхийн хүрээнд хэлцэл байгуулагдсан гэж ойлгоно.

 

4.3.2. Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлчлүүлэгч, эсхүл түүний сонгосон этгээдтэй хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулна” гэж заасан.

Хэлцлийн нэг тал болох **** нь өмгөөлөгч биш эсэх талаар талууд маргаагүй ба тэрээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд атлаа өмгөөлөх, эрх зүйн туслалцаа үзүүлэх ажил үйлчилгээ үзүүлэх хэлцлийг байгуулж хуульд заасан хэлбэрийн хувьд дүр үзүүлжээ.   

 

4.3.3. Дээрх нөхцөл байдал нь хариуцагч болон гуравдагч этгээд нараас гаргасан “...хуульч ****, өмгөөлөгч **** нар баг болж хамтран ажилладаг, гэрээнд заасан үүргийг 2 лаа гүйцэтгэсэн, арбитрын хуралдааны шийдвэр, бусад шийдвэрүүд дээр ч нэрсүүд нь байгаа” гэх агуулга бүхий тайлбар, гэрч **** “...Арбитрын хуралд **** компанийг төлөөлж би болон **** итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр, **** өмгөөлөгчөөр оролцсон, **** хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан, 3 лаа байгаа гэж байсан, өмнө Хас лизингийн хэрэг дээр явж байсан, тэр нь энэ нь явсан гэхгүй, өмгөөллийн багаараа оролцсон” гэх мэдүүлэг, ****дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 06-ны өдрийн ***дугаартай шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 04 сарын 02-ны өдрийн ***дугаартай тогтоол, ***дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 05-ны өдрийн ****дугаартай шийдвэр зэргээр тогтоогдох бөгөөд нэхэмжлэгч тал уг тайлбарыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан тайлбар, татгалзлаа нотлох, холбогдох баримтаа гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.

 

4.3.4. Түүнчлэн Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажиллагч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэх бөгөөд үүргийг бусдад шилжүүлж болохгүй” гэж зааснаас үзэхэд гэрээний нэг тал болох **** нь өмгөөллийн үйл ажиллагааг бусдаар гүйцэтгүүлэх боломжгүй байх бөгөөд хуулиар хориглосон байна.  

 

4.3.4. Дүгнэвэл эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь багаар хамтран ажиллах хүсэл зоригийн хүрээнд хийгдсэн хэдий ч хэлбэрийн хувьд дангаар буюу өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхгүй этгээдээс хэлцэл хийгдэж дүр үзүүлсэн нь хүчин төгөлдөр бус байна.

 

4.4. Тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус ч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлээр талуудын хүсэл зориг биелсэн, эрх зүйн туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгэгдсэн,  хариу төлбөрийг төлсөн, тухайн үйл баримтуудыг хэн аль нь дэмжиж байгаа үндэслэлээр уг хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзлээ.

 

4.5. Хүчин төгөлдөр гэж үзэж байгаа хэлцлийн талуудыг нэг талаас ****, ****, нөгөө талаас **** гэж тодорхойлох бөгөөд эрх зүйн туслалцаа үзүүлэх ажил үйлчилгээг хууль ****, өмгөөлөгч **** нар гүйцэтгэсэн, улмаар ажлын хөлс буюу төлбөрийн үлдэгдэл 41,800,000 төгрөг бус 30,411,663 төгрөгийг **** бүрэн төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, талуудын тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдоно.

 

Тодруулбал, дээрх хөлсөөр ажиллах буюу хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний ажиллагч талууд, тэдний хүлээх үүрэг нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.2-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж заасантай нийцнэ.

Улмаар хамтран үүрэг гүйцэтгэгч өмгөөлөгч ****аас ажил үйлчилгээ үзүүлсний хөлсийг ****-иас шаардсан, уг шаардлагыг үүрэг гүйцэтгүүлэгч биелүүлсэн үйл баримт нь мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.4-т “Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нь ч гэрээгээр тогтоосон буюу түүнд эрх олгосон, эсхүл хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хувьд нийтлэг аливаа хариу шаардлагыг үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхтэй” гэж заасны дагуу байна.   

 

4.6. Нэхэмжлэгч талаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасны дагуу хариуцагч **** төлбөрийг ****т шилжүүлсэн нь үндэслэлгүй, уг төлбөрийг ****т төлөх үүрэгтэй байсан гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч тал хамтран үүрэг гүйцэтгэгчид төлбөрийг шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч талын нэхэмжлэл үндэслэлгүй болно. 

 

5. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзээд нэхэмжлэгч ****аас хариуцагч ****-д холбогдуулан гаргасан 41,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2- дахь хэсэгт зааснаар ****-д холбогдуулан гаргасан 41,800,000 төгрөг гаргуулах тухай ****ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 366,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ