Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/01834

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Н ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 18-ны өдрийн 184/ШШ2022/02347 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Н ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Л д холбогдох, хадгалалтын гэрээний үүрэгт 46,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэгч А.Н нь нөхөр Л.Т той ярилцаж өөрсдийн амьдарч байсан хашаа, байшингаа 2022 оны 03 сарын 17-ны өдөр 46,000,000 төгрөгөөр худалдсан. Уг мөнгөөрөө байрны урьдчилгаа хийж 6 хувийн ипотекийн зээлд хамрагдаж байртай болох хүсэлтэй байсан. Тухайн үед хадам аав Д.Л нь ...миний 2 хүүхэд байраа олтлоо урьдчилгаа 46,000,000 төгрөгөө аавдаа хадгалуулчих, та хоёр үрчихнэ... гэж хэлсэн тул А.Н өөрийн данснаасаа 46,000,000 төгрөгийг гурав хувааж хадам аав Д.Л гийн 0000000000 тоот данс руу шилжүүлж, хадгалуулсан. Байр хайж байх хугацаанд буюу 2022 оны 03 сарын 25-ны өдөр нөхөр маань бурхан болсон. Талийгаачийг хөдөөлүүлсний дараа манай хадам аавын ах, дүү нар над руу дайрч, хэл амаар доромжилж эхэлсэн. Ингээд би хоёр хүүхдээ аваад Налайх дүүрэгт байгаа өөрийн ээжийнх рүүгээ явсан. Би хадам аав руугаа ...хадгалуулсан байрны урьдчилгаагаа авъя, хоёр хүүхэдтэйгээ орох оронгүй байна, байр лизингээр авч амьдаръя... гэхэд ...би өгөхгүй... гэж хэлсэн. Нэхэмжлэгч А.Н нь 2022 оны 04 сарын 22-ны өдрөөс Налайх дүүрэгт байр түрээслэн амьдарч байна. Иймд Иргэний хуулийн 425 дугаар зүйлийн 425.1 дэх хэсэгт заасны дагуу Д.Л гээс 46,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Миний хүү Л.Т 2022 оны 03 сарын 25-ны өдөр өөрийнхөө амь насыг егүүтгэж энэ хорвоогоос халиад дөнгөж 3 сар болж байна. Миний хүүгийн үхэлд А.Н буруутай. А.Н нь хоёр нялх хүүхдээ эмээ, өвөө бидэнд харуулж орхиод төрсөн өдөр, найр цэнгээнд алгасахгүй явж хүүгийн минь зовж зүдэрч олсон цалин мөнгийг юу ч бодохгүй гарын салаагаар урсгаж, байнгын мөнгө нэхэж, тансаг амьдрал шаардаж, хэрүүл уруул хийж байсан. А.Н нь хашаа, байшингийн мөнгийг өөрийн эд хөрөнгө байсан юм шиг нэхэмжилжээ. Мөн мөнгийг хадгалуулна гэж өгсөн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. 2011 онд би газрыг нь худалдаж аваад өөрийн хөрөнгөөр хашаа, байшинг барьсан. Ингээд би хүүдээ хөрөнгө болгож нэрийг нь шилжүүлж өгсөн. Энэ бол миний хүүгийн дангаар эзэмших эрхтэй хуваарьт хөрөнгө юм. Хүү маань 2016 онд А.Н тэй нийлж үр хүүхэдтэй болсон ч гэр бүлээ батлуул гэж хэлээд байхад батлуулдаггүй байсан. Гэтэл нас барсны дараа оршуулгын тэтгэмжийг авах гээд явахад хүүхдийн халамж тогтоолгож баримт бүрдүүлэх үед гэрлэлтээ батлуулсан гэдгийг мэдсэн. Миний хүү үхэхээсээ 10 хоногийн өмнө гэрлэлтээ батлуулсан байгаа нь үнэн зөв бүртгэл гэдэгт итгэхгүй байна. Миний хүүгийн сүүлчийн хүсэл нь эцэг, эхээсээ авсан хөрөнгөө буцааж өгөхийг хүссэн. Гэхдээ бид хүүгийнхээ хүүхдүүд, ач нараа орох оронгүй болгон орхихыг хүсэх хүмүүс биш. Бид хүүгийнхээ хашаа, байшингийн мөнгөөр ач нартаа байр захиалсан. Харин үрэлгэн ээжид нь өвлүүлэх хүсэлгүй болно. Бид хүүгийнхээ хүүхдүүдийг орон байраар хангаад насанд хүрэхээр нь өөрсдөд нь өгөх хүсэлтэй байна. Энэ тухайгаа бэр А.Н т захиалсан байранд ороод амьдарч болно шүү дээ гэж хэлээд байхад ...заавал мөнгийг нь авна, тэр байранд чинь орохгүй... гэж биднийг шүүхэд өгсөн байна. Би хүүгийнхээ мөнгийг /хөрөнгийг/ А.Н дангаар өмчлөх эрхгүй гэж үзэж байна. Бид бас өв залгамжлах эрхтэй. Өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгогдож бүртгэгдсэн байдлаар өмчлөлийн өв залгамжлалын байдлаа шийдвэрлүүлнэ. Учир нь миний хүүгийн хоёр нялх үр түүний асрамжид үлдэж байгаа ба ач нарт маань ээжийнх нь дэргэд байхаас өөр жаргал байхгүй гэдгийг бодолцсон. Мөн бэрийгээ өөрийн охин мэт хайрлаж явсан сэтгэлээ шууд татаж чадаагүй юм. Гэтэл тэр миний сайхан сэтгэлийг ойлгож харилцахын оронд шүүхэд хандаж байна. Энэ бүхнийг тунгаан эцэг хүний үзсэн зовлонг хуваалцан ойлгож шударга шийдвэр гаргана уу гэж хүсэж байна. Иймд А.Н ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Н ийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Д.Л гээс хадгалалтын гэрээний үүрэгт 46,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 387,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүхэд дуудах мэдэгдэх хуудсыг ирүүлээгүй, хэргийн материал танилцуулаагүй байхад шүүх хуралдааныг товлосон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдож хэргийн материалтай танилцаад нэхэмжлэлийн хувийг гардаж авах хүсэлт гаргаж хуульд заасан 14 хоногийн хугацаанд хариуцагчийн нэрийн өмнөөс шүүхэд нэмэлт хариу тайлбар гаргах, нотлох баримт цуглуулах сөрөг нэхэмжлэл гаргах, хэрэгт цугларсан нотлох баримтыг хууль ёсны болгох, шинээр нотлох баримт шүүхээр гаргуулах зэрэг ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай байгаагаа дурдаж хуульд заасан эрхийг эдлүүлэх хугацаа олгоно уу гэхэд шүүгчийн туслах хүлээж аваагүй.

4.б. Шүүхэд тэгш эрхтэй мэтгэлцэж оролцох боломжит нөхцөл байдлыг шүүх хангаагүй. Өөрийн тайлбар татгалзалд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг шүүхээр гаргуулахаар гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хангаагүй. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг буруу дүгнэж нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болох хадгалалтын гэрээ хэлцэл хийсэн гэдгээ хангалттай нотолж чадаагүй, цугларсан нотлох баримтын хүрээнд 46,000,000 төгрөгийг хариуцагчид хадгалуулахаар шилжүүлсэн байна гэдгийг ямар ч нотлох баримтаар нотолж чадаагүй байхад хэргийг буруу шийдвэрлэсэн.

4.в. Шүүх хариуцагч талын гаргасан тайлбарын үндэслэл болох тухайн мөнгөн хөрөнгө нь гэр бүлийн дундын, эсхүл хуваарьт хөрөнгө байсан эсэхээс үл хамааран Л.Т ын өв залгамжлагч нарт ногдох хөрөнгө юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хянахад зайлшгүй түүний нас барсны албан ёсны лавлагаа, гэрчилгээг гаргуулах үндэслэл бүхий хүсэлтийг шүүхэд гаргасан боловч нас барсны гэрчилгээг шүүх хуралдаан дээр ирүүлсэн гэж дүгнэн хариуцагчийг оролцуулахгүйгээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэргийн материалтай дахин танилцахад нас барсны гэрчилгээ, лавлагаа авагдаагүй байна. Түүнчлэн, шүүх хуралдааны тэмдэглэлийг одоо болтол бичээгүй, хэрэгт авагдаагүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг ноцтой зөрчиж байна.

4.г. Хариуцагч тал А.Н ийг тухайн хашаа, байшингийн мөнгийг хадгалуулахаар өгсөн юм бол дансны гүйлгээний утга дээр хашаа, байшин гэж бичихгүй байсан бөгөөд хадгалуулах гэж өгсөн гэдэг нь худал юм. Хүү нь амьд сэрүүн байхдаа шилжүүлсэн мөнгөн хөрөнгө бөгөөд түүний өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл ба ааваасаа авсан хашаа, байшингийн мөнгийг буцааж өгсөн гэж хариу тайлбар гаргадаг. Мөн дээрх мөнгөн хөрөнгө 46,000,000 төгрөгийн эх үүсвэр нь гэр бүлийн хөрөнгө болох үүднээс өв залгамжлалын эрх зүйн харилцаагаар зохицуулагдах маргааныг шүүх ямар хуулийн заалт үндэслэлээр, ямар нотлох баримтаар үгүйсгэгдэж байгааг шийдвэрийнхээ үндэслэлд заагаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх зарчмыг хангаж чадсангүй.

Эндээс харахад хуулийг илт буруу хэрэглэж хэргийг буруу шийдвэрлэн хариуцагч Д.Л гийн хөндөгдөж буй эрх, ашиг сонирхлыг хөсөрдүүлж хуулиар хамгаалуулах үнэн зөв бодит байдлыг тогтоолгох эрхийг зөрчсөн гэж үзэж гомдолтой байна.

4.д. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А би шүүх хуралдаан давхацсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгааныг дурдан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй, нотлох баримтаа ирүүлээгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь шүүх хуралдааны товлосон цагийг давхцуулж зарласан, зарын нотлох баримтыг ирүүлж чадаагүй нь шүүгчийн туслах нарын хариуцлагагүй байдлаас болсон. Цахимаар нотлох баримтыг илгээхийг хүсэхэд и-мэйл хүлээн авах мэдээлэл лавлагааны ажилтан амарсан гэх зэрэг байдлаар товыг хүлээн авах хүн олдоогүй биечлэн авчирч өгөх боломжит хугацаа олдоогүй, түүнчлэн энэ талаар цахимаар шалгах боломжтой атал шүүх нотлох баримтыг шалгах эрхээ эдлээгүй атлаа намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй гэж буруу дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Иймд дээрх тайлбар заалтыг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хуралдааныг явуулж шийдвэрлэсэн тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хэргийн материал танилцуулаагүй атлаа шүүх хуралдааныг товлосон гэж маргасан. 2022 оны 07 сарын 07-ны өдөр талуудад шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Шүүх хуралдааны товыг мэдэгдэхдээ заавал мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байхыг шаардахгүй. Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийн материал танилцуулсан тухай баримт мөн хэрэгт авагдсан байгаа. Маргааны зүйл болох 46,000,000 төгрөгийг талийгаач Л.Т ын хуваарьт хөрөнгө, өв залгамжлалын асуудал гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлд заасан хадгалалтын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 46,000,000 төгрөгийг талийгаач Л.Т ын хуваарьт хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй. Уг хөрөнгө нь гэр бүлийн 4 гишүүний буюу талийгаач Л.Т , түүний эхнэр А.Н , охин Т.Ц , Т.М нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.   Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч Д.Л д холбогдуулан хадгалалтын гэрээний үүрэгт 46,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...нэхэмжлэгчтэй хадгалалтын гэрээний харилцаанд ороогүй, нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь талийгаач хүү Л.Т ын хуваарьт хөрөнгө, уг хөрөнгийн өвийн асуудал шийдвэрлэгдээгүй байгаа... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 11-13/

 

3.   Хэргийн 5-р талд авагдсан Хаан банкны 0000000000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзвэл нэхэмжлэгч А.Н ээс хариуцагч Д.Л д 2022 оны 03 сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөг, 03 сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөг, 03 сарын 19-ний өдөр 6,000,000 төгрөг, нийт 46,000,000 төгрөгийг хашаа байшин гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх 5/

Анхан шатны шүүх дээрх гүйлгээг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасан хадгалалтын гэрээний харилцаа үүссэн гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй байна.

 

4.   Талууд мөнгөн хөрөнгө хадгалуулах, хадгалах хүсэл зоригтой байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байхаас гадна А.Н ээс Д.Л д 46,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн өгсөн үйл баримт нь тэдгээрийн хооронд хадгалалтын гэрээний харилцаа үүссэн гэж эргэлзээгүй үзэх үндэслэл болж чадахгүй. /хх 5/ Энэ талаарх хариуцагч талын гаргасан татгалзал, давж заалдах гомдол үндэслэлтэй.

Нэхэмжлэгч А.Н ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтаа өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч Д.Л д холбогдуулан гаргасан хадгалалтын гэрээний үүрэгт 46,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Н ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

5.   Шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хэргийн материалтай танилцуулаагүй, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй, шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь:

5.а. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нь 2022 оны 07 сарын 18-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул түүнийг шүүх хурлын товыг мэдээгүй гэж үзэх боломжгүй; /хх 36/

5.б. Хэргийн материалтай хариуцагч Д.Л нь 2022 оны 06 сарын 23-ны өдөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нь 2022 оны 07 сарын 18-ны өдөр тус тус танилцжээ; /хх 16, 18/

5.в. Хариуцагч Д.Л гийн хүү Л.Т нь 2022 оны 03 сарын 25-ны өдөр нас барсан талаар зохигчдын хэн аль нь маргаагүй тул нас барсны гэрчилгээ гаргуулах тухай хариуцагч талын хүсэлтийг шүүх хангаагүйг буруутгах боломжгүй. Түүнчлэн, уг нотлох баримтыг хариуцагч тал өөрөө олж авах боломжгүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. /хх 35, 54-56/

5.г. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нь ...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан... үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан боловч холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзнэ. /хх 36/

 

6.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 18-ны өдрийн 184/ШШ2022/02347 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Д.Л д холбогдуулан гаргасан хадгалалтын гэрээний үүрэгт 46,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Н ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 08 сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 388,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Д.НЯМБАЗАР