Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/01833

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Д ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 21-ний өдрийн 182/ШШ2022/02232 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Д ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э ХК-д холбогдох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Ж.Д миний бие нь Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 сарын 24-ний өдрийн А/00 дугаар тушаалаар тус компанийн мэргэжилтнээр томилогдож, хариуцлагатай, алдаа дутагдалгүй ажиллаж ирсэн. 2019 оны сүүлээр гарсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 02 сарын 17-ны өдрөөс сул зогсолт зарлаж, 2021 оны 03 сар хүртэл үе шаттайгаар ажилчдыг сул зогсоосон. 2021 оны 03 сарын дунд үед компани дээр ирэхийг надад мэдэгдсэн бөгөөд 2021 оны 03 сарын 16-ны өдөр компани дээр очиход гүйцэтгэх захирлын 2021 оны 03 сарын 03-ны өдрийн А/000 дугаар ажлаас чөлөөлсөн тушаалыг танилцуулсан. Гүйцэтгэх захирлын 2021 оны 03 сарын 03-ны өдрийн А/000 дугаартай тушаалын үндэслэл тодорхойгүй, ойлгомжгүй байх бөгөөд 2021 оны 03 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Миний бие 2021 оны А/000 дугаартай тушаалыг 2021 оны 03 сарын 16-ны өдөр мэдсэн бөгөөд намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар гомдол гаргаж байгаа болно. Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ж.Д нь Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 сарын 24-ний өдрийн А/00 дугаар тушаалаар хангамж үнийн судалгааны хэлтсийн мэргэжилтэн албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор ажилтнуудыг эрүүл ахуй болон компанийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах үүднээс гүйцэтгэх захирлын 2021 оны 02 сарын 26-ны өдрийн төв оффисын ажилтнуудыг ээлжээр ажиллуулах тушаалыг гаргасан. Тус тушаалаар нэхэмжлэгч Ж.Д ыг 1-р ээлж буюу 2021 оны 03 сарын 01-ний өдрөөс төв оффист ажиллуулахаар зохицуулсан. Энэ тухай Ж.Д д утсаар мэдэгдэхэд ...цаашдаа ажиллах боломжгүй, өөр газар ажиллах болсон учраас ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг өгнө... гэж хариу мэдэгдсэн. Ж.Д нь 2021 оны 03 сарын 02-ны өдөр Э ХК-ийн хүний нөөцийн хэлтэст хандан ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдлийг өөрийн цахим фэйсбүүк хаяг /J D/-аас ирүүлж энэ тухайгаа мөн компанийн хүний нөөцийн албанд утсаар мэдэгдэж өргөдлийг шийдвэрлэж өгөхийг хүссэн. Тус хүсэлтийг үндэслэн гүйцэтгэх захирлын 2021 оны 03 сарын 03-ны өдрийн А/000 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ж.Д ыг хангамж, үнийн судалгааны хэлтсийн мэргэжилтэн албан тушаалаас чөлөөлсөн. Мөн Ж.Д нь удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд саад учруулж байсан. Тодруулбал, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 5 өдөр тасалсан гэх үндэслэлээр гүйцэтгэх захирлын 2021 оны 01 сарын 08-ны өдрийн А/00 дугаар тушаалаар үндсэн цалинг сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Үүний дараагаар сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа бүх нийтийн бэлэн байдлын үед шуурхай удирдлагаар хангах штабаас өгсөн үүрэгт ажил буюу эргүүл хийх ажилд хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр гүйцэтгэх захирлын 2021 оны 02 сарын 15-ны өдрийн А/00 дугаар тушаалаар дахин үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан байдаг. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Ж.Д ын өөрийнх нь хүсэлтийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн байхад хариуцагчийг буруутгаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд Ж.Д аас Э ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай Ж.Д ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн.

 

4.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Ж.Д нь Э ХК-ийн хүний нөөцийн хэлтэст Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2021 оны 03 дугаар сард М ын фэйсбүүк мессенжерт илгээж гаргасан... гэж дурджээ. Хариуцагч Э ХК-ийн ажилтан, гэрч Д.М нэхэмжлэгч Ж.Д ыг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илгээсэн гэх боловч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй.

4.б. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...давхар ажил хийж байсан болохоо Э ХК-д мэдэгдээгүй, тохиролцоогүй, мөн талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон зүйлгүй байна... гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх, өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэх болон ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно гэж зааснаас харахад эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэхэд ажил олгогч ажилтан харилцан тохиролцохоор заасан байна. Гэтэл анхан шатны шүүх ...ажил олгогчтой тохиролцоогүй... гэж заасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Хэргийн 110, 112 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг шийдвэрлэсэн болох нь харагдаж байна. Хариуцагч компани нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч Э ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч ...ажилтан Ж.Д нь ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн, мөн ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авахуулж байсан... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-2, 20-22/

 

3.   Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 03 сарын 03-ны өдрийн А/000 тоот тушаалаар Хангамж, үнийн судалгааны хэлтсийн мэргэжилтэн Ж.Д тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг түүний хүсэлтийг үндэслэн 2021 оны 03 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцалж шийдвэрлэжээ. /1хх 39/

Тус тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2, Хөдөлмөрийн дотоод журмын 2.5, 3.14, 4.1.2-т заасныг тус тус үндэслэсэн байна. /1хх 39/

Нэхэмжлэгч нь дээрх тушаалтай 2021 оны 03 сарын 16-ны өдөр танилцсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан нэг сарын хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан гэж үзнэ. /1хх 2-арын нүүр, 39/

 

4.   1-р хавтаст хэргийн 97-101, 117-118-р хуудас авагдсан J D гэх фэйсбүүк хаягаас M D гэх хаягтай харилцсан цахим мессеж-ийг шүүх үзлэг хийн бэхжүүлжээ. /1хх 112-113/

Дээрх цахим мессеж-д Гүйцэтгэх захирал аль дээр чамайг чөлөөлөх тушаал гарсан гэж бодож байгаа болохоор аль болох хурдан асуудлаа шийдээрэй гэхэд Окей гэсэн, Өргөдөл нь эх хувиараа байх хэрэгтэй байна. Ямартаа ч хуулбар хувиараа явж байна гэхэд За за. Ойлголоо гэсэн, 03 сарын 01 хүртэл сул зогсолтоор бодогдоно гэхэд Бас хүлээлгэж өгөх юмнууд архив энэ тэр байгаа шд гэсэн, Тэрийгээ хүлээлгэж өгнө гэхэд Тушаал хэднээр гарах юм. Хүлээлгэж өгчихөөд тушаал гарах байх тиймүү. Энэ 7 хоногтоо л дуусгая даа гэсэн, Хай байна уу гэхэд Өргөдөл хүлээн авлаа гэсэн, Надад Д чөлөөлөгдөнө гэж байсан шүү өөрөөс нь асуугаарай л гэж байсан дарга гэхэд За за. Зүгээрээ. Найз нь тоголсон юм гэсэн хариу өгсөн байдал зэргийг гэрч Д.М ын өгсөн ...Ж.Д өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн..., ...02 сард чөлөөлөгдөнө гэж утсаар мэдэгдээд холбогдож байсан. Тэгээд 03 сард албажуулаад өргөдлөө өгөөд чөлөөлөгдсөн тушаал нь гарсан, ...Эх хувь нь биш байсан болохоор, мөн өөрийн биеэр ирж чадахгүй байсан болохоор..., ...Завгүй байсан болохоор эхний ээлжинд хувийн чатаар авсан... гэсэн мэдүүлэгтэй харьцуулан үнэлбэл ...Ж.Д нь хүний нөөцийн хэлтэст хандан ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ өөрийн фэйсбүүк хаягаас ирүүлж, энэ тухай хүний нөөцийн албанд утсаар мэдэгдэж шийдвэрлэж өгөхийг хүссэн. Түүний хүсэлтийг үндэслэн гүйцэтгэх захирлын тушаалаар Ж.Д ыг ажлаас чөлөөлсөн... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын тайлбарыг илүү үндэслэлтэй гэж дүгнэхээр байна.

Иймд Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 03 сарын 03-ны өдрийн А/000 тоот тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 38 дугаар зүйлийн 38.1.1-д нийцсэн гэж үзнэ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Хариуцагч Э ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ж.Д ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

 

5.   Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 03 сарын 03-ны өдрийн А/000 тоот тушаал нь хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай ажилтны өргөдлийг үндэслэн гарсан байх тул ажилтан Ж.Д ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авахуулж байсан эсэх, хэд хэдэн ажил, үүргийг зэрэг гүйцэтгэж байсан эсэх нь уг маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм.

 

6.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 21-ний өдрийн 182/ШШ2022/02232 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг тайлбарласугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Д.НЯМБАЗАР