| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2018/0152/э |
| Дугаар | 169 |
| Огноо | 2018-10-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Э.Ууганзаяа,
Шүүгдэгч: Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Ж-гийн Б-д холбогдох эрүүгийн 1835002230176 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл-5, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн 15 байр 1-12 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй /РД:ОЭ81122504/ Т овгийн Ж-гийн Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Ж.Б нь хохирогч Д.Тыг хуурч, Солонгос улс руу 3 жилийн гэрээтэйгээр гаргаж өгнө гэж хэлж, 2017 оны 9 дүгээр сард 412.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сард 2.000.000 төгрөгийг нийт 2.412.000 /хоёр сая дөрвөн зуун арван хоёр мянга/ төгрөгийг залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Б-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хохирогч Д.Т-ын хэрэг бүртгэлтийн шатан өгсөн: “Манай ээж Ц.Ц 2017 оны 05 дугаар сараас надад Солонгос руу гарч 3 жилийн гэрээгээр ажиллах уу, миний танил Б гэх хүн нэг хүнийг 3 жилийн гэрээтэйгээр гаргаж өгнө гэж байна гэж хэлсэн юм. Тухайн үед Б нь манай ээжид "Солонгос руу гаргаж өгөх хүн баталгаатай сайдын дүү хүн нь байгаа" гэж хэлж байсан болохоор бид нар итгэчихсэн юм. Б нь 2017 оны 09 дүгээр сард манай ээж Ц.Ц-д "Эхний ээлжинд хураамжны мөнгө 150.000 төгрөг хэрэгтэй" гэж хэлсэн бөгөөд уг мөнгийг би өөрийн нагац ах Ц.Ц-гээс зээлдэж авч явуулсан. Түүний дараа уг эмэгтэй дахин манай ээж рүү утасдаж 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр "Бичиг баримтын үнэ 262.000 төгрөг хэрэгтэй" гэж хэлсэн. Би мөн л өөрийн нагац ах Ц.Цгээс 262.000 төгрөг зээлдэн авч 5800758140 дугаарын данс руу явуулсан. Үүний дараа 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр манай ээж рүү Б нь дахин утасдаж "Виз гаргуулах 2.000.000 төгрөг хэрэгтэй байна" гэж хэлсэн. Би дахиад өөрийн нагац ах Ц.Ц-гээс 2.000.000 төгрөг зээлдэн авч тухайн өдөр нь 5800758140 тоот данс руу шилжүүлсэн юм. 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш Б гэх эмэгтэйтэй 88084346 дугаарын утсаар хэд хэдэн удаа холбогдоход "Солонгос руу 3 жилийн гэрээгээр хүн гаргаж ажилуулдаг байсан компани нь ажилчин авахгүй болсон” гэж хэлсэн. Түүнээс хойш өөрийн өгсөн 2.412.000 төгрөгийг авах гэсэн боловч янз бүрийн шалтаг, шалтгаан хэлээд одоо хүртэл өгөхгүй намайг залилсаар байгаа. Уг 2.412.000 төгрөгийг манай нагац ах Ц.Ц нь хүнээс хүүтэй зээлдэж авч өгсөн юм. Одоогийн байдлаар уг мөнгөний хүүд нь 432.000 төгрөг төлчихсөн байгаа. Б нь Улаанбаатар хотод байгаа хүний 5800758140 тоот данс руу дээрх мөнгийг шилжүүлэн авсан. Тухайн үед Б нь хураамж болон визний мөнгө хэрэгтэй, зуучлаж байгаа хүний данс руу хийх хэрэгтэй гэж ярьж байсан. Уг дансыг хэний данс гэдгийг мэдэхгүй байна. Мөн манай ээж уг Б гэх эмэгтэйг эртнээс таньдаг болохоор тухайн мөнгүүдийг итгээд хийгээд байсан юм. Би иргэн Ж.Бтай огт уулзаж байгаагүй. Над руу утсаар яриад бүртгэлийн хураамж, визний урьдчилгаа гэж ярихаар нь би өөрийн нагац ах Ц.Цд хэлж мөнгийг Ж.Б-ын над руу явуулсан данс руу шилжүүлдэг байсан. Ж.Б нь надтай 80434346, 80084346 гэсэн дугаарын утаснаас ярьдаг байсан. 2018 оны 08 дугаар сарын эхээр над руу Б-ын дүү гэх нэг эрэгтэй утсаар залгаад "Би Б-ын дүү нь байна, чамтай уулзах гэсэн юм" гэж хэлсэн. Тухайн үед би ажилтай байсан учир завгүй байна гэж хэлээд нагац ах Ц-гийн утасны дугаарыг өгсөн юм. Тухайн үед Ж.Б-ын дүү гэх хүн Ц ахтай яриад уулзаж 1.000.000 төгрөг төлж барагдуулсан байсан. Одоо надад 1.412.000 төгрөгний хохирол төлөгдөөгүй байна.” /хх-ийн 7-10 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Ж.Б-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би уг мөнгийг хэнээс шилжиж ирсэнийг мэдэхгүй байна. Манай үеэл Ж овогтой Б нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрүүдэд над руу утасдаад "Би хүнд зээлдүүлсэн мөнгөө авах гэсэн юм, та Хаан банкны виза картаа өгч байгаач гэж надаас гуйгаад авсан. Б нь тухайн үед миний данс руу мөнгө орохоор зээл рүү татаад авчихдаг болохоор таны дансаар шилжүүлж авчихаад өгье гэж хэлдэг байсан. Дээрх хоёр гүйлгээгээр шилжиж ирсэн мөнгийг Б нь өөрөө миний данснаас гаргаж авдаг байсан. Би Бт картныхаа кодыг нь хэлээд өгчихсөн байсан юм. Карт авсан тухайн өдрөө надад буцаагаад өгчихдөг байсан юм.” /хх-ийн 11 тал/ гэх мэдүүлэг
гэрч Ц.Ц-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Манай эгч Ц.Ц 2017 оны 08 дугаар сард надтай ярилцаад өөрийн хүү Д.Т-ыг өөрийн найзтай ярилцаад Солонгос улс руу 3 жилийн гэрээгээр гаргуулахаар болсон эхний ээлжинд хураамж, бичиг баримт, визний мөнгө хэрэгтэй гэж хэлсэн. Би тэгээд ямар ч байсан эхний ээлжинд уг мөнгийг зээлдэе, Т Солонгос руу гараад ажил хийгээд мөнгөтэй болохоороо буцаагаад өгнө биз гэж хэлсэн юм. Хамгийн анх 2017 оны 09 дүгээр сард бүртгэлийн хураамжны 150.000 төгрөг, дараа нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр "Бичиг баримтын үнэ" 262.000 төгрөг, дахин 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр "Виз гаргуулах мөнгө 2.000.000 төгрөгийг 5800758140 тоот данс руу шилжүүлсэн. Тухай бүрт Д.Т над руу утасдаж мөнгө зээлдээч гэж ярьж байсны үндсэн дээр хаан банкны 5800758140 тоот данс руу хийсэн. Одоогийн байдлаар уг мөнгөний хүүд нь 432.000 төгрөг төлчихсөн байна. Би уг Б гэх хүнийг танихгүй. Би тухайн 2.412.000 төгрөгийг нэхэж 2018 оны 05 дугаар сард холбогдоход Б нь виз гаргуулахаар өгсөн хүнээсээ мөнгөө авах гээд явж байна, уг мөнгийг авч чадахгүй байна гэж биднийг хуурч мэхлэж төөрөгдүүлсээр байна. Би Т-ыг Солонгос улс руу гаргаж өгнө гэсэн хүний дансруу 2 удаа мөнгө хийсэн. 2017 оны 09-р сард эхлээд бүртгэлийн мөнгө 150.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь би уг мөнгийг Ц эгчид бэлнээр өгсөн. Ц эгч уг мөнгийг Б-т бэлнээр өгсөн байсан. Дараа нь 2017 оны 09-р сарын 27-ны өдөр би Б-ын өгсөн хаан банкны 5800758140 гэх дугаарын данс руу 262.000 төгрөгийг өөрийн эхнэр Г овогтой Б-ийн мобайл банкаар шилжүүлсэн. Дахиад 2017 оны 10-р сарын 24-ний өдөр визны урьдчилгаа мөнгө гэж 2.000.000 төгрөгийг мөн хаан банкны 5800758140 гэх данс руу би өөрөө бэлэн мөнгийг банкаар дамжуулан шилжүүлсэн. 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Бын дүү гэх залуу /нэрийг нь мэдэхгүй байна/ Л гэх нэрээр миний дансанд 1.000.000 төгрөг хийсэн юм. Тэгээд Бын дүү нь надтай уулзаад "та өргөдлөө буцааж аваад өгөөч, ээ тохиролцоод нотариатаар гэрээ батлуулж өгөөч" гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш дахин холбогдоогүй. Би уг баримтуудыг өөрийн зээ дүү Д.Т-т өгсөн байгаа.” /хх-ийн 12-13 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Г.Б-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Манай нөхрийн зээ дүү болох Д.Т нь Солонгос улс руу гарах гэж байгаа хүн виз гаргаж өгнө гэж хэлээд манай нөхөр Ц-гээс нийт 2.412.000 төгрөгийг зээлж авсан юм. Уг мөнгийг манай нөхөр Ц нь эхлээд 150.000 төгрөгийг Т-ын ээж Ц-д бэлнээр өгсөн, дараа Б гэх хүний өгсөн данс руу 262.000 төгрөгийг миний мобайл банкаар шилжүүлсэн, Тэгээд сүүлд өдрийг нь сайн санахгүй байна визны урьдчилгаа гэж 2.000.000 төгрөгийг Ц өөрөө банкинд аваачиж Б-ын өгсөн данс руу шилжүүлсэн юм. Би хаан банкны мобайл банк үйлчилгээтэй бөгөөд 5800551167 гэх дугаарын харилцах данстай юм. Надад өөр ямар нэгэн данс байдаггүй юм” /хх-ийн 14-р тал/ гэх мэдүүлэг,
шүүгдэгч Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн нутаг 15-12 тоотод 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд би 2000 оноос хойшоо Ж овогтой Б-тай гэр бүл болж 2010 он хүртэл хамт амьдарч байгаад 2010 онд салцгаасан бөгөөд одоогоор гэрлэлтээ цуцлуулж амжаагүй байгаа юм. Манай том хүү Б.Л нь одоо 17 настай, энэ жил ерөнхий боловсролын 3-р сургуулийн 12 р ангийг төгссөн, одоо Америк улс руу энэ өвөл сургуульд явуулах гэж байгаа. Том охин Б.Н нь 13 настай, одоо ерөнхий боловсролын 2-р сургуульд 8-р ангид суралцдаг, дараагийн хүү Б.Ө нь 11 настай, ерөнхий боловсролын 2-р сургуульд 6-р ангид суралцдаг, бага охин Б.Н 10 настай, одоо ерөнхий боловсролын 2-р сургуульд 4-р ангид тус тус суралцдаг юм. Би өөрөө хувиараа янз бүрийн наймаа хийж байгаа бөгөөд одоогоор чацаргана боловсруулах цех ажлуулж байгаа юм. Би 2017 оны 09 дүгээр сард өөрийн танил Цтай уулзахад Ц эгч надад "өөрийн хүү Т-ыг Солонгос улс руу ажил хийлгэхээр гаргамаар байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ц эгчид "надад таньдаг хүн байгаа, би танай хүүг Солонгос улс руу 3 жилийн гэрээтэйгээр гаргаад өгье" гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 9 дүгээр сард би Ц эгч рүү утасаар залгаад "эхний ээлжинд хураамжийн мөнгө 150.000 төгрөг хэрэгтэй" гэж хэлж авсан. Дараа нь би 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр бичиг баримтын үнэ 262.000 төгрөг хэрэгтэй гэж хэлээд өөрийн үеэл Ж.Б эгчийн хаан банкны 5800758140 дугаарын дансаар мөнгийг авсан, мөн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би дахин Ц эгчид "Т-ыг Солонгос улс руу гаргах виз гаргуулах 2.000.000 төгрөг хэрэгтэй гэж хэлж мөн адил Б эгчийн хаан банкны 5800758140 дугаарын дансаар мөнгийг авсан юм. Би 2017 оны 9 дүгээр сар, 10 дугаар саруудад Тыг Солонгос улсруу гаргаж өгнө гэж худал хэлж нийт 2.412.000 төгрөгийг залилаж авсан юм. Би Т-ыг Солонгос улс руу гаргаж өгнө гэж худал хэлж хуурч мэхлэн авсан 2.412.000 төгрөгийг өөрийн хэрэгцээнд тухай бүрт нь ашиглаж байсан юм. Би уг мөнгөний нарийн зарцуулалтыг нь санахгүй байна, ямар ч байсан би уг мөнгийг авч өөрийн хэрэгцээнд бага багаар ашиглаж дуусгасан. 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш Ц эгч, Т нар нь над руу залгаж хэд хэдэн удаа Т-ыг Солонгос улс руу гаргах юу болсон талаар асуугаад байхаар нь би эхэндээ "Солонгос улс руу 3 жилийн гэрээтэйгээр хүн гаргаж ажилуулдаг байсан компани нь ажилчин авахгүй болсон" гэж худал хэлсэн юм. Тэгээд Төгөлдбаяр, Ц нарыг над руу утасаар залгах бүрт нь би худал хэлдэг, заримдаа утасаа ч авдаггүй байсан юм. Би Т-т учруулсан хохирол болох 2.412.000 төгрөгийг тухайн үед олоод эргүүлээд өгнө гэж бодсон боловч надад мөнгө төгрөг олдохгүй байсан юм. Би Т-т тухайн үед Б овогтой А гэх хүнээр дамжуулж өөрийг нь Солонгос улс руу гаргаж өгнө гэж худал хэлсэн юм. Би Болд овогтой А гэх хүнийг танихгүй, тийм хүн байхгүй би тухайн үед Болд овогтой А гэх хүнийг санаанаасаа зохиогоод нэрийг нь худал хэлж байсан юм. Би одоогоор Т-т учруулсан хохирлоос 1.000.000 /нэг сая/ төгрөгийг төлж барагдуулсан юм. Одоо би Т-т учирсан хохирлын үлдэгдэл болох 1.412.000 /нэг сая дөрвөн зуун арван хоёр мянга/ төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлж ярилцсан бөгөөд би энэ талаарх баталгааг гаргаж Т-т өгсөн байгаа юм. Би урьд өмнө нь ямар нэгэн хүнийг Солонгос улс руу гаргаж өгч байгаагүй. Тухайн үед надад мөнгөний хэрэгцээ шаардлагатай байсан учраас би Тыг Солонгос улс руу гаргаж өгнө гэж залилсан. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би анх Ц эгчтэй харилцсан болохоор Ц эгчтэй холбогдож байж хохирлыг төлье гэж бодоод өнөөдрийг хүртэл төлөөгүй. Одоо ямар ч гэсэн хохирлыг хурдан хугацаанд бүрэн төлж барагдуулах болно. Одоогоор миний бие жирэмсэн бөгөөд төрөх дөхсөн, тонус өгөөд байнгын жирэмсэний хяналтанд байгаа. Миний хувийн байдлыг харгалзан үзнэ үү” /хх-ийн 66-68 тал/ гэх мэдүүлэг болон иргэн Ж.Б, Г.Б нарын Хаан банкны деспозит дансны дэлгэрэнгүй хуулга, иргэн Цгээс 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2.000.000 төгрөг Ж.Б-ын данс руу шилжүүлсэн Хаан банкны орлогын баримт, шүүгдэгчийн баталгаа гаргасан бичиг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б нь хохирогч Д.Т-ыг Солонгос улс руу 3 жилийн гэрээтэй гаргаж өгнө гэж худал хэлж, хууран хохирогчоос 2.412.000 төгрөгийг өөртөө шилжүүлсэн авсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ж.Б нь өөрийн найз Ц.Ц-д “Солонгос улс руу гэрээгээр хүн гаргаж өгөх найдвартай хүн байна” гэж хэлж, итгүүлэн улмаар түүний хүү Д.Т-ыг 3 жилийн хугацаагаар Солонгос улс явуулна хэмээн хураамж, бичиг баримт, визний үнэ гэж нийт 2.412.000 төгрөгийг хохирогчоос авсан боловч бодит байдалд Солонгос улс руу гэрээгээр хүн гаргадаг Б.А гэгч этгээд байхгүй, уг мөнгийг шүүгдэгч өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж дуусгавар болгосон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой.
Шүүгдэгч Ц.Б-ын хохирогч Д.Т-ыг Солонгос улс руу 3 жилийн гэрээтэйгээр гаргаж өгнө гэж худал хэлж, 2017 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд 3 удаагийн үйлдлээр 2.412.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахай сэдэлттэй, шууд санаатай байх ба хохирогчийн итгэмтгий занг ашиглаж хуурч, төөрөгдөлд оруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ж.Б-ыг бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан 2.412.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Т-т 2.412.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогч Д.Т-ын “...Би Ж.Б-т залилуулсан 2.412.000 төгрөгийг өөрийн нагац ах Ц.Ц-гээс зээлж авсан юм. Одоо надад 1.412.000 төгрөгний хохирол төлөгдөөгүй байна”, гэрч Ц.Ц-гийн “...2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Б-ын дүү гэх залуу Л гэх нэрээр миний дансанд 1000.000 төгрөг орсон юм” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ж.Баас төлөгдөөгүй үлдсэн хохирол 1.412.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Т-т олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид Ж.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Л.О, Ж.Л, Д.Н нарын мэдүүлэг, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2471 тоот тодорхойлолт, өрхийн эмчийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 16, 17-18, 19, 73, 76, 79, 82-87 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б нь одоо 8 сартай жирэмсэн, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн Х.Б-ийн хороололын Хангамж 15 айлын 007 дугаар байрны 1-12 тоотод ам бүл-5, 4 хүүхдүүд /9-17 насны/-ийн хамт оршин суудаг, хувиараа эрээн, тува хооронд наймаа хийж амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байна.
Шүүгдэгч Ж.Б-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 450 нэгжээс 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах санкцтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч Ж.Б-т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, одоо 8 сартай жирэмсэн зэрэг түүний хувийн байдлыг харгалзан хуулинд заасан дээрх ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Ж.Бт шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Ж-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т овогт Ж-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь шүүхээс оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь хохирогчид 1.000.000 /нэг сая/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Т овогт Ж-гийн Б-аас 1.412.000 /нэг сая дөрвөн зуун арван хоёр мянга/ төгрөг гаргуулж, Увс аймаг Улаангом сум 10-р багийн 07-20 тоотод оршин суух ОЗ95040834 регистрийн дугаартай Б овогт Д-ийн Тт олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА