Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 180

 

 

           Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

           Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

          Шүүгдэгч: Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Ч.А-т холбогдох 1835003190218 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 19-нд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,  Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн 9-25 тоотод оршин суух Б овогт Ч.А /РД:…...../.

      Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.А нь 2018 оны 9 дүгээр сарын 08-ны шөнө Улаангом сумын 3-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   1. Шүүгдэгч Ч.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

      Шүүгдэгч Ч.А нь 2018 оны 9 дүгээр сарын 08-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн нутагт хохирогч Б.С--г зодсон болох нь хохирогч Б.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 07-ны орой 21 цагийн үед өөрийн найз М, Б, М нарын хамт Улаангом сумын 11-р багт байрлах Соёмбо караокед ороод манай найз спортын мастер болсон гээд бид нар баяр хүргэж нэг шил 0.75литрийн Соёрхол нэртэй архи хувааж уусан. Манай найз Б, М хоёр жаахан согтчихоор нь бид тэр караокед нэг цаг дуулаад уг газраас гарсан. Бид нар аймгийн нэгдсэн эмнэлгийн урд талын таксины зогсоолоос Б-ыг таксинд суулгаж өгөөд цааш яваад Мыг байрныхан орцонд оруулж өгөөд М бид хоёр буцаад гэрлүүгээ явж байтал танихгүй хоёр залуу зогсож байсан. Тэр хоёр залуугийн нэг нь “Цагдаад ажилладаг пизда байна” гэж хэлснийг би сонсоод эргэж хараад “Юу гэнэ залуучууд. Жаахан соёлтой байгаарай” гэж хэлсэн. Тэгээд би намхан шар залууг нь хоёр удаа цээж рүү нь түлхээд “Та нар аятайхан байгаарай” гэж хэлсэн. Тэгтэл миний урдаас “Чи яадаг юс бэ?” гээд нүдний шилтэй залуу нь ирээд намайг бариад авсан юм. Би урдаас нь бас бариад авсан. Тэгээд тэр нүдний шилтэй Ч.А гэх залуу бид хоёр зам хөндлөн гараад барьцалдаад авто машины гражны хажууд очтол Ч.А намайг хавирч унгаагаад би босох гэтэл Ч.А нь дахин миний гэдэс рүү өшиглөсөн юм. Би босож чадахгүй газар унасан байхад Ч.А гэх тэр залуу миний толгой, нүүр хэсэг рүү 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд би найз М-ыг цагдаад дуудчих гэж хэлсэн. Тэр үед Ч.А надруу гүйгээд ирж байгааг хараад миний хамар амнаас цус гарч байхаар нь би нүүрээ хоёр гараараа дарж байтал Ч.А дахин миний нүүр өшиглөсөн. Тэгээд цагдаа нар ирж бид нарыг авч яваад Увс аймгийн Цагдаагийн газарт ирж архи уусан эсэхийг шалгахад би 0.13 хувийн согтолтой байсан. Тэдгээр залуус бас архи уусан байсан. Надад Ч.А-аас нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р талд/,

     гэрч Ч.М мөрдөн байцаалтад өгсөн: “......Б.С нөгөө хоёр залуугийн нэг залуутай нь барьцалдаад машины гражны тийш явсан. Би нөгөө залуутай нь хамт дагалдаад хойноос нь очиход Б.С “Энэ залуу намайг зодчихлоо нүүр лүү бас гэдэс рүү өшиглөчихлөө” гэж хэлээд эвхэрээд хэвтсэн байдалтай байсан учраас би цааш яваад утсаар цагдаад дуудлага өгсөн. Тэгээд нэг танихгүй залуу гудамжинд таарсаныг энд хүмүүс хоорондоо зодолдоод байна салгаад өгөөч гэж хэлэхэд танихгүй өндөр залуу надтай хамт очсон. Бид хоёр ирэхэд зодоон болоод дууссан байсан. Тэгээд цагдаагийн машин ирээд нөгөө хүмүүсийг аваад цагдаагийн газар луу аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,

     гэрч Ж.Б мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2018 оны 9 сарын 07-ны өдөр би хоёр найзтайгаа Нийгэмлэг спорт залны хажууд нэг шил 0,75 грамын экс гэдэг архи хувааж уусан юм. Тэгээд найз Ч.Аыг гадаадад сурахаар удахгүй явах гэж байгаа гэж сонссон болохоороо би Ч.Атай утсаар ярьж уулзая гээд Ч.А бид хоёр уулзаад би Халиун дэлгүүр орж нэг шил 0,5 граммын экс гэдэг архи аваад Ч.Аын гэрт очиж ууя гээд явж байтал 48 айлын орон сууцны хажууд бид хоёр алхаад явж байтал бид хоёрыг хүн дуудсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор болсон явдлыг сайн санахгүй байна. Би Стэй мэнд мэдээд жаахан юм ярьж байсныг манай найз А бид хоёрыг маргалдаж байсан гэж бодоод бид хоёрын дундуур орж ирээд маргалдсан. Тухайн үед би тэр асуудлыг нэг их анзаарахгүй зогсож байтал тэр хоёр учиргүй маргалдаад барьцалдаад зам хөндлөн гарч байтал гэнэт А С-г хавирч унагаагаад газар унагаж тэр хоёр зодолдсон. С-г унсаны дараа би А-ыг салгасан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад ирж эрүүлжүүлэгдсэн. Би энэ асуудлыг ийм ноцтой болно гэж мэдээгүй,” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

     гэрч Ж.Д мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагаас эргүүлд гараад үүргээ гүйцэтгэж байхад шөнийн 00 цаг 20 минутын орчим  Цагдаагийн газрын жижүүрийн албанаас орон сууцны хорооллын дунд залуучууд зодолдоод байна гэсэн дуудлага өгсний дагуу цагдаа а/ч Г.Т, цагдаагийн жолооч а/ч Г.Ж нарын хамт уг дуудлагад очиход нэг залуу доош хараад хэвтэж байсан хажууд нь байсан хоёр залууг аваад аймгийн цагдаагийн газар дээр ирсэн. Гэрэлд харахад зодуулсан газарт хэвтэж байсан хүн нь ЦГ-т ажилладаг цагдаа а/ч Б.С байсан. Тухайн үед Б.С энгийн хувцастай амралтын цагаараа явж байсан. Б.Сгийн хамраас цус гарсан хувцас нь шороо болсон байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,

      Шүүгдэгч Ч.А-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 9 сарын 07-ны өдөр би Өгөөж карокед орж Өндөрхангай суманд хамт ажилладаг байсан Б гэдэг ахтай нэг шил 0,5 грамын хар чингис нэртэй нэг шил архи хувааж уугаад тэндээсээ гарахад миний найз Ж.Б над руу утсаар яриад уулъя гэж хэлсэн тэгээд би 48 айлын орон сууцны хажууд Ж.Б-той уулзаад Ж.Б нэг шил 0,5 грамын нэг шил архи дэлгүүрээс авсан юм. Тэгээд бид хоёр уг архиа манай гэрт очиж уухаар Ж.Б бид хоёр манай гэр лүү явж байтал замд хоёр залуу тааралдсан тэгээд Б.С нь манай найз Ж.Бтой маргалдаж байх шиг болсон. Тухайн үед яг юу болоод өнгөрсөнгийг мэдэхгүй байна Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан болохоор С гэгч нь манай найз Бтой маргалдаад байх шиг байхаар нь би дундуур нь ороод маргалдаж би Б.С-г хавирч унагаад толгой руу нь 2 удаа,  гэдэс руу нь 2 удаа өшиглөсөн юм. Б.С нь газарт хэвтээд босоогүй юм тэгээд би Б.С газарт хэвтэж байхад Ж.Б Б.С-гийн хажууд байсан хүн хоёр хүрээд ирсэн юм.  Тухайн үед миний хамраас цус гарсан, мөн Б.Сгийн хамраас бас цус гарсан юм. Би Б.С-тэй зодолдохдоо нүдний шилээ аваад шидчихсэн юм. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир энэ үйл явдал маш хүрдан болсон. Б.С-г зодсондоо маш их гэмшиж байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

    Шүүгдэгч Ч.А нь хохирогч Б.С-г зодсоны улмаас хохирогчийн бие махбодид хамар ясны битүү хугарал, хамрын муруйлт, баруун нүдний дотно булан доод зовхинд зүүн нүдний дотно, гадна булан, дээд, доод зовхинд хүзүүнд цус хуралт, эрүүний зүүн талд, баруун цавь умдагны хэсэгт зөөлөн эдийн гэмтэлүүд үүссэн нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 617 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

    Иймд шүүгдэгч Ч.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

     Шүүгдэгч Ч.А нь “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

     2. Шүүгдэгч Ч.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

       Шүүгдэгч Ч.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

     Хохирогч Б.С нь “Одоо надад Ч.А-аас нэхэмжлэх хохирол төлбөр, гомдол санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг өгсөнийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

     Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан Улсын яллагчийн санал болгосон ялын хүрээнд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

     Шүүгдэгч Ч.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Б овогт Ч.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

     3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

     4. Шүүгдэгч Ч.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

       5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.А-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ГАНСҮХ