Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 170

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Алтанлхам,

Улсын яллагч: Э.Ууганзаяа,

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б-ын Б-д холбогдох 1835003300190 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1960 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Сагил сумын 1-р багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ОЛ60032070 дугаарын регистртэй, Ш овогт Б-ын Б.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тус аймгийн Сагил сумын 1 дүгээр багийн нутаг “Баруун хөвөө” гэх газарт хохирогч Т.Ш-г чулуугаар толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тус аймгийн Сагил сумын 1-р багийн нутаг “Баруун хөвөө” гэх газарт хохирогч Т.Ш руу чулуу шидэж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 хохирогч Т.Ш-гийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ 2018 оны 9 дүгээр сарын 11–ний өдөр би ...сумын төв дээр ирээд найр болж байгаа айлд очиж хоол цай идэж архи уусан юм. Би найран дээр 6 хундага архиа уусан байх. Тэгээд тэндээс шууд хойш гараад явж байтал Баруун хөвөөд зам дээр Сү.Б ах машинтайгаа зогсож байсан ба машин дотор нь эхнэр Нарангэрэл, Б ах нар байсан. Хажуудаа Д /Ц.Л/ мотоцикльтой зогсож байсан юм. Тэгээд би очоод зогстол Б.Б ах чамд би гомдож байна гэж хэлсэн юм. Би та яагаад надад гомдчихов гэхэд Гантөмөр та хоёр дагалдаж Түргэний баярт явсан тэр хойгуур Гантөмөрийн адуу хулгай авсан гэж тамхи татаж байсан гансаа над руу гозоолгоод байсан ба Б.Б ах машинаас бууж ирээд миний хажууд сууж байгаад намайг хойш нь түлхсэн. Тэгэхээр нь би буцаагаад Б ахыг газар дээр дартал Б ах, Дагаа ах хоёр салгаад холдуулсан юм. Тэгээд зогсож байтал Б ах над руу чулуу шидэж миний толгойг хагалсан. Б ах шууд машинд ороод суучихсан миний толгойноос цус гарсан юм. Би Б.Б ахад янз бүрийн зүйл хэлээгүй би тэр хүнийг зодоогүй. Толгойноос гарсан цусыг өмсөж явсан куртикаараа дарж тогтоосон юм. Тэгээд Б ах машинаас бууж ирээд ахыгаа уучлаарай гэж хэлсэн юм. ...Удалгүй сумаас эмч ирээд эмнэлэгт авч ирж 4 газар оёдол тавьсан юм. Тэгээд маргааш нь би аймгийн төв явж Эбаж нэртэй хувийн эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн юм. Одоо миний толгойд өвдөж байгаа зүйл байхгүй, тухайн үед хэсэг өвдөж байгаад зүгээр болчихсон. Б ах намайг аймгийн төвд эмнэлэгт байхад надтай уулзаж уучлалт гуйсан. Надад Б.Б ахад гомдол санал байхгүй, миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Одоо намар цаг болж байгаа болохоор надад аймгийн төв явах зав гарахгүй тул би анхан шатны шүүх хуралд очиж чадахгүй байх” /хх-ийн 11-13 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Б.Ц-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ажил тарсны дараа гэртээ байтал ээлжийн сувилагч Б надтай утсаар яриад 1 дүгээр багийн иргэн Ш хүнд зодуулаад толгой нь хагарсан цус нь тогтохгүй байна гэж мэдэгдсэн юм. Тэгээд дуудлагын дагуу зодоон болсон гэх газар луу явж очиход зам дээр Ш эхнэрийнхээ хамт байсан ба Ш зам дээр хэвтэж байсан юм. Намайг явж очиход Ш-гийн толгойны зүүн тал нь хагарчихсан цус гараад тогтчихсон, цус өтгөрчихсөн байдалтай байсан юм. Шгийн даралтыг үзэхэд 80, 50 байсан цус их алдсан байдалтай өөрөө их даарсан чичирсэн, хувцас нь цус болчихсон байсан юм. Тэгээд машинд суулгаад сумын эмнэлэгт авч ирээд Ш-гийн толгойд 3 оёдол тавьсан. Оёдол тавихдаа толгойд нь Лидокайн хийж мэдээ алдуулсан. Цус тогтоох шингэн хийсэн, өвчин намдаах аналгин димадрол хийсэн юм. Тэгээд тэр хүнийг гэр лүү нь өгч явуулсан юм. Ш-гийн толгойн зүүн тал нь хагарсан байсан өөр ямар нэгэн ил харагдах шарх, сорви гэмтэл байхгүй байсан юм.” /хх-ийн 14 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Д.Нарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өглөө сумын төв орж Н-гийн найранд очсон юм. Тэгээд найранд очих гэж байтал Б.Б ахын эхнэр надтай утсаар яриад та хоёр найранд явбал Б-г аваад яваач гэж утсаар хэлсэн юм. Тэгээд Б ах манайд ирэхээр нь бид гурав найранд хамт ирсэн юм. Тэгээд найр тараад Б ах нөхөр бид гурав гэр лүүгээ харьж явтал Л /Д/ мотоцикльтойгоо зөрөөд өнгөрсөн чинь Б.Б ах энэ хүнийг зогсоочих гэж хэлээд зогсоосон юм. Тэгээд Б.Б ах өвөрөөсөө нэг шил архи гаргаж ирээд задлаад жаахан уугаад Л, Б, Б ах гурав ярилцаж байтал араас дахиад нэг мотоцикль ирээд зогссон юм. Тэр хүн нь Ш байсан. Тэгээд мэнд ус болоод зогсож байтал Б ах би энэ хүнтэй ярилцах зүйл их байна, чи манай Гантөмөрийн адууг хүнд гаргаад өгчихлөө гэж хэлсэн. Ш өмнөөс нь ямар ч үг хэлээгүй. Б ах хэлсэн үгээ дахин дахин давтаж хэлээд байхаар нь Т.Ш Б ах та буугаад ир, хоёулаа сайхан ярьлцая гэж хэлсэн чинь Б ах машинаас бууж ирээд хоёулаа газар суусан. Тэгж байснаа Б ах Т.Ш-г гараараа чичээд авсан. Тэгээд Ш Б ахыг дарж унагахад нь Б, Л хоёр салгаад босготол Б ах чулуу шидээд Т.Шууурайгийн толгойг хагалсан. Б ах босохдоо газраас чулуу авсан юм шиг байсан...” /хх-ийн 15-16 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Д.Л-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр би мотоцикльтой ногооныхоо талбай руу явж байтал миний урд талд цагаан өнгийн УАЗ 469 машин явж байсан юм. Тэгээд тэр машин явж байгаад миний урд зогсчихсон юм. Тэгээд би араас нь гүйцэж ирээд хажууд нь зогссон юм. Тэгсэн Сү.Б машинтайгаа явж байсан юм. Тэгээд машин дотор эхнэр Н, Б нар явсан юм. Зогсоод мэнд ус болоод зогсож байтал араас Т.Ш мотоцикльтой хүрээд ирсэн юм. Мөн тэр хүмүүстэй Ш мэнд ус болоод байж байтал Б.Б Т.Ш-г адуу хулгайлсан энэ тэр гээд маргалдаж эхэлсэн. Тэгж байснаа Б.Б машинаас бууж ирээд Т.Ш-тай барьцалдаад авсан. Тэгэхээр нь Б бид хоёр салгаад холдуулсан. Тэр хооронд Б.Б чулуу аваад Ш руу шидэх шиг болсон. Тэгээд Т.Ш-гийн толгойноос цус гарсан. Тэгээд эмч яаралтай дуудаж үзүүлэх хэрэгтэй байна цус их гарч байна гэж хэлсэн. Б утсаар яриад дуудлага дуудсан.” /хх-ийн 17 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Сү.Б-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр сумын төв орж Н-гийн найранд очсон юм. Тэгээд найр тараад 17 цагийн үед гэрлүүгээ явсан. Миний машинд миний эхнэр Д.Н мөн манай багийн харьяат Б.Б ах сууж явсан юм. Тэгээд сумын төвөөс гараад гэр лүү явж байтал миний хажуугаар мотоцикльтэй Л зөрөөд өнгөрсөн чинь Б.Б ах энэ хүнийг зогсоочих гэж хэлэхээр нь машиныхаа сигнал дарсан чинь Л зогссон юм. Тэгээд Б.Б ах өвөрөөсөө нэг шил архи гаргаж задлаад Л-д өгсөн юм. Тэгээд зогсож байтал манай багийн харьяат Ш мотоцикльтэй халамцуухан ирээд бид нарын хажууд зогссон юм. Тэгсэн чинь Б ах Т хулгайч чи хүрээд ирсэн үү, хотны хулгай хийдэг гэж Г-ийн эхнэр Т хэлж байсан, одоо хулгай чинь томроод бод мал хулгайлдаг болсон байна гэж хэлэхэд Ш би хэний ямар мал хулгайлж авсан юм бэ гэхэд чи Т хоёр хөвгүүнд Г-ийн адууг гаргаад өгчихлөө. Чи өөрөө бол аваагүй, миний хүлмэн хээр морийг үлдээчихгүй яав даа гэж хэлсэн чинь Ш уурлаад би тэгээд тэр адууг хулгайлаад авчихсан уу гээд буугаад ир шар пиздаа минь гэхэд Б ах машинаас буугаад ирсэн. Тэгэнгүүт Ш за Б ах суучих гээд газар суутал Б Ш-г түлхэж унагаад дээр дарсан юм. Тэгээд Ш эргээд дээр нь гарсан. Тэгэнгүүт Л бид хоёр тэр хоёр хүнийг салгаад босготол Б.Б ах босохдоо чулуу авсан уу эсхүл босчихоод чулуу авсан уу ямар ч байсан нэг чулуу Ш руу шидсэн чинь Ш-гийн толгойг нь хагалсан юм. Ш-гийн толгойноос цус нэлээн их гарсан. Л бид 2 цусыг куртикаар дарсаар байгаад тогтоосон юм. Тэгээд би сумын төв эмчид мэдэгдэж дуудлага өгөөд, Т.Ш-гийн эхнэртэй утсаар яриад Ш Р-гийн гэр лүү орчихлоо чи эндээс ирж аваарай ах нь явлаа гэж хэлчихээд явсан юм...” /хх-ийн 18-19 тал/ гэх мэдүүлэг,

шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “2018 оны 9 дүгээр сарын 11-нд Сагил сумын төв дээр манай хамаатны айлын найр болсон юм. Тэр найранд би Сү.Б-ийн машинтай сууж очсон юм. Би найран дээр архи уусан тэгээд оройхон Сү.Б одоо явъя гэхээр машинд нь суугаад гэр лүүгээ явсан юм. Тэгээд сумын төвөөс гараад явж байгаад машин зогссон бид нарын хажууд Д буюу /Д.Л/ мотоцикльтой байсан. Тэгж байтал Т.Ш мотоцикльтой ирээд бид нарын хажууд зогссон юм. Б.Г миний төрсөн ахын залуу ба энэ зун Т.Ш-гийн хамт Түргэн сум руу баярт явсан. Тэрний дараа Г-ийн адуу хайгаад олдохгүй болохоор нь би утсаар Г-тэй ярьж адуу чинь байхгүй байна, хурдан ир гэж хэлэхэд ирээгүй юм. Тэгээд Г-ийг маргааш нь ирэхээр чи яагаад ирдэггүй хүн бэ адуу чинь байхгүй байна гэж байхад гэж асуухад "Тагнуул, хилийхэнтэй утсаар ярьсан хулгай гараагүй гэж Т.Ш хэлэхээр нь хоноод ирлээ" гэж надад хэлсэн юм. Хэрэв намайг утсаар яриад дуудаад Г ирсэн бол адуугаа хилээр гаргахгүй олоод авчихсан боломж байсан юм. Тэрнээс болоод би Г, Т.Ш хоёрт гомдоод яваад байсан. Тэгээд Ш-тай таараад архины халуунд уурлаж, чиний хариуцлагагүй байдлын улмаас миний адуу хулгайд алдагдсан гэж өөрт нь хэлэхэд Т.Ш “та намайг хулгайлсан гэж хэллээ” гээд уурласан. Би энэ хариуцлагагүй байдал хулгайлсантай ялгаагүй гэж дайрч маргалдсан. Тэгээд газраас чулуу авч шидсэн чинь Т.Ш-гийн толгойн тус газар онож толгой нь хагарсан. Би Т.Ш-г эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байхад нь очиж уулзаж уучлалт гуйгаад 360.000 төгрөг эмнэлэгийн төлбөрт өгч, хохирлыг барагдуулсан. . Би буруу зүйл хийсэн гэдгээ ойлгойж байна. Чулуу шидэж хүний биед гэмтэл учруулсандаа гэмшиж, харамсаж байна.” гэх мэдүүлэг,

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Т.Ш-гийн зүүн зулай, чамархайн хуйханд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл өөрийнх нь зааж буй хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх 639 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтууд хамаарна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

Мөн хэргийн үйл баримт, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийн талаар хохирогч, шүүгдэгч нар болон тухайн цаг хугацаанд хамт байсан гэрчүүд агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн байгаа тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Хэрэгт авагдсан нотлох баримтанд дүгнэлт хийхэд хохирогч Т.Ш, шүүгдэгч Б.Б нар нэг сумын нэг багт амьдардаг хүмүүс байх бөгөөд тухайн өдөр хэн аль нь айлын найранд очиж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байснаас гадна шүүгдэгч Б.Б нь урьд өмнө адуу мал алга болсон явдалд хохирогч Т.Ш-г буруутгаж, гомдож явсан гэх нөхцөл байдал нь энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Б.Б-гийн хохирогч Т.Ш руу чулуу шидсэн үйлдлийн улмаас хохирогч Т.Ш-гийн зүүн зулай, чамархайн хуйханд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь Увс аймгийн Сагил сумын эрүүл мэндийн төвд анхны тусламж авсан талаарх бүртгэл, /шинжээч эмчийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 639 дүгээр дүгнэлт, хх-ийн 21, 53 тал/-ээр тогтоогдсон.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул 639 дүгээр шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Б.Б-гийн хохирогч Т.Ш-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч Т.Ш нь “...Надад Б.Б ахад гомдол санал байхгүй, миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн” гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд, шүүгдэгч Б.Б нь хохирогчийн эрүүл мэндийн хохиролд 360.000 төгрөг төлж барагдуулсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт тус тус мэдүүлсэн тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Б.Б-гаас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Д.Н, Сү.Б нарын мэдүүлэг, Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 93 дугаар тодорхойлолт, улсын бүртгэлийн болон авто тээврийн газрын лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 2017 оны Б.Б-гийн мал тооллогийн баримт /хх-ийн 15-16, 18-19, 38, 40, 46, 48-49, 51 тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Сагил сумын 1 дугаар багт ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, малчин, хувьдаа тээврийн хэрэгсэлгүй, үл хөдлөх эд хөрөнгө байхгүй, гэр бүлийн хэрэгцээнд 8 ханатай монгол гэр 1 ширхэг, бог, бод нийлсэн 526 толгой малтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан хохирол нөхөн төлсөн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.  

 

 

Иймд шүүгдэгч Б.Б-гийн хохирол нөхөн төлсөн байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгчид хуулинд заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар 6 см урттай, 5 см өргөнтэй гурвалжин хэлбэртэй байгалийн чулуу 1 ширхэг хураагдан ирсэн ба уг чулуу хүний хэрэгцээнд ашиглах эд зүйл биш, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.      

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ш овогт Б-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт Б-ын Б-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирогч Т.Ш-д 360.000 /гурван зуун жаран мянга/ төгрөг хохиролд төлсөн болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 см урттай, 5 см өргөнтэй гурвалжин хэлбэртэй байгалийн чулууг /1 ширхэг/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА