| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2018/0148/э |
| Дугаар | 167 |
| Огноо | 2018-10-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,
Улсын яллагч: Э.Ууганзаяа,
Шүүгдэгч: Ю.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ю-ийн Б-д холбогдох 1835003100178 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 3-р багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ОЗ78042935 дугаарын регистртэй, Б овогт Ю-ийн Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ю.Б нь 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Тариалан сумын “Хархираа” багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Ю.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ю.Б нь 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Тариалан сумын Хархираа багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Тодруулбал, хохирогч Б.Б-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 8 дугаар сарын 29-ний орой хадам дүү болох С-гийн хадлан хадаж байтал тракторын хадуур эвдэрчихээр нь хойд талд өвс преслэж байсан хүмүүсээс Э асуух гэж очиход манай сумын залуу надад байгаа та өглөө ав наашаа суу гэхээр хажууд нь суухад гэхэд манай сумын залуу хажуудаа байсан хүнтэй танилцаач гэхээр нь суугаад танилцахад Наранбулаг сумын харъяат сумын заан Э гэж танилцсан. Тэгээд ууж байсан архинаасаа хийж өгөхөөр уучихаад энэ талбайг би атар газар байхад янзлаад ногоо тарьж байсан газар юм гэхэд Э гэж хүн тэгээд чи яах гээд байгаа юм, авах гээд байгаа юм уу гэхээр үгүй би зүгээр л урьд минийх байсан юм гэж л хэлсэн өөр зүйл яриагүй гэж хэлсэн юм. Ууж байсан архи дуусахад Э гэж хүн манайд орьё гэхээр гэрт нь ороод сууж байтал цай хийж өгөхөөр цайг нь уугаад тэр айлд хажуулдаад хэвтэж байтал Э гэж хүн намайг гэрт байсан хүмүүст манай талбай урьд энэ залуугийн талбай байсан гэж байна гээд танилцуулж байгаад намайг босоод ир гэхээр нь босоод сууж байтал Э гэж хүн шууд нүүр лүү гараараа зүүн талын нүд рүү цохиод авахаар нь нүүрээ дараад доошоо тонгойход ам руу өшиглөхөөр нь толгойгоо дараад газарт хэвтэхэд толгой болон хоёр тальн хавирга руу өшиглөөд байхаар нь гэрээс гарах гээд хаалга руу мөлхөөд гараад явж байтал гзрт байсан хумүүс Э гэж хүнийг цаашаа татаад аваад явчих шиг болсон. Би гэрээс гараад аллаа гээд орилход манай сумын Болдхүү гэж залуу хүрээд ирэхээр нь ахын Э гэж хүн зодлоо намайг сумын төвд гэрт хүргээд өг гэж хэлээд Б-гийн мотоцикль дээр суугаад гэртээ хүргүүлсэн юм. Зүүн нүд, хамар, дээд уруул, цээжний зүүн талд зовиуртай байна. Намайг Э гэдэг хүн цохиж зодсон юм. Маргааш нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаад шалгуулах явцад намайг зодсон Э над дээр ирээд тухайн үед болсон зүйлийн талаар уучлалт гуйгаад бид хоёр танилцахад Наранбулаг сумын Хужирт багийн харъяат Ю овогтой Б хүн байсан. Тэгээд намайг бага байхаас Э гэж дууддаг Ю овогтой Б гэж нэрийг манай эхнэрийн ах дүү нараас өөр хүмүүс бараг мэдэхгүй сумын иргэд, танидаг найз нөхөд бүгд “Э” гэж дууддаг гэж байсан юм. Тухайн өдөр би Б гэж хүнд зодуулсанаас болж биедээ хөнгөн зэргийн гэмтэл авч сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж бие маань одоо гайгүй болсон. Намайг зодсон хүн надад хохирол барагдуулж өгсөн тул одоо надад Бэд гомдол байхгүй, хохирол байхгүй, бид хоёр хоорондоо эвлэрсэн.” /хх-ийн 04-05, 06, 74 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Ш.Х-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Тухайн өдөр би Э гэж хүний өвс преслэж дуусахад Э ажил дууслаа гээд нэг шил архи гаргаж ирсэн. Бид хоёр архиа уугаад сууж байтал Тариалан сумын Б гэж залуу халамцуу бид хоёр дээр ирсэн юм. Тэгээд бид гурав архиа тойруулаад сууж байтал Б энэ талбай өмнө миний талбай байсан юм гэхэд тийм үү гэж байсан би тэгэхээр нь Б-оос талбайгаа хэдэн төгрөгөөр зарж байсан юм гэхэд нэг сая төгрөгөөр худалдаж байсан юм гэхэд Э би энэ талбайг Галдаа гэж хүнээс долоон сая төгрөгөөр худалдаж авсан юм гэж байсан. Би тэгээд явлаа гээд гэрлүүгээ явчихсан юм. Намайг байхад тэр хоёр хоорондоо маргалдаагүй талбайн талаар ярилцаж байсан. Маргааш нь Э над руу яриад тэр орой танай сумын залуутай муудалцаад тэр залууг цохичихсон чинь цагдаад өргөдөл өгчихсөн байна гэж утсаар ярисан юм. Би Наранбулаг сумын 3-р багийн малчин Ю овогтой Б гэж хүнтэй өнгөрсөн жил танилцсан. Тухайн үед надтай Э гэж танилцаж байсан сүүлд сонсоход Ю овогтой Б гэж нэртэй байсныг мэдсэн юм. Э гэж нэр нь Б-ийн гэрийхэн авгайлж дууддаг нэр байсан.” /хх-ийн 07, 72 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Ц.Т-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Тухайн өдөр би Этэй хамт хадлангийн талбайн дээр нь өвс преслэж байгаад гэрт очоод хоол хийж бай гэхээр гэрт ирээд хоол хийгээд гаргаж байтал Э гаднаас ороод ирсэн. Тэгээд Э-т хоол хийж өгөөд сууж байтал гаднаас халамцуу залуу орж ирэхээр нь хоол хийгээд өгөхөд асгах гээд байхаар нь чи наад хоолоо зүгээр барьж байгаад идчих гэсэн чинь би мах идмээр байна гэхээр нь нэг мах аваад өгсөн чинь шууд шидчихсэн юм. Тэгээд Э хоол ундаа идэж уугаад орондоо ороод хэвтэж байтал гаднаас орж ирсэн залуу энэ талбай чинь миний талбай гээд Э рүү салаа гаргаад хойшоо түлхээд авахад Э орноосоо босож ирээд тэр залуугийн нүүр лүү нь цохиод зодож эхлээд гэрээс чирээд аваад гарсан юм. Удалгүй нэг мотоцикльтэй залуу ирээд аваад явсан юм. Наранбулаг сумын Алдар багт оршин суудаг Б-ынх манайх хоёр айл хөрш өвөлждөг, би бага байхаас нь Бийг мэднэ. Түүнийг нутаг усны хүмүүс бүгд Э гэж дууддаг. Иргэний үнэмлэхний нэрээр нь мэдэх хүн ховор байдаг юм.” /хх-ийн 08, 73 тал/ гэх мэдүүлэг,
шүүгдэгч Ю.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Тухайн өдөр би Тариалан сумын нутаг Хархираа багийн нутаг байдаг хадлангаа преслэх гээд тус багийн Х гэж залуутай уулзаад бид өвсөө преслэж дуусаад 02 цагийн үед би Х нэг шил архи задлаж өгөөд бид хоёр архиа уугаад хагаслаж байтал нэг танихгүй согтуу залуу гартаа ундааны савтай зүйл барьчихсан ирсэн юм. Тэгээд мэнд мэдээд би ууж байсан архинаасаа хийж өгөөд сууж байтал тэр залуу энэ талбай чинь урьд минийх байсан юм. Би Г гэх залууд нэг сая төгрөгөөр зарсан юм. Чамайг долоон сая төгрөгөөр худалдаж авсан гэж байсан гэхээр нь би тиймээ би худалдаж авсан юм гэж хэлсэн. Гадаа сууж байхдаа тэр залуу муу сайн баядууд гээд юм яриад байхаар нь юм хэлээгүй тэгээд гартаа барьж явсан шимийн архинаасаа хийгээд өгөхөөр уугаад хариу буцааж өгөхөд тэр залуу гэр Тариалан сумын төв хол байна гэхээр чи тэгвэл манайд ороод амрахгүй юу манайх зайтай гэж хэлээд гэртээ ороод хоол унд идээд амрах гээд сууж байтал Б гэж залуу гэрт орж суугаад энэ талбай чинь миний талбай байсан гээд юм яриад байхаар нь тийм гэсэн миний худалдаж авсан хүн урьд чамайг эзэн байсан гэж байсан гэж хэлээд сууж байтал Т ах хоол хийгээд өгөхөд хоолоо газар тавиад мах идмээр байна гэхээр мах аваад өгөхөд идэхгүйгээр үүд рүү шидээд над руу салаагаа гаргаад хойшоо түлхээд унагаахаар нь би босоод тэр залуугийн нүүр лүү хоёр удаа цохиод гэрээс гаргаад буцаж гэртээ орж ирээд байж байтал гаднаас Хархираа багийн Б гэж залуу ороод ирэхээр нь чи гадаа байгаа хүнийг Тариалан сумын руу хүргээд өгчих гэсэн чинь гараад явсан. Тухайн үед тэр залуу маргаан болох зүйлийг эхлүүлсэн би над руу салаа гаргаад хойшоо түлхээд унагаахаар нь өөрийгөө хамгаалах гээд тэр залууг цохиж гэмтэл учруулсан. Намайг сумын ард иргэд, танидаг найз нөхөд бүгд Э гэж дууддаг юм. Би тэр залууд эмчилгээний зардал гэж 500.000 төгрөг бэлэн тоолж өгсөн. Одоо ямар нэгэн гомдол байхгүй гэж надад бичиг хийж өгсөн. Би тухайн үед хийсэн зүйлдээ харамсаж байна. Дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Тэвчээртэй байх ёстой гэдгийг энэ хэргээс ойлгосон. Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар надад маргах зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Иргэн Б.Б-ын биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, хамар дээр зулгаралттай, зүүн нүдний эргэн тойрон зовхи хавантай, салстад цус хуралттай, дээд уруулын гадна талд шалбарсан шархтай, дотор талын салст язарсан шархтай хавдартай, цээжний зүүн талд эмзэглэлтэй зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлнө” гэх 593 дугаар дүгнэлт /хх-ийн 12 тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Ю.Б нь Б.Б-ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хэргийн үйл баримтанд дүгнэлт хийхэд тухайн гэмт хэрэг шүүгдэгч, хохирогч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болон хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж үйлдэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл, хохирогч тухайн өдөр хадлангийн талбай урьд нь минийх байсан, би 1 сая төгрөгөөр худалдсан, чи 7 сая төгрөгөөр авсан юм уу, ямар их мөнгөтэй юм гэх зэргээр маргаан үүсгэсэн, мөн Ю.Б-ийн гэрт очсон хойноо уг зүйлээ дахин давтан ярьж, мах өгөхөд идэхгүйгээр үүд рүү шидээд шүүгдэгч руу салаагаа гаргаж хойшоо түлхэж унагаасны улмаас шүүгдэгч хохирогчийн нүүрэн тус газар цохиж, зодож эхэлсэн нөхцөл байдал хэргийн үйл баримтыг харсан, хохирогч, шүүгдэгч нартай тухайн цаг хугацаанд хамт байсан гэрч Ц.Төмөрбатын мэдүүлгээр тогтоогджээ.
Шүүгдэгч Ю.Б-ийн хохирогч Б.Б-ыг цохиж зодсон үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ын биед тархи доргилт, хамар дээр зулгаралттай, зүүн нүдний эргэн тойрон зовхи хавантай, салстад цус хуралттай, дээд уруулын гадна талд шалбарсан шархтай, дотор талын салст язарсан шархтай хавдартай, цээжний зүүн талд эмзэглэлтэй зөөлөн эдийн гэмтэл учирсан, энэ гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах болох нь шинжээчийн 593 дугаар дүгнэлтээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Ю.Б-ийг Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ю.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ю.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ю.Б нь хохирогч Б.Б-д хохиролд 500.000 төгрөг төлсөн, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, хохирогч нь хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй, гомдол байхгүй гэх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Ц.Г-ын мэдүүлэг, иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 585 тоот тодорхойлолт, Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1/857 тоот албан бичиг, Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн 2017 оны мал тооллын баримт, Увс аймгийн Автотээврийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 261 тоот албан бичиг /09, 21, 26, 44-47, 85-86, 88 / зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ю.Б нь Увс аймгийн Наранбулаг сум, 3 баг, Хужирт гэх газар ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт оршин суудаг, өөрийн эзэмшилд 4116 УВА улсын дугаартай Кia Ceres загварын тээврийн хэрэгсэлтэй, бог, бод нийлсэн 878 тооны малтай, мал маллаж амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байна.
Шүүгдэгч Ю.Б-д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.4-д заасан учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал болон анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцлийг харгалзан шүүгдэгч Ю.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч Ю.Б-д хуулинд заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Ю.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй тус тус дурдаж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ю-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ю-ийн Б-д 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Б нь торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Ю.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирогч Б.Бод 500.000 төгрөг хохиролд төлсөн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ю.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА