Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01853

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 20-ны өдрийн 184/ШШ2022/02388 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Н д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 31,711,256 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.М , хариуцагчийн өмгөөлөгч Б.Э , Ц.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Д.Н нь тус ББСБ-аас 2017 оны 05 сарын 17-ны өдөр хувийн хэрэгцээнд зориулж 12,000,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. 2018 оны 05 сарын 18-ны өдөр зээлийн 000/0 тоот нэмэлт гэрээ хийж 12 сарын хугацаагаар сунгуулсан. Зээлийн үндсэн төлбөрт 519,266 төгрөг, хүү 11,903,388 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 795,356 төгрөг төлсөн бөгөөд 2019 оны 09 сарын 14-ний өдрөөс хойш одоог хүртэл нэг ч төгрөгийн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөөгүй. Иймд Д.Н гаас зээл 11,480,734 төгрөг, хүү 17,327,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,903,477 төгрөг, нийт 31,711,256 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн ... тоот хаягт байршилтай 54 м.кв талбайтай хувийн орон сууц, 338 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, 00-00 ААА улсын дугаартай Тоёота Марк-2 /Toyota Mark-2/ маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Хариуцагч талаас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Д.Н нь 2017 оны 05 сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулаад сарын 4,5 хувийн хүүтэйгээр 12,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлж авсан. Хариуцагчийн зүгээс нийтдээ 13,218,010 төгрөгийг төлсөн байдаг. Нэг жилийн хугацаатай байгуулсан зээлийн гэрээний дагуу Д.Н нь 16,398,550 төгрөгийг төлөхөөс 13,218,010 төгрөг төлсөн, 3,180,540 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй дээр талуудын хэн аль нь маргахгүй. Талууд 2018 оны 05 сарын 18-ны өдөр зээлийн нэмэлт гэрээг байгуулсан гэдэг боловч уг нэмэлт гэрээг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэмэлт гэрээг нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээгээр байгуулаагүй. Анхны зээлийн гэрээнд зээлдүүлэгч талыг төлөөлж Ц ХХК-ийн захирал Н.Э н гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарсан тул уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Харин хоёр дахь гэрээ буюу 2018 оны 05 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус юм. Тухайн байгууллагыг төлөөлөх эрхтэй этгээд нь захирал Н.Э н гэж байхад зээлийн нэмэлт гэрээнд зээлдүүлэгч талаас Н.Э н, зээлдэгч талаас Д.Н гэх нэрс байгаа боловч зээлдүүлэгч талын захирлын гарын үсэг зурагдаагүй, тамга тэмдгээ дараагүй байдаг. Байгууллага гэрээ, хэлцэл хийж байгаа бол заавал байгууллагынхаа тамга, тэмдэг, эрх бүхий албан тушаалтны гарын үсгээр тухайн гэрээ хүчин төгөлдөр болдог. Иймд хариуцагч нь хүчин төгөлдөр эхний гэрээний дагуу зээлийн үүрэгт 3,180,540 төгрөг төлөхөөр байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэгт авагдсан гэрээн дээр нөхөөд гарын үсгээ зураад, тамгаа дарчихсан гэдгээ хэлсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримт дээр нөхөж гарын үсэг зурна гэсэн ойлголт байхгүй. Нэхэмжлэгч тал үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг гэрээг нотлох баримтын хэмжээнд үнэлэх ямар ч боломжгүй. Мөн Ц ХХК-ийн тусгай зөвшөөрлийг 2020 оны 07 сарын 08-ны өдөр хүчингүй болгосон талаарх санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг хэрэгт авагдсан байхад нэхэмжлэгч талаас тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгосон мэтээр ярьж зөрүүтэй байдал үүсгэж байна. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргаагүй. Барьцаа хөрөнгөд эдгээр хөрөнгө байна гэсний төлөө шүүх тус барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах нь үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэдэг. 2018 оны 05 сарын 18-ны өдрийн нэмэлт гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбогдуулан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй яригдаж эхэлнэ. Зээлийн гэрээний хугацаа 3 жилийн хугацаатай, зээлийн гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Одоо зээлийн гэрээний үүрэгт 3,180,540 төгрөгийг л төлөх ёстой.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Н гаас 31,711,256 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц ХХК-д олгож, Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ... тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0000000000 , 000000000 дугаар гэрчилгээтэй, 54 м.кв талбайтай хувийн орон сууц, мөн хаягт байршилтай 338 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар 000000000 , Г-0000000000 нэгж талбарын дугаар 0000000000000 бүртгэлийн дугаартай газар, 00-00 ААА улсын дугаартай Тоёота Марк-2 /Toyota Mark-2/ тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Н гаас 387,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Нэхэмжлэгчийн тухайд анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргаагүй байхад шүүх иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгчийн хүсэл зоригийг дур мэдэн өөрчилж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага нэмж хэрэг үүсгэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.б. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд 2017 оны 05 сарын 17-ны өдрийн "Зээлийн гэрээ"-г байгуулагдсан эсэхэд маргадаггүй. Харин 2018 оны 05 сарын 18-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээг байгуулсан эсэх асуудал дээр маргадаг. Тухайн зээлийн гэрээ нь зээлийн гэрээний наад захын хуулийн шаардлага хангаагүй, Ц ХХК-ийн гүйцэтгэх удирдлага нь гэрээнд гарын үсэг зурж, тамга дараагүйгээр хэрэгт гаргаж өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийнхүү хэрэгт нөхөж гарын үсэг зуруулж, тамга дарж хийсэн талаар хүлээн зөвшөөрсөн. Энэхүү байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах, бэхжүүлэх аргыг зөрчсөн бөгөөд шүүх нотлох баримтаар үнэлэх ямар ч боломжгүй атал нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.в. Мөн Ц ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 07 сарын 08-ны өдөр хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, 2020 оны 07 сарын 08-ны өдрөөс тухайн байгууллага нь зээлийн хүү, алданги тооцох эрхгүй бөгөөд ББСБ гэх нэрийг ч ашиглах боломжгүй атал шүүх дээрх үйл баримтыг хуульд заасан аргаар үнэлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг агуулж чадаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлага хангуулах талаар анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг шүүгч нар анхаарч үзнэ үү. Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж бичгээр авчирсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдана. Хэргийн 76-р талд нэмэлт гэрээ гарын үсэг, тамгатай авагдсан. Үүнийг шүүх хуралдаанд бид гаргаж өгсөн. Д.Н нь өөрөө хүсэл зоригоо илэрхийлж гэрээний хугацаа дууссан учир гэрээг сунгах тухай хүсэлтээ өгсөн. Үүний дагуу гэрээ байгуулагдсан. Хоёр гэрээ байгаа учрыг тайлбарлавал нэг дэх гэрээнд 1 жилийн хугацаатай гэж бичсэн боловч техникийн алдаа гаргаж 01 дүгээр сарын 19-ний өдөр гэж бичсэн. Хоёр дахь гэрээнд 05 дугаар сарын 19-ний өдөр болгож залруулсан. 2020 оны 07 08-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай асуудлыг шийдвэрлэсэн Ерөнхий шүүгчийн захирамж байгаа. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэл гаргах эрхтэй байгууллага байна. Иргэний хуулийн 26 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлээс хасагдсанаар хуулийн этгээдийн эрх дуусгавар болохоор заасан. Хуулийн этгээд нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй талаар улсын бүртгэлийн газраас өгсөн лавлагаагаар тогтоогдож байна. Эдгээр баримтуудыг үндэслэн шүүх шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй. 2020 оны 07 сарын 08-ны өдрөөс өмнө 2017 оны 05 сарын 17-ны өдөр гэрээ байгуулагдсан. Зээлийн болон барьцааны гэрээ байгуулахад үед ББСБ-ын тусгай зөвшөөрөл хүчинтэй байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2.   Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч Д.Н д холбогдуулан зээл 11,480,734 төгрөг, хүү 17,327,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,903,477 төгрөг, нийт 31,711,256 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргажээ. /хх 1/

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ барьцаа хөрөнгийн талаар дурдаж, барьцааны гэрээг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн /316,506 + 70,200 = 386,706/ байх тул шүүгч 2022 оны 01 сарын 12-ны өдрийн 184/ШЗ2022/00996 дугаар Иргэний хэрэг үүсгэх захирамж-даа ...гэрээний үүрэгт 31,711,256 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсүгэй гэж тусгасныг буруутгах боломжгүй. /хх 2, 10-12, 22/

Иймд энэ талаарх хариуцагч талын гаргасан татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

3.   Хариуцагч нь дээрх шаардлагаас 3,180,540 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг ...2018 оны 05 сарын 18-ны өдрийн 000/0 тоот "Зээлийн нэмэлт гэрээ"-нд нэхэмжлэгч компанийн захирал гарын үсэг зураагүй, тамга дараагүй, хожим хэрэгт авагдсан "Зээлийн нэмэлт гэрээ"-нд нөхөж гарын үсэг зурж, тамга дарснаа хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл 2020 оны 07 сарын 08-ны өдөр хүчингүй болсон... үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 39, 78-79, 82/

 

4.   Хэрэгт авагдсан 2017 оны 05 сарын 17-ны өдрийн 000 тоот Барьцааны гэрээ /хх 10-12/, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 17/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 17/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 17-арын нүүр/ зэрэг бичгийн нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц ХХК нь "Барьцааны гэрээ"-г иргэн Д.Н , Д.А , Н.Э нартай байгуулсан байхаас гадна барьцаа хөрөнгө болох ... тоот хаягт байршилтай 385 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай 54 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгч нь Д.А , 00-00 ААА улсын дугаартай, Тоёота Марк-2 /Toyota Mark-2/ маркийн автомашины өмчлөгч нь Н.Э болох нь тус тус тогтоогдож байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Н д холбогдох маргааныг хянан шийдвэрлэж гарах шүүхийн шийдвэр барьцаа хөрөнгийн өмчлөгч болох Д.А , Н.Э нарын эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх эсэхийг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасантай нийцээгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, барьцаа хөрөнгийн өмчлөгч болох Д.А , Н.Э нар Барьцааны гэрээ, түүний хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхтэй этгээдүүд юм.

Түүнчлэн, хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны 2022 оны 03 сарын 15-ны өдрийн 0/000 тоот албан бичигт ...Ц ХХК-ийн тусгай зөвшөөрлийг 2020 оны 07 сарын 08-ны өдөр хүчингүй болгосон... талаар дурдсан байхад анхан шатны шүүх энэ хугацаанаас хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон хариуцагч нараас гаргуулсан үндэслэл тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

5.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 20-ны өдрийн 184/ШШ2022/02388 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 08 сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 388,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Д.НЯМБАЗАР